Monday, January 25, 2010

Библи судлахуй-2. А. жишээ: (1 Иохан 1:5-10) багцлалд ажиглалт дүгнэлт хийх нь


1. Эх хэсгийн товчлол: Бурхан гэрэл учраас Бурхантай нөхөрлөдөг гэсэн мөртлөө харанхуйд байгч хүн нь худал хэлж байна. Харин гэрэл дотор алхвал бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг цэвэрлэх болно. Хэрвээ бид гэмгүй гэвэл өөрсдийгөө хуурч байгаа хэрэг. Бас Бурханыг худалч болгож байна. Харин даруугаар, чин сэтгэлээсээ гэмшин гэмээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр бидний гэмийг уучилж, биднийг бүхий л зөвт бус байдлаас цэвэрлэнэ.

2. 1 Иохан номд энэхүү хэсгийн эзлэх байр суурь: Уг хэсэг нь номын оршилтой нягт уялдаатай хэсэг байна. 1 Иохан номонд “нөхөрлөл, гэрэл, харанхуй, гэм, зөвт” гэсэн үгнүүд олонтоо гардаг. Иохан эдгээр үгнүүдийг ашиглан, захидлын утга санаа өрнөхөөс (илчлэгдэхээс) өмнө уншигчдад танилцуулж байна.

3. Хам ишлэлийн судалгаа: (1 Иох. 1-4) ишлэлд “дэлхийн сууриас өмнө байсан Үг, махан биетэй болж ирсэн Есүс”-ийг танилцуулж байна. Мөн Эцэг ба Түүний Хүү Есүстэй (элч нар) нөхөрлөдөг тухайгаа танилцуулж, энэ нь маш их баяр баясгалан өгдөг ба бусадтай хуваалцвал бүрэн утга төгс болдог гээд, тиймээс уншигчдыг энэхүү нөхөрлөлд урьжээ.

(1 Иох. 2:1-6) ишлэлийг гэм нүгэл үйлдүүлэхгүйн тулд бичжээ. Хэрэв итгэгч нь гэм үйлдвэл Есүс түүнийг өмгөөлөх болно. Учир нь Тэр Өөрийгөө эвлэрүүлэх тахил болгон өргөж, өмгөөлөх эрх мэдэлтэй болсон. Ийм Есүсийг мэддэгийн гэрчлэл нь, Түүний тушаалуудыг сахих явдал юм. Дан ганц сүнслэг мэдлэгтэй болох бус, бодитоор Есүс шиг үйлдэн амьдрах хэрэгтэй. (1 Иохан) номыг бүхэлд нь харвал Есүсийн үйлс нь хайр байдгыг онцолсон.

4. Энэ хэсгийн судалгаа: А. Онцлох үгийн судалгаа: а) Энэ дэлхийд гэрэл харанхуй хоорондоо тэмцэлддэг. Гэрэл бол Бурхан бөгөөд гэрэл дотор үйлдвэл Бурхантай нөхөрлөж байна гэсэн үг юм. Энд гэрэл гэдгийг харанхуйг гийгүүлдэг гэдгээс илүүтэй “гэрэл дотор бүх зүйлс ил тод, тодорхой харагдаж байдаг” гэсэн утгыг товойлгон хэрэглэсэн. Тиймээс ч гэрэл дотор байдаг нэгэн нь зөвийг эсвэл бурууг үйлдэж буйгаа тодорхой харж, ялгаж салгаж чаддаг байна гэсэн үг. Тиймээс ч Эзэн дээр очин, алдаа зөрчилөө ил тодоор гэмшин хүлээж чаддаг. Бас бусдыгаа ч бурханлаг өнцөгөөс, гэгээтэйгээр харж чадна. Улмаар хоорондоо ариунаар нөхөрлөх юм.

б) Эсэргээр, харанхуй дотор үйлдвэл худал хэлж, үнэнийг үйлдэхгүй байна гэсэн үг. Бурханыг болон бусдыг үнэн зөвөөр танин мэдэж чадахгүй. Тиймээс ч Эзэнтэй болон итгэлийн ахан дүүстэйгээ хайр дотор нөхөрлөх чадваргүй. Өөрийгөө ч, гэм нүгэл, алдаа оноогоо ч ялгаж, үйлсээ ч хянаж чадахгүй тул гэмшиж, буруугаа ухаарч чадахгүй.

