3 months ago
Monday, January 25, 2010
Библи судлахуй-1. “1, 2, 3 Иохан ном” хичээлийн материалаас
1 Иохан ном (захидал) нь элч Иоханаар МЭ 1-р зуунд бичигдсэн. Зохиогчийг уг захидлыг бичихэд хүргэсэн шалтгаан, түүхэн нөхцөл нь, тухайн үеийн нялх Христийн Чуулганд заналхийлж байсан 2 гаж урсгал юм. Эдгээр нь Гностик ба Кринтүс урсгалууд юм. Энэ 2 хоюулаа Есүсийн махан биеэр ирсэнийг үгүйсгэж байв.
Мөн гностик нь, “...ертөнц анхнаасаа сайн муу хосолсон шинж чанартайгаар бүтээгдсэн ба сайн нь сүнс, муу нь махан бие...” гэж үздэг байв. Энэ нь, Бүтээгч Эцэг маань анхнаасаа бүх зүйлийг сайн сайхнаар бүтээгээд Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ... (Эх. 1:31а) гэснийг үгүйсгэсэн хэрэг байлаа.
Ийм гаж төөрөгдөлдөө үндэслэн “ ...махан биеэрээ ямарч гэм хийж болно, сүнсээрээ л цэвэр ариун байхад л хангалттай...” гэж улам мунхаглан төөрөлдөж, үүнийгээ бусдад ухуулан ятгаж, зааж тунхаглаж байлаа. Харин үнэн хэрэгтээ сүнсээрээ цэвэр ариун хүн махан биеэр ч гэм үйлдэж чаддаггүй (1 Иох. 3:9), гэж Ариун Сүнс элч Иоханаар дамжуулан заасан.
Кринтүсчүүд Есүсийн бурхан чанарыг нь үгүйсгэдэг байсан. “Тэр нэгэн Иудей залуу усан баптисм хүртэх үед Бурхан түүний дээр бууж ирээд, хожим загалмайд цовдлогдохын өмнө түүний биеэс зайлсан...” гэж заадаг, тунхагладаг байв. Харин элч Иохан ...Амийн Үг (Бурхан) маань нүдэнд харагдаж, гарт баригдах махан бодит биеэр ирсэн ба бид (элч нар) гэрчилж байна (1Иох. 1:1,2), гээд энэ үнэнийг үгүйсгэгч нь муу сүнснийх (1Иох. 2:22,23; 4:1-3), гэж тунхагласан.
Тэр үеийн дэлхий дахинд Грекийн гүн ухаанаас үүдэлтэй иймэрхүү гаж итгэл үнэмшил, мухар сүсэг маш хүчтэй байсан нь Чуулганд дээрхи 2 урсгалын дүрээр нэвтэрч, олныг бүдрүүлж байлаа. Үүний эсрэг элч Иохан уг захидлаараа дээрхи няцаалтуудыг өгөөд, энэхүү буруу сургаалийг танин мэдэх, иймэрхүү олон сорилт, дайралт, гуйвуулгаас итгэлээ хамгаалах гол арга зам нь, Бурхантай болон итгэлийн ахан дүүстэйгээ хайрын амьд нөхөрлөл дотор явах нь юм, энэ нь авралын баталгаа болох юм, гэдгийг заасан.
Бурхан бол Бүтээгч, харин хүн бол бүтээл нь юм. Ер нь бол Бүтээгч бүтээлтэйгээ нөхөрлөнө гэж ярих нь, тухайн үед Бүтээгчийг доромжилж буй хэрэг байсан. Харин Иохан эдгээр захидлуудаараа Бурхан хүн хоёр бие биенээ олж харан нөхөрлөх тухай сургадаг. Христтэй нөхөрлөсөн өөрийн нөхөрлөлийг гэрчлэн, бусдыг үүнчлэн үйлдэхийг уриалснаараа, цоо шинэ тэнгэрлэг амьдралын хэв маягыг сурталчилсан.
