3 months ago
Sunday, May 31, 2009
Итгэлийн талаархи ярилцлага-1 “Анхдагч” итгэл буюу Христитгэлийн суурь
Багшаа, яг “итгэл” гэж юу вэ?
“Итгэл” гэдэг энэ ухагдахууныг Библи дээр …эцэст үлдэх гурван үнэний нэг (1Кор.13:13), гэж тодорхойлсон байдаг. Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д итгэл гэдэг нь батад найдах, эргэлзэлгүй үнэмших гэсэн утга бүхий үг гэжээ.
Бид амьдралын аливаа асуудалдаа Эзэндээ чин сэтгэлээсээ найдаж чадаж байна уу? Түүний бидэнд илчилсэн үнэн, өгсөн амлалт, тушаалуудад эргэлзэлгүй үнэмшиж байна уу? Тэгээд тэдгээрээрээ амьдарч байна уу? гэж бид Эзэнээс, бас өөрсдөөсөө байнга асуух нь зүйтэй. Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал… (2Кор. 13:5).
Хүн төрөлхтөн Ертөнцийг Бүтээгчийн дүр төрх болохынхоо хувьд, Түүнийг эрэлхийлэн, тэмүүлэх явцдаа олон янзын шашин шүтлэг, сүсэглэлийн тойрог хүрээллүүдийг бий болгосон байдаг. Тэдгээрт хамрагддаг олон төрөл сүсэгтнүүдийн хэн нь ч (урьд цагт ч, одоо ч) өөрсдийгөө “итгэгч” гэж нэрийддэггүй.
Амьдралыг нэг л үгээр тодорхойл, гэвэл олон янзаар тодорхойлох байх. Амьдрал бол хайр, амьдрал бол тэмцэл, …бүтээл,…үг, гэхчилэн. Бүр зарим нь амьдрал бол хувьсал (эволюци), амьдрал бол урсгал, …тоглоом, …дурлал, …аз, …секс, …мөнгө, гэх нь ч бий. Харин энэ удаагийн ярих сэдвийн хүрээнд “амьдрал бол харилцаа” гэж тодорхойлж болох юм.
Өчүүхэн ч гэсэн итгэл байхгүйгээр та хэн нэгэнтэй аливаа харилцаанд орох уу?! Мэдээж үгүй! Эцэг эх үр хүүхэддээ, тэдгээр нь эргээд эцэг эхдээ, андууд бие биендээ, амрагууд янаг хайртдаа, ард түмэн төр засагтаа, төр нь ард түмэндээ итгэх итгэлийн талаар маш их яригддаг.
За тэгээд бизнесийн, улс төрийн, урлаг соёлын, шинжлэх ухааны, спортын, шашин шүтлэгийн, тэрч бүү хэл гэмт хэргийн гэх мэт дур сонирхол ба хүсэл зорилгоороо хамтрагчид, жаахан ч гэсэн итгэл дээр суурилан нөхөрлөж эхлээд, улмаар харилцаа нь гүнзгийрэн хөгждөг. Нэг үгээр бие биендээ итгэх итгэл нь батждаг.
Амьдрал ер нь итгэлцүүр дээр л тогтдог. Ариун Судрыг “Хуучин гэрээ, Шинэ гэрээ” гэж хоёр хэсэгт хуваадгийг бид мэднэ. Гэрээ гэдэг маань хоёр ухамсарт харилцагчийн хоорондын харилцааг зохицуулдаг (бие биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээн, эрх дархаа тохиролцон зөвшилцсөн) баримт юм. Энэ нь Бурхан ба Түүний ард түмэн (Эх.17:1-7), Бурхан ба бүтээлүүдийн хоорондын (Эх.9:8-17) харилцааг илчилдэг.
Хоёр дахь харилцаанд итгэлийн талаар огт яригддаггүй. Ваарчин ваарнаасаа “…чи надад итгэж байна уу?” (Иса.45:9)(Иер.18:3-6) гэж асууж байна гээд төсөөлөөд үз дээ! Харин Бурханыг ухамсартайгаар танин мэдэж, хайрлан хүндэлж, даган амьдрах сонголт хийсэн, Түүний дотор хуучин амьдарлаасаа гэмшин эргэж өөрчлөгдөх шийдвэр гаргасан, “амьд” харилцагч болсон Эзэний ард түмний хувьд “итгэл” нь хоорондынх нь харилцааны тулгуур үнэлэмж, шалгуур үзүүлэлт болон яригддаг. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь, Бурхан руу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой (Ев.11:6).
