3 months ago
Tuesday, May 26, 2009
Баяр баясгалан
Бид заримдаа бусдын тус дэмжлэгийг байх л ёстой зүйл гэж боддог. Харин Христийн дотор сурсан мэдсэн, ойлгосон ухаарсан маань огт өөр зүйлийг өгүүлж байна.
Бусдын тус дэмжлэг, ивээл ерөөл нь огтхон ч байх ёстой зүйл биш. Тиймээс ч маш их баярласан талархсан сэтгэлээр хүлээн авч, хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Ялангуяа Эзэний хайр ивээлээр сонгогдсон маань бидэнд агуу зол завшаан бөгөөд, хариуд нь үргэлжийн баяр талархалаар өргөл өргөх зохистойг Библи мэдүүлдэг.
Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн (1Тес. 5:16-18).
"Таагүй нөхцөл байдалд ч урам зоригтой байдлаа хадгалсаар байх нь, баяр хөөртэй зан юм аа." гэж Henry Clay гэгч зан чанар судлаач тодорхойлжээ. Бид тийм байж чаддаг уу?! Яг миний хувьд, баяр хөөр нь ямар тохиолдолд намайг эзэмдэн дүүргэдэг билээ?!
Их Эзэндээ хүндэтгэл магтаал өргөж байх үед ихэвчлэн илэрдэг. Түүний миний амьдралд хийсэн, хийсээр байгаа бүхий л гайхамшигт үйлсийг ухаарах, зүрх сэтгэлийн угаас улам гүнзгий ойлгох тусам, баяр хөөр талархал бялхаж байдаг.
Энэ нь бас араасаа маш их сэтгэл ханамж, амар тайвны дүүрэн байдлыг дагуулдаг. Эдгээр нь зөвхөн Их Эзэнтэйгээ ойр байж, Түүний тухай бодож, юуг ч Түүний л төлөө хийхэд л бүрдэж байдаг.
"Үүргээ биелүүлэхдээ баяр хөөрийг амсч буй хүн л, жинхэнэ эрх чөлөөтэй амьдарч байна." гэж Цицерон хэлжээ. Тиймээ ямар ч хүнд нөхцөлд Түүнээс өгөгдсөн аврал, хайр, эрх чөлөөг тунхаглан, бусадтай хуваалцах үед, бид баяр хөөрийг дүүрнээр мэдэрдэг.
Харин Бурхангүй хүмүүсийн хувьд, баяр хөөр нь хуурамч бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалж байдаг. Үр хүүхэд нь сургуульдаа сайн сурч байвал баярлана.
Эсрэг тохиолдолд гуниж гутарна, уурлаж уцаарлана. Ажил төрөлдөө амжилт гаргаж, удирдлагийн зүгээс сайшаан урамшуулбал баярлана. Харин бүтэлгүйтэл, түүнээс улбаалсан зэмлэл ирвэл, өөрийгөө болон бусдыг зүхнэ.
Эзэний оршихуйгаас гадуурхи хүмүүс, элдэв шоу зугаа цэнгэлээс, марзан шалихгүй хошигнолоос, спортын уралдаан тэмцээнээс, сексийн элдэв адал явдалаас, архинаас, хар тамхинаас, хонжворт сугалаа, мөрийтэй тоглоомноос, хувцасны шинэ загвараас, хоол хүнснээс сэтгэл ханамж, баяр хөөрийг хайж, эрэлхийлж байдаг нь хөөрхийлөлтэй.
Тэгээд, эдгээрээс нь эргээд уй гашуу, уйтгар гуниг, өвчин зовлон, ядуурал хоосрол, хэрүүл тэмцэл л ирдэг. Энэ нь хүмүүс өөрсдийн амьдарлыг, өөрсдийн санаагаар удирдан залахыг хичээснээс, өөрсдийн хүчээр сэтгэл ханамж, түүгээр дамжин ирдэг баяр хөөрийг олохыг оролдсоноос болдог.
Гэтэл жинхэнэ баяр хөөр, амар тайвны оршихуй болсон Эден цэцэрлэг хүрэх зам нь, херубууд болон зүг бүрт эргэлддэг галт илдээр хамгаалагдсан байдаг (Эх.3:24). Энэ нь, хүн өөрийн хүчээр жинхэнэ баяр баясгалан, амар тайвныг олж чадахгүйг анхааруулдаг өвөрмөц илчлэлт юм. Харин энэхүү Эден цэцэрлэг болсон баяр хөөр, амар тайвны Ариун Сүнсний оршихуй нь, Эзэний Хайр, Уучлалаар (Загалмайгаар) дамжин бидний зүрхэнд өгөгддөг.
Бид, Түүний илчилсэн Үнэнг мэддэг бөгөөд, бидэнд өгөгдсөн гайхамшигт амлалтуудад итгэдэг учир, ямар ч нөхцөл байдлаас үл шалтгаалах, харанхуйн бүхий л дарамт шаналгаан дунд ч баяр хөөртэй байх сэтгэлийн хүчийг олдог.
