3 months ago
Wednesday, July 29, 2009
Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй 4. Магтаал-хүндэтгэлийн багийн зохион байгуулалт ба дасгал сургуулилт
Магтаал-хүндэтгэлийн үйлчлэл бол, Бурханы Ариун хүмүүсийн Ариун Сүнсний хүч онгодоор удирдуулан хийдэг хамтын бүтээл ба энэ баг нь, нэгэн гэр бүл юм. Хуучин гэрээний үед магтаалын үйлчлэлийг левичүүд хариуцдаг байсан. Леви гэдэг нь “эв нэгдэл” гэсэн утгатай. Тэд “Ариун өргөөн” –д байнга хүндэтгэл-мөргөлийн бэлтгэл хийж, аливаа бусад хүмүүний асуудлуудаас ангид тусгаар байж, ариун байдлыг чанд сахидаг байв.
Мэдээж, магтаалын тосолгоотой, авъяаслаг удирдагчдаар Эзэний магтаалын үйлчлэл гачигдаж байгаагүй нь тодорхой. Ямартаа ч Библи дээр Асаф (1Шас. 16:7), Хеман, Иедутун (2Шас. 5:12), Корагийн хөвгүүд (Дуу. 84, 85) зэрэг удирдагчдын талаархи мэдээлэл, тэдний зохиосон магтаалууд байдаг.
Авъяас чадвартай нэгэн нь ганцаарчлан удирдах чадалтай, түүгээр ч барахгүй ингэх нь хөгжмийн талаасаа илүү хүчирхэг байх нь бий. Харин дорой хэдий ч олон хүмүүс нэгдэн Сүнс дотор нэгэн бие болж магтаал өргөх нь, Бурханд илүү таашаагддаг.
Ихэнх авъяаслаг хүмүүс гоцлох дуртай байдаг. Тайзан дээр гарч дуулах, хөгжим тоглох гэдэг нь, өөрийгөө хүчтэйгээр илэрхийлэх нэг маягын арга хэлбэр гэж ойлгогддог бол, Чуулганы Ариун индэр дээр энэ нь эсэргээрээ юм.
Тайлан тоглолт хийгээгүй гэдгээ үргэлж санаж, өөрийгөө биш Эзэнийг алдаршуулах, илэрхийлэх цаг гэдгийг ухамсарлах ёстой. Миний дуу хоолой чангарах цаг биш, харин бусдын дуу хоолойг гаргахад дэмжин туслах хором юм.
Удирдагч нь, өндөр түвшиний хөгжмийн мэргэжилтэн ч байж болно, үгүй ч байж болно. Хөгжмийн ерөнхий түвшиний боловсролтой байлаа гэхэд зэмсгийн бүх төрөл дээр нэвтэрхий тоглож чадахгүй нь мэдээж. Тиймээс багийнхан нь удирдагчдаа мэргэжлийн зөвлөгөө өгч болно. Гэхдээ эцсийн шийдвэр гаргалтыг түүнд үлдээж, эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт нь дуулгавартай захирагдах хэрэгтэй. Харилцааны ийм чадваргүй бол, багийн хамгийн энгийн үйлчлэлч бүрэлдэхгүй юм.
Энэ нь, Чуулган Бурханыг хамгийн дээдээрээ магтах, хүндэтгэлээ илэрхийлхэд нь туслах үйлчлэл юм. Чуулган дотор олон ахан дүүс, нүдэнд шууд тусахгүй эгэл даруу үйлчлэлүүдийг хариуцаж байдаг. Харин магтаал-хүндэтгэлийн үйлчлэл нь, шууд олны өмнө ил тод, хүмүүсээс хүндэтгэл хүлээх байр сууринд байдаг тул, бардамнах сэдэлд амархан унах боломжтой гэдгийг үргэлж сана.
Магтаалын баг, даруу байх бүх арга замыг эрэлхийлэх ёстой. Эс бөгөөс Worshiper биш люсифер (сатан) адил болох аюултай. Энэ баг нь, хамтдаа тогтмол үйлчилвэл (group dynamic) нэгдмэл хүч бий болдог. Ингэлээ гээд, Чуулганаас тусдаа бүлэг хүмүүс биш гэдгээ үргэлж илэрхийлэх нь зохистой.
Магтаал-хүндэтгэлд пасторын байр суурь асар чухал үүрэгтэй. Пастор, ихэвчлэн 30-н минут үргэлжилдэг магтаалыг 10-н минут сунгахыг тушааж ч магад. Дуулгавартайгаар үйлчлэх нь Ариун Сүнсний гайхамшигт үйлс илрэх боломж олгодог.
