Wednesday, July 29, 2009

Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй 2. Магтаал хүндэтгэлийн удирдагч



Энэ үйлчлэгч нь, хүндэтгэл-мөргөлийн сүнслэг үйл явц, өрнөлд гүнзгий хамааралтай оролцогч юм. Магтаал-хүндэтгэлээр удирдахуйн хамгийн чухал үүрэг, гол зорилго бол хөгжмийн найруулга биш, харин Бурхантай харилцах (хүмүүсийн) Чуулганы сүнслэг харилцаа билээ.

Тиймээс, энэ үүрэг хариуцлагыг хөгжмийн авъяастай хүнд даатгахаасаа илүүтэй, сүнслэг хоньчлох тосолгоотой нэгэн хариуцах нь зохистой. Энэхүү үйлчлэгч нь, хүмүүсийг магтаал-хүндэтгэлээр дамжуулан Эзэний оршихуй руу удирдан залдаг нэгэн юм.

Тиймээс ч, өөрөө Бурханы оршихуй дотор ямар байдгыг гүнзгий таньсан, Эзэнтэй дотно нөхөрлөдөг хувийн туршлагатай байх хэрэгтэй. Өөрийнх нь энэ үүрэг бол, дэлхийд хамгийн эрхэм чухал үйлчлэл мөн, гэдгийг баттай ухаарсан, сэтгэл зүрхээ зориулсан байна гэсэн үг.

Өөрөө чин зүрхнээсээ идэвхтэй магтагч, сайн залбирагч, өдөр тутмынхаа амьдарлаар, үг хэл, зан хандлагаар үлгэрлэгч байх хэрэгтэй. Олны тааллыг олох гэж шоу жүжигчний дүрд хувирч болохгүйгээс гадна, зүгээр нэг хөгжимчин төдий байж болохгүй. Өөрийгөө сүнслэг төлөвшилийн хувьд ч, мэргэжлийн ур чадварын хувьд ч байнга өсгөхийн тулд, хичээнгүй эрэл хайгуул хийдэг, үргэлж суралцдаг, тэмүүлдэг байх ёстой.

Энэ үйлчлэл нь ерөнхийдөө хөгжмийн ертөнцийн дүр төрхтэй мэт боловч, 90 хувь нь сүнслэг хүчний илэрхийлэл, 10 хувь нь дуу аялгууны хүч нөлөөллөөс бүрдэнэ. Библийн үгэнд үндэслэгдээгүй магтаал-хүндэтгэлийн цаг нь сэтгэл хөдлөл төдий уулзалт болоод дуусдаг.

Энэ цагаар үе үе удирдагчийн дамжуулдаг богинохон тайлбар ишлэлүүд нь их хүчийг агуулдаг. Тиймээс ч удирдагч нь, Бичээсийг гүнзгий бясалгаж амьдралдаа хэрэгжүүлэгч, бусдад дамжуулагч байх нь чухал.

Мэдээж бас тэрээр мэргэжлийн хувьд ч зохих хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой.
Үүнд: - Эгшигийн 5-н шугамын нотны мэдлэг, нот бичих тэмдэглэгээнүүд, хөгжмийн октав буюу зогсоц, хөгжмийн түлхүүр тэмдэглэгээнүүдийг бүрэн мэддэг байх
-- Нот хараад шууд дуулж чаддаг байх
-- Энгийн аялгуу, дөрвөл зохиомжуудыг ялган сонсож чаддаг байх
-- Дууны өнгийг төрөлжүүлэн салгах, затакт болон хэмжээг сайн мэддэг байх
-- Энгийн хялбар аяыг зохиож чаддаг байх
-- Дуунуудыг хөгжмийн зэмсэг дээр тоглох болон дуулж, найруулах (аранжировк) чадвартай байх хэрэгтэй.

Хүндэтгэл-мөргөлийн төлөвлөлт :
Их бага ямарч хэмжээний хүндэтгэл мөргөлд төлөвлөлт зайлшгүй хэрэгтэй. Залбирч төлөвлөн, мөргөлийн бэлтгэлээ хангана гэдэг нь, хэв загварт хашигдана гэсэн үг биш.

Мэдээж, Эзэн л Ариун Сүнсээрээ мөргөлийг удирддаг. Харин үйлчлэгч нь, Түүний юу хүсч байгаад мэдрэмжтэй хандан, дуулгавартай уян хатан үйлчлэхэд суралцсан байх ёстой. Бэлтгэл сайн хийж байна гээд хувь хүний бодол санаанд хэт автаж болохгүй.

Төлөвлөлт нь доорхи зүйлсийг тооцон үзэж, сайтар залбиран Бурханы дээд хараатай уялдуулснаар хангагдана.
Үүнд : Ангилал: Эзэний өдрийн мөргөл, Лхагва гаригийн мөргөл, Баасан гаригийн мөргөл, Залуучуудын цуглаан, Сургалтын семинари, Эсийн бүлгийн цугларалт, Онцгой мөргөл … гэх мэт.
Хэв маяг: Чуулганы мөргөл, концертын шинжтэй (магтаал хүндэтгэлийн) мөргөл, илтгэл тавих, сэргэн мандалын цуглаан … гэх мэт.
Оролцогчид: Чуулганы гишүүд, шинэ итгэгчид, үл итгэгчид, залуучууд, ахмадууд, хүүхдүүд, томчууд…
Арга зам: Магтан дуу, видео кино, жүжигчилсэн тоглолт, гэрчлэл, бүжиг, онцгой илтгэл…
Хэмжээ: Том, дунд, жижиг, эсийн бүлгийн хэмжээнд…
Бусад зүйлс: Цаг хугацаа, хөгжмийн зэмсэгүүд, нөхөрлөл, уур амьсгал…
Оролцогчдийн бүрэлдхүүн: Хүмүүсийн ёс заншил, соёл ахуй, уламжлал, боловсрол, ажил мэргэжил, …

Мөргөлийн цагт, нэр томъёожсон үг хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Чуулганы удирдагчид болон магтаалын үйлчлэгчид нь, хүмүүсийн сэтгэлд хамгийн дотно, ойр санагдах, нийтээр дагаж буй соёлын чөлөөт байдлыг төлөвлөлтөндөө харгалзан үзэж болно. Гэхдээ хэт туйлшран дэлхийлэг байдалд автаж, сүнслэг уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлхээр байж болохгүй.

Агуу сүр хүчит Нэгний өмнө хүн өөрийгөө мэдрэх, Түүнийг чин зүрхнээсээ гүнээ хүндлэх, магтан алдаршуулхад нь туслан удирдах гол фокусаа ямагт чанд баримтлах ёстой. Эс бөгөөс, Эзэний оршихуй доторхи гэмшил, ухаарал, тэнгэрлэг баяр хөөрөөс ангид, хүмүүний (үр өгөөжгүй, хоосон) сэтгэл хөөрөл, ханамж таашаалыг л чухалчилсан дэлхийн шоу, концертоос ялгагдах юмгүй болно.





"Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй" хичээлийн лекцийн товчлолоос
Шалгасан багш: Амартунгалаг UBTC