Monday, November 16, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 5



В.  Христ заавал зовох ёстой байсан шалтгаан юу вэ? Зорилго нь юу вэ?
     
      1)  Хүмүүний гэм нүглийн улмаас
2) Үй олны төгс аврал болохын тулд
    3) Сударыг биелүүлэхийн тулд
    4)   Эцэгийг алдаршуулахын тулд    

Христ зовсноороо юунд хүрсэн бэ? Тэр яагаад тийм их зовох ёстой байсан бэ? гэдэг нь олон үеийнхний хариултыг нь хайдаг асуулт бөгөөд, бас үл итгэгчдийн бидний эсрэг сөргүүлдэг маргааных нь үндсэн сэдэв юм.

 Үүний хариулт нь ямар нэг шалтгааны улмаас биш зорилгын улмаас байсан, гэж зарим хүмүүс үздэг. Харин би энэ судалгааг хийснээрээ Түүний  зайлшгүй зовох шаардлагатай болсон учир шалтгааныг Библи олон талаас нь ноцтойгоор гаргаж тавьдагийг баттай хэлэх байна. Бас мэдээж тэнгэрлэг агуу зорилгыг ч тодорхой илчилдэг.

Тэгэхлээр Христийн зовлонгийн шалтгаан болон зорилгыг салгаж авч үзэх аргагүй юм. Энэ хоёр нь Библид үргэлж хослон бичигдсэн ба хамтад нь судлан гаргаж ярих ёстой.

1) Хүмүүний гэм нүгэл нь Христийн зовлонгийн нэг шалтгаан. 

Түүнийг баптисм хүртсэний дараа Есүсийг Бурханы Хүү гэдгийг Бурхан Эцэг баталсан байдаг. Тэгэхлээр Бурхан нүгэлт дэлхий дээр нүгэлгүй ариун Хүүгээ мэндлүүлсэн нь ямар учиртай вэ? гэсэн асуулт урган гарна. Харин үүнд тэнгэр элч Габриел ”...Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна...” (Мт.1:21), баптист Иохан Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун” (Иох.1:29), гэж маш тодорхой хариулсан юм.

Үүнээс Түүний зовлонгийн шалтгаан нь хүмүүний нүгэл хилэнц, харин зорилго нь нүгэлтнийг чөлөөлж аврах Эцэгийн хүсэл биелэх нь юм, гэдэг нь тодорхой харагдаж байна.

Эзэн Бурхан ганцхан хүмүүнийг л Өөрийнхөө дүр төрхөөр бүтээж, Өөрийнхөө амь сүнсийг үлээж өгсөн. Тиймээс ч хүмүүсийн нүгэл хилэнц нь хамгийн түрүүнд, хамгийн хүндээр Түүний ариун зүрхийг шархлуулан зовоодог үнэнийг Библийн Хуучин гэрээнд  тодорхой гэрчилдэг ба тэр тусмаа Шинэ гэрээнд Христийн зовлон шаналал илэрхий болгон харуулдаг.

Хүний нүгэл Бурханыг хэрхэн зовоодогийг Христийн зовлон илэрхийлэн харуулдагаас гадна, бас хайр уучлал асар их үнэ өртөгтэйг илчилдэг. Интернетийн олон нийтийн сүлжээнд  “бусдыг хайрлахад ямар ч үнэ өртөггүй тул, зүгээр л бие биеэ хайрлацгаая” гэх  утгатай уриалга нилээн түгээмэл байдгийг би олж уншсан юм.

Харин Есүсийн амьдрал яг үүний эсрэгээр гэрчилдэг. Хайр болон уучлал нь асар их золиослол, зориулалт, үнэ төлөөсийг шаарддаг нь гарцаагүй үнэн юм.
“Учир нь Түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөд түүнийг мөнхөд төлж баршгүй” (Дуу.49:8), гэж Библи хэлдэг. Ийм их, хязгааргүй үнэ өртөгийг төлж, биднийг аварсан Бурханд талархаад баршгүй билээ.  

Тэгэхлээр эндээс бас Эцэг Өөрийн зорилгын төлөө Есүсийг зовоож үхүүлсэн үү? гэдэг асуулт урган гарч болох юм. Уг нь хэн Есүсийг алсан бэ? гэдгээс илүү чухал асуулт бол Бурхан Өөрийн Хүүг үхүүлэхээр илгээснээрээ гэмтнүүдийн төлөө юу хийсэн гэдэг нь гол чухал нь юм.

“Христийн цовдлогдолт нь Бурханы урьдаас тогтоосон үйл явдал байсан хэдий ч энэ нь Бурхан Түүнийг шийтгэж зовоосон гэсэн үг биш. Харин Түүнийг яллан буруутгаж зовоосон нь Иудейн шашны зүтгэлтнүүд ба харийн захирагчдын хамтарсан үйлдэл байсан. Тэдгээр хүмүүс хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх нь тодорхой ба Бурхан тэднийг өөрсдийнх нь хүслээс ангид зүйл хийхийг хүчлээгүйг санах ёстой.  Эндээс Бурхан, Христийн зовлонг зөвшөөрсөн нь, нүгэлтнүүдийн сонголтоор нь дамжуулан төлөвлөгөөгөө биелүүлсэн нь, үй олны авралын төлөө юм гэдэг нь харагдана.”[1]

“Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм” (Ром.4:25).






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/