Тэгэхлээр "итгэгч" гэсэн нэр томъёоны цаана, Бурхантай харилцагч, хамтран нэгэн зорилгын төлөө зүтгэгч, Түүний дүр төрх, зан чанарыг, мэргэн ухааныг, хайрыг илэрхийлэн харуулагч, Түүний илчилсэн үнэн, амлалтуудад эргэлзэлгүй итгэгч, тэдгээр үнэт зүйлсийг нь үгүйсгэгч дэлхийлэг нөлөөллүүдийг эсэргүүцэгч, тэдгээрээс тусгаар (ариун) амьдрагч, зөвхөн Бурхантай л хамааралтайгаа ухамсарлагч, гэхчилэн олон утгууд агуулагддаг.
Бурхан болон Түүний сонгосон ард түмний хоорондын харилцааг зохицуулагч итгэлцүүр нь яг юу вэ?! Христитгэл гэж чухам юу вэ? Хаанаас үүсэлтэй вэ? Юун дээр суурилаж, ямар хөрсөнд үндэслэж, ямар орчинд ургадаг вэ?, гэж л та асуусан болов уу?, гэж би бодож байна.
Тийм тийм. Яг л тэгэж асуух гэсэн юм.
Библи бидэнд “анхдагч” буюу суурь итгэл (1Кор.3:1,2) (Ев.5:12,13; 6:1), дахин төрсөн хүний шинэ амьдралдаа дэвшин өөрчлөгдөх “төлөвшил”-ийн итгэл (1Кор.2:6) (Ев.5:14), гэсэн хоёр ухагдхууныг заадаг. Эхлээд хоюулаа, Христитгэлийн тулгуур суурь болсон “анхдагч” итгэлийн талаар ярилцая.
Энэ талаар үе үеийн Эзэний ариун хүмүүс олон янзын гайхамшигт тайлбар, тайлал, номлол, илчлэлтүүдийг тунхаглан, бичиж тэмдэглэн үлдээсээр ирсэн. Тэдгээрээс хамгийн алдартай нь, магад Библийн Еврей номын 11-р бүлэг байх. Тус бүлгийн эхэнд л Христитгэлийн талаархи онцгой хэдэн илчлэлтийг өгүүлдэг.
Үүнд: …итгэл нь (Христэч) бидний (итгэгчдийн) найддаг зүйлсийн бодит байдал (Евр.11:1а)… энд түр зогсоё. Та юунд, эсвэл хэнд найддаг вэ? гэсэн асуулт эндээс гарч байна.
Даргадаа, ханьдаа, төр засагт, хадгаламжиндаа,…мөн ирээдүйд бүх зүйл сайн сайхан болно гэдэгт…
Үгүй ээ! …Тухайлан Христчин хүний хувьд?
...Аан тэгвэл,… 1-рт; Бурханы Хүү Есүс Христ гэмтэй миний эдлэх ёстой ял шийтгэлийг Өөртөө үүрч, загалмай дээр цовдлогдон үхсэнээр, урсгасан ариун цусаараа гэмийг маань угаан цэвэрлэсэн.
2-рт; Тэгээд зогсоогүй 3 хоногийн дотор үхлээс дахин амилж, надад үхлийн дараахи мөнх амьдрал, дахин амилалт бодитой гэдгийг баталж, намайг үхлийн айдсаас чөлөөлж, энэ дэлхийн гуниг зовлонгоос үл хамаарах баяр баясал, амар тайвныг өгсөн. Түүгээр ч үл барам, тэнгэр газар дээрхи бүх эрх мэдлийг авсанаа илчилж, үеийн төгсгөл хүртэл хамт байхаа амласнаар энэ хүнд үед хорогдох газар минь болдог.
3-рт; Улмаар энэ дэлхийд эргэн ирж бүхий л хорон мууд цэг тавьж, Өөрийн хүмүүсийг өргөмжлөн, тэнгэрлэг хаанчлалаа байгуулхаа амласнаар ирээдүй хойчид ч хүлээх найдвар минь болсон.
Тун сайхан хариуллаа.