Түүний илчилсэн Үнэн, гэж юу вэ?
А: Бодож төсөөлдөө, үнэхээр гайхалтай. Бурханы Хүү миний төлөө үхэж, намайг эдлэх ёстой ялаас минь чөлөөлсөн. Одоо гэмийн ял зэм надад ирэхгүй. Гэм миний дээр эрх мэдэлгүй болсон. Тэгээд бас, Бурханы Хүү үхлийг ялж дахин амилсан. Энэхүү дахин амилалт нь, надад ч бас хэрэгжинэ. Үхээд л бүх зүйл дуусахгүй нь байна шүү дээ.
Ингээд л бодохоор, энэ ертөнцийн бусад асуудал ер нь юу юм бэ? Төрөх үхэхийн хоорондох аливаа асуудлууд намайг зовоож шаналгах хүч, эрх мэдэлтэй гэж үү? Би дипломтой ч, дипломгүй ч, зэрэг цол, хэргэмтэй ч, хэргэмгүй ч, баян ч, ядуу ч, урт насалсан ч, богинохон амьдарсан ч, ад үзэгдсэн ч, амжилттай байсан ч, эдгээр нь амьдарлын минь утга учир, үнэ цэнэ биш. Би эдгээрээс болж шаналж зовон, худал хуурмагт орооцолдож, ичгүүр гутамшиг, дорд байдлыг амсахгүй. Ямар гайхалтай эрх чөлөө вэ? Үүнийг Эзэн, “Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө.” (Иох.8:32) гэдэг.
Б: Бүх орчлон Түүний хүслийн улмаас, Түүний бодож тооцоолсноор, Түүний мэргэн ухаан, хайр энэрлийн гэрчилэл болон бий болсон. Тэр дундаа хүмүүн бид ч гэсэн.
Эзэн бидэнд, Өөрийнх нь дүр төрхөөр гэрэлтэн амьдрах бүх нөхцөл бололцоог хангаж өгдөг. Тэр бидэнд амьсгалах агаар, уух ус, идэх хоол бүгдийг бас, сайн эх орон, эцэг эх, ах эгч, дүүс, хань ижил, үр хүүхэд, найз нөхөд, ажил үүргийг ч өгдөг. Тэр ч бүү хэл хүсэл мөрөөдөл, халуун тэмүүлэл, эрч хүч, эрүүл мэнд ч зөвхөн Түүнээс юм. Улмаар зүгээр л нэг өгөөд, зөнд нь орхичихдоггүй, харин улам төгөлдөржүүлэн хөгжүүлж, хөтлөн удирдаж байдаг.
“Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болон, Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно. Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд, би ч Таны агуу байдлыг тунхаглана. Тэд, Таны элбэг баян, сайн сайхны дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөд, Би ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна.” (Дуу.145:6,7).
В: Олон хүн, хүн төрөлхтөн мөхөл сүйрлийнхээ замаар явж байна, гэдэг. 21-р зуунд байгалын элдэв гамшигт үзэгдлүүд хүмүүний байнгын дагуул болж, Азоны цоорхой улам нэмэгдэж, хоол хүнс улам хомсдож, ундны цэвэр ус ч олдошгүй эрдэнэ болон, улам олон шинэ шинэ өвчингүүд олширч, бид цаашдаа оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болж байна, гэдэг. Энэ нь гутрангуй, Эзэний бүтээсэн, хөтлөн удирдаж, улам төгөлдөржүүлж байдаг, амьдрал гээч гайхамшигт үзэгдлээс зөвхөн хар барааныг нь олж хардаг сэтгэлгээ юм.
Гэтэл өдөр бүр Аврагч Есүсийн нэр, Түүний яруу алдар дуурсаж, үй олон хүмүүс, олон үндэстнүүд Тэнгэрийн хаанчлал руу ирж байна. Энэ дэлхийн бүхий л бузар мууд, миний Эзэн, өөр хэн ч (хэн нэгэн Будда ч юм уу, эсвэл хэн нэгэн сайн ерөнхийлөгч ч юм уу) биш, чухам миний Бурхан Есүс цэг тавьж сөнөөх болно. Бүхий л төсөөлж болох сайныг, хамгийн сайныг, бүр ямар ч төсөөллөөс ч илүү сайныг бодитоор авчирна.
Олон ард түмнүүд ирээд “Ирцгээ, Эзэний уул руу, Иаковын Бурханы өргөө рүү явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм”, гэцгээнэ. Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг, бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээж байсан Эзэн. Түүний авралд баясан цэнгэцгээе.” гэх болно (Исаиа 2:3, 25:9).
Тиймээс одоо та нар уй гашуу боловч, Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг, хэн ч та нараас булаахгүй, гэж Их Эзэн амладаг (Иохан 16:22).
