Уучлаарай багшаа. Гайхамшиг гэснээс, итгэл султайгаас өвчин чинь эдгэхгүй байна. Ариун Сүнс байхгүйгээс асуудлаар дүүрэн амьдарч байна, гэж манай цуглааны нэг эгч биднийг загнаад байгаа шүү. Энэ нь зөв үү?
Тэр эгч тань, та бүхэнд сайныг санасандаа л тэгдэг байх гэж бодож байна. Та түүнд нь нэг их эмзэглээгүй байхаа?! Бурханы хүн аливаа зэмлэлийг (тэр нь үнэхээр шударга бус, үндэслэлгүй ч бай), энэ нь миний төлөө гэсэн сэтгэлээс гарсан үг гэж, хэрвээ бүр хорсол заналын улмаас гэдгийг нь мэдэж байгаа үедээ, үүгээр дамжуулан Эзэн надад юуг ухааруулах, сургах гэв, гэх буюу миний хэр хайр уучлал, тэвчээр дотор төлөвшиснийг шалган, нягталж байна, гэж хүлээн авч сурах хэрэгтэй.
Ер нь, хүн хүнд өөрийн гэсэн итгэлийн хэмжээ байдаг. Энэ нь бас л Эзэнээс өгөгддөг. Харин Бурханы хүн бүрд ноогдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод (Ром 12:3-10).
“Өндөр” итгэлтэй нь “сул дорой” итгэлтэйгээ халамжлан, босгон байгуулж, урамшуулаасай гэж Эзэн хүсдэг. Тэр биднийг итгэл дотор хүчирхэгжээсэй, найдвараа зөвхөн Түүнд тавиасай гэсний улмаас, зөвхөн Түүнээс л хамааралтайгаа үргэлж ухамсарлан санаж байгаасай гэж, Түүний дотор боломжгүй зүйл байхгүйг танин мэдээсэй гэж, бас бидний зүрхний хандлагыг сорих үүднээс итгэлийн хүч, нөлөөллийн гайхамшигт цочмог үйлс ажлыг хийдэг.
12 жил цус алддаг байсан эмэгтэйн эдгэрэл (Лк.8:44-48), зуутын даргын зарцынхаа төлөө гуйгаад авсан хариулт (Мт.8:13), Канаан эмэгтэйн охиныхоо төлөөх шантаршгүй гуйлтын шагнал (Мт.15:22-28) зэрэг олон жишээ нь бидэнд урам зориг өгдөг боловч, итгэлийн амьдарлын гол үзүүлэлт болгон, улайран хөөцөлдөх зорилго маань биш.
Энэ нь угтаа Эцэгийн болон Өөрийн хүч, эрх мэдэл, алдарыг илчлэх, Тэнгэрийн хаанчлалын энэрэнгүй, гайхамшигтайг мэдүүлэх зорилгоор хийгдсэн ба одоо ч энэ л зорилгоор Чуулганы дотоодод (итгэгчдийг босгон байгуулхын тулд) болон Сайн Мэдээний ажлыг хүчирхэгжүүлхээр Ариун Сүнсний Өөрийнх нь сонголт ба шийдлээр хийгддэг үйлс юм.
Гэтэл үүнийг л жинхэнэ итгэгчийн онцлог, Бурхантай хамт алхагчийн шинж мэтээр буруу бодож, амьдралдаа иймэрхүү итгэлийн гайхамшигийг хэр хэрэгжиж байгаагаар өөрийгөө болон бусдыг дүгнэх нь буруу. Тэр ч бүү хэл ийнхүү ярьж зааж сургадгаас болж, олон нялх сүнсэнд бүдрүүлэх чулуу болох байдал ажиглагддаг.
Үүнийг “…уулыг нүүлгэх итгэл…” (1Кор.13:2), гэж Библи тодорхойлдог. Энэ буруу сургааль нь, “ итгэл гэдэг ташуур бариад, хүсэл мөрөөдөл гэдэг тэргэнд суугаад, буулганд нь Эзэнийгээ хөллөн араас нь ташуурдсаар, зорьсондоо хүрч болох юм” шиг дүр зураг, ойлголтыг бий болгодог.
“Миний итгэл сулаас хүүхдээ солонгос явуулж чадсангүй…”, эсвэл “…тэр жинхэнэ сүнслэг итгэгч учраас түүгээр залбируулбал ажил бүтнэ…”, гэх мэтээр шүүн тунгаах нь, гуйлт нь санаснаар нь бүтэхгүй үед сэтгэлээр унах нь олонтоо. Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя, хэмээн буруу хандлагаар гуйдаг байна (Иак.4:3), гэж Библи хэлдэг.
Ийм итгэлийг “тугаа” болгогчид, тодорхой нэг, хоёр ишлэл, түүхийг, бас бусдад болон өөрт тохиолдсон гэрчлэлийг сүр дуулиан болгон мандуулж, амьд уялдаа холбоотой байж утга төгс, бүрэн дүүрэн зураглал болдог Библийн бусад мессежийг (Иак.4:2,3), (Иох.14:20,21) орхигдуулдаг.
Жиш: “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нарт олдоно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.” гэсэн нь, 3-хан ишлэлийн дараахи “…тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй” гэдэг тайлалаар утга нь бүрэн гүйцэж, уншигдаж байна (Лк.11:9-13).
Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай (Мт.6:10), гэсэн хандлагаар амьдарч, гуйлт залбирлаа өргөж бай, гэж Эзэн заадаг. Үүнийг нэгэн хүн, “Хүний хүслийг тэнгэрт биелүүлэхийг итгэл гэхгүй. Харин Эзэний хүслийг газарт биелүүлэхийг итгэл гэнэ”, гэж хэлсэн байдаг.
