Wednesday, July 29, 2009

Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй 1



Магтаал-хүндэтгэл удирдахын учир : Магтаал өргөх олон арга барил байдаг ч, өнөө үед ерөнхий 2 чиглэл зонхилдог. Үүнд: “Магтан дууны концерт” (энэ нь мэргэжлийн түвшинд явагддаг) ба “Чуулганы магтаал” гэсэн нь юм.

Анхны чуулганы үе бол итгэгчдийн нийтээр өргөх магтаалын оргил үе байсан. Харин дундад зуунд мэргэжил дагнасан концертууд илүү өргөн дэлгэрсэн. Шашны хувьсгалын дараа үеэс Чуулганы магтаал дахин сэргэж, хүндэтгэл-мөргөлүүд нэг хэв маягт орж, концерт дагнасан магтаалууд ч өргөжин, И.С.Бах, Ж.Ф.Гендель зэрэг авъяаслаг хөгжмийн зохиолчид төрөн гарчээ.

Орчин үед Чуулганы магтаал ч, магтаалын концерт ч мөр зэрэгцэн оршиж, хүний түүхийн аль ч үед байгаагүй тийм олон төрлөөр Эзэнд магтаал өргөж байна. Магтан дууны концертод, мэргэжлийн түвшиний магтаалын үйлчлэгч (эсвэл үйлчлэгчид), хөгжим болон магтан дуугаар Эзэнд алдарыг өргөдөг.

Харин Чуулганы магтаал нь хүмүүст, зүгээр сонсохоос илүүтэйгээр, өөрөө Эзэнийг магтах боломж олгодгоороо давуу юм. Энэ нь үйлчлэлийн багынхны авъяас, хөгжимчдийн ур чадварыг харуулах цаг биш, мөн тоглолт биш юм. Мэдээж магтаал-хүндэтгэлийн цагт концертийн хэв маяг орсон байж болно.

Сэтгэл зүрхээ чөлөөтэй нээх чадваргүй нэгэнд, мэргэжлийн дуучны өргөж буй магтаал дэмжлэг болдог. Магтаал-хүндэтгэлийн удирдагч хүн, мэргэжлийн дуучны дуугаар дамжуулан Чуулганыг магтаалын онгодоор хөгөлдөг. Үр дүн нь, итгэгч бүр өөрийн өргөж буй магтаал дотороо Бурханы оршихуйг мэдэрч амтлах нь юм.

Гэхдээ магтаалын удирдагч нь, Эзэний оршихуйг өөрөө бий болгодог гэж ташаа ойлгож болохгүй. Хүмүүний зүрх сэтгэл хаалттай тул, байнга дэргэд нь оршигч Түүнийг мэдэрдэггүйд л гол асуудал байдаг. Ийнхүү энэ үйлчлэлийн үр дүнд итгэгч, чин сэтгэлээсээ Эзэнийг магтаж сурах, улмаар Түүний оршихуйн хүч, ариун байдлыг мэдрэх, Түүнтэй хувьчилсан харилцаандаа улам дотносон өөрчлөгдөх юм.

Орчин үеийн магтаал хүндэтгэлийн талбар: Магтаал-хүндэтгэл нь улам л уян хатан болж байна. Гэхдээ л энэ дэлхийд байгаа тул тодорхой хэлбэр, загвартай байхаас өөр аргагүй. Өнөө үед магтаал-хүндэтгэл нь дараахи хэв маягаар явагдаж байна. Магтан дуу (Praise) – Хүндэтгэл (Worship) – Сургаал (Sermon) - Үйлчлэл (Ministry)

Магтан дуу нь ихэнхдээ хурдан цоглог аятай, хүндэтгэлийн дуу нь удаавтар намуун аятай байдаг. Магтан дуу ойролцоогоор 15-20 н минут, Хүндэтгэл-мөргөл 15-20 н минут, Сургаал 30-60 н минут байж, Үйлчлэл нь цагт баригдахгүй, чөлөөтэй байх нь өнөөгийн тогтсон ерөнхий хэвшил болсон.

Сургаалийн дараахи үйлчлэл нь, хүндэтгэлийн цагийн үр жимсийг харуулах чухал цагт тооцогдож байна. Магтаалаар зүрх сэтгэлээ Эзэнд нээж, сургаалиар Түүний дуу хоолойг сонссон итгэгчид, сургаалийн сэдвийн дагуу зүрхэндээ шийдвэр гарган, амьдралдаа хэрэгжүүлхэд туслах зорилгоор энэ үйлчлэлийг зохион байгуулдаг.

Гэхдээ энэ үйлчлэлд үйлчлэгчид, итгэгчийг Ариун Сүнстэй хувьчилсан дотно нөхөрлөл дотор, Түүгээр удирдуулан өсөж төлөвшиж, Үгийг хэрэгжүүлэх хүч,мэргэн ухааныг авч байхыг ятгаж байх ёстой.

Бас энэ цагт, Ариун Сүнсний хүчээр эдгэрэл, харь хэлээр ярих, түүнийг орчуулах, эш үзүүллэг зэрэг үйлчлэлүүд явагдах ба үл итгэгчийг урагш урин гаргаж Эзэнийг хүлээн авахад уриалах зэрэг үйлчлэл ч орно.

Магтаалын баг нь, мөн энэхүү үйлчлэлийн цагт ч бас бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Магтаал өргөх дуу нь, сургаалийн сэдэвтэйгээ тохирсон, энгийн хялбар аялгуутай, үг харахгүйгээр давтан дуулах боломжтой, удаавтар дуунууд байвал зүгээр.

Магтаалын үеэр, Чуулганы удирдагч хүмүүсийн залбирлыг чиглүүлж, урагш урих, гар тавин залбирах тохиолдол байдаг. Энэ үед Бурхантай ярьж буй хүнд дэм болж, сэтгэлийг нь хөглөх зорилгоор, даралтат хөгжмөөр намуун зөөлөн аялгуунуудыг, гэнэтийн өөрчлөлт гаргахгүйгээр тогтуун тасралтгүй хөрвөх маягаар тоглох нь зохимжтой.





"Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй" хичээлийн лекцийн товчлолоос
Шалгасан багш: Амартунгалаг UBTC