Тэгэхлээр үнэн баяр баясгалан гэдэг нь, бидний амьдралд тохиолдож буй зүйлсийн үр дүн биш, харин бидний зүрх сэтгэлд Христээр дамжуулан юу байгаагын илрэл юм.
Г: Бидэнд тохиолддог бүх л сорилт, бэрхшээл зовлонгууд нь, бидний зан чанар улам төлөвшиж, оюун сэтгэлгээ улам гэгээрч, зүрх сэтгэл (ёс суртахуун) улам ариусаж, өдөр ирэх бүр Түүнтэй адил болохын төлөө учирдаг нь баярлахгүй байхын аргагүй үнэн юм. Амьдрал бол долгионлог үзэгдэл.
Мөнгө болон хувьцааны ханш, эд барааны үнэ, эдийн засгийн үзүүлэлтүүд ч, хувь хүний амьдрал, хамт олон, сүм чуулганы сэргэлт, нуралт ч, ард түмнүүд, улс үндэстнүүдийн хөгжил цэцэглэлт, уруудаж доройтох нь ч Түүний л мутраас юм. Тэр биднийг шигшиж тунгааж, цэвэршүүлдэг. Газар дэлхий бол Түүний уурхай юм. Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг. Төмрийг шорооноос авдаг бөгөөд зэсийг хүдрээс гаргадаг (Иов 28:1,2).
Энэхүү шаталсан долгион нь, Эзэнээс гадуурхи тохиолдолд дандаа уруудсан үзүүлэлттэй байдаг бол, харин Эзэний дотор үргэлж өөдөө байдаг нь бахадмаар. Түүний хайр уучлалаас гадуурхи хүмүүсийн, амьдралынх нь хамаг сайн сайхан нь ихэвчлэн ард нь хоцорч, өнгөрөн одсон байдаг.
Тиймээс ч Бурхангүй хүмүүс “аз жаргал” нь хажууд нь байсныг мэдэлгүй өнгөрөөснөө, гэнэн мунхаг байснаа бодож шаналж, харамсдаг ба ирээдүй нь тийм ч (хүслийнх нь дагуух) сайныг амлахгүй байгааг харахдаа гутардаг. Харин хайрлагдагсдын хувьд бүх л итгэл найдвар, гэрэлт ирээдүй маань, өмнө маань байдаг нь, хувиршгүй баяр баяслын үндэс болж өгдөг. Баяр баясгалан гэдэг нь, гуниг зовлон байхгүйн баталгаа бус, харин Христ байгаагын илэрхийлэл юм.
Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямарч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч, би Эзэний дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана (Хабаккук 3:17,18).
Үнэхээр гайхамшигтай. Их Эзэний юугаар ч үнэлэшгүй золилтоор дамжуулан аврагдаад, дээрхи гайхамшигт үнэнүүдийг ухаарч ойлгоод, баярлахгүй, баясахгүй байна гэдэг нь мунхаг хэрэг юм. Зүрх сэтгэлээсээ Түүнд талархан, баяр хөөртэй амьдрах үед, Ертөнцийн Эзэн Эцэг маань биднийг Ариун Сүнсний хур онгодоор тэтгэн, махан биед ч, оюун санаанд ч, сүнсэнд ч хүч чадал, эрүүл мэндийг өгч байдаг.
Тэр бидний бие цогцосыг гайхамшигтай эрхэм нандинаар бүтээсэн бөгөөд, зөвхөн баярлаж баясах үед л иммунитет систем буюу дархлааг хөгжүүлдэг тусгай даавар цусанд ялгарч байдаг. Бас бидний баяр хөөрөөр дамжуулан, Эзэн бусдад (гутранги, гомдолломтгой, аймхай нэгэнд) урам зориг, сэтгэлийн тэнхээ өгдөг. Нэг үгээр, бусдыг Эзэний замаар дагуулах хүч чадалыг бидэнд өгдөг.
Мөн, баяр баясгалантай байснаараа, бидний Эзэнтэй тогтоосон харьцаа улам батжин, Үгийн нууцууд илэрхийлэгддэг.
Дүгнээд хэлэхэд: Баяр баясгалан бол бидний мэргэн ухаан юм.
Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ.
Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ.(Иеремиа15:16)
Эзэний сургааль нь зөв, зүрхийг баярлуулдаг.
Эзэний тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. (Дуулал 19:8)
Баяр баясгалан бол бидний хүч чадал юм.
Ах дүү нар минь, элдэвийн сорилтонд орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. (Иаков 1:2)
Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн, Христийн алдар илчлэгдэхэд та нар баяр хөөртэйгээр баярлах юм. (1Петр 4:13)
Баяр баясгалан бол бидний эрүүл мэнд юм.
Баяр хөөртэй зүрх бол сайн эм.
Харин эмтэрсэн сүнс ясыг хувхайруулна. (Сургаалт Үгс 17:22)
"Зан чанар төлөвшихүй" хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: Амаржаргал UBTC 2006