Тиймээ, энэ 3-н гайхамшигт үйлс Христитгэлийн тулгын чулуунууд юм шүү дээ. Бүр яг үнэндээ, Эцэг ертөнцийн анхны тоосонцорыг бүтээхээсээ ч өмнө, загалмайн энэхүү ялгуусан ажлаа товлож, эдгээр үнэнүүдийг тулгуураа болгон барилгаа барьсан (ертөнцийг бүтээсэн) (Иох.1:1-3) (Сур.үгс 8:22-31) ба барьсаар байна (1Кор. 1:30; 2:7), (Еф.2:20-22), (Фил.2:9-11). Тэр дундаа хүмүүнийг Хүүгийнхээ дүр төрхөөр урласан нь үнэхээр бахдууштай (Эх.1:26,27), (2 Кор.5:17), (Гал.3:26-28).
Хүн төрөлхтөн олон янзын хүсэл мөрөөдөл, зорилго бодож олоод тэдгээрийгээ найдвараа болгон тэмүүлдэг. Гэвч тэдгээр нь төгс бус, хоорондоо эрс ялгаатай байснаараа өчнөөн олон зовлон зүдгүүр, зөрчил маргааны үндэс болдог.
Харин христчидийн энэхүү найдвар нь, хүмүүний бодол санааны бүтээл биш (Гал.1:11,12) ба анхнаасаа байсан, хойшид ч байх (1Кор. 2:6,7)(Еф.1:3-14), биднээс үл хамаарах Үнэн (Христ) (Кол.1:16-20) учраас батад найдах найдвар минь болж чаддаг.
Гэхдээ бас нэг зүйл асууя. Та тэрхүү 2000-ны тэртээд очиж Есүсийг цовдлогдохыг харсан юм уу? Цаашлаад үхлээс дахин амилаад тэнгэр рүү одоход нь хажууд нь байсан уу? Мөн ирээдүйд ирээд шүүлтийг хэрэгжүүлнэ гэдгийг яаж баттай мэдэж байгаа юм бэ? Тэр тусмаа эдгээр нь чухам яг таньтай хамаатай гэдэгт яагаад итгэнэ вэ?
Ммм…Үгүй. Яг хажууд нь байж, үзэж хараагүй л дээ. Ирээдүйг ч зөгнөж мэдсэн ч юм алга. Энэ тухай Библи дээр л бичигдсэн байдаг шүү дээ. Тэгээд ч эдгээр нь үнэн бодит, болсон явдал ба болох зүйлс гэдгийг батлах хувийн туршлага, гэрчлэл зөндөө байна.
1-рт; Есүсийн миний төлөө үүрсэн загалмайн зовлон ба үхлийг бодохдоо, Түүнийг маш их өрөвдөн хайрладаг, бас Түүнд хязгааргүй баярлаж талархдаг. Мөн өөрийн гэмийн ямар ноцтой, бузар болохыг ухаарч гэмшдэг. Түүний надад зориулсан агуу хайрыг нь зүрхээрээ мэдэрч, тодорхойлон хэлэх аргагүйгээр догдолж уярдаг.
2-рт; Эзэн Есүсийн амьд хайр, хүч нөлөө нь намайг өдрөөс өдөрт өөрчлөн шинэчлэж байгаа нь гайхмаар бас бахадмаар, үгүйсгэх аргагүй үнэн юм. Энэ нь бие махбодид маань эдгэрэл, цог золбоо, эрч хүч дүүрэн бялхах байдлаар илэрдэг. Мөн эргэн тойрны маань амьдралын бүхий л асуудалд Тэр мутараа сунган оролцож, миний хүч үл хүрэх олон зүйлийг хамгийн сайнаар шийдэж өгдөг. Хамгийн гол нь би өөрөө амьдарлыг огт өөрөөр гэрэл гэгээтэйгээр харж, бусдыг хайрлан уучлаж, хүлцэн тэвчиж ханддаг болон өөрчлөгдөж байгаа байдлаар мэдэгддэг.
3-рт; Гэмийн уруу татлагад маш мэдрэмтгий болж сөрөн зогсож, дургүйцэх болсон. Заримдаа сул доройгоосоо болж алдах үедээ зүрхэндээ Ариун Сүнсний зэмлэлийг мэдэрч, маш их шаналал, гэмшил төрж, гэмийн эсрэг бат хатуу шийдвэр гаргах болсон.
Гайхалтай. Та яг сая, уншсан ишлэлийнхээ тайллыг хэлчихлээ шүү дээ! Тиймээ, таны Христэд итгэсэн итгэл тань, амьдралд тань ийнхүү бодит байдал болон ирж, өөрчлөлт шинэчлэлийг авчирдаг гэж энд хэлээд байна шүү дээ.
