Wednesday, May 16, 2012

8. Сэтгэлийн шархыг эмчлэх нь

Майк Линда 2 нэгэн сайхан Христчин гэр бүлийн хоёр бөгөөд сайн мэдээний илгээлтэнд бэлтгэгдэж байсан юм. Тэгтэл нэгэн аймшигтай зүйл болж Линда хүчиндүүлж, тэр гэр бүл сэтгэлийн гүн хямралд орцгоосон билээ. Сэтгэл нь маш хүнд шархалсан учраас тухайн газараа амьдрах нь ч тэдэнд хүнд байсан. Эргэн тойрны бүх зүйл, орчин нөхцөл болсон явдлыг үргэлж сануулан, сэтгэлийн шархыг нь хөнддөг байсан тул, удалгүй тэндээс нүүцгээсэн юм.

Гэвч шархалсан зүрх эдгэж өгөхгүй л байлаа. Линда болсон явдлыг мартаж, хэвийн амьдралдаа эргэн орох гэж хичнээн чармайгаад ч чадахгүй байлаа. “Өөрт тохиолдсон аймшигтай бас гунигтай энэ явдалыг би мартаж, салж чадахгүй байна. Би хүчиндүүлчихсэн. Энэ зүйл насан туршид минь хар толбо боллоо...” , гэж Линда надад яриад уйлсан юм. “Үгүй дээ Линда, болсон явдал хол ард хоцорсон. Энэ муухай явдалаас болж чи хохирсон нь үнэн. Гэхдээ энэ нь чиний хэн болохыг чинь өөрчлөөгүй ба Бурханы хүүхэд байх эрхэм алдарыг чинь чамаас булаагаагүй.” гэж би хариулсан.

Энэ нүгэлт, харанхуй дэлхий дээр Эзэний хүсэлээс гадуур олон бузар зүйлс оршиж, бусармаг үйл өрнөж байдаг нь нэгээхэн гашуун үнэн юм. Бурханы ариун хүмүүс ч тэдгээрийн хохирогч, золиос болох тохиолдол бий. Таны өнгөрсөн амьдралд тохиолдсон тиймэрхүү аливаа гунигтай үйл явдал таны сэтгэл санааг эмх цэгцгүй болгохоос гадна, таны Христийн доторхи төлөвшилт болон чөлөөлөлтөнд бас нэгэн дарамт саад болдог. Гэхдээ бидний тэдгээрт үзүүлдэг хариу үйлдэл, Христээс гадуурхи хүмүүсийнхээс эрс өөр байх ёстой.

Хүний сэтгэлийн хөдөлгөөн өдөр бүрийн үйл явдлын өрнөлөөс шалтгаалан янз бүр байдаг бол, болоод өнгөрсөн гашуун явдлын улмаас үлдсэн шарх, сэтгэлийн дарамт өөрчлөгдөлгүйгээр, амь бөхтэйгөөр хадгалагдан, өнөөдөрт нь болон ирээдүйд нь таагүйгээр, заримдаа бүр аюултайгаар нөлөөлж байдаг.

Хэрвээ танд юмуу, эсвэл хайртай дотны тань нэг хүнд Линдатай тохиолдсон шиг зүйл тохиолдсон бол, иймэрхүү булай явдалтай холбоотой ямар нэгэн мэдээлэл, яриа хөөрөө, хошигнол, кино, тэр ч бүү хэл зүгээр л “хүчиндсэн” гэх үг сонсогдох төдийд, та хямарч, уур бухимдал тань дэлбэрч өөрийгөө хянах чадвараа алдаж болох юм.

Тэр ч байтугай, зүгээр л хэн нэгний нэр ч, адил ойролцоо зүс царай ч, биеийн галбир ч сэтгэлийн шархыг хөндөх нь бий. Жишээ нь, таны ангийн тань багш харгис түрэмгий, сурагчиддаа догшин хэрцгий ханддаг Билл гэдэг хүн байсан гэхэд, та ийм нэрэнд хаа ч явсан таагүй хандах өндөр магадлалтай ба үр хүүхэддээ ийм нэр өгөх талаархи эхнэрийн тань санал таны уурыг бадрааж, бухимдуулах нь бүр тодорхой.

Тэдгээр эртний, өнгөрсөн зүйлсээс үлдсэн шархнууд ихэнхдээ цаг хугацааны явцад далдлагдан нууцлагдсан байх ба тодорхой үйл явдал өдөөж сэдрээхгүй л бол амьдралд нөлөөлөөд байдаггүй мэт. Гэвч үнэндээ тийм биш. Энэ нь таныг өөртөө итгэлтэйгээр бусадтай эрүүл харилцаанд орж, баяр хөөртэйгөөр, бүрэн дүүрэн сэтгэл хангалуун амьдархад үзэгдэх болон үл үзэгдэх байдлаар саад болж, бүр хортойгоор нөлөөлж байдаг. Тэдгээр нь таны эрх чөлөөг боомилон, аймхай сул дорой болгож, бүр цаашлан аливаа цочмог таагүй зүйлд өртөх эрсдэлтэй төлөв байдалд байлгадаг.