Магтаал-хүндэтгэлийн баг нь, үндсэн 4-н хэсгээс бүтдэг.
1. Магтаалын удирдагч (Worship Leader): Түүний тухай өмнө нь ярилцсан тул хэдэн зүйл товчлон үзье. Тэрээр, хүмүүстээ тодорхой алсын хараа өгч, тэднийг Эзэн рүү удирдах халуун хүсэлтэй нэгэн байх хэрэгтэй. Гэнэтийн ямар нэгэн хүчин зүйлээс болж мөргөл замбараагүйтэх, уур амьсгал хурцдах үед ч ноён нуруугаа алдалгүй, тайван амгалан байдал, эв нэгдэлийг тунхаглан удирдан гарч чадахуйцаар төлөвшсөн байх ёстой.
Мөн, заримдаа Чуулганыхаа хүмүүст зааж сургаж байх үүрэгтэй. Сургалт нь, ихэнхдээ мөргөлийн цагаар байдаг учраас хүмүүст хүндрэл учруулхааргүй, энгийн чөлөөт аргаар заах бэлтгэлээ базаасан байх хэрэгтэй. Багийнхан нь мэргэжлийн хувьд ч, сүнслэгээр ч, үргэлж өөдөлж дэвжиж байхын тулд, тэднийгээ ч сургаж, үлгэрлэж байх ёстой.
Бас нэг анхаарах зүйл бол, баг дотроосоо орны хүнээ Ариун Сүнсний тусламжтайгаар сонгож, мөн л Түүний хайр, мэргэн ухаанаар дагалдуулан шинэ удирдагчийг бэлтгэх нь чухал.
Ер нь, Эзэний дотор нэг бие болон төлөвшиж, гар сэтгэл нийлэн үйлчилж сурсан багийнхны хэн нь ч, Эзэнээс гэнэтийн томилгоо аван хаана ч очсон, магтаалын удирдагч хийх чадвартай болсон байдаг. Эзэн биднийг, сурсан зүйлээрээ өөр бусдад ивээл болоосой гэж, шинэ орчин, шинэ харилцаан дотор улам ихийг ойлгож ухаараасай гэж, бас хэвшмэл нэгэн хэв маягт автан бүү ялзраасай гэж, эцэст нь Өөрт нь дуулгавартай байдалд сургах гэж, үргэлж хөдөлгөж, өөрчилж, сэлгэж байдаг.
2. Хөгжимчдийн баг (Instrumentalists): Магтаал-хүндэтгэлийн багын үйлчлэлд хөгжимчдийн ур чадвар асар нөлөөтөй. Тиймээс, боломжтой бол мэргэжлийн хүнийг сонгох нь зүйтэй.
Тэгээд хөгжимчид нь, зэмсэгийг Ариун Сүнсний онгод, хүч, хайрыг илчлэн илэрхийлэх багаж, зэвсэг болгон ашиглаж чаддаг зүрх сэтгэл, авъяасыг Эзэнээс авч, мэргэжлийнхээ ур чадвар дээр нэмсэн байх ёстой. Тэд өнгө өөрчлөн тоглох чадавхи (transposition), цээжээр тоглох дасгал (improvisation) хийж, ур чадвараа өсгөж байх хэрэгтэй.
Магтаал-хүндэтгэлийн үйлчлэл бол зөвхөн нотоор бичсэнийг даган тоглох нь биш юм. Нийтлэг магтаалуудыг шууд тоглож чадахуйцаар гартаа оруулсан байх нь зохистой. Магтаал-хүндэтгэлийн үйлчлэгч нь, “дагалдагч хөгжимдөгч” гэдгээ үргэлж санах хэрэгтэй.
Жинхэнэ хөгжимчин нь, хоршин тоглогчийнхоо аялгууг босгон байгуулж, цогцлоох чадвартай байдаг. Хөгжимчид нь, дууны багийнхны дагалдан байж, харин дуулаачид нь Чуулганы дуулж буй магтаалыг эмх цэгцтэйгээр, хэмнэл дотор чиглүүлэх үүрэгтэй.
3. Дууны баг: Удирдагчтайгаа хамт Чуулганы урд гаран дуулдаг тусгай хүмүүс байдаг. Нэгээс хэдэн арван хүний бүрэлдхүүнтэй байж болно.
Дуучид нь, хөгжимчдээс илүүгээр бусдын нүдний өмнө байдаг. Дуулах үйлчлэл нь юуны түрүүнд дууныхаа үгийг өөрийн болгохоос эхэлнэ. Энэ нь, үгэнд тусгагдсан теологийн үнэнийг чин сэтгэлээсээ ухаарч, тэдгээрийг өөрийнхөө болон Чуулганы өмнөөс Бурханд бүх зүрхээрээ өргөл болгон дуулна, гэсэн үг.