Бас нөгөөтээгүүр, Христээр дамжуулан хийгдсэн эхний хоёр үйлс гүйцэлдсэн ба нөгөө нь арай болоогүй ч, хувь хүн дээр ч, үндэстний түүхэнд ч, нийт хүн төрөлхтөний хувь заяанд ч, энэ л үнэнээс ирдэг соён гэгээрүүлэх, хөгжүүлэн цэцэглүүлэх хүч нөлөө нь, энэ л үнэнийг танин мэдэх, эмээн хүндлэх ухамсар, ёс суртахуун нь өөр ямарч эрхшээл нөлөө, итгэл үнэмшил, суртал ухуулгаас илүү бодит юм, гэдэг илчлэлт ч энд байна.
Мөн цаашдаа олон зүйл өөрчлөгдөн хувьсаж, арчигдан хаягдаж, эргэн ирэхгүйгээр өнгөрөн одох боловч (Лк.21:33) (1 Иох.2:15-17), энэ гурвыг танин мэдэж, итгэж үнэмшсэн, түшиглэж найдсан сүсэглэл тань хувиршгүй байж, улам батжин эцэст үхлийг ч ялах бодит хүч болдог (Ев.11:35-38), гэсэн утга ч илчлэгдэж байна.
Энд 3-н салангид, тусдаа зүйлсийн талаар яригдаагүй гэдгийг бас онцлох нь зүйтэй. Эдгээр нь Нэг л Үнэн, хамгийн дээд Нэгний, Өөрийгөө төгс байдлаар илчилсэн, салшгүй нэгдмэл чанартай цул оршихуй (Христ) юм. Үүнийг Христ, “Би бол ЗАМ, ҮНЭН, АМЬ мөн.”(Иох.14:6) гэсэн.
Энэ л дээд Үнэнийг (Христийг) ямар нэг байдлаар салгаж авч үзэх, аль нэг нь бусдаасаа илүү чухал мэт бодох, ярих, хооронд нь ач холбогдолоор нь жиших гэж оролдох зэрэг нь, зөөлөн хэлэхэд төөрөгдөл ба хатуу үнэнийг хэлэхэд Төгс Эзэнийг өөрийнхөө хувьд зэрэмдэглэсэн, төгс илчлэлтийг нь шүүн тунгаан бардамнасан, бузар гэм юм.
За одоо, та цааш нь уншдаа. …харагдахгүй зүйлсийн баталгаа мөн (Ев.11:1б).
За баярлалаа. Одоо энэ хэсгийг тунгаан бясалгаж, задлан шинжилье. Түрүүн бид бас ярилцсан. Та энэхүү түүхэн гайхамшигтай үйлсийг нүдээрээ хараагүй. Бас хараахан гүйцэлдээгүй нэгийг нь урьдчилан зөгнөж мэдээгүй. Улмаар ухан бодох юм бол, үүнийг л тулгуураа болгон Тэнгэр Эцэг маань хэрхэн зах хязгааргүй орчлон ертөнцийг бүтээснийг ч хараагүй (Ев.11:3). Хэрхэн Агуу их хаан Сэнтий дээр (Тэнгэрт) шийдвэр гарч, тэр нь газарт, хувь хүний болон нийт хүмүүний ертөнцийн амьдрал, хувь заяанд бодитоор биелэн хэрэгждэгийг ч мэдэхгүй (Илчлэлт ном). Гэвч та энэхүү Үнэнд (Христэд) итгэдэг.
Ариун Судрыг түүхийн үнэт сурвалж, баримт бичиг гэдэг талаас нь, эртний утга зохиол, яруу найргийн чуулбар гэдэг талаас нь, еврейн болон Газрын Дундад Тэнгис хавийн ард түмнүүдийн түүх соёл, угсаатны зүйн судлагдхуун баримт гэдгээр нь, мөн хэл шинжлэлийн, археологийн, гэх мэтчилэн олон чиглэлээр салбарлуулан маш сайн судалдаг олон лут эрдэмтэн мэргэд байдаг. Тэд Сударыг үг үсэггүй маниасаа ч илүү мэддэг. Гэвч энэхүү тулгуур 3-н илчлэлтэнд (Христэд) огт итгэдэггүй гээд боддоо.
