Monday, January 25, 2010

Библи судлахуй-3. Б. жишээ: (1 Иохан 2:15-17) -р хэсэгт ажиглалт судалгаа хийх нь



1. Энэ хэсгийн товчлол: Ертөнцийг хайрладаг нэгэний дотор Бурханы хайр байхгүй ба учир нь ертөнцийн хүсэл тачаал нь Эцэгээс биш юм. Эдгээр нь өнгөрөн одно. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнх амьтай.

2. 1 Иохан номд тус хэсгийн эзлэх байр суурь: Энэ багцлал нь (1Иох. 5:4,5)-р багцлалтай цогц уншигддаг. Бас (1 Иох. 4:7-9)-р багцлалд дурдагддаг Бурханы хайрын эсрэг дайсагнагч, ертөнцийн бузар хүсэл тачаалыг илчилсэнээрээ онцгой байр суурьтай.

3. Хам хэсгийн судалгаа: Өмнөх хэсэг болох (1 Иох. 2:12-14) элч Иохан уншигчдыг “бяцхан хүүхдүүдээ, нялхасаа, эцгүүдээ, залуусаа” гэхчилэн дуудсан. Бяцхан хүүхдүүд, нялхас гэж шинэхэн итгэгчдийг, эцэгүүд гэж Чуулганд нөлөө бүхий үйлчлэл хийдэг, төлөвшсөн “удирдагчид”, багш нарыг хэлсэн болов уу. Залуус, гэж итгэлээр өсөж суралцаж байгаа хүмүүсийг хэлсэн байж болно. Зүгээр л шууд утгаар, итгэгчдийг нас, байр сууриар нь ч, үүрэг хариуцлагаар нь ч тодотгон хэлсэн гэж ойлгоход ч болно. Ерөнхийдөө нийт Чуулганыг хамруулан хэлж байгаа нь тодорхой байна. Тэгээд нэрийнх нь учир нүгэл нь уучлагдсан Есүсийг сануулаад, Тэр нь эхнээсээ байсан Мөнхийн Бурхан гэж тодотгож байна. Тэр биднийг Ариун Сүнсээрээ мөнх амь руу төрүүлсэн Эцэг юм. Түүний Үг (Иох. 1:1-3) бидний дотор байснаар, бид аливаа уруу татлага, сатаны хүчийг ялан дийлдэгийг баталж байна. Түүний Үг гэдэг нь, махан биеэр ирсэн Есүс (1 Иох. 1:1), (Иох. 1:14), бидний дотор гэдэг нь – Түүнд итгэх итгэлийг хэлсэн байна. Тэгээд Иохан энэ бүгдийг дахин дахин давтан хүч оруулж байгаа нь, дараа нь хэлэх захих зүйл нь маш чухал юм, гэж энэ хэсгийн (1Иох. 2:15-17) ач холбогдолыг онцолж байна.

(1 Иох. 2:18,19)
-т дахиад л нялхасаа гэж эхэлж байна. Сонирхолтой нь эцгүүдээ ч юм уу, залуусаа гэж бичсэнгүй. Магад элч Иохан онцгойлон шинэ итгэгчдэд буруу урсгал, хуурамч багш нарыг мэдүүлж, нялх итгэлийг нь хамгаалахыг чухал гэж үзсэн байх. Энд бас “эцсийн цаг” гэж цаг үеэ тодорхойлж байна. Христ ирсэнээр, бас удахгүй дахин ирнэ гэснээр, анхны Чуулганаас өнөөгийн бүх итгэгчид бүгд “яг одоо л, удахгүй Эзэн ирнэ” гэсэн итгэлээр амьдрах ёстойг мэдүүлж байна. Энэ нь итгэлтэй байдлын маш чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Харин “болоогүй байх, хожуу ирнэ” гэж тайвшрах нь, сатаны уруу татлага юм. Тэр гэнэт бидний бодоогүй цагт (Мт. 24:44) ирнэ. Мөн Христийг эсэргүүцэгчдийн талаар анхааруулсан. Тэд бидний дундаас гарсан нь, Чуулганд ирээд Есүсийг “...Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон (Мт. 7:21) Хаанчлалд орохгүйг” одооноос бидэнд (1 Иох. 2:19б) үзүүлэхийн тулд юм, гэж байна.

4. Энэ хэсэгийн судалгаа: А. Онцлох үгийн судалгаа: а) Энд “ертөнц” гэдэг үг 6-н удаа дурдагдаж байна. Библи дээр энэ үг нь, Бурханы хүсэл сонирхолоос ангид, муу сүнсний хаанчилдаг, дарангуй бүдүүлэг, завхай тачаангуй, шунал хүсэл, өрсөлдөөн тэмцэлээр дүүрэн асар том орооцолдсон тогтолцоог хэлдэг. Мөн, энэхүү нүдэнд үзэгдэх бузар булайгаас гадна, нүдэнд үл үзэгдэх, хүмүүсийн зүрх сэтгэл дотор оршдог, Эзэний илчлэлт илэрхийлэлт, үг сургааль, тушаал заавар, дуудлагыг нь (нэг үгээр Загалмайг) эсэргүүцэж байдаг дуулгаваргүй сэтгэл, сүнс ч багтдаг.

б)
Бас “Эцэг” гэдэг оноосон нэр хоёр удаа гарч байна. Энэ нь, шинэ гэрээний үед бүтээгч Бурханыг Хүү Есүс Христээр нь дамжуулан таньсан, Ариун Сүнсээр нь тослогдож нэг бие болсон, итгэгчдийн дууддаг нэр. Бас хуучин гэрээний үед цөөн тооны Бурханы сонгогдсон ариун хүмүүс ингэж дууддаг байсан. Мөн Эзэн ч Өөрийгөө олонтоо Эцэг, гэж тодорхойлж нэрлэсэн байдаг. Энэ нь маш дотно, эгэл, ойрын харилцаа хамаарал, байр суурийг тодотгосон, Бүтээгчийн зүгээс үзүүлж буй агуу энэрэл хайрын илэрхийлэл болсон нэр.

Эцэг- гэдэг нь төрүүлэгч, сахин хамгаалагч, сахилгажуулан хүмүүжүүлэгч, заан сургагч, удирдан чиглүүлэгч, хариуцагч, хайрлан нандигнагч гэсэн утгатай. (Бүтээгч нь үл таалсан бүтээлээ устгах, өөртөө ашиглахгүй байх үнэмлэхүй эрх мэдэлтэй. Гэвч хорон муу гэмт хүмүүнийг хайрлан, эцэг хүүгийн дотно харьцаанд дууддаг бидний Бурхан ямар агуу вэ). Би түүний Эцэг болж, тэр Миний хөвгүүн болно (2 Сам. 7:14), (1 Шас. 17:13), ...Та бидний Эцэг билээ. Өө, Эзэн, Та бидний Эцэг. Эртнээс Таны нэр бол бидний Аврагч (Ис. 63:16), гэх мэт нь Христийн дотор Түүний хөвгүүд, охид болон босгогдох Чуулганд хандсан зөн, эш үзүүллэгүүд байсан.

Эдгээр нь Эзэн Есүсийн, Би болон Эцэг нэг юм (Иох. 10:30), ...Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй (Иох. 14:6), хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг (Мт. 5:16), Тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай (Мт. 5:48), Газар дээр хэн нэгнийг эцэгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй (Мт. 23:9), Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн, Би та нарт өгнө (Лк. 22:29), гэх зэрэг сургааль, тунхаглалаар биднийх болон баталгаажсан юм.

в)
Цаашилбал, “Эцэгийн хайр” ба “ертөнцийг хайрлах хайр”, “ертөнцийн хүсэл тачаал” ба “Бурханы хүсэл” гэсэн 2 янзын “хайр”, “хүсэл”-үүдийг тодотгон дурдаж, хооронд нь сөргүүлэн тавьсан. “Эцэгийн хайр” ба “Бурханы хүсэл” нь Библид илчлэгддэг бүтээгч Бурханы мөн чанартай холбоотойгоор тайлбарлавал, ухамсартай, зорилготой, золиослол гаргадаг, тэвчээртэй, хариуцаж чаддаг, өгөөмөр, ууч энэрэнгүй, зөвт шударга, амар тайван, баяр баясгалантай, хувирдаггүй, сахилгажуулдаг, үргэлжлэн өрнөдөг, эцэст нь үр дүнд (үр жимстэй) хүрдэг (ялан дийлдэг) бидний төлөөх үйлс амьдралыг хэлж байна.

г)
Харин “ертөнцийн хайр ба хүсэл тачаал” нь сэтгэл хөдлөлд захирагддаг, хувирамтгай, итгэл үнэмшилгүй, шунал нэр алдар дээр суурилдаг, зорилгогүй, тиймээс ч ямарч үр дүнгүй, харин ч харамсал, гашуун зовлон авчирдаг дур сонирхол, шохоорхолыг хэлж байна.

Б. Ишлэлийн судалгаа: а) 15-р ишлэлд сатаны удирддаг, гэмт хүмүүсийн нийгмийн тогтолцоо болон гэмт сэтгэлгээ (ертөнц), тэдгээрийн буй болгосон бүхий л зугаа цэнгэл, эд хөрөнгийн баярхал тансаглал, хоосон үрэлгэн байдал, элдэв улс төрийн үзэл суртал, хүний мэргэн ухаан (философи), шашин шүтлэг зэргийг (ертөнцөд байгаа зүйлс) сонирхож таашаах (хайрлах) ёсгүй. Эдгээрийг сонирхож таашаавал элдэв уруу татлагад орон соригдож, Бурханаас холдож болзошгүй юм. Хэрвээ хэн нэгэн нь эдгээрт үнэхээр зүрхээ эзэмдүүлвэл (ертөнцийг хайрладаг бол), амьдарлынхаа зорилгоо болговол, тухайн хүн нь жинхэнэ Ариун Сүнсээр тослогдсон (түүний дотор Эцэгийн хайр байхгүй) итгэгч биш байна.

б) 16-р ишлэл:
Учир нь гэмт хүний нийгмийн таашаадаг, эрхэмлэдэг бүхий л үнэт зүйлс нь, ялангуяа махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь бүтээгч Эцэгийн маань бүтээл бус, харин гэмт сэтгэлгээ, муу сүнсний үйл ажиллагааны үр дүн юм. (Тэр үеийн гностик, кринтүс урсгалын хуурамч багш нарын гаж сургаалийн цөм нь, “нэгэнт л бузар махан биеийг ч Бурхан бүтээсэн ба энэхүү биеийн нүгэлт хүсэл, зуршил нь ч гэмт бузар үйлсээрээ хангагдахыг анхнаас нь Бурхан тогтоосон”, гэсэн нь юм.)

в) 17-р ишлэл:
Сатан болон түүний бузар үйлсийн үр дүн болсон гэмт нийгмийн тогтоц, эрхэмлэдэг зүйлс нь өнгөрөн одно. Харин Бурханы хүслийн дагуу гэмшин өөрчлөгддөг, Түүний хайр уучлалын биелэл болсон Хүү Есүст нь (загалмайн авралд) итгэдэг хүн мөнх амьдарна.

5. Энэ хэсэгт яригдаж буй хүмүүсийн төрөл: а) “ертөнцийг хайрладаг хүн” (1 Иох. 2:15). Энэ хүний дотор Эцэгийн хайр буюу Ариун Сүнсний тосолгоо байхгүй хүн. Тиймээс ч аврагдаагүй (мөнх амьгүй) хүн юм.
б) “Бурханы хүслийг үйлддэг хүн” (1 Иох. 2:17б). Энэ хүний дотор Бурханы Үг (1 Иох. 2:14в) байдаг учир муу нэгнийг дийлсэн хүн. (Мт. 7:21) ...тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлэгч нь, хаанчлалд орно, гэсэн тул мөнх амьдрах (аврагдсан) нэгэн юм.

6. Энэ хэсэгт илэрхийлэгдэж буй Бурхан:Тэр бидний төлөө Хүүгээ өгсөн Эцэг. Тэгээд бидний дотор хайраар оршдог Эцэг. Энэ ертөнцийн бузар булай болгон нь Эцэгээс бус. Тэгэхлээр Тэр ариун, зөвт Бурхан юм. Тэрээр Өөрийн хүслийг хүмүүст илчилдэг ба дуулгавартай дагадаг нэгэнд мөнх амь өгдөг.

7. Энэ хэсэгийг хүлээн авч уншсан хүмүүсийн сэтгэгдэл: Энэ хэсгийг, ер нь энэхүү захиаг уншаад, “Бурхан ертөнцийг анхнаас нь сайн, муу 2 талтайгаар бүтээсэн. Тиймээс ч итгэлээрээ сүнс маань л аврагдсан бол болоо. Харин махан бие бузар учир гэм үйлдхээс өөр аргагүй”, гэсэн хуурамч номлолд автаад гэмших сэтгэлгүйгээр, зүрхээ хатууруулан буруу замаар төөрөлдөн алхаж байсан үй олон итгэгчид ухаарч гэмшин Эзэн рүү эргэсэн болов уу. (Одоо ч “...анхны удаагийн нэг л гэмшил чинь хангалттай. Дахин дахин гэмших нь ямарч тусгүй”, гэх буруу номлол, сургааль тэнүүчилсээр байдаг. Энэ нь гэмшил бол үргэлжлэн өрнөх, өөрчлөгдөн шинэчлэгдэх үйлс амьдрал юм (Илч. 2:4,5) (1Иох. 1:7-10), гэсэн Библийн зарчимыг, Эзэний хүслийг үгүйсгэсэн гаж сургааль юм. Тиймээс ч уг захидлын үнэ цэнэ, үнэн илчлэлт, утга учир одоо ч өндөр ач холбогдолтой.)

Олон хуурамч “багш нар” илчлэгдэн, зарим нь ч ариун хүмүүсийн нөхөрлөлөөс хөөгдөн, зарим нь гэмшин аврагдсан биз ээ. Итгэл үнэмшилдээ үнэнч байж, өндөр ёс суртахуунтайгаар, цэвэр ариунаар үлгэр дууриал болон амьдрах Христчин сургааль, амьдрах хэв маягийг үгүйсгэгчид, мушгин гуйвуулагчид (Христийг эсэргүүцэгчид) ялагдан, Чуулган ч цаашаа хөгжиж төлөвших зам нь шулуудсан. Тиймээс Чуулган өнөөгийн өндөрлөгт хүрч, уг захидал Ариун Сүнсний илчлэлт хэмээн тооцогдож, Канонд (Библид) байр сууриа эзэлж, үүрэг зорилгоо хэрэгжүүлсээр байгаа билээ.





(1, 2, 3 Иохан ном) хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: Ий Жэ Шин UBTC 2007 он