Saturday, February 21, 2009

4.Бидний нүгэл дотор өөрсдийгөө үзэх үзэл


Бүгд уналтанд орсон гэдэг илчлэлт нь Христэд итгэгчдийг хийсвэр, өөдрөг үзлээс чөлөөлдөг. Тиймээс ч нэгэн “Их хүн” гарч ирээд нийгмийг сайн сайханд хүргэх төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж оролдоод тэр нь бүтэлгүйтэхэд гайхах зүйл үгүй юм. Чуулган дотор ч үйлчлэгчид болон Бурханд гайхамшигтайгаар ашиглагдаж байгаа хүмүүсийг хэт сайнаар бодох (бурханчлах) сорилтыг бид эсэргүүцэж байх ёстой.

Ертөнцийн уналт гэдэг нь бас ертөнц бол харанхуйн булаан эзлэгч хүчний талбар болсон гэсэн утгатай. Христийн ялалтаар энэ нь нуран унасан боловч сайн мэдээг хүлээж аваагүй газруудад сатаны эрх мэдэл хэвээрээ л байгаа.

Тэгэхээр ертөнц нь Есүс Христтэй адилтгагдсан бүх хүмүүсийн хувьд зөрчил, тулааны талбар болжээ. Ертөнц нь Христ итгэлт хүмүүсийн хувьд завсарын газар нутаг биш төдийгүй, үүнээс зугтах ямар ч шалтгаан байхгүй ба харин ч ямагт гярхай нээлттэй нүдээр ажиглан харж байх ёстой объект юм.

Уналтын талаар анхаарч үздэг Христчин нь сүнслэг дайсан (сатан) болоод түүний ертөнц дээр илэрхийлэгдэх байдал, Бурханы хүүхдүүдийг болон ажлыг нь нураахын тулд хэрхэн ажилладаг зэргийг мэдэж, үүний эсрэг Бурханы өгсөн зэвсгийг хэрхэн ашиглах талаар сурахын тулд Библийг судалдаг (2Кор 10:3-5; Еф 6:10-18). Бид өөрсдийн энэ үеийнхний зовлонг олж харснаараа, тэднийг аварч чөлөөлөх цорын ганц мэдээ болох Христийн сайн мэдээг ертөнцөд мэдүүлэхийг хүсдэг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ёс суртахууны болон сүнсний хувьд дорой гэдгээ мэдэж, аврагдах үндсэн хэрэгцээгээ олж харан Бурхан руу эргэж, Түүний мөнхийн өршөөл авралыг хүртээсэй хэмээн бид Эзэний нигүүслийг гуйн залбирдаг.

Хүмүүний уналтын тухай үзэл баримтлал нь даруу, гэмшсэн сэтгэлийг бий болгох учиртай. Хэдийгээр бид Бурханаар гэм буруугаа уучлуулсан боловч уналтанд орсон гэмт мөн чанар маань байсаар л байдаг. Бүх нүгэл Бурханы эсрэг байдаг бөгөөд тэдгээр нь бидний амьдралаас арчигдахаас нааш Түүний бидэнд зориулсан бүрэн зорилго нь биелэгдэхгүй юм.

Тиймээс ч Христчин бүрийн дотор ёс суртахууны шинэчлэлийн ажил явагдаж байх ёстой. Энэ нь зан чанараа дахин төлөвшүүлэх, амьдралын туршид үргэлжлэх үйл явц юм. Бид үүнд практик талаасаа ч, Библийн талаас ч бодитой хандах ёстой. Ингэхдээ нүгэл бидний дотор хэрхэн гүн гүнзгий үндэслэгдэж, үүний эсрэг шинэчлэлийн ажил нь хичнээн зовиуртай, удаан, хэсэг хэсгээр явагдаж байгаа юм шиг байсан ч урам хугарахгүй байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэхүү шинэчлэлтийн үед Бурхан биднийг өөрчлөхийн тулд хүмүүний амьдралын хүнд хэцүү асуудлуудыг, бухимдал, гонсгор байдал, сэтгэл санааны болон бие махбодийн өвчлөл зэрэг зовлонтой хэцүү арга замуудыг ашиглах болно гэдгийг ч бид мэдэж байх хэрэгтэй.

Бид өөрсдийн мунхаг, дуулгаваргүй байдлын үр дагавар болсон тийм үе ирэхэд (Ев 12:10,11) энэ нь бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм, гэсэнчлэн Бурханы гар биднийг сахилгажуулж байгааг олж харж чаддаг байх ёстой. Үүний үр дүнд бид Ариун Сүнсээр дамжуулан Бурханы ивээлүүдийг хүртдэг ба бидний амьдралаас Сүнсний үр жимс илэрхийлэгддэг юм (Галат 5:22).





“Христ итгэлийн гарын авлага”
Брюс Милн