Wednesday, November 11, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 4



Б. Шинэ Гэрээний Сайн мэдээний номуудад Христийн зовлонг гэрчлэн бичсэн нь.  

“Есүсийн амссан зовлон гурван талтай байсныг Бичээс харуулдаг.

1) Насан туршийн хавчлага зовлон.
2) Сэтгэл санааны шаналал зовлон.
3) Загалмай дээрхи бие махбодын зовлон ба үхэл.”[1]

Эдгээр нь нүгэлт хүн төрөлхтөний гэм нүгэлийн улмаас бидний Эзэн Бурханы мэдэрдэг өвдөлтийг харагдах байдлаар илчилсэн юм.

1) Насан туршийн хавчлага зовлон.
Бидний гэм нүглийн төлөө Христийн үүрсэн зовлон нь зөвхөн загалмай дээр л хэрэгжсэн биш юм. Энэ нь Тэрээр төрөхдөө л таагүй тохигүй орчинд мэндэлсэн ба тэр даруйдаа л хавчлага зовлонд өртөж байсан, мөн гэр бүлийнхэн нь ч, дагалдагч нар нь ч, төрсөн хотынхон нь ч, бүх Израиль ч, бүр баптист Иохан ч Түүнд эргэлзэж, итгэлгүй хандаж, урваж шарван, хавчин зовоож байснаар харагддаг. Харин загалмайн зовлон нь дээрх бүх зовлонт замналынх нь оргил байлаа.

Жишээ: Түүнийг бүр эхийн хэвлийд олдсон тухайд нь л эцэг Иосеф нь эргэлзэн сэжиглэж, хардаж сэрдсэн хандлагаар хүлээн авч байлаа (Мт 1:19). Дараа нь төрөх үед нь наад захын аятай тухтай орчин олдохгүйн улмаас малын саравчинд мэндэлж, тэжээлийн тэвшинд хэвтсэн нь Түүний анхны өлгий буюу ор нь байсан юм (Лк 2:5-7).

Есүсийг мэндэлсэн тухай сургийг сонссон Иерусалимчууд баярлах нь бүү хэл бачимдан сандарцгааснаар зогсоогүй (Мт 2:3), Херод хаан алуурчид илгээн, балчирхан Есүсийг алахыг санаархаж байлаа (Мт 2:16). Муу ёрын сүнс үүнчлэн сорилт дайралтуудаар бүхий л амьдралынх нь турш Түүнрүү довтолсон нь цөл дөх сорилт (Мт 4:1-11), загалмайн зовлон ба үхэлийн үед бүр хурцадмал байдлаар илэрч харагддаг билээ.

“Христийн зовлонг зөвхөн зовлонгийн 7хоногт болсон үйл явдлуудтай болон Түүний загалмай дээрх үхэлтэй холбон ойлгох нь өрөөсгөл юм. Тэрээр энэ дэлхийд махан биеээр амьдарсан нь зовлон байсан юм. Үүнийг Түүний дорд орсон зиндаа гэх бөгөөд “Дорд орох гэдэг нь Бурханлаг эрх мэдэл ба сүр алдраа нуун далдлан, хэрэглээгүй болохыг хэлж байна (Мт.3:15, Гал.3:3, 4:4, Фил.2:6-8)[2]

“Өргөн утгаараа бидний гэм нүглийн төлөө Христийн үүрсэн ял шийтгэл бол насан туршдаа амссан Түүний бие сэтгэлийн зовлон байсан. Хэдийгээр Христийн зовлон загалмай дээрх үхлээр нь дээд цэгтээ хүрсэн ч гэсэн нүгэлд унасан дэлхийд өнгөрөөсөн Түүний бүхий л амьдрал зовлонтой байсан юм.”[3]

 2) Сэтгэл санааны шаналал зовлон. 

Эзэн Есүс бас насан туршдаа сэтгэлийн шаналал зовлонг амссан юм. Зөнч Исаиа Түүний тухай Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн..” (Иса 53:3) гэж зөгнөсөн нь сэтгэлийн их дарамт шаналал, зүрх сэтгэлийн гашуудал харуусалыг нь илэрхийлсэн эш үзүүллэг юм. Тэрээр энэхүү бурхангүй нүгэлт дэлхийд цорын ганц тэнгэрлэг ариун Нэгэн байлаа.

Тээж төрүүлсэн эх нь болон зулай дээр нь гишгэж төрсөн дүү нар нь ч Түүнд итгэлгүй хандаж, эргэлзэн тээнэгэлзэж байсан нь (Мт 12:46-50) гэр бүлийнхээ хүрээнд хүртэл сэтгэл амар, түвшин тайван байгаагүйг харуулдаг. Түүний төрсөн нутаг усныхан нь ч үл тоомсорлон, басамжилж байлаа (Мт13:54-58).

Түүнийг ямар зорилгоор хаанаас илгээгдэж, хэнээр тослогдож томилогдсоныг нь Ариун Сүнсний илчлэлтээр мэдэж таньсан, Өөрийг нь олны өмнө гэрчилж байсан баптист Иохан хүртэл, Түүний хэн болох эсэх талаар эргэлзэн тээнэгэлзэж, асуулга тавин хандаж байсан нь Эзэний зүрх сэтгэлд таатай байгаагүй нь тодорхой (Мт. 11:2-3).

Түүний дагалдагч нараас олон хүн үг сургаалийнх нь үнэн мөнийг ухан ойлгохгүй шүүмжлэн буруутгаж, үл итгэн орхин явж, эргэж буцдаг байсан нь сэтгэлийн шаналалын бас нэг шалтгаан байлаа (Иох.6:60-66).

Энэ харанхуй дэлхийд тухайн үед бараг л ганц сүнсний анд нь байсан баптист Иохан хилсээр хороогдсон нь, улмаар яг л ийм хувь заяа, оноолт Өөрийнх нь өмнө байгааг мэдэж байхдаа Тэрээр түвшин амгалан байгаагүйг Библи хэлдэг (Мт. 14:10-14).

Сонгогдсон дагалдагч нар нь ч төлөвшил хүмүүжлийн хувьд дорой байж, албан тушаалд өрсөлдөж, өвөр зуураа зиндаархаж байсан (Лк.9:46) бөгөөд бүр тэдний дунд  Өөрийг нь хэдхэн зоосоор худалдах урвагч хүртэл байгааг мэдэж байсан нь (Иох.13:26-28), Түүний сэтгэлийг зовоон шаналгаж байлаа.

Тэр үеийн дэлхий дээрхи цорын ганц Үнэн Бурханд мөргөдөг сүм өргөө оршдог, мөргөл хүндэтгэлийн төв болсон Иерусалим хотынхны завхрал, урван тэрслэл, Бурханы авралын дуудлагад хандсан хэнэггүй бардам байдал зэрэг нь, мөн эдгээр нүглийнхээ улмаас хүртэх шийтгэл сүйрэл (Мт.23:37-39), Түүний сэтгэлийн шаналалын бас нэгэн  шалтгаан байсан юм (Лк.13:34-35).

Эцэст нь хамгийн хүнд бэрх, хөндлөнгийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай үед нь нөгөө итгэмжит дагалдагчид нь махан биеийн дорой байдалд ноёлуулж, Түүнийг ганцаардуулж байсан нь (Лк.22:45-46), мөн дагалдагч нараас нь хамгийн итгэмжит гэгдэх Петр ч Түүнээс гурвантаа урвасан нь дааж давахад бэрх сэтгэлийн шаналалыг өдөөж байлаа (Иох.18:17, 25-27).

Загалмай дээрх үхэл ойртох тусам Есүсийн зовлон улам хүчтэйгээр шаналгаж байсан нь харагддаг. “Сэтгэл минь үхтлээ зовж байна” гэж Есүс загалмай руу очихын өмнө хэлж байсан (Мт 26:38).

 3) Бие махбодийн зовлон ба үхэл. 

Түүнийг Ромын шүүхээс өмнө Иудейн шашны шүүх мөрдөн байцааж, харгислан зодож байлаа. Ромын шүүхэд тушаасан хойно, цэргүүд элдэвээр тохуурхан доромжилж, тэргүүнд нь өргөст титэм өмсгөн зодож байв. Түүнийг бас Херод Пилат нар нааш цааш туун Иерусалим хотоор явуулж, шившиглэн гутааж байлаа.

Эцэст нь Есүс ташуурдуулан цовдлогдхоор туугдан явсан. Тэр үед цовдлогдох ял авсан гэмт хэрэгтнүүд цовдлогдох газар хүртлээ загалмайгаа үүрэх ёстой байсан байна. Эзэн Есүс энэ л ёсоор загалмайгаа үүрч явсан боловч Тэр хэрцгийгээр ташуурдуулан цус их алдсан учраас ямарч  тэнхээгүй болсон. 

Тиймээс цэргүүд Курений Симон гэгч хүнд Түүний загалмайг албадан үүрүүлжээ. Гэмт хэрэгтнүүдийг цовдолдог Голгота буюу гавлын газар гэдэг нь гавлын ясны хэлбэртэй толгой байсан бөгөөд Иерусалимын хажууд байдаг байжээ.

 “Тэр үеийн загалмай дээр хүнийг амьдаар нь цовдолж алах явдал бол хүмүүсийн зохиосон хамгийн аймшигтай цаазын ял шийтгэл байсан байна. Цовдлогдсон гэмт хэрэгтэн маш удаан зовсны эцэст амьсгаа авч чадахгүй боогдож үхдэг. Гарыг нь тэлээд загалмай дээр хадаасаар хадсан байхад тэр биеийн жингийн ихэнхийг гар дээрээ үүрэхээс өөр арга байдаггүй.

Цээжний хөндий тэр үед гадагшаа, дээшээгээ татагддаг тул амьсгаагаа гадагшлуулж, дахин амьсгаа авахад хэцүү болдог. Гэхдээ цовдлуулж буй хүн хүчилтөрөгчийг тэсэхийн аргагүй хүсэх үедээ хөлөөрөө түлхэн биеэ өргөж, гар дээрээ дарах жингээс зарим хэсгийг шилжүүлэн цээжнийхээ хөндийг арай ердийн байдлаар агших боломж олгодог.

Ингэж биеэ дээшээ өргөснөөр хэрэгтэн бүтэж үхэх ээ жаахан хойшлуулдаг ч энэ нь маш их өвдөлтийг авчирдаг байв. Тэгээд  энэ үйлдэлийг тухайн хүн үхэн үхтэлээ давтан үргэлжлүүлдэг байна. Бас цовдлогдохоос өмнө тухайн хүн маш их ташуурдуулдаг бөгөөд тэр шарх нь амьсгалах тоолонд нь модон загалмайд үрэгдэж, өвдөлт нь бүр их шаналгадаг. Тэгээд амьсгалах гэж оролдох болгонд нь өвдөж, ядран, цус алдаж эцэстээ үхдэг байна.

Зарим тохиолдолд гэмт хэрэгтэн бүтэж боогдох шахсан ч үхэлгүйгээр 2-3 хоног амьд байдаг байсан байна. Ийм учраас цаазлагчид зарим үед Иох. 19:31-33 дээр бичигдсэнээр гэмт хэрэгтний хөлийг нь хугалж, үхлийг нь хурдасгадаг байлаа.” [4]

Энэ бүх зовлонг уг нь бол нүгэлтэн, гэм нүглийнхээ төлөөс ял болгон эдлэх ёстой юм. Харин бидний Эзэн ямар ч нүгэлгүй боловч эдгээр аймшигт тарчлалыг эдэлсэн нь, биднийг (нүгэлтнүүдийг) аврах Эцэгийн хүслийн биелэл байсан юм. 


[1]Вейн Грудем, Библийн Онол Сургааль. Библийн Сургалтын Төв, Гранд Рапидс: Мичиган, 1999, 251.
[2]Чой Бён Хю, “Христийн онол” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2004он), 38.
[3]Вейн Грудем “Библийн онол сургаал” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2008он),251.
[4] Вейн Грудем “Библийн онол сургаал” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2008он),






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /үргэлжлэл бий/

Sunday, November 8, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 3



 
                                      II.АГУУЛГА

1.       Үг судлал

“ Зовлон” гэдэг үг ямар утгатай вэ? 
Еврейгээр,ynI[`oniy {on-ee'}, baeK. ke'eb {keh-abe'}.Грекээр, “pascho, pathema, agony. Англиар,“passion, affliction, suffering”. Эдгээр үгс нь “гай зовлон, уйтгар гуниг, шаналал, өвчин зовиур, тарчлал, ганцаар тарчлах”гэсэн утгуудыг илэрхийлдэг. 

Passion” гэдэг үг нь хамгийн багадаа“ үүрэг хариуцлагын төлөөх чармайлт, Есүс Христйин зовлон” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэ үг нь “зовлон” гэсэн  Латин үгнээс гаралтай ажээ. Тиймээс ч энэ үгийг өөр ямар нэг утга агуулга бүхий хүмүүний зовлонд огт хэрэглэдэггүй. Зөвхөн Библийн түүх, Сайн мэдээний гэрчлэлтэй холбоотойгоор хэрэглэдэг юм байна.

Я. Цэвэл “Монгол хэлний тайлбар толь”“зовлон- гэдэг нь ямар нэгэн шалтгаанаар тохиолдсон бие, сэтгэлийн зүдүүр шаналгаа, гаслан зовлон, зовлон гамшиг” гэх мэтчилэн тайлбарлажээ.

         
         2.  Христийн зовлон гэж юу вэ?

А.   Хуучин гэрээнд Христийн зовлонгийн талаар юу өгүүлдэг вэ? 
             Зовлон нь гэмийн шийтгэлийн нэг хэсэг юм. Хүн гэм нүгэл үйлдсэнээр энэ дэлхийд зовлон зүдгүүр ирсэн. Гэмээс үхэл ноёрхсон, гэдэг нь Библийн ч илчлэлт, бас хүн төрөлхтөний нийтлэг ойлголт юм.   
  “Христитгэлийн шашин бол итгэгчидийн амьдралыг хүнд хэцүү байдал, зовлон зүдгүүрээс ангид мэт харагдуулдаг хийсвэрлэл бус, харин ч хүмүүн төрөлхтний мөн чанар ба хувь заяа болсон зовлон зүдгүүрийг, Христийн бодгаль болон авралын ажлын талаарх Библийн илчлэлтийн гол сэдэвтэй уялдуулж холбож өгдөг.”[1].
(Эх3:15)-д “...тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно...” гэсэн байдаг. Үүнийг хамгийн анхны сайн мэдээний зөн гэх бөгөөд Есүсийн загалмайд хадагдахыг зөгнөсөн гэж үздэг. 

Хуучин гэрээнд эш үзүүлэгч Исаиа Христийн зовлонгийн талаар маш тодорхой зураглан өгүүлдэг.  
“Эш үзүүлэгч Исаиагийн мэдээнд “зарц” чухал байр суурь эзэлж байсан. Түүнчлэн хүн төрөлхтөний төлөөх Бурханы авралын үйлсийг “Эзэний зарц”-ын хийх ажил гэж тодорхойлсон байдаг. Исаиагийн зарцын дуунуудад (Ис42:1-4, 49:1-6, 50:4-9, 52:13-53:12) “Зарц” асар их зовлон эдэлж буй тухай өгүүлдэг бөгөөд энэ нь төгс хүчит Хаан буюу Мессиаг хүлээж буй байдалтай нийцэхгүй мэт харагддаг. Гэвч яг энэ зүйлийг анхны Христэд итгэгчид Есүсийн амьдарлаас олж харсан юм.”[2]
Өөрөөр хэлбэл Исаиагийн эш үзүүллэг дэх “Зовлонт зарц” хэн байсан нь тухайн үед Иудейчүүдийн хувьд тодорхойгүй байсан гэж үзэж болох юм. Учир нь тэд яг л Давид, Соломон мэт, "төгс хүчит хаан"-ыг хүлээж байлаа. 

             Иудейчүүд Есүсийг өөрсдийнх нь хүлээж байсан Мессиа гэж итгээгүй бөгөөд (Иох 12:38) Мессиаг зовлон эдэлж, алуулна гэж бодоогүй. Харин Есүс тэрхүү Мессиа мөн байсан бөгөөд зовлон эдэлж, үхлийг амссанаараа хүн төрөлхтний гэмийн шийтгэлийг Өөр дээрээ авсан билээ.
“Исаиагийн дуунуудад гардаг Зарц нь “зүрх алдрахгүй, бяцрахгүй “ (42:4), “Тэр Бурханаас татгалзсангүй, гэдрэг ухарсангүй... “ (50:5) гэсэн байх агаад энэ зарц бусдын буруугаас болж зовлон эдэлж байгаа тухай гардаг (53:3-5). Зарцын эдлэж байгаа зовлонг зөгнөсөн нь Есүсийн нас барахад болсон үйл явдалтай яв цав таардаг. Эдгээр багцлал нь Есүсийг Хуучин гэрээний найдлага болсон Мессиа мөн гэж үзэх болсон Христийнхний ойлголтод жинтэй нөлөөлсөн.”[3]

              Энд маш тодорхой гарч буй зүйл нь Түүнийг няцалж өвтгөх нь Эзэний таалал байв”.
Есүс зовлон эдлэх болно гэж эш үзүүлэгдсэн энэ үед ч Тэрээр Өөрийн гэм буруугаас зовлон эдлэх бус, харин гэмт хүн төрөлхтний төлөө байх агаад Бурхан үүнийг хүсч байсан юм. Есүс “...Миний хүслээр биш, Таны хүслээр болог... (Мат26:39) хэмээн залбирсан бөгөөд Хуучин гэрээний зөгнөлөөс болон Шинэ гэрээний биелэлтээс Христ зовлон эдлэх болсон нь санамсаргүй хэрэг биш ба урьдаас тогтоогдсон Бурханы үйлс байсан нь харагддаг.

              (Иса.53)-д тэрхүү Зовлон эдлэх Зарцыг дараах байдлаар илэрхийлсэн бөгөөд Есүсийн амьдралд биелэлээ олсон.
Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй (Иса. 53:2, Лк. 22:24-30).
Түүнд бидний анхаарлыг татахуйц дүр төрх байхгүй (Иса. 53:2, Лк. 22:24-30).
Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдоно (Иса. 53:3, Мт. 26:57)
Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдэх болно.
Хүмүүс Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодох болно.
Тэр хүмүүний нүглийн төлөө хатгагдан, бяцрах болно.
Тэр тамлагдан зовох боловч амаа нээхгүй. 
Хавчлага, шүүх Түүнийг авч явах болно.
Тэрээр сэтгэлийн шаналлыг эдлэх болно.
Тэр Өөрийн амийг үхэл рүү асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон
Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирах болно (Иса. 53:12, Лук 23:34).

[1]Брюс Милн “Үнэнийг мэд” (Улаанбаатар хот:МТӨС, 2005он), 106.
[2] Жон.Дрэйн. “Хуучин Гэрээг Танилцуулахуйд” Улаанбаатар: МТӨС, 2006, 383-384.
[3]Жон.Дрэйн. “Хуучин Гэрээг Танилцуулахуйд” Улаанбаатар: МТӨС, 2006, 209.






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/

Friday, November 6, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 2


                                           ГАРЧИГ

I. ОРШИЛ

II. АГУУЛГА


1. Үг судлал


2. Христийн зовлон гэж юу вэ?

    A. Хуучин гэрээнд Христийн зовлонгийн талаар юу өгүүлдэг вэ?

    Б. Шинэ Гэрээний Сайн мэдээний номуудад Христийн зовлонг гэрчлэн бичсэн нь.
            1) Насан туршийн хавчлага зовлон
            2) Сэтгэл санааны хавчлага зовлон
            3) Бие махбодийн зовлон ба үхэл

    В. Христ заавал зовох ёстой байсан шалтгаан нь юу вэ? Зорилго нь юу вэ?
            1) Хүмүүсийн гэм нүглийн улмаас
            2) Үй олны төгс аврал болохын тулд
            3) Сударын зөгнөлийг биелүүлэхийн тулд
                     а. Эвлэрлийн төгс тахил болох
                     б. Үйл явдлын дэс дараалал сударт зөгнөгдсөний дагуу өрнөх
            4) Эцэгийг алдаршуулахын тулд

   Г. Тэр нь бусад зовлонгоос юугаараа онцлог вэ?
            1) Есүс ариун байсан боловч зовлон амссанаараа
            2) Бурхантай хамт байсан ч Түүгээр хаягдсанаараа
            3) Бурханы хүслийг биелүүлэхийн тулд зовсоноороо
            4) Түүний энэхүү зовлон нь үй олны аврал (Сайн мэдээ) болсоноороо
            5) Түүний зовлонгийн үр дүнд нь Тэрээр үхлийг ялсанаараа


3. Бид Христийн зовлонг хэрхэн хуваалцах вэ?

   А. Библид зовлонгийн талаар хэрхэн сургаж номлодог вэ?
            1) Есүсийн нэрийн төлөө
            2) Загалмайн Сайн мэдээний төлөө
            3) Бурханы хаанчлалын төлөө
            4) Сайныг үйлдсэнийхээ төлөө
            5) Бидний өөрсдийн төлөвшил ариуслын төлөө

   Б. Христэд итгэгчдийн амьдралд загалмай үүрэх нь хэрхэн илэрдэг вэ?
            1) Дотоод зүрх сэтгэлийн тэмцэл байдлаар
            2) Гэр бүлийн болон хамгийн ойр дотны хүмүүсийн хүрээлэл дунд
            3) Нийгмийн бусад харилцаанд
            4) Чуулганы үйлчлэлийн хүрээнд

   В. Загалмайн зовлон ба асуудал бэрхшээлийг даван туулах арга замын талаархи Библийн сургааль.

III.СУДАЛГААНЫ ХЭСЭГ

IY. ДҮГНЭЛТ

Y. НОМ ЗҮЙ

YI. ХАВСРАЛТ


                                        I.ОРШИЛ 

Зовж зүдэрч буй нэгнийг харахдаа хорон муу үйлийнхээ үрийг эдлэж буй, эсвэл хараагдсан, бүр эсвэл арчаагүй дорой, амьдрах чадваргүйн улмаас гэсэн нийтлэг хандлагаар шүүн дүгнэдэг нь хүн төрөлхтөний үндсэн шинж юм. Энэ нь бүхий л соёл иргэншил, ард түмний хувьд адилхан байдаг. Бас бүхий л цаг үеүүдэд адилхан байдгийг Библиэс харахад л ойлгож болно. Жишээ нь: Есүсийн дагалдагчид сохор хүнийг хараад энэ хүн сохорсон нь эцэг эхийнх нь гэм нүглийнх үү? (Иох. 9:2) гэж асуудаг.

Харин Христийн загалмайн зовлон болон үхэл энэхүү ойлголтыг үндсээр нь эвдсэн юм. Учир нь Есүс бол нүгэлт хүмүүний биш, харин Мөнхийн Төгс Бурханы, нүгэлгүй ариун Хүү байсан атал хорон муу нүгэлтний эдлэх ёстой зовлон зүдгүүр болон ял шийтгэлийг төгс эдэлсэн. Хүмүүсийн ойлголтоор гэм нүгэлтэн л зовдог юм бол нүгэлгүй ариун Есүс аймшигт зовлон эдэлж, харамсалтайгаар нас барсаны шалтгаан нь юу вэ? гэдэг нь заавал эрэгцүүлэн бодож, хариултыг нь хайх ёстой асуудал мөн.

Есүс ариун мөртлөө зовлон эдэлсэн нь Христийн зовлон бол хүмүүний зовлонгоос эрс өөр утга агуулгатай, онцлог шинжтэйг сануулдаг. Мөн хүмүүний зовлонгийн үр дагавар нь ямар нэгэн эерэг сайн нөлөөгүй, ач холбогдол багатай байдаг бол Христийн зовлонгын үр дүнд үхэл болон чөтгөрүүд бүрэн ялагдан сүйрч, тэдгээрийн эрхшээлд боолчлогдсон үй олон хүмүүс аврагдсан, мөн аврагдаж чөлөөлөгдсөөр байгаа нь үнэхээр гайхамшиг юм.

Харин олон хүн Есүс Христийг өөрийн аврагчаар, Бурханаар хүлээн авсаны дараа, Түүнээс асуудал бэрхшээлгүй, зовлон зүдгүүргүй, бүр цаашлан үргэлжийн амжилт ололт, баяр хөөрөөр бялхсан амьдрал, хувь заяаг горьдож, тэр ч бүү хэл нэхэж шаарддаг нь нийтлэг юм. Энэ нь зүгээр нэг жирийн итгэгчдийн асуудал биш, бүр чуулганы сүнслэг удирдагчид, үйлчлэгчид ч ийм зан хандлагатай байх нь элбэг ба энэ нь номлол сургаальд нь тусгалаа олсоноор Библийн үнэнээс гажсан, ертөнцлөг уур амьсгал бүхий, хийсвэр итгэл үнэмшилтэй итгэгчид, хамт олон төлