Sunday, May 31, 2009

Итгэлийн талаархи ярилцлага-2 Аврал нь итгэлээр үү? эсвэл үйлсээр үү?


Баярлалаа багшаа. Гэхдээ таниас бас нэг зүйл асууя. Элч Паулын захидлуудад үйлсээр бус итгэлээрээ аврагдана, гэж онцлоод байдаг. Та ч бас сая тэгээд л хэлчихлээ. Харин Иаков ахлагч болохоор үйлсгүй итгэл чинь үхмэл, гэж загнаад байдаг нь ямар учиртай вэ?

Та нүдээ олсон асуулт тавьлаа. Олон хүн энэ тухай бодож тунгааж, гайхаж, эргэлзэж, маргаж мэтгэлцэж байдаг. Тэр ч бүү хэл, энэ нь (аврал нь итгэлээр үү, үйлсээр үү гэдэг нь) христитгэлийн мөнхийн, маргаантай шийдэгдээгүй асуудал гэж ярьж, бичих нь ч бий. Энэ нь Ариун Сүнсний удирдамжаар Сударыг сайтар судлаагүйгээс, амьд Эзэнтэйгээ хайр дотор, дотно харилцаанд төлөвшөөгүйгээс бий болдог айдсаас улбаатай, дэгс дүгнэлт юм.

Анхны Чуулганы түүхэн цаг үед, багш, ахлагч, итгэл дотор чиглүүлэгчдийн олонхи нь Иудей итгэгчид байлаа. Учир нь тэд Абрахам, Мосегийн үеэс л Бурханы Үг, тушаал, хууль цааз дотор амьдарч, тэдгээрээр амьсгалж ирсэн ард түмэн юм. Тэднээр л дамжуулан хүн төрөлхтөнд Эзэний Үг болсон Библи, аврагч Эзэн Есүс өгөгдсөн.

Тиймдээ ч тэд итгэл болон тэнгэрлэг мэдлэг, Үгийн боловсрол зэргээрээ, бусад үндэстэн, ард түмний итгэгчдээс эрс ялгарч байсан (Ром 3:1,2). Нөгөөтээгүүр, мянга мянган жил тэдний амьдралын алтан зарчим нь Мосегийн хууль байж, зүрх сэтгэлд нь гүн бат суурилагдсан байсан нь, сургааль номлол, тунхаглалд нь тусгалаа олж, загалмайн авралаас гадна, Иудей маягаар хөвч хөндүүлж, Мосегийн хуулийн олон заалтыг чандлан сахиснаар авралд батжина, гэсэн буруу сургаалийг бий болгосон (Ром 2).

Хуучин гэрээний үед, хуулийг чандлан сахих гэхдээ, бүр хэтийдэж “амралтын өдөр өндөгнөөс хүнд юм өргөвөл, хорин алхамаас илүү алхвал бузартана” гэх мэтийн дүрэм журам ч гарсан байлаа. Иудейн шашны удирдагчид хуулийн хамгийн гол заалт болох хайрыг (Мт.22:36-40) орхигдуулаад, шалихгүй хэрэггүй дүрэм журмынхаа төлөө, Бурханы дүр төрх болсон хүнийг яллан буруутгаж, амьдарлыг нь шашинлаг элдэв ачаа дарамтаар гашуун зовлонтой болгож байсан (Мт.23:23,24).

Энэ нь Христээс хойш ч, олон Иудей багш нарын баримтлах зарчим байж, хуулийн заалтыг хэр хэрэгжүүлж байгаагаар нь тухайн хүний аврагдсан үгүйг тодорхойлох хандлага газар авч байсан (Гал.1:6-9; 2:11-14). Энэ гажуудал, Христийн Сайн Мэдээний үнэ цэнийг бүрхэгдүүлж, нялх итгэгчдийг бүдрүүлж байсан ба өнөө үед ч дүр нь хувирсан байдлаар илэрдэг.

Дээр бид ярилцсан. Авралын итгэл бол нэн эртнээс төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу (Эх.3:15в; 9:9-11; 12-3), Судараар илчлэгдсэн амлалтынхаа дагуу (Ис.11:10; 53), (Зех.9:9), Есүсийн үхэл ба дахин амилалтаар бидэнд өгөгдсөн үнэгүй Бэлэг (Ром 5:15-17) юм. Үүнийг л элч Паул тодотгож, ” Гэсэн хэдий ч хүн хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөг гэдгийг мэднэ. Тиймээс бид ч гэсэн Хуулийн үйлсээр бус, харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл нэг ч махан бие Хуулийн үйлсээр зөвтгөгдөхгүй (Гал.2:16). Хэн ч Бурханы өмнө Хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл зөвт хүн итгэлээр амьдарна (Гал.3:11).” гэж бичсэн.

Өнөө үед пастор, ахлагчдынхаа үгэнд дуулгавартай байж, цуглаанаас зохиож байгаа бүх ажилд идэвхитэй гар бие оролцож, аравны нэгээ тогтмол өргөж байж л аврагдана, эсвэл аврагдсаны шинж гэх мэтээр ярьж, номлон, орчин үеийн “хуулийн үйлсийг” бий болгох хандлага байдаг. Энэ нь буруу. Дахин хэлье, энэ бол буруу сургааль.

Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй, харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан, Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ (Ром 3:22-24). Ямар ч лут пастор, ахлагч, хэн нэгний аврагдсан эсэхийг тодорхойлохгүй ба үйлчлэлийнх нь үүрэг зорилго ч биш. Сүм цуглааныхаа үзэгдэх амжилт ололт, “сэргэлтийн” төлөө, өөрийн алдар хүндийн төлөөх зүтгэл, төлөвлөгөөний улмаас, бүр эсвэл өөрөө ч авралын үнэ цэнийг зүрхэндээ үнэн зөв хүлээн аваагүйгээс, итгэгчидээ дээрхийн адил ташуурдагч нэгэн нь золгүй еэ.

Бидний үйлчлэлийн зорилго бол аливаа “амжилт, алдар хүнд” биш, харин олны зүрхэнд Христийн цусны үнэ цэнэ улам гүн бат үнэлэгдэхийн тулд, биеэрээ хайрыг харуулан үлгэрлэх нь юм. Та зүтгэлтэй байсныхаа төлөө биш, харин Христ таны төлөө үхсэн учраас л аврагдсан.

Тэр тусмаа итгэгчид хоорондоо, “жинхэнэ итгэгч, дүр эсгэгч” гэж бие биенийгээ үнэлж дүгнэн бодох, шүүн тунгаан ярилцах нь ч гажуудал. Энэ нь, “Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун. Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана.” (Лк.6:36-37) гэсэн тушаалыг зөрчсөн гэм болдог.

Тиймээс ч, ялангуяа үйлчлэлтэй хүмүүс энэ тал дээр онцгой анхаарч, аливаа санаж сэдсэн ажил тань Эзэний хайр, зөвт байдлыг алдаршуулах, гэрчлэх, итгэл дотор бусдыг босгох, халамжлах зорилгоор уу, эсвэл хэн нэгэн дарга даамал, эрх мэдэлтний, эсвэл олны өмнө тааллыг олох өөрийн алдарын төлөө юу, бүр эсвэл зүгээр л өөр цуглааныхантай барьцах сэдлээр үү, гэдгээ хянаж байхад ердөө илүүдэхгүй.

Хамгийн гол нь хийх ажил үйлчлэл тань, Ариун Сүнснээс өгөгдсөн санаа, удирдамжаар эхлэл нь тавигдаж, анд нөхдийн чинь Эзэнийг гэсэн итгэл, хайр нь батжихын төлөө, олны авралын төлөөх Сайн Мэдээ улам дэлгэрэх зорилгоор, мөн л Ариун Сүнсээр удирдуулж байх нь зохистой. Хэрвээ үнэхээр Эзэний алдарын төлөөх Ариун Сүнсний гайхамшигт санаа тань бусдаар дэмжигдэхгүй, итгэлийн андууд тань уухайлан туслахгүй байвал, бусдыг яллалгүй, барьцаж гоморхолгүй өөрийн нөөц бололцоог хай, шавх, Эзэнээс зөвлөлгөө, туслалцаа гуй. Үнэхээр өөрийн тань хүч, бололцоо хүрэхгүй бол, Эзэнээс тодорхой аргачлал өгөгдөхгүй бол тааламжтай цагийг болтол хойшлуул, түр орхи. Эзэн, таниар л дамжуулан хийхээр шийдсэн бол, Өөрөө бүх нөхцөл байдлыг бүрдүүлээд хийх л болно.

Тэгээд ч, бидний Эзэн бол, хүнийг л үнэлдэг хайрладаг болохоос, ямарваа нэгэн ажил бүтэлгүйтэхэд ялалдаг шийтгэдэг нэгэн биш (Лк.10:38-40). Бусадтай барьцсан ямарч үйлчлэл, зүтгэл тань тааламжит өргөл болон хүлээн авагдахгүйг ч сана (Лк.18:10-14), (Мт.5:22-25).

Харин, хэн нэгэн нь бидний дунд орж ирмэгцээ л айдас, дарамт шаналал, санаа зовнил, ичгүүр гутамшиг, ядрал туйлдалаа (энэ дэлхий эдгээрээр дүүрэн) мартагнан ангижран, тэнгэрлэг тайвшралыг, амар амгаланг, эрх чөлөөг мэдэрдэг байх, улмаар Эзэнд зүрх сэтгэлээ нээн гэмшиж, амьдралдаа урьж, дахин төрдөг байх, тийм хайр, итгэлцэл, ил тод байдал цогцолсон уур амьсгал, харилцаа бүхий орчинг (Ариун Сүнсний оршихуйг) бүрдүүлэхийн тулд Эзэний ивээлийг гуйж, Түүнтэй хамтран ажиллах нь зүйтэй ба үр дүнд нь, Эзэнээр удирдуулсан, Түүнд дуулгавартай, эв нэгдэлтэй хамт олон (цуглаан) босгогдох нь бидний “амжилт” юм.

Тэрхүү нэгэн нь, энэхүү орчинд Ариун Сүнсээр амьсгалж, Бурханы хайрыг мэдэрч, тэнгэрлэг оршихуйд дахин төрөөд, улмаар Христийн зүрх сэтгэл, сэтгэлгээгээр бусдын төлөө, хаанчлалын төлөө амьдарч эхлэх нь бидний “амжилт” юм. Үүнийг мэдээж айлган сүрдүүлэх (олон “удирдагчид” Бурхан гэдэг “хадны мангаа” –гаар бусдыг айлгах эмгэгтэй байдаг), захирч тушаах (олон “удирдагчид” салбарын ахлагчдаасаа итгэгчдийн тоон үзүүлэлт, өргөлийн бүрдүүлэлт, элдэв аргачлал, сургалтын тайлан шаардаж, тэдгээрийг нь үндэслэн үйлчлэлийг нь үнэлж, дарамталдаг) байдлаар гүйцэлдүүлж болохгүй ба чадахчгүй юм. Нэгэнт Ариун Сүнсээр дахин төрсөн нэгэн нь үр жимсгүй, үйлсгүй амьдарч чаддаггүй тул, түүнийг үйлс үйлчлэлд ташуурдаад байх ч шаардлагагүй юм.

Харин Иаков “Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” (Иак.2:17), гэсэн нь Христитгэлийн бэлгийг хүлээн авч, зүрхэнд нь Бурханы Үр суулгагдсан хэн ч гэсэн, бусдыг хайрлах, энэрэх, зовсон нэгэнд чин сэтгэлээсээ туслах, байгаагаа хуваалцах зэрэг (үр жимс, үйлсэд) зан чанарт төлөвшсөн байдаг дээрхи үнэнийг онцолсон. Энэ нь аврагдахын төлөө бус, харин аврагдаад, тэнгэрлэг оршихуйд дахин төрсөн хүний хувьд эгэл жирийн амьдарлынх нь хэв маяг байх юм. Бас энэхүү хайрын үйлс нь, зүрх сэтгэлдээ шинэчлэгдэх дотоод үйлсийн илрэл (Иак.1:21; 3:13-18) байх юм, гэдгийг ч онцолсон.