Энэхүү захидлууд бичигдсэн цаг үе, соёл ахуй, сэтгэлгээний орчин нь өнөөгийн бидний үеэс эрс өөр юм. Тэр үеийн бичигч болон хүлээн авагчдыг, өнөөгийн биднээс цаг хугацааны 2000-аад жилийн ангал зааглаж байна. Тиймээс тэр үеийнхний ёгтлол сэтгэлгээ, ухаарал, ойлгох чадвар, мэдлэг гэх мэт маш олон зүйлийг бид ажиглалтаар ойлгож авдаг. Улмаар захидалд дурдсан санаа оноо, үндсэн мэссежийг үнэн зөвөөр танин мэддэг.
Ажиглана гэдэг нь, тухайн ном эсвэл багцлалыг судлахдаа үйл явдал дунд нь орж, амьд уншихыг хэлнэ. Өөрийгөө Бурханы оронд, тухайн итгэгчийн оронд тавьж, эсвэл одоогийн байр сууринаасаа, өнөөгийн мэдлэгийн өндөрлөгөөс тунгааж бодох зэргээр олон талаас нь ажиглаж эрэгцүүлэн, бүхий л боломжит хувилбараар дүгнэж цэгнэн, шинжинэ гэсэн үг.
Гэхдээ төсөөлөл эрэгцүүлэл тань тэнээд явчихгүйн тулд, таныг элдэв гаж буруу ойлголт эргэлзээнд, төөрөгдөлд оруулчихгүйн тулд Ариун Сүнсээр удирдуулан, гуйлт залбиралтай хамт аялах хэрэгтэй. Бас Сударын бусад ном, зөгнөл, тайлал, сургаалиудтай харьцуулан уялдуулан хамтад нь ажиглах хэрэгтэй. Мөн бүх үеийн тулгуур үнэнүүд болсон загалмайн аврал хайр, дахин амилалт, эцсийн шүүлт зэргийг сууриа болгон дүгнэлтээ гаргах хэрэгтэй.
Ажиглалт нь дараахи дэс дараагаар хэрэгжиж, үр дүнгээ өгвөл сайн.
Эхлээд өөрийн танин мэдэж, ойлгож ухаарсан бүх зүйлээ жагсааж бичнэ.
Дараа нь хяналт хийж хасна.
Гуравт нь, үлдсэн зүйлээ дахин боловсруулж, хэзээ ч өөрчлөгдөхгүй, бүх үед хүчинтэй тэнгэрлэг зарчимыг гаргаж ирнэ. Ямар ч үед өөрчлөгддөггүй, Өөрийн ард түмнээсээ шаарддаг Эзэний хүсэл шаардлагыг зарчим гэнэ.
Дөрөвт нь, энэ зарчим тань эртний хүмүүсийн итгэл сэтгэлээр, амьдралд нь хэрхэн хэрэгжиж байсныг ойлгож, судалж мэдэх хэрэгтэй.
Тавдугаарт, үүнийгээ өнөөгийн нөхцөлд, цаг үетэйгээ уялдуулан өөрийнхөө амьдралд яаж хэрэгжүүлэх, бусдад хэрхэн зааж сургахаа боловсруулах хэрэгтэй.
Сайн багш (номлогч) дагалдагчиддаа (сонсогчиддоо) Судараас сурч мэдсэн үнэний зарчимуудаа тунхаглаад зогсохгүй, хэрэгжүүлэлтийг нь ч заадаг, биелүүлэхийг уриалдаг, өөрөө үлгэрлэдэг байх ёстой. Номлол тань мэдлэг өгөх, шинэ танин мэдэхүйг заахаас гадна, гол зорилго нь сонсогч тань зүрхэндээ ухаарлыг авч, сэтгэлдээ шийдвэр гарган өөрчлөгдхөд л чиглэгдсэн байх ёстой. Бас гол фокус нь, Эзэн Бурхан ба тухайн сонсогч (итгэгч) хоёрын харилцааг л товойлгосон (өөрийгөө биш) байх шаардлагатай.
(1, 2, 3 Иохан ном) хичээлийн лекцийн материалаас
Шалгасан багш: Ий Жэ Шин UBTC 2007 он