в) Нөхөрлөл гэдэг нь, (Иохан 17:3)-т “Цорын ганц үнэн Бурхан болох Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь...” гэж тунхаглахдаа хэрэглэсэн “мэдэх” гэдэг үгтэй холбоотойгоор тайлагддаг. Энэхүү “мэдэх” гэдэг нь маш ойрын, дотно харилцаа хамаарлыг илэрхийлсэн үг.

Та хэн нэгэнийг сургаар, бусдаас дамжуулан авсан мэдээллээр мэддэг болох нэг хэрэг. Харин өөрөө тухайн хүнтэйгээ хувьчилан дотноор нөхөрлөж, хэнээс ч, юунаас ч үл хамаарах өөрийн гэсэн ойлголт, үнэлэмж, хүндлэл бишрэл, итгэл найдвар, хайрын харилцаа хамаарлыг бий болгох нь огт өөр хэрэг. Яг л ийм танин мэдэхүйн талаар энд яригдаж байна. Энэхүү бие биеэ танин мэдэж, хүндлэн дээдэлсэн дотно нөхөрлөл бол “мөнх амь” юм, гэсэн нь Библийн бусад хэсэгт “аврал” бол “мөнх амь” гэснээс арай өөр, өвөрмөц байдаг.

Б. Ишлэлийн судалгаа: а) 5-р ишлэлд, Ариун Сүнс бидэнд Бурханы төгс, ариун, ямарч харанхуй бурангуй дотор нь байдаггүй Нэгэн гэдгийг мэдүүлдэг гэж байна.

б) 6-р ишлэлд, тэгэхлээр энэхүү ариун Бурханыг мэддэг гэсэн мөртлөө, (Бурханы хүслийг мэдэхгүй, сохороор) аливаа гэмийг үйлдэж байгаа нэгэн нь худлаа яригч гэжээ.

в) 7-р ишлэлд, харин Есүс юу хийдэгээ мэдэж (төгс, гэмгүй) байдаг шиг, бид ч үйлсийнхээ сайн мууг мэдэж (гэмээс хол) байвал элч нар итгэгчидтэй, эсвэл итгэгчид Есүстэй (аль ч тайлбар нь зохистой) нөхөрлөх юм. Бурханы Хүү загалмай руу явж байхдаа яах гэж, хаашаа явж байгаагаа, эцэст нь юунд хүрэх ээ, ялан дийлэх ээ мэдэж байсан ба одоо ч мэдэж үйлддэг. Түүнчлэн бид ч (Чуулган) үйлс, зорилгоо баттай мэдэж, итгэлтэйгээр үйлдэх ёстой юм. Бас Бурхан дээр очигч нь цэвэр байх ёстой. Христийн цус зөвхөн анх итгэхэд ч биш, цаашдаа ч үргэлж бүхий л алдаа зөрчилөөс, бузар муугаас цэвэрлэж, гэмийг ариусгадаг тул өдөр бүр бидэнд хэрэгтэй.

г) Үүнийг 8,9-р ишлэлүүдэд бүр тодорхой өгүүлсэн байна. Энэ нь, (Иохан 13:10)-т Биеэ угаасан хүн хөлөө л угаах хэрэгтэй. Тэгвэл гүйцэд цэвэрхэн байна, гэсэнтэй шууд хамааралтай уншигддаг. Бид загалмайд итгэх итгэлээрээ уучлагдаж, ариуссан боловч, өдөр бүр үйлддэг гэмээ бас л Эзэний өмнө тавьж, Түүгээр шүүлгэн цэвэрлүүлэх шаардлагатайг заасан.

д) Бас 9,10-р ишлэлүүдэд бидний Бурханы итгэмжтэй, хувиршгүйг батлан тунхаглаад, Түүний өмнө илэн далангуйгаар бас даруугаар очиж байх ёстойг сануулжээ. Бид зөвт, ариун хэмээн Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн ч, урьдын адил гэм хийдэг маань тийм ч амар өөрчлөгддөггүй. Энэ нь хэдийгээр бидэнд урамын үг боловч, нөгөө талаар Эзэний агуу нийгүүлсэл, хайрын дор толгой бөхийн, даруу болохоос өөр аргагүйг мэдүүлдэг.