Ийнхүү онцлох ноцтой шалтгаан ч байсан. Үнэхээр анхны Чуулганы үед, Иудейн шашины нөлөөтэй буруу сургаалийн эсрэг элч Паулын сөргүүлэн тавьсан авралын итгэлийн үнэ цэнийг (Еф.2:4-9), сул дорой гэмт мөн чанараа өөрчлөхийн төлөө биш, хаацайлхын төлөө ашиглагчид ч (Гал.5:13) олон байсан. Ийм байдал нь, жинхэнэ утгаараа дахин төрж, гэмшин өөрчлөгдсөнөөс гал халуунаар, Хаанчлалын болон бусдын төлөө амьдарч тэмцэж байсан ахан дүүсийнхээ урам зоригыг мохоох, нялх итгэгчдийн төлөвшилд буруу үлгэр дууриал болох хортой нөлөөтэй байснаас, Ариун Сүнс Иаков ахлагчаар дамжуулан Үгээ илчилсэн ба эдгээр нь, бие биенийгээ нөхдөг салшгүй нэгдмэл чанартай юм.

Ялангуяа, Иаков1:27-д “…ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл (төлөвшсөн итгэл) бол…” дараахи 3-н онцлох шинжтэй гэсэн. Үүнд:
1-рт; “Бидний Бурхан (Есүс Христ) ба Эцэгийн өмнө...” амьдрал тэмцэл, үйлчлэл маань байх ёстой гэсэн. Заримдаа бид хэн нэгэн мундаг хүнээр үнэлэгдэх гээд, бусдын тааллыг олох гээд, эсвэл өөрсдийн сэтгэл ханамжийг, хүсэл мөрөөдлийг чухалчилаад, бүр заримдаа энэ дэлхийн улс төр, хууль цаазын өмнө амьдарч, зүтгэж явдаг тал бий.

2-рт; “…зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрох…” нь төлөвшсөн итгэгчийн бас нэг шинж гэсэн. Библи биднийг төрөлхийн гэмтэй (бузар) гэдэг. Энэ нь хүний туйлийн хувиа хичээх байдлаар илэрхийлэгддэг. Хар багаасаа л өөрийгөө л өрөвдүүлэх, асаруулах, өөрт л тааламжтайг нэхэх, шаардахыг хэнээр ч заалгалгүй гарамгай чаддаг. Эхэндээ хүмүүс Чуулганд бас л, энэ л хандлагаар ирдэг нь ч нууц биш.

Харин Ариун Сүнс дотоодод нь идэвхтэй ажилласнаар хүн өөрчлөгдөж, тэнгэрлэг оршихуйд дахин төрдөг. Дахин төрсөн, Христийн цусаар угаагдаж гэмгүй (ариун) болсон хүний ялгагдах шинж нь, бусдын төлөө амьдрах нь юм. Энэ нь ялангуяа, ядарсан зовсонтой Эзэнээс авдаг хайраа (Сайн Мэдээний үнэн, сэтгэл санааны дэм, залбирал, биеийн хүч мөн эд баялаг) хуваалцсан байдал дотор илчлэгддэг.

Харин хуулийн үйлсээр аврагдах буруу сургаалийг дагах юм бол, хүн бахь байдаг хэвээрээ л өөрийнхөө л төлөө, өөрийнхөө л авралын төлөө (хувиа хичээсэн өдөөлтөөр) элдэв үйлс, үйлчлэлд шамдан, айдсаар дарамтлагдан амьдархаас өөр аргагүй болдог.

3-рт; “…өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.” гэж өндөрлөсөн. Энэ ертөнц элдэв уруу татлагаар, сорилтоор дүүрэн. Харин бид тэдгээрийг бат эсэргүүцэн зогсож, тусгаар байж сурах хэрэгтэй.

Заримдаа бид Ариун Сүнсний оршихуйг мэдрэн догдолсныгоо, эсвэл цуглаанаасаа зохиогдож буй олон ажилд гар бие оролцож байгаагаа, Чуулганд тодорхой үүрэг хариуцлага үүрээд, албан тушаал сахиж байгаагаа “би маш их өөрчлөгдсөн, Эзэн миний амьдралд олон гайхамшигт өөрчлөлтийг хийчихсэн” мэтээр боддог, ярьдаг. Мэдээж энэ нь Христийн доторхи шинэ амьдарлын зохих үзүүлэлт мөн боловч, Эзэний хүсдэг шийдвэрлэх гол шинэчлэл биш.