Wednesday, July 29, 2009

Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй 3. Библийн цаг үеийн магтаалын тухай



Эзэнийг магтан дуулах өнгө аяс Хуучин гэрээний үеэс, өнөөг хүртэл тасралтгүй хөгжиж ирсэн. Магтан дуулах арга, хэв маяг, ашигладаг хөгжмийн зэмсэгүүд нь цаг үеийн онцлог, газар орон, уламжлал, теологио дагаад олон янзаар өөрчлөгдөж байсан.

Харин Библийн Үг нь цаг үе, орчин нөхцөлөөс үл хамааран хувиршгүй байсан. Энэ нь, бүх үеийн Бурханы хүмүүсийн амьдарлын үндэс суурь ба амьд, мөнхийн шинж чанартай. Хуучин гэрээний үеийн хүндэтгэлийн зан үйл Мосегийн үеэс үндсэн шинж төрхөө олж эхэлсэн боловч ёслолын хөгжим хараахан дэлгэрээгүй байсан.

Харин Давид хаан хүндэтгэл-мөргөлд хөгжмийг оруулж ирсэн. Давид босоо ятга тоглохоос гадна шүлэг, дуу бичиж Эзэнийг магтаж байв. Соломон хаан Ариун сүмийг барьсанаас хойш магтаал-хүндлэл, тахил өргөх зан үйл 2 нь харилцан шүтэлцээтэй болсон.

Хуучин гэрээний үеийн сүмийн хөгжим нь үндсэн 4-н эх сурвалжтай.

-- Эртний түүхч Иосефус, “Соломон хаан Египетийн гүнжийг хатан буулгахдаа, тус үндэстний хөгжмийн зэмсгийг хуримынхаа ёслолд анх тоглуулж дэлгэрүүлсэн”, гэж тэмдэглэсэн байдаг. Гадаадаас шинэ хөгжмийн зэмсэг орж ирвэл, тухайн улс орны хөг аяз, аялгуу хамт орж ирдэг нь хууль юм. Египет, Ассир, Вавилон болон Израилийг тойрсон бусад улс үндэстнүүдийн хөгжмийн зэмсэгүүд болон дагаад ая дуу нь хамт орж ирсэн нь, нэг эх сурвалж юм.

-- Израилчууд эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн бөгөөд, харин Канаан нутагт суурьшин амьдарч эхэлснээр газар тариалан эрхлэх болж, улмаар энэхүү ахуй, хэв маягт зохицсон дуулдаг дуунуудыг нь ч суралцан дуулах болсон. Хожим эдгээр нь Эзэний магтаалд аяз, аялгуу нь ашиглагдах болсон.

Жиш:  (Дуулал 69)-р бүлэг “Шушанимын дагуу” гэдэг нэртэй. Энэ нь “Сараана цэцэг” гэсэн утгатай. Энэ цэцэгийн тухай дуулсан ардын дууны аянд тааруулан дуулдаг байсан бололтой.

Мөн (Дуулал 56)-р бүлэг “царс модон дээрхи тагтааны аялгуу” гэдэг ардын дууны, (...57, 58, 59, 75)-р бүлгүүд “Алташетийн дуу” гэдэг ардын дууны аялгуунд дуулагддаг байв. Энэ нь “битгий унагаарай” гэсэн утгатай бөгөөд, Израилчууд усан үзэм хураах үед дуулдаг байсан дуу юм.

-- (Дуулал 39, 62, 77)-р бүлгүүд нь шинээр зохиогдож, түгээмэл тархсан “Иедутуны дуу”гэсэн хөгжимийн төрлийг ашигласан байдаг.

- Еврей хэлний цагаан толгойн үсэглэлд “Тамим” гэдэг уншлагын дүрэм байдаг. Дуулал номыг энэ дүрмээр уншихад аяндаа нэгэн хөг аялгуу үүсэн бий болдог. Магтаалын энэ төрлийг кантилейшн (Cantilation) гэж нэрлэдэг.
Эдгээр дөрөв нь, Хуучин гэрээний үед сүмийн магтаал-хүндэтгэлийн дэг жаяг хөгжин хэлбэржих гол сурвалжууд болсон.

Элч нарын үеийн магтан дуу : Энэ үе нь, еврей үзэл баримтлалтай хүмүүс болон грек соёлтой (харь үндэстэн) хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдсэн чухал ач холбогдолтой үе юм.

Иудей Христчид, хуучин ёс жаягаас чөлөөлөгдөн, эрх чөлөөтөйгөөр Эзэнийг магтахыг хүсч байсан. Нөгөө талаас харь итгэгч нар Бурханыг магтахад суралцан, улмаар шинэ магтуу зохиож, зохион байгуулалттай магтаж эхэлсэн.

Эндээс Христийн Чуулганы цоо шинэ өнгө аяс, теологи (одоо Эзэний загалмайн аврал, хайрыг онцлон магтах болсон) бүхий магтаал-хүндэтгэлийн хэв маяг үүсэн бий болсон. Мэдээж хуучны нөлөө, дэвсгэр дээр эхэндээ үндэслэж суурилагдаж байсан.

Тиймээс ч Дуулал номноос магтаалд өргөн ашиглаж байсан бол Сайн Мэдээний номнууд, элч нарын сургаал захидлууд бичигдэн тархаж эхлэх үеэс, тэдний зарим хэсэгт ая зохиож тааруулан магтах болсон. Жишээ нь, (Лук 1-2)-р бүлгээр хийсэн магтаал байдаг. Үүнийг кантикл (Canticle) гэдэг.

Шинэ гэрээнд магтаалыг 1:  Псалмос буюу зөвхөн Дуулал номоор дуулдаг магтаал,

2:  Хүймнус буюу Дуулал номын хэсгүүдээс, мөн Библийн бусад найраглал, магтаалаар (Улаан тэнгисийн эрэг дээр Мириамын дуулсан магтаал, Дебора, Барак нарын ялалтын магтаал, Хабаккукын магтаал …гэх мэт. Бас энэ ангилалд Сайн Мэдээний номоос авч ая оруулан дуулдаг магтаал ч орно. Үүнд  а) Magnificat буюу Марийн магтаал (Лк. 1:46-55)б) Benedictus буюу эш үзүүлэгч Захариагийн магтаал (Лк. 1:68-79)в) Nunc Dimittis буюу Симеоны магтаал (Лк. 2:29-32) зэрэг нь юм.) дуулдаг магтаалууд,

3:  У-дэ Пнюүматик буюу сүнслэг магтаал (энэ нь, итгэгч өөрөө Эзэний агуу хайр уучлалыг зүрхээрээ мэдрээд, өөр дээр нь болон бусдын дээр хэрэгжүүлж байгаа гайхамшигт үйлсийг хараад сэтгэл нь хөдлөн, тэдгээрт үндэслэн Ариун Сүнсний онгодоор зохион дуулдаг магтаал), гэж ангилан бичсэн (Кол. 3:16; Еф. 5:19) байдаг.





"Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй" хичээлийн лекцийн товчлолоос
Шалгасан багш: Амартунгалаг UBTC