Олон оюунлаг, авъяаслаг, мэдлэг боловсролтой хүмүүс, хүмүүний ертөнцийн улс төрийн, спортын, урлагын, шинжлэх ухааны, бизнесийн, шашин шүтлэгийн болон ёс суртахууны орчинд алдаршигчид, энэхүү Үнэн дээр суурилагдан орчлон ертөнц бүтээгдсэн ба одоо оршин тогтнодог, гэдгийг мэддэггүй, итгэдэггүй. “Энэ нь бас л нэг шашин, ёс суртахууны сургаалийн орчин, Есүс бол түүхэн дэх агуу сайн хүмүүсийн нэг” гэхчилэн үздэг, ярьдаг.
Та тэдгээрээс юугаараа илүү болоод энэ Үнэн нь, хувь хүний болон хүн төрөлхтөний цорын ганц Аврал, оршин тогтнолынх нь Үндэс суурь, гэдэгт итгэсэн юм бэ? Та илүү ухаалаг уу?! Эсвэл сүнслэг мэлмий тань илүү нээлттэй учраас уу?! Үгүй юм! Библи биднийг, бусдаас илүү сайн учраас Бурханд сонгогдсон (Дэд хууль 9:4-6) гэдэггүй.
Харин, “Учир нь Тэр Мосед “Би Өөрийн өршөөх хүнээ өршөөнө. Би Өөрийн өрөвдөх хүнээ өрөвдөнө” гэж айлдсан юм. Ингэхлээр энэ нь хүсдэг, эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу.” (Ром 9:15,16). “Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ. Бурхан байгсдыг хүчингүй болгохын тулд байгсдыг бус, энэ ертөнцийн шалихгүй, гадуурхагдсан хүмүүсийг сонгосон нь, Бурханы өмнө ямарч махан биеийг сайрхуулахгүйн тулд болой.” (1 Кор.1: 27-29) –гэсний дагуу юм.
Нэг үгээр, бидний Христитгэл маань Эцэгээс бидэнд бэлэг (2 Кор.9:15) болгон өгөгдсөн Бурханы Үр юм. Эзэн биднийг Мөнхийн, Төгс, Ариун гэр бүлийнхээ бүрэн эрхт нэгэн гишүүн нь болгон сонгон авсаны баталгаа (Ев.11:1), барьцаа (2 Кор.5:5) болгон зүрхэнд маань тарьсан Ариун Сүнсний Үр юм. Үүгээрээ ч бусад шашин шүтлэг, ёс суртахууны сургааль номлол, зам мөрийн онолуудаас эрс өөр юм.
Тиймээс ч бид, би илүү хүнлэг зөвт, сайн хүн байснаас, эсвэл чин зүрхнээсээ Бурханыг хайснаас, бүр эсвэл илүү ухаалаг тул энэхүү Үнэнийг таньж мэдэн, авралыг авчихсан. Тэд мунхаг харанхуй учраас л Сайн Мэдээнд итгэхгүй байгаа юм, гэх маягын бардамналд автахгүй байвал зохино. Тэгээд даруугаар Эзэний гавъяа болон сонголтоор зүрхэнд маань өгөгдсөн тэрхүү Үрийг нандигнан хайрлаж, хамгаалж, урган төлжих боломжийг нь хангахын тулд өөрийн зүгээс хамгийн дээд чадах чинээгээрээ хичээн зүтгэх нь зохистой юм.
За улмаар Еврей 11-р бүлгийг цаашаа үргэлжлүүлэн унших юм бол, Хриситгэлийн нийтлэг ерөнхий шинжийг янз бүрийн гэрчлэл, жишээ татан тодорхойлсон байдаг. Энэ нь Бурхангүй ертөнцөөс итгэгчдийг хэрхэн үзэж үнэлж ханддаг ба, тэд нь эргээд ямархуу хариу үйлдэл (реакц) үзүүлдгийг бичсэн. Эдгээрийг анхааралтай уншиж, тунгаан бясалгахад доорхи дүгнэлтүүд тодордог.
1-рт; Христитгэл бидэнд энэ дэлхийн аз жаргал, элбэг хангалууныг, хүндлэл өргөмжлөлийг амладаггүй (Евр.11), (Мт.5:39-42; 19:21-24; 20:25,26). Харин Эцэгийн өмнөх төрөлх болон олдмол гэмийн уучлалын, Бурханы оршихуй дахь мөнхийн амьдралын, эцсийн шүүлтийн өдрөөс аврагдах найдварын баталгаа болдог. Гэтэл олон хүн энэ ертөнцийн өөрсдийгөө өргөмжлөх, өнгөлгийг эзэмших өрсөлдөөн тэмцэлд амжилт олох түшиг тулгуур, дэмжлэг гэж Хриситгэлээ үнэлэн бодож байдаг.
