Sunday, July 25, 2010

Бурханы охинд бичсэн захидал-3

Сайн байна уу?
Бурханы хайртай охин минь ээ. Аян замдаа сайн явж байгаа биз дээ? Та бүгдийн аян замын сайн сайхан, бүтэмжтэй, сэтгэл ханамжтай байдлын төлөө би Өөрийн Эцэгээс үргэлж гуйн залбирч байгаа. Та нар минь ч бас Түүнийг бүх зүрхээрээ хүндэлж, залбирч, аян замаа даатгаарай. Түүний халамж, хамгаалалт, сүр хүч, хайр нь та бүгдтэй хамт байх болно.

Хүн болгон л энэ ертөнцөд аялхаар ирдэг. Амьдрал бол аян зам, хүн бол аялагч юм. Мэдээж газар орон, нутаг ус, далай тэнгис, улс үндэстнүүдээр аялахаас гадна амьдралын их харгуй замд хүн бүр өөр өөрийнхөөрөө хөл тавьж их аянд, эрэл хайгуулд гардаг. Аялал, эрэл хайгуулуудын зорилго хараа, утга учир янз янз л байдаг.

Олон хүн өөрт таарсан тохирсон ажил мэргэжилээ эрж хайдаг бол заримд нь хайх шаардлагагүйгээр шууд л эцэг эх, өвөг дээдсээс уламжилж ирсэн ажил мэргэжил өвлөгддөг. Мөн олон хүн хайр сэтгэл, амьдралынхаа хань ижил, ирээдүйн үр хүүхдийнхээ ээжийг эсвэл аавыг хайж байдаг бол бас олон хүнд хайх шаардлагагүйгээр эцэг эхийнх нь сонголт тулгалтаар, бага насны сүй тавилт, ёс жаягаар энэ зүйл нь өгөгддөг.

Мөн ажил үйлс, бизнэсийнх нь, эсвэл улс төрийн үзэл баримтлал, зорилго төлөвлөгөөнийх нь талаар нэгдмэл санаа оноотой байж, тууштай хамтрах анд нөхөд, тойрон хүрээллийг ч олон хүн хайж байдаг. Бүр зарим нь төөрөлдсөн эцэг эхийгээ хайдаг бол зарим нь алдагдсан үр хүүхэд, хайртай дотно хүнээ хайж байдаг. Бас өнөө цагт маш олон хүн ямар нэг өндөр оргил, амжилт ололтонд хүрэх арга замыг улайран хайдаг.

Гэхдээ энэ бүх аялалын цаана хүмүүний зүрхний гүн дэх тайвшрашгүй өдөөлт, мөрөөдөл, далд хүсэл бий. Бүх аялал, эрэл хайгуулын цаана ертөнцийг үзэх үзэл буюу үхэл, амьдралын талаархи төгс мэдлэг, өөрийн оршихуйн утга учир, үнэ цэнийн талаархи үнэн зөв ойлголт, ухаарлыг олж авах, танин мэдэх хүсэл сонирхол далдлагдсан байдаг. Үүнийг сүсэг бишрэл, итгэл үнэмшилийн (үнэний) их эрэл гэж хэлж болох юм.

Энэ аян нь өмнө дурдагдсан бусад аялалууд болон тэдгээрийн зорилгуудыг бүгдийг нь өөртөө нэгтгэсэн агуу том, бас тэднээс илүүтэй хүмүүний оршихуй эс оршихуйд нөлөөтэй, нэг бол мандал бадрал, аз жаргал амар тайвныг өгдөг, эсвэл мөхөл сүйрэл, зовлон зүдгүүрийг учруулдаг аян болой. Энэхүү аяны туршид хүмүүнтэй хүнд бэрх олон янзын сорилт, бэрхшээл тулгардаг. Мэдээж бас баяр баясгалантай, аз завшаантай тохиол ч олонтоо учирна.