Заавал биш боловч, үйлчлэл тань үр жимстэй байхын тулд, чин сэтгэл, хөлс хүч шингэсэн Эзэнд тааламжит өргөл байхын тулд сайтар бэлтгэж, дээд өнгө, доод өнгө, легатто, стакатто, чичиргээ, нунбибрат зэрэг дууны өнгүүдийг гаргаж чаддаг түвшинд, ур чадвараар өсөх хэрэгтэй.
Тухай бүр өгөгдсөн дууны өнгийг таних сонсголтой байх хэрэгтэй. Дууны багийнхны эрхэм зорилго нь дараахи байдлаар тодорхойлогдоно.
А) Хүмүүсийн зүрх сэтгэл бэлтгэгдэж, сүнсээр ба үнэн сэтгэлээсээ Бурханд хүндэтгэл өргөхөд нь дэмжин туслах үүрэг нь, шууд дууны багийнхантай хамаатай. “Хүндэтгэл ингэж өргөөрөй” гэж харуулж байгаатай ижил юм. Ийм мэдрэмж төрүүлж чадах зөв нөлөөтөй байх нь чухал. Өндөр өнгөөр дуулж чаддаггүй хэдий ч, чин сэтгэлээсээ Эзэнийг хүндэтгэж байгаа гэрэлтэй нүүр царайг хүмүүс харах ёстой.
Б) Зарим үед хүмүүс удирдагчийн удирдлагыг ойлгохгүй тээнэгэлзэх үе гардаг. Энэ үед дууны багийнхан өөрсдийн гаднах илэрхийллээр удирдамжийг Чуулганд тодорхой харуулан үлгэрлэж өгдөг. Дараалал өөрчлөгдөх, алга таших, гараа өргөн магтах, залбирах, урдчилан төлөвлөөгүй дуу дуулах зэрэгт, дууны багийнхан үйл хөдлөл, дуу хоолойгоороо илэрхийлэн чиглүүлэхэд, хүмүүс аяндаа тэднийг дагадаг.
В) Дууны багийн нэг чухал үйлчлэл бол зуучлан залбирал юм. Хөгжимчид хөгжмийн хувьд илүү авъяастай бол, дуучид нь сүнслэг төлөвшилөөрөө тэргүүлэгчид юм. Мөргөлийн өмнө, бас дараа нь ч хамтдаа залбирдаг гэр бүл байх ёстой. Мөргөлийн үеэр ч гинжин холбоогоор тасралтгүй зуучлан залбирах ба энэ нь Эзэнд тааламжтай, бас хүмүүсийг биеэ барьсан байдлаас нь чөлөөлдөг.
4. Арын алба (Staff): Магтаал-хүндэтгэлийн багийг араас нь дэмжин тусалдаг хүмүүс зайлшгүй хэрэгтэй. Эдгээр нь, магтаалын үйлчлэл үр жимстэй, амжилттай болоход маш чухал үүрэг хариуцлагатай оролцдог тул, анхнаасаа л багийн бүрэлдхүүнд тооцогдон, ажил үйлчлэлээ хамтдаа эхлүүлэх хэрэгтэй. Тэд тайзны үйлчлэлд хамгийн бодит үнэлгээ өгөгчид юм.
А) Дууны төвшин тохируулагч: Түүнийг заримдаа систем техникийн оператор (PA system operator), эсвэл дууны инженер ч (Sound ingener) гэж нэрлэдэг. Микрофон, дуу дамжуулагч, дуу холигч (mixer), сигуинсер (seguencer), цахилгаан хөгжмийн холболтуудыг сайн мэддэг байх хэрэгтэй. Хичнээн өндөр ур чадвартай тоглолт хийлээ ч цахилгаан холболтуудаар, тохиргоогоор тэрхүү аялгууг цэвэр гаргаж чадахгүй бол үр нөлөө нь эрс муудна.
Нөгөө талаар, ур чадвараар тийм сайнгүй тоглолт хийлээ ч, сайн тохиргоогоор сул хэсгүүдийг нөхөж сайжруулан, хүмүүст хүргэж болно. Тиймээс тухайн хүн, зөв өнгийг өгч, зохист найруулгыг хийн амьдруулж чаддаг хөгжмийн сонсгол, мэдрэмжтэй байх хэрэгтэй.