Энэ хэсэг нь бүхлээрээ “сүнслэг мэдлэг, чадвар нь аврал юм, эсвэл авралд хүргэнэ” гэж заадаг байсан хуурамч багш нар, худал сургаалийн эсрэг, жинхэнэ аврал гэж юу болохыг (харанхуйгаар сохороор биш, хэнтэй юуны учир нөхөрлөж, хаашаа явж буйгаа мэдэж үйлддэг байх, алдаа зөрчилтөй, сул доройгоо Түүний өмнө даруугаар хүлээн зөвшөөрч, загалмайн цусны ариусгах хүчийг өдөр бүр амсдаг байх) танилцуулж, сөргүүлэн тавьсанаараа нэн чухал ач холбогдолтой.

Өнөө үед ч Чуулган дотор нэг л их “сүнслэг” хийрхүү нөхдүүд мэр сэр байдаг. Тэд, харь хэлээр ярьдаггүй бол, Ариун Сүнснээс шууд эдгэрэл авдаггүй бол, элдэв өвчин, муу сүнсийг эрх мэдэлтэйгээр хөөдөггүй бол, Сударыг “гайхалтай сүнслэгээр” шууд л ойлгодоггүй бол... гэхчилэн олон “алдаа зөрчилтөй” бол аврагдсан юм уу, гэхчилэн бусдын итгэл, төлөвшил рүү бүдүүлгээр халдан, загалмайг гэрчлэн бусдыгаа босгох биш, өөрийгөө алдаршуулан бусдыг шүүн яллагч болчихсон байдаг нь нэн харамсалтай.

5. Энэ хэсэгт гарч буй хүмүүсийн төрөл: а) Бурхантай нөхөрлөдөг гэж ярьдаг боловч харанхуй дотор алхдаг (6), гэмгүй гэж өөрийгөө үздэг (8), нүгэл үйлдээгүй гэдэг(10) хүн. Энэ хүн нь худалч, үнэнээр явдаггүй (6), өөрийгөө хуурдаг, үнэн дотор байдаггүй (8), Бурханы Үг дотор нь байдаггүй, тиймээс ч Бурханыг худалч болгодог хүн (10).

б) Гэрэл дотор явдаг (7), өөрийн гэмийг хүлээн зөвшөөрдөг (9) хүн. Энэ хүн Бурхантай болон бусадтай нөхөрлөдөг тул Христийн цус бүх гэмээс нь цэвэрлэдэг (7), Бурханы итгэмжит, зөвт байдлыг амсдаг хүн (9).

6. Энэ хэсэгт илэрхийлэгдэж буй Бурхан: Бурхан гэрэл учир ямарч харанхуй Түүний дотор оршиж чадахгүй. Түүний өмнө очвол бүх зүйл ил болдог. Тиймээс ч гэмтэй хүн Түүний өмнө зогсож чаддаггүй. Тэрээр Өөрийнх нь Хүүд (загалмайд) итгэдэг хүнтэй нөхөрлөдөг. Учир нь Тэрээр гэмт хүний төлөө Хүүгийн дүрээр ирж, загалмай дээр урсгасан цусаараа гэмийг нь уучилсан Бурхан. Тэгээд энэхүү хайр, зөвт, итгэмжит байдлаа мөнхөд сахьдаг Бурхан.

7. Энэ хэсгийг хүлээн авч уншсан хүмүүсийн сэтгэгдэл: Христэд итгэгч гээд, аврал, мөнх амийг мэддэг гээд үнэн хэрэгтээ сайн мууг, сайхан муухайг ялгаж мэддэггүй, төгс ариун, гэмгүй болчихсон гэх мөртөө цэвэр ариун амьдарлын хэв маягыг эрхэмлэдэггүй, сохороор, харанхуйгаар алхагчид гэмшин эргэсэн болов уу? Тэгээд сул дорой, гэм нүгэлт мөн чанараа гэмшин Эзэний өмнө даруугаар очиж, уучлал хайрыг нь хүртэж, цаашдын итгэлийн амьдралдаа, Христтэй болон итгэлийн ахан дүүстэйгээ хайрын нөхөрлөлийг эрхэмлэн алхаж эхэлсэн биз ээ...





(1, 2, 3 Иохан ном) хичээлийн лекцийн материалаас
Шалгасан багш: Ий Жэ Шин UBTC 2007 он