3 months ago
Saturday, February 21, 2009
1.Гэм нүгэл гэж юу вэ?!
Библид нүгэлийн олон талт шинжийг тодорхойлсон янз бүрийн хэллэгүүдийг ашигласан байдаг. Энд Монгол Библи дээр “нүгэл” хэмээн орчуулагдсан Хуучин гэрээ ба Шинэ гэрээний гол үгсийг тэмдэглэлээ.
Хуучин гэрээнд хамгийн нийтлэг ашиглагддаг үгс бол хаттат (жишээ нь: Ег32:30) ба үүнтэй гарал нэгтэй хет (Дуулал 51:9) юм. Энэ нь Хуучин Гэрээнд хэдэн зуун удаа давтагддаг бөгөөд байг үл онох, алдах гэсэн утгыг илэрхийлдэг байна. Песа (Сургаалт үгс 28:13) гэдэг нь Бурханы хүслийг идэвхтэй эсэргүүцэх, зөрчих гэсэн утгатай ажээ. Шагах (Левит 4:13) нь замаа алдах, замаасаа хазайх гэсэн утгатай. Авон (1Ха 17:18) нь “тахийлгах, мушгих” гэсэн үйл үгийн хэлбэртэй холбоотой бөгөөд нүглээс болдог алдаа, бурууг хэлдэг.
Грек Шинэ Гэрээнд нүглийг хэлсэн хамгийн гол үг нь хамартиа (Матай 1:12) бөгөөд байг үл онох гэсэн утгатай бөгөөд алдаа, уналт, бодит буруу үйлдэл гэсэн утгуудыг агуулдаг. Адикиа (1Коринт 6:8) нь зөвт бус, шударга бус байдал гэсэн санааг илэрхийлдэг. Парабасис (Ром 4:15) нь хууль зөрчихийг илэрхийлдэг. Аномиа (1Иохан 3:4) хуульгүй байдал, хууль зөрчигдөх байдал гэдгийг бас хэлдэг. Асебеиа (Тит 2:12) нь бурхангүй байдал гэдэг санааг хүчтэй тусгадаг байхад птаио нь ёс суртахууны гажуудлыг илүүтэй илэрхийлдэг (Иаков 2:10).
Нүглийн хамгийн онцлог шинж нь Бурханы эсрэг чиглэгдсэн байдагт оршино (Дуулал 51:4; Ром 8:7; Иаков 4:4). Нүглийн талаарх ойлголтийг хувиа бодох гэхчлэн ямар нэг байдлаар багасган үзэх нь түүний ноцтой байдлыг дутуу үнэлж буй хэрэг юм. “та нар…Бурхан шиг болж…” (Эх 3:5) хэмээн Адам, Ева хоёр Бүтээгчийнхээ байр суурийг хууль бусаар булаан эзлэх боломжтой гэж Сатаны хэлсэн нь үүний тодорхой илэрхийлэл билээ.
Уналтын үед хүмүүс Бурхантай тэгш байхыг санаархаж (Флп 2:6), Түүнээс хамааралгүй гэдгээ батлахыг оролдож, Бүтээгчийн санаа, хайрын хангамжид эргэлзсэн юм. Хүмүүс бас Бурханд хандах зөв зохистой хандлага болох мөргөл, хүндлэн хайрлах үйлсээс санаатайгаар татгалзаж, Бурханы дайсныг болон өөрсдийн бузар муу санаархлыг чухалчлан үзсэн байна.
“Христ итгэлийн гарын авлага”
Брюс Милн