Энэхүү блог сайтаар зочилж буй эрхэм танд шинэ оны мэнд хүргэе!
Өнөөдөр 2010 оны анхны өдөр. Яг одоо Улаанбаатарт 15 цаг 50 минут болж байна. Гадаа шинэхэн цас орчихсон, агаар тунгалаг бас цэвэрхэн байна.
Эзэн бидэнд яг энэ өглөө ямар гайхалтай алтан шаргал нарыг бас шинэхэн цасыг бэлэглэсэн юм бэ. Тэр энэ өглөө хүн бүрийг шинэчлэхээр шийджээ.
Өнгөрөн одсон бүхий л өдөр хоногуудад таларх гэж Эзэн энэхүү гайхамшигт өглөөг хүмүүн бидэнд бэлдсэн байжээ.
2009 онд миний амьдрал, хувь заяанд талархмаар олон үйл явдлыг Эзэн надад өгсөн. Гэвч хүн сул дорой болохоор Тандаа төдий л тухай бүр талархаж байсангүй. Тэр бүх сайн сайхан зүйлс угаасаа л өрнөх ёстой юм шиг боддог. Гэтэл үнэндээ үгүй юм.
Төгс хүчит Нэгэн таны амьдралыг удирддаг гэдгийг та анзаарсан уу. Ядаж хааяа ч гэсэн таны хувь заяа, мөн өдөр тутмын амьдралд тохиож буй өчүүхэнээс эхлээд аугаа үйлсийн цаана төгс хүчит Нэгэн байна гэдгийг сэтгэлд тань хэн Нэгэн илчилдэггүй, бас шивнэдэггүй гэж үү?
Тийм ээ, яг энэ мөчид Эзэн Бурханыг таниагүй байгаа Монголын олон олон авъяаслаг залуучуудын зүрх сэтгэлд Эзэн та байдаг гэдгийг илчилж өгөөч гэж Танаасаа гуйн залбирч байна. Энэхүү залбирлын сэдвийг шивнэсэн Ариун Сүнсэнд талархаж байна. Сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ гэж Та хэлсэн. Тийм ядуу нэгэн байхаар Та удирдан чиглүүлж өгөөч.
2010 оны энэ өдрөөс эхлэн Та мөнхөд миний амьдралын суурин дээр байж надаар дамжуулан Та өөрийн дүр төрхөөр хүмүүсийн дунд амьдран байна гэсэн сургаалынхаа дагуу Та намайг улам ихээр өөрчлөн, Ариун Сүнсээрээ удирдан, амьдруулж өгөөч. Тантай хамт энэ дэлхийн олон газруудаар явж Таныг илчлэх боломжийг Та зөвшөөрч өгөөч. Өдөр бүр шинийг сэтгэн намайг өөрчилж байдагт Тандаа үнэхээр их талархаж байна аа, Аав аа.
Монголын өнцөг булан бүрт Та хүндлэгдээч. 2010 онд олон мянган хүн Эзэний ариун нэрийг дуудаж авралыг авах болтугай.
2010 онд Бурхан таныг илүү ихээр ивээх болно. Амен.
Эзэнд талархал магтаалыг өргөсөн Есүгэн.