Үр дүнд нь тэд янз бүрийн ойлголт ухааралд, танин мэдэхүйд, үнэлэлт дүгнэлтэнд, итгэл үнэмшилд, сүсэглэл бишрэлд (харьцангуй үнэнд) хүрцгээдэг. Эсвэл тэдгээрийг олж авдаг гэж ч хэлж болох юм. Гэтэл заримд нь бас л өөрөөс нь үл шалтгаалсан тулгалт, оноолтоор энэ зүйл нь өгөгддөг. Энэ нь өөрийн гэсэн аялал хийх, эрж хайх, улмаар тохиолдсон замуудаас ухамсартай сонголт хийх эрхийг нь боомилсон маш харгис явдал.

Хүмүүний хүрч мэдсэн олон янзын мэдлэг, ухаарал, дүгнэлтээс (аян замдаа ямар олз омогтой байснаас) нь үл шалтгаалан Оршигч, туйлийн дээд Ахуй Үнэн гэж бий. Тэр бол Ертөнцийг Бүтээгч, хүн төрөлхтөнийг үхэл мөхөл, ял шийтгэлээс Аврагч, бидний Бурхан Есүс Христ билээ. Тэр Өөрийн сонголтоор бидэнд Өөрийгөө, Өөрийн доторхи бүхий л төгс төгөлдөр, тэнгэрлэг баялаг аа илчлэн мэдүүлж, өвлүүлэн өгсөн нь агуу нийгүүлсэл, ивээл хайр, зол завшаан болой. Тэр нь загалмай дээрхи гэмийн Уучлал, бас дахин амилсан Мөнх Амьдрал юм.

Харин харамсалтай нь энэ агуу Хайр Энэрлийг үй олон хүн мэдэхгүй, өөрсдийн үр дүнгүй, маш их гарз хохиролтой, шаналал зовлонтой аяндаа бэдэчсээр л байна. Тэдний аялалын зорилго бол нэр алдар, тойрон хүрээлэл, эд баялаг, эрдэм мэдлэгийн оргил, амжилт ололт ба бас мэдээжээр тэднийг олж авч, танин мэдсэнээрээ элбэг баян, сэтгэл хангалуун, аюул осолгүй, эрсдэл эргэлзээгүй амар тайван амьдралыг эзэмших нь юм.

Хүмүүн нь, амьдрал тэмцэлийн энэхүү агуу их аяныхаа явцад олон зүйлийг алдаж гээдэг, бас олон зүйлийг олж эзэмшдэг. Харин та бол Их Эзэний гавъяа, сонголтоор дээд Үнэнийг өвлөгч болсон. Таны баялаг бол Есүс Христ болой. Хүн олон зүйлийг алдаж, гарз хохирол амсаж болно. Харин Христийг л алдаж хэзээ ч болохгүй.

Тиймээс ч таны аян зам нь эрэл хайгуул биш, харин энэхүү өөрийн Үнэт Эрдэнийг бусдад илчлэн тунхаглах нь, хуваалцан өгөх нь, танин мэдүүлэх нь, зааж сургах нь, Түүн рүү замчлан удирдах нь байг. Сайн Мэдээг тараагчийн хөл уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ? гэж Сударт өгүүлдэг.

Хүмүүс амар тайван, аз жаргал, хайр энэрэл, төгс төгөлдөрийг хайж бэдэрдэг бол, харин та нэгэнт тэдгээрийг нь эзэмшигч тул, бусдад түгээн дэлгэрүүлхийн тулд аялагтун. Олон хүн олж авах, эзэмшихийн төлөө аялдаг бол, харин таны бүх амьдралын аян зам, Сайн Мэдээг тарааж өгөх, өглөгийн аян байх болтугай.

Таны аялал амжилт ололтоор дүүрэн байж, үй олонд Гэрэл гэгээ, Авралыг түгээх болтугай. Чанга үнсэе. Бурханы хайртай охин минь хүчтэй, зоригтой аялагтун.

GOD bless YOU. JESUS loves YOU.

Есүгэний хувийн архиваас...