2-рт; Харин ч эсэргээрээ, хавчлага гадуурхал, басамжлал доромжлол, зөрчил тэмцэлийг зайлшгүй дайран гарч, даван туулах ёстойг анхааруулдаг (Евр.11), (Мат.5:10,11,44; 10:21,22; 16:24). Хэн нэгэн нь буддист, эсвэл ислам, эсвэл бөө мөргөлтөн гээд хавчигдаж, гадуурхагдаж байгаа тухай та сонссон уу?... Үгүй!...Тухайлан эдгээр сүсэглэлийнх нь төлөө хэн нэгнийг хачирхаж, чичилж, гаж маанагаар нь дуудаж, хавчиж боож тэгснээрээ бах нь ханаж, таашаал авах нь огтгүй.
Харин Христитгэлийн талаар ярихлээр л эвэртэй туулай үзсэн мэт элдэвлэж, сэжиглэн цэрвэж, амны зугаа болгон тохуурхаж, тэрч бүү хэл санаатайгаар ажил үйлсийг нь боож хааж, эрүүл мэнд, хүний эрхийнх нь халдашгүй дархан орчинд нь халдах оролдлого ч бүдүүлгээр гаргадаг. Энэ нь хувь хүнийх нь хэн байх, эсвэл хоорондынх нь ямар нэгэн үл ойлголцол зэргээс үүдэлтэй биш байдаг.
Бүр боломж олгоод хууль эрх зүйн ч юм уу, нийгмийн (олонхийн) сэтгэл зүйн орчин нь бүрдсэн байх юм бол, буу бариад (зүгээр л Христчин гэдэг шалтгаанаар) алаад эхлэхэд бэлэн мэт хүмүүс ч зөндөө. Яагаад ингэж зэвүүрхэн үзэн яддаг учир шалтгаанаа барьцтай, тодорхой өөрсдөө ойлгодоггүй ба бусдад итгэж үнэмшмээр, зөвтгөн тайлбарлаж ч чаддаггүй.
3-рт; Дээрхийн шалтгаан нь Христчид, хүн төрөлхтөний дадаж хэвшсэн, дасаж зохицсон тааламжтай үг хэл, үйлс амьдрал, сэтгэх хэв маягаас нь тэс өөрөөр, тэдгээрийг нь эрс үгүйсгэсэн тэнгэрлэг зарчимаар сэтгэн бодож, ярьж тунхаглаж, гэрчилж амьдардгаас болдог (1 Кор.2:12-14), (Евр.11:38), (1 Пт. 4:2-4). Нэг үгээр бид тэнгэрийн иргэншилтэй болсон тул энэ ертөнцийн хувьд харийнхан юм.
Гэхдээ бидний цаг ирэх бөгөөд, тэр цагийг Абель, Ноа, Абрахам, Иаков, Иосеф нараас эхлээд, одоо үед бид үргэлжлүүлэн (бүх үеийн Бурханы хүмүүс хамтдаа) тэвчээртэйгээр хүлээж байна (Евр.11:40). Библи биднээс хүлээлтийг, яг л маргааш, эсвэл өнөө шөнө Эзэн маань ирнэ, гэсэн тэсэн ядсан хүлээлтийг, мөн энэ ертөнцийн уруу татлагад автахгүй үргэлж сонор соргог байж, ариун тусгаар байдлаа сахихыг шаарддаг (Мт.25:1-13), (Лк.12:35-40), (Лк.21:34-36). Хүлээлт нь тэвчээрийг, сэтгэлийн хатыг, даруу зан чанарыг, үнэнч хувиршгүй итгэлийг төлөвшүүлдэг.
Хүмүүс өөрсдийн бодож олсон шашин, ёс суртахууны сургааль, ёс зүй, хууль цааз, хувийн болон үндэстнийхээ түүхэн мэдлэг, туршлагыг үнэний хэмжүүр болгодог. Харин бид итгэлээр минь дамжуулан өгөгддөг Үнэний мэдлэг, Ариун Сүнсний удирдамж, Эзэний Үгийг үнэний хэмжүүр болгон амьдрах нь ариун байдал юм.