Ихэнх хүмүүс сэтгэлийн шархаа, дотооддоо зүрхэндээ таагүй дурсамжаа хүчлэн дарах байдлаар, гадааддаа сэдрээж болзошгүй үйл явдал, үг ярианаас зугтан зайлах байдлаар зохицуулах гэж оролддог. Гэхдээ энэ нь бүрэн үр дүнтэй арга биш. Та телевизийн нэвтрүүлгээс, кино шийнээс, ном сониноос, хүмүүсийн ярианаас шархыг тань хөндсөн зүйлсийг сонссоор байх болно. Үүнээс болж уур уцаартай, цаашлан зан чанарын доголдолтой байдалд ч та орж мэднэ. Тиймээс та эдгэрэхийн төлөө өөрийн зүгээс хүчин чармайлт гарган тэмцэх нь чухал.

Сэтгэлийн шархтайгаа нүүр тулан шийдэх нь    

Та тэрхүү таагүй дурсамжуудаас зүрхэндээ зугтааснаараа юуг ч хожихгүй ба тэдний хорон муу нөлөөлөл, дарамт зовиуриас бүрэн чөлөөлөгдөж чадахгүй. Танд заавал гадны туслалцаа хэрэгтэй.   Тиймээс эр зоригтойгоор, Ариун Сүнсний тусламжтайгаар нүүр тулан ялах нь маш зөв арга. Эзэн маань танд тухайн үед ямархуу мэдрэмж төрсөн, одоо таны зүрхэнд юу болж байгааг маш сайн мэдэж буй. Тиймээс ч юуны түрүүнд загалмайн өмнө үнэн дүрээрээ, сэтгэлээ нээгээд ирээрэй   Миний зовлонг харж, намайг авраач. Учир нь би Таны хуулийг мартдаггүй. Миний хэргийг өмгөөлж намайг золиоч. Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч. (Дуулал 119:153, 154)   

Эцэг Өөрөө ч хайртай Хүүгээсээ шударга бусаар хагацаж байсан ба, Хүү болох Эзэн Есүс ч шударга бус гүтгэлэг, харгис аллагын золиос болж байсан тул, таныг хамгийн сайн ойлгож, зовлонг тань хуваалцан, эдгэрэл чөлөөлөлтийг зүрхэнд тань гайхалтайгаар төгс хийнэ, гэдэгт итгээрэй. Энэхүү итгэл, сүсэгээр загалмайн өмнө ирж, өөрийн өвдөлт, шаналлыг Эзэнд ил тодоор хэлж, сэтгэл хөдлөл, уй гашуугаа Түүнд үнэнээр нь дэлгээрэй. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул, сорилтод орогсдод тусалж чадна (Еврей 2:18).

Удаахи нь, тэрхүү хуучин шархыг бий болгосон этгээдийг Эзэн өөрийн шударга ариун шүүлтээр шүүх болно, гэдэг нь гарцаагүй үнэн юм. Тэр хүн гэмшин эргэж Христтэй уулзан, уучлалыг авч ч болно. Эс бөгөөс танд учруулсан хөнөөл болон өөр бусад хорт үйлийнх нь төлөө Эзэн түүнийг шийтгэж, өс хонзонг тань өмнөөс чинь авч өгч ч магад.

Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж, харин зовсон та нарт болон бидэнд хариуд нь тайвшралыг өгнө. Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ. Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй болон Түүний хүчний алдараас сална (2 Тесалоник 1:6-9). 

Энэ нь Эзэний эрх мэдлийн асуудал бөгөөд “... ямартаа ч миний Бурхан хамгийн зөв шударгаар шийднэ...” гэдэгт итгэ. Ер нь тухайн хүний хорт үйл, гэм нүгэл нь таныг зовоож шархлуулснаас илүүтэй Эзэний зүрх сэтгэлийг өвтгөж шархлуулсан үнэнийг ойлгох нь маш чухал. Эзэн бол хартай, өширхөгч Бурхан юм. Эзэн бол өширхөгч, хилэгнэгч юм. Эзэн Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг. Тэр Өөрийн дайснууддаа зориулан хилэнг хураадаг (Нахум 1:2). 

Зарим хүмүүс ямарч мэдрэмжгүйгээр, шашинлагаар, муйхараар, шархалсан сэтгэлийн уй гашууг ойлголгүй, учир зүггүй уучлахыг албадан шаардаж, цэцэрхэх нь бий. Бидний Эзэн хулгайч, луйварчид, алуурчид, хүчирхийлэгчдийн Бурхан биш. Тэр тэднийг үзэн яддаг гэдэг нь маргашгүй үнэн юм.

Эзэн доорхи зургаан зүйлийг үзэн яддаг. Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог. Эдгээр нь гэвээс ихэмсэг харц, худалч хэл, гэм зэмгүй цусыг урсгагч гар, хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, хорон муу уруу түргэн гүйгч хөл, худал чалчдаг хуурамч гэрчлэгч болон ах дүүсийн дунд эвдрэлцэлийг тараагч зэргүүд болой (Сургаалт үгс 6:16-19). 

Харин Тэрээр доромжлогдон гутаагдаж, үзэн ядагдаж орхигдогсдын, шударга бусаар хавчигдан, хэлмэгдэн хохирогчдын Бурхан, Авран хамгаалагч гэдэгийг мэдэж итгэх нь гайхалтай итгэл, найдвар, тайвшралыг өгдөг юм. Тэр таны талд байгаа гэдэгийг би баттай хэлэх байна. Эзэний хараал хар муу санаатны гэр дээр байна. Харин тэр шударга зөв байгчийн орон гэрийг ерөөнө. Хэдийгээр Тэр доромжлогч хүмүүсийг тохуурхдаг боловч, зовж зүдрэгсдэд нигүүлслээ өгдөг (Сургаалт үгс 3:33, 34).

Та тухайн үеийн өөрийгөө болон Христ доторхи одоогийн өөрийгөө харьцуулан харах нь гурав дах алхам болно. Мэдээж энэ хоёр хүн тэнгэр газар шиг ялгаатай. Тиймээс шинэ хүний тэнгэрлэг, уужуу тайван сэтгэлээр, сэтгэлийн тэнхээ эр зоригоор, өршөөнгүй ууч сэтгэлээр, шударга үнэн шүүлтээр зовиуртай дурсамжийг харж сур. Хуучин сэтгэлийн шарх бол хуучин хүний нэг хэсэг болохоос, шинэ хүнд ямар ч хамаагүй гэдэгийг мэдэж итгэх нь чухал. Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун шинэ болсон байна (2 Коринт 5:17).

Мөн дөрөвдүгээрт нь, өнөөгийн нөхцөл байдалд сэтгэлийн шархыг тань хөндөж сэдрээж буй элдэв зүйлсэд нэн эрүүл саруулаар, уужуу тайвуунаар, Ариун Сүнстэй хамт дэнслэн хандаж сурах ёстой. Өнөөгийн Христ доторхи тэнгэрлэг мөн чанараар, урьдны гашуун явдлыг сануулах элдэв нөлөөлөлд тайван амгаланаар хандаж, нөхцөл байдлыг эрүүлээр дэнслэн, тэдгээрт эмзэглэх ямарч шалтгаан байхгүйг ойлгох нь, тэдгээрээс өвдөлт авч эмзэглэхгүй байж сурах нь маш том ялалт юм. Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм (Галат 5:22,23). 

Нөхцөл байдал чамайг барьж байгуулахгүй, харин ч эвдэж бохирлох хандлагатай. Зөвхөн Христ л Ариун Сүнсээрээ, хүчит Үгээрээ чамайг барьж байгуулах болно гэдэгийг мэд. Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж. Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар (Ефес 5:15-17).

Эцэст нь уучлан өршөөхөд бэлэн бай. Уучлал бол Бурханы хүмүүст Библийн заадаг бас тэднээс шаарддаг хамгийн гол шалгуур юм. Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир. Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь авсан хүнээс цамцаа бүү харамла. Гуйсан хүн бүрд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх.

Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ. Хэрэв та нар өөрт чинь сайныг үйлддэг хүмүүст сайныг үйлдвэл та нарт юун талархал байх билээ.? Учир нь нүгэлтнүүд хүртэл мөн л тийн үйлддэг шүү дээ (Лук 6:27-33). 

Мэдээж Эзэн гэмшсэн тохиолдолд уучлах тухай ярьдаг боловч, одоо нэгэнт тэр хүнтэй та нүүр тулан уулзах магадлал бага тул, Ариун Сүнс зүрхэнд тань ятгах үед уучлан өршөөх нь зайлшгүй чухал (Лук 17:3, 4). Учир нь тэрхүү нүгэлтэн хаа нэг газар гэмшиж ухааран, аврагдсан байх магадлалтай. Тиймдээ ч Эзэн таниас ч бас өршөөхийг шаардаж, ятгаж байгаа хэрэг.

“...Бид өртөнгүүдээ уучилсний адил бидний өрийг мөн уучлаач, харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]”  Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань мөн та нарыг уучилна. Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй (Матай 6:12-15).


Жич: Бусад бүлгүүдийн товчлолд багахан засвар өөрчлөлт хийж байсан ба теологийн үндсэн санааг бараг өөрчлөөгүй бол энэ бүлгийн теологийн үндсэн санаанд нилээн том засвар өөрчлөлт хийсэн болно. Эх бүлгийг нь номноос нь уншина уу...


Неил Т. Андерсоны “Харанхуйг гэтлэхүй” номын 11-р бүлэгт үндэслэсэн тэмдэглэл...