Итгэл гэдэг нь, өөртөө ашигтайгаар Бурханыг хөдөлгөдөг, эсвэл өчүүхэн зорилгодоо үйлчлүүлхээр Бурханыг ажиллуулдаг, Есүстэй амьд харилцаатай байхаас ангидаар эзэмшиж болдог ямар нэгэн арга, механизм гэж ойлговол, дэндүү мунхаг хэрэг ба, бүр энэхүү мунхаглалаа “өндөр” итгэлийн шинж, гэж бусдад зааж, сургаж, өөрөө үлгэрлэн харуулхаар зүтгэдэг бол нэн харамсалтай.
Багш нар, хэрэгцээтэй зүйлсээ Бурханаас гуйгаад авах чадварыг чухалчлан заахаас илүүтэй, өөрийн Бурханыг хэрхэн чин сэтгэлээсээ хайрлах, Түүнтэй хувьчилсан нөхөрлөл дотор дэлхийлэг элдэв хүслүүдээ ялан дийлж, Түүний Үгээр, Ариун Сүнсний удирдамжаар өөрийгөө Библийн үнэт зүйлс, тэнгэрлэг зарчимууд, Христийн ариун жишгүүдэд хэрхэн зориулхыг, золиослохыг даруугаар зааж, үлгэрлэж байх ёстой.
Гэтэл олон хүн улам л өөртөө итгэлтэй, эрэмгий, захирангуй болж, “Эзэний алдарын төлөө” эсвэл “олны авралын төлөө” үй олон төлөвлөгөө, аргачлал, эмх цэгц бодож олон, тэдгээрийгээ бусдад тулган, хүлээж авахыг шаардах ба тэдгээрийнхээ гүйцэтгэл, биелэлтээс сэтгэл ханамж, бахдалыг авч, бахархалаа болгох нь ажиглагддаг. Түүгээр ч зогсохгүй аливаа сүнслэг ид шид, “гайхамшгийг” үйлдэх эрдэм чадал эзэмшиснээрээ бахархаж, түүгээрээ шоудах нь ч бий.
Ямар нэг байдлаар загалмайгаас өөр зүйлээр сайрхаж бахархдаг, Эзэний өмнө өөрийн байгуулсан гавъяа, ололт амжилтыг барьж очино, гэж боддог хүн байгаа бол, тэрээр огт аврагдаагүй хүн байна, гэхэд хилсдэхгүй. Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно (Иох.12:25).
Чуулганд нэгэн цагт хүчтэй нөлөөтэй, үнэтэй хүндтэй, тойрон хүрээлэгдсэн, олон хүний “бахархал, түшиг тулгуур” нь байсан нэр алдартай пастор, ахлагч удирдагчид гэнэт нэг л өдөр “нүцгэн байдал” нь ил болж нуран унах нь бий. Яамай даа. Тэдний өөрсдийнх нь төлөө Эзэнд талархая.
Хөөс сахруулан олны өмнө “жүжиглэж”, яг л “аврагч” болчихсон мэт аяглаж (2Тес.2:4), үй олны зүрх сэтгэлийг өөртөө булааж (2Тес.2:12), бүдрүүлэх чулуу болж яваад, эцсийн мөчид “Хаалган” (Мт.7:22,23) дээрээс хөөгдөснөөс, яг энэ үед сахилгажуулагдан дорд болж, эрэгцүүлэн ухаарч, гэмшин даруусаж, загалмайгаас л зууран, Христийн цуснаас өөр өмч хөрөнгөгүйгээ мэдэж авах нь аврал юм.
Тэгээд ч “өндөр” итгэл нь, зөвхөн махан биеийн эдгэрэл, аливаа асуудал хүндрэлүүдийг бэрхшээл зовлонгүйгээр даван туулах чадвар гэхээсээ илүү, хүнд бэрх үед итгэл үнэмшлийнхээ төлөө амиа өгөхөөс ч үл буцах эр зориг, үнэнч зан (Үй.7:55-60)(2Кор.23-27), өөрийн эд хөрөнгө, хүсэл мөрөөдөл, ирээдүй хувь заяагаа ч Эзэндээ эргэлзэлгүйгээр өргөн барьж, даатган найдах эрс шийдвэр (Үй.4:34-37), аливаа уруу татлагыг, сатаны заль мэхийг соргог мэдэрч эсэргүүцэх чадвар, дадлага (1Пт.5:8,9)(2Шс.18:16-22), үхэл үзэлгүй өөрийн Бурхантайгаа өргөгдөн одох халуун хүсэл (Эх.5:22-24)(2Хд.2:1-11), зэрэг гайхамшигт үлгэр жишгүүдтэй байдгыг Судараас харж болно.
Гэхдээ энэ итгэл нь огт хэрэггүй гэсэнгүй. Энэ нь хүний Христтэй тогтоосон хувьчилсан дотно харилцаан дотор, хүний хэвшмэл сэтгэлгээний хил хязгаарыг давсан тэнгэрлэг үнэмшил, өөрийгөө даруусган зөвхөн Эзэний нийгүүлсэлд найдсан байдлаар хэрэгжиж байвал маш өгөөжтэй.
Өөрөөр хэлбэл, энэ нь ямар нэг байдлаар, бусдыг итгэлээр нь басамжлах, өөрийгөө дөвийлгөх байдлаас бүрэн ангид, даруу төлөвшил дотор их илэрхийлэгддэг. Шууд Ариун Сүнснээс эдгэрэл авдаг нэгэн нь, эмч эмнэлгээр дамжуулан Эзэн намайг эдгээнэ, гэж итгэдэг нэгнээ басамжлахгүй байх ёстой.
3 months ago