Б) Гэрэлтүүлэгч: Чуулганд энэ үйлчлэл байвал сайн. Тэгвэл магтаалын үйлчлэл илүү сүр жавхлантай болдог. Мөргөл эхэлснээс хойш эхний хагаст тод гэрэлтэй байгаад, магтаалын цагт бага зэрэг бүдгэрч өгвөл зохимжтой.
Сургаалын үеэр номлогчийн дээр онцгойлон гэрэл тусгаж өгөх нь хүмүүсийн анхаарал төвлөрхөд дэм болдог. Залбирлын үеэр гэрэл сүүмгэр болох нь, итгэгч биеэ барихгүйгээр Эзэнд хандах бас нэг нөхцөл юм.
Энэ үйлчлэл нь, асааж унтраах төдийгөөр хязгаарлагдахгүй. Гоо сайхны мэдрэмж, ур чадвар шаардлагатай. Гэнэт хурц өгөх, эсвэл огцом унтраахаас зайлсхийж, анзаарагдахгүйгээр зөөлөн шилжилт хийн өнгийг сольж, хурц эсвэл бүдэг болгож чаддаг байх ёстой. Ингэснээр магтаал-хүндэтгэл бүхэлдээ усны урсгал мэт зөөлөн уур амьсгалаар явагдана.
В) Дэлгэц хариуцагч: OHP (Over head project) ч юм уу, слайд (slaid), мөн мультвижн (multi vision) зэрэг техникийн хэсгүүдийг эрхлэн хариуцдаг. Удирдлагаас өгсөн дууны үгс, Библийн ишлэлүүдийг ямарч алдаагүй дарааллынх нь дагуу, яг тогтсон цагт нь гаргаж дадлагажсан байх нь зүйтэй.
Үйлчлэлийн дараалалд гэнэтийн өөрчлөлт гарлаа гэхэд, тухайн ишлэл, дууны үгсийг шууд л олдог, дэлгэцэнд шилжүүлдэг байх ёстой. Хариуцсан техник хэрэгсэлээ маш сайн мэддэг, үргэлж бэлэн байлгадаг, дуулгавартай даруу зүрх сэтгэл, төлөвшилтэй байх нь зөв юм.
Ийнхүү магтаалын баг нь, бүрэн бүрэлдхүүнээрээ нэг гэр бүл болж, хамтдаа Эзэний дотор нөхөрлөн, тогтмол чин сэтгэлээсээ бэлтгэл хийж байх нь Эзэнд тааламжит өргөл болно. Багийн үйлчлэл нь үр жимстэй байхын тулд хамгийн бага зүйлд ч, хүн бүр өөрсдийн үүрэг хариуцлагаа итгэмжтэйгээр биелүүлэх хэрэгтэй.
Бие биенийгээ хүндэтгэн нэгдмэл нэг санаагаар, нэг зорилготой бэлтгэл сургуулилтаа, үйлчлэлээ Эзэнд өргөх нь нэн зохистой. Өөрөө өөрийгөө дөвийлгөж эхэлбэл, багийн үйлчлэл сарнин бутардаг. Нэг гэр бүл, гэдэг үндэснээс эхэлбэл үйлчлэлээр тань дамжин, Эзэн гайхамшигтайгаар алдаршдаг ба бялхам үр жимс гардаг.
Магтаал-хүндэтгэлийн ерөнхий загварыг төлөвлөн гаргах, дүгнэлт хийх, үнэлгээ өгөх зэрэгт, мөн бэлтгэл сургуулилтын үйл явцад, сургаал номлох пастор үе үе биечлэн оролцож, урам зориг өгч байвал, багийн идэвхи сэргэж, үйлчлэлдээ хүчтэй байх болно. Бас Чуулганы ахан дүүсийн төлөвшилд ч үр нөлөөтөй тус дэм болох юм.
Мөн дагалдан хийж, дараагийн үе болон бэлтгэгдэж буй хүмүүс (бэлтгэл багийнхан) бүхий л төлөвлөлт, бэлтгэл сургуулилтанд хамтдаа оролцож байвал сайн. Хэрхэн магтаалын үйлчлэл бүтэж бий болдгийг харж суралцах юм.
Хаана ч, хэзээ ч, ямар ч үед чөлөөтэйгээр магтаж болохуйц 50 орчим дуугаар Эзэнд магтаалыг өргөж хэвшин, бүрэн өөрсдийн болгосон байх, бүр цаашилбал хамтын уран бүтээлийн сан хөмрөгтэй (өөрсдийн зохиосон магтуу) байх нь нэн зохистой.
"Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй" хичээлийн лекцийн товчлолоос
Шалгасан багш: Амартунгалаг UBTC