Saturday, February 21, 2009

3.Нүглийн хор уршиг


Бид нүгэлд унасан нь өмнө дурдсанчлан бидний оршин байх бүхий л байдалд нөлөөлсөн. Үүнд хамгийн гол нь Бурхантай холбоотой байдалд хэрхэн нөлөөлснийг авч үзье.

1. Бид Бурханы оршихуйд үл нийцдэг

Адам Еден цэцэрлэгээс хөөгдсөн нь, бид сүнсээрээ Бурханаас салгагдан Түүний өмнө зогсоход тохиромжгүй болж, Түүний оршихуйн ойр байдлыг амсах боломжгүй болсныг газар зүйн утгаар илэрхийлсэн хэрэг юм (Эх3:23).

Гэмтний хувьд Бурханы оршихуй нь айдсын газар болсон ажээ. Еденд эргэж очих замыг хамгаалсан галт илд нь, бид нүгэл үйлдсэнээрээ Бурханы эсэргүүцэлтэй, өөрөөр хэлбэл Түүний ариун уур хилэнтэй тулгардаг гэсэн аймшигт үнэнийг илэрхийлдэг (Эх 3:24; Мт 3:7; Ром 1:18; 1Тс 1:10).

Хүмүүний бүхий л айдас аймшигтай харьцуулахад Бурханы уур хилэн нь үнэхээр зүйрлэшгүй, хар дарсан зүүд мэт юм. Хэдийгээр бидэндээ онц чухал, бидний амьдралын олон талт хэрэгцээ нь Бурханы өмнө гэмгүйгээ мэдрэх, Бурханы оршихуйгаас ирэх амар амгалан, баяр хөөр, сэтгэл хангалуун байдлыг мэдрэх хэрэгцээний дэргэд харьцангуй ач холбогдолгүй болсон.

2. Бид Бурханы хүслийг гүйцэлдүүлж чадахгүй болсон

Хэдийгээр Бурхан биднийг дуудаж, тушааж, бидний өмнө эрх чөлөө, амийн замыг тавьж, бидний Эзэн хэвээр үлддэг ч бид тэрхүү дуудлагад жинхэнээрээ хариулах чадваргүй болсон юм. Бидний хүсэл зориг, тэнгэрлэг зорилгыг дагах эрх чөлөөгөө алдаж, нүгэлд боолчлогдох болсон (Иох 8:34; Ром 7:21).

3. Бид Бурханы хуулийн өмнө зөвт бус

Бурханы хүсэл буюу хуулийг дагаж чадахгүй болсон нь цаашдын ноцтой байдалд хүргэдэг. Энэ нь бид хууль зөрчигчид оногддог хуулийн хараал, ял зэм, буруутгалыг хүртэгчид болдог явдал юм (Дх 27:26; 28; Ром 3:19; 5:16; Гал 3:10).

4. Бид Бурханы үгэнд мэдрэмжгүй болсон

Бурхан бүтээлээрээ, дотоод ёс суртахууны хуулиар, Хуучин Гэрээнд Израйлиар, Шинэ Гэрээнд чуулганаар, энэ бүхнээс илүүтэй биежсэн (Есүс) болон бичигдсэн Үгээрээ дамжуулан ярьдаг. Гэмт байдлынхаа улмаас бид Бурханы зам, хүслийг жинхэнээсээ ойлгож чадахаа больж, харин зөвхөн итгэлгүй байдлаа хаацайлж болох зүйлсийг л хангалттай сонсож, мэдэрдэг болсон. Бид нүглээсээ болж Бурханыг үл ойшоох байдалд орж, Сүнснээс ирдэг зүйлсийг ойлгож чаддаггүй.

Нүглийн эдгээр үр дагавар нь хүмүүний бардам зангаар илэрдэг. Бид Бурханы удирдлагыг эсэргүүцэж, өөрсдийгөө өөрсдийнхөө эзэн нь болгодог. Бид өөрсдийгөө бодит байдлын жишиг болгож, өөрсдийн шалтгаан, туршлагыг үнэний хэмжүүр болгодог. Бид ертөнцийн ноёрхлыг тунхаглаж, хүн төрөлхтний хувь тавиланд хариуцлагатай гэж боддог. Энэ нь эцэстээ Бурханыг доош түлхэн унагаахаар тэнгэр өөд авирдаг Бабелын адил, тогтсон хэвшлийг эсэргүүцэх хэлбэрээр илэрдэг (Эх 11:1-9; 2Тс 2:4).

Шашны хүрээнд энэхүү бардам зан нь өөрийгөө зөвтгөх байдал хэмээн илэрхийлэгддэг. Бид өөрсдийн нүглийг уучлах шалтаг олон, ёс суртахуун ба шашны мэдлэг дээрээ үндэслэн Бурханы өмнө бат итгэлтэй зогсож, өөрсдийн тогтоосон сайны жишгээр өөрсдийгөө зөвтгөгдөнө гэж боддог. Гэвч бид Бурханаас зугтаж чадахгүй юм.

Тэрхүү тасарсан харилцаа нь Бурханаас айх айдас хэмээн илэрхийлэгдсэн байдаг нь бурханлаг, итгэлийн хүний эмээлт биш (Дх 10:12), харин дуулгаваргүй байснаасаа болж Бурханаас оргон, зугтах айдас юм. Энэхүү айдас нь Бурханы оронд бурхан болж, гэм бурууг маань үл тоомсорлон, ивээн хаацайлах нэгнийг (сатаныг) эрэлхийлэхэд хүргэдэг.

Иймээс бүгд л Бурханаас нуугддаг агаад (Адам, Ева хоёр цэцэрлэгт нуугдсаны адил), Түүний өмнө гэм буруутай зогсох айдсаас салахын тулд зарим хүн бурхангүй үзэл гэхчлэн Бурханыг үгүйсгэх үзлийг баримталж, амьдралын шударга бус зүйлсийг хүчтэй эсэргүүцдэг байхад зарим нь “зөв шударга” үйлсэд шамдаж улмаар ажил үйлс, үүрэг хариуцлагын үл төгсөх тойрогт ордог.





“Христ итгэлийн гарын авлага”
Брюс Милн