Wednesday, November 11, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 4



Б. Шинэ Гэрээний Сайн мэдээний номуудад Христийн зовлонг гэрчлэн бичсэн нь.  

“Есүсийн амссан зовлон гурван талтай байсныг Бичээс харуулдаг.

1) Насан туршийн хавчлага зовлон.
2) Сэтгэл санааны шаналал зовлон.
3) Загалмай дээрхи бие махбодын зовлон ба үхэл.”[1]

Эдгээр нь нүгэлт хүн төрөлхтөний гэм нүгэлийн улмаас бидний Эзэн Бурханы мэдэрдэг өвдөлтийг харагдах байдлаар илчилсэн юм.

1) Насан туршийн хавчлага зовлон.
Бидний гэм нүглийн төлөө Христийн үүрсэн зовлон нь зөвхөн загалмай дээр л хэрэгжсэн биш юм. Энэ нь Тэрээр төрөхдөө л таагүй тохигүй орчинд мэндэлсэн ба тэр даруйдаа л хавчлага зовлонд өртөж байсан, мөн гэр бүлийнхэн нь ч, дагалдагч нар нь ч, төрсөн хотынхон нь ч, бүх Израиль ч, бүр баптист Иохан ч Түүнд эргэлзэж, итгэлгүй хандаж, урваж шарван, хавчин зовоож байснаар харагддаг. Харин загалмайн зовлон нь дээрх бүх зовлонт замналынх нь оргил байлаа.

Жишээ: Түүнийг бүр эхийн хэвлийд олдсон тухайд нь л эцэг Иосеф нь эргэлзэн сэжиглэж, хардаж сэрдсэн хандлагаар хүлээн авч байлаа (Мт 1:19). Дараа нь төрөх үед нь наад захын аятай тухтай орчин олдохгүйн улмаас малын саравчинд мэндэлж, тэжээлийн тэвшинд хэвтсэн нь Түүний анхны өлгий буюу ор нь байсан юм (Лк 2:5-7).

Есүсийг мэндэлсэн тухай сургийг сонссон Иерусалимчууд баярлах нь бүү хэл бачимдан сандарцгааснаар зогсоогүй (Мт 2:3), Херод хаан алуурчид илгээн, балчирхан Есүсийг алахыг санаархаж байлаа (Мт 2:16). Муу ёрын сүнс үүнчлэн сорилт дайралтуудаар бүхий л амьдралынх нь турш Түүнрүү довтолсон нь цөл дөх сорилт (Мт 4:1-11), загалмайн зовлон ба үхэлийн үед бүр хурцадмал байдлаар илэрч харагддаг билээ.

“Христийн зовлонг зөвхөн зовлонгийн 7хоногт болсон үйл явдлуудтай болон Түүний загалмай дээрх үхэлтэй холбон ойлгох нь өрөөсгөл юм. Тэрээр энэ дэлхийд махан биеээр амьдарсан нь зовлон байсан юм. Үүнийг Түүний дорд орсон зиндаа гэх бөгөөд “Дорд орох гэдэг нь Бурханлаг эрх мэдэл ба сүр алдраа нуун далдлан, хэрэглээгүй болохыг хэлж байна (Мт.3:15, Гал.3:3, 4:4, Фил.2:6-8)[2]

“Өргөн утгаараа бидний гэм нүглийн төлөө Христийн үүрсэн ял шийтгэл бол насан туршдаа амссан Түүний бие сэтгэлийн зовлон байсан. Хэдийгээр Христийн зовлон загалмай дээрх үхлээр нь дээд цэгтээ хүрсэн ч гэсэн нүгэлд унасан дэлхийд өнгөрөөсөн Түүний бүхий л амьдрал зовлонтой байсан юм.”[3]

 2) Сэтгэл санааны шаналал зовлон. 

Эзэн Есүс бас насан туршдаа сэтгэлийн шаналал зовлонг амссан юм. Зөнч Исаиа Түүний тухай Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн..” (Иса 53:3) гэж зөгнөсөн нь сэтгэлийн их дарамт шаналал, зүрх сэтгэлийн гашуудал харуусалыг нь илэрхийлсэн эш үзүүллэг юм. Тэрээр энэхүү бурхангүй нүгэлт дэлхийд цорын ганц тэнгэрлэг ариун Нэгэн байлаа.

Тээж төрүүлсэн эх нь болон зулай дээр нь гишгэж төрсөн дүү нар нь ч Түүнд итгэлгүй хандаж, эргэлзэн тээнэгэлзэж байсан нь (Мт 12:46-50) гэр бүлийнхээ хүрээнд хүртэл сэтгэл амар, түвшин тайван байгаагүйг харуулдаг. Түүний төрсөн нутаг усныхан нь ч үл тоомсорлон, басамжилж байлаа (Мт13:54-58).

Түүнийг ямар зорилгоор хаанаас илгээгдэж, хэнээр тослогдож томилогдсоныг нь Ариун Сүнсний илчлэлтээр мэдэж таньсан, Өөрийг нь олны өмнө гэрчилж байсан баптист Иохан хүртэл, Түүний хэн болох эсэх талаар эргэлзэн тээнэгэлзэж, асуулга тавин хандаж байсан нь Эзэний зүрх сэтгэлд таатай байгаагүй нь тодорхой (Мт. 11:2-3).

Түүний дагалдагч нараас олон хүн үг сургаалийнх нь үнэн мөнийг ухан ойлгохгүй шүүмжлэн буруутгаж, үл итгэн орхин явж, эргэж буцдаг байсан нь сэтгэлийн шаналалын бас нэг шалтгаан байлаа (Иох.6:60-66).

Энэ харанхуй дэлхийд тухайн үед бараг л ганц сүнсний анд нь байсан баптист Иохан хилсээр хороогдсон нь, улмаар яг л ийм хувь заяа, оноолт Өөрийнх нь өмнө байгааг мэдэж байхдаа Тэрээр түвшин амгалан байгаагүйг Библи хэлдэг (Мт. 14:10-14).

Сонгогдсон дагалдагч нар нь ч төлөвшил хүмүүжлийн хувьд дорой байж, албан тушаалд өрсөлдөж, өвөр зуураа зиндаархаж байсан (Лк.9:46) бөгөөд бүр тэдний дунд  Өөрийг нь хэдхэн зоосоор худалдах урвагч хүртэл байгааг мэдэж байсан нь (Иох.13:26-28), Түүний сэтгэлийг зовоон шаналгаж байлаа.

Тэр үеийн дэлхий дээрхи цорын ганц Үнэн Бурханд мөргөдөг сүм өргөө оршдог, мөргөл хүндэтгэлийн төв болсон Иерусалим хотынхны завхрал, урван тэрслэл, Бурханы авралын дуудлагад хандсан хэнэггүй бардам байдал зэрэг нь, мөн эдгээр нүглийнхээ улмаас хүртэх шийтгэл сүйрэл (Мт.23:37-39), Түүний сэтгэлийн шаналалын бас нэгэн  шалтгаан байсан юм (Лк.13:34-35).

Эцэст нь хамгийн хүнд бэрх, хөндлөнгийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай үед нь нөгөө итгэмжит дагалдагчид нь махан биеийн дорой байдалд ноёлуулж, Түүнийг ганцаардуулж байсан нь (Лк.22:45-46), мөн дагалдагч нараас нь хамгийн итгэмжит гэгдэх Петр ч Түүнээс гурвантаа урвасан нь дааж давахад бэрх сэтгэлийн шаналалыг өдөөж байлаа (Иох.18:17, 25-27).

Загалмай дээрх үхэл ойртох тусам Есүсийн зовлон улам хүчтэйгээр шаналгаж байсан нь харагддаг. “Сэтгэл минь үхтлээ зовж байна” гэж Есүс загалмай руу очихын өмнө хэлж байсан (Мт 26:38).

 3) Бие махбодийн зовлон ба үхэл. 

Түүнийг Ромын шүүхээс өмнө Иудейн шашны шүүх мөрдөн байцааж, харгислан зодож байлаа. Ромын шүүхэд тушаасан хойно, цэргүүд элдэвээр тохуурхан доромжилж, тэргүүнд нь өргөст титэм өмсгөн зодож байв. Түүнийг бас Херод Пилат нар нааш цааш туун Иерусалим хотоор явуулж, шившиглэн гутааж байлаа.

Эцэст нь Есүс ташуурдуулан цовдлогдхоор туугдан явсан. Тэр үед цовдлогдох ял авсан гэмт хэрэгтнүүд цовдлогдох газар хүртлээ загалмайгаа үүрэх ёстой байсан байна. Эзэн Есүс энэ л ёсоор загалмайгаа үүрч явсан боловч Тэр хэрцгийгээр ташуурдуулан цус их алдсан учраас ямарч  тэнхээгүй болсон. 

Тиймээс цэргүүд Курений Симон гэгч хүнд Түүний загалмайг албадан үүрүүлжээ. Гэмт хэрэгтнүүдийг цовдолдог Голгота буюу гавлын газар гэдэг нь гавлын ясны хэлбэртэй толгой байсан бөгөөд Иерусалимын хажууд байдаг байжээ.

 “Тэр үеийн загалмай дээр хүнийг амьдаар нь цовдолж алах явдал бол хүмүүсийн зохиосон хамгийн аймшигтай цаазын ял шийтгэл байсан байна. Цовдлогдсон гэмт хэрэгтэн маш удаан зовсны эцэст амьсгаа авч чадахгүй боогдож үхдэг. Гарыг нь тэлээд загалмай дээр хадаасаар хадсан байхад тэр биеийн жингийн ихэнхийг гар дээрээ үүрэхээс өөр арга байдаггүй.

Цээжний хөндий тэр үед гадагшаа, дээшээгээ татагддаг тул амьсгаагаа гадагшлуулж, дахин амьсгаа авахад хэцүү болдог. Гэхдээ цовдлуулж буй хүн хүчилтөрөгчийг тэсэхийн аргагүй хүсэх үедээ хөлөөрөө түлхэн биеэ өргөж, гар дээрээ дарах жингээс зарим хэсгийг шилжүүлэн цээжнийхээ хөндийг арай ердийн байдлаар агших боломж олгодог.

Ингэж биеэ дээшээ өргөснөөр хэрэгтэн бүтэж үхэх ээ жаахан хойшлуулдаг ч энэ нь маш их өвдөлтийг авчирдаг байв. Тэгээд  энэ үйлдэлийг тухайн хүн үхэн үхтэлээ давтан үргэлжлүүлдэг байна. Бас цовдлогдохоос өмнө тухайн хүн маш их ташуурдуулдаг бөгөөд тэр шарх нь амьсгалах тоолонд нь модон загалмайд үрэгдэж, өвдөлт нь бүр их шаналгадаг. Тэгээд амьсгалах гэж оролдох болгонд нь өвдөж, ядран, цус алдаж эцэстээ үхдэг байна.

Зарим тохиолдолд гэмт хэрэгтэн бүтэж боогдох шахсан ч үхэлгүйгээр 2-3 хоног амьд байдаг байсан байна. Ийм учраас цаазлагчид зарим үед Иох. 19:31-33 дээр бичигдсэнээр гэмт хэрэгтний хөлийг нь хугалж, үхлийг нь хурдасгадаг байлаа.” [4]

Энэ бүх зовлонг уг нь бол нүгэлтэн, гэм нүглийнхээ төлөөс ял болгон эдлэх ёстой юм. Харин бидний Эзэн ямар ч нүгэлгүй боловч эдгээр аймшигт тарчлалыг эдэлсэн нь, биднийг (нүгэлтнүүдийг) аврах Эцэгийн хүслийн биелэл байсан юм. 


[1]Вейн Грудем, Библийн Онол Сургааль. Библийн Сургалтын Төв, Гранд Рапидс: Мичиган, 1999, 251.
[2]Чой Бён Хю, “Христийн онол” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2004он), 38.
[3]Вейн Грудем “Библийн онол сургаал” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2008он),251.
[4] Вейн Грудем “Библийн онол сургаал” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2008он),






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /үргэлжлэл бий/