Tuesday, March 8, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 19



В. Загалмайн зовлон  ба асуудал бэрхшээлийг даван туулах арга замын талаархи  Библийн сургааль

Амьдрал бол тэмцэл гэдгийг бүгд мэддэг ба Библи ч баталдаг. Бидний Христ доторхи хувь заяа ч бас амь дүйсэн хатуу ширүүн тэмцэл байдаг. Бүхий л тэмцэл зөрчил нь баяр хөөртэй, амар тайван байдаггүйн адил бидний тэнгэрлэг тэмцэл ч асар их золиос, зориулалт, үнэ төлөөс, гарз хохирлыг шаарддаг. Энэ бол загалмайн зам юм. Энэ бол биднээс хүсдэг Эцэгийн хүсэл юм. Энэ бол Христийг дагах дагалдагчийн амьдрал юм.

Олон төрлийн тэмцэл зүтгэл байдаг ч, тэдгээрийн утга агуулга бүрхэг, төгсгөл тодорхойгүй байдаг бол харин бидний тэмцэлийн утга агуулга төгс, төгсгөл тодорхой юм. Учир нь бидний Бурхан ялсан тул бид ч ялдаг.

Өмнө  бичсэний дагуу христчидийн зовлон бэрхшээл нь хоёр шалтгаантай. Нэг хэсэг нь махан биеийн хүсэл тачаал болон ертөнцийн уруу татлагад бүдэрсэний улмаас сорилтонд ордог. Харин нөгөө хэсэг нь Эзэний хүслийн дагуу үнэнч тууштай үйлчилж, тэнгэрлэг ариунаар амьдрах сонголт хийснээрээ загалмайн (зовлонгийн) замаар алхдаг. Энэ хоёр замын аль алинд нь, Библи болон Христийн чуулганы 2000 жилийн туршид цуглуулсан туршлага, даван туулах арга замыг зааж чиглүүлдэг.

1)     Гэм нүгэлийн (ертөнцийн) дагуух зовлон

Юуны түрүүнд итгэгч нь өөрийн зовлон бэрхшээлийн учир шалтгааныг, ертөнцийн дагуух эсвэл загалмайн зам болох талаар ялгаж салган (A, Б дээрхи хэмжүүр үнэлэмжүүдийг үндэслэн), нухацтай дүгнэж эргэцүүлэх хэрэгтэй. Хэрвээ ертөнцийн дагуух зовлон бэрхшээлд унасан бол дараах гарах арга замыг Библи заадаг.

а. Энэ төрлийн зовлонг загалмай үүрэхтэй холбож ойлгож болохгүй. Энэ нь өөрийн гэм буруугаас үүдэлтэй зовлон сорилт юм.
“Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж... “ (Иак.1:14)

--- Тиймээс чин сэтгэлээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмших нь эхний алхам болно. Гэмшил нь өөрийн гэм буруутайг, бузар дорой болохыг олж харж ухаарахаас эхэлнэ. “Агуу хүндэтгэлтэй боловч ухааралгүй хүн бол мөхөх адгуустай адил юм” (Дуу.49:20). “Есүс , -Гэмшицгээ, тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Мт.4:17)

--- Дараа нь, гарцаагүй хөндлөнгийн туслалцаа, тэр тусмаа Эзэн Есүсийн аврал тусламж зайлшгүй хэрэгтэйг ойлгож, Түүний өмнө даруу сэтгэлээр, толгой гудайн очиж аврал тусламжийг нь гуйх шаардлагатай. Христийн аврал тусламж бидэнд өдөр бүр хэрэгтэй байдаг. “Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё”  (Евр.4:16). “Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ” (1Иох.1:9)

--- Эцэст нь гэм нүглийн хичнээн бузар болохыг, Эзэний оршихуйн хичнээн ариун болохыг харьцуулан харж, гэмийг жигшин нүглээс үүрд эргэх шийдвэр гаргах, зэрэг нь гэмшил юм.  
"Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ. Учир нь Судар Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй гэдэг" (Ром 10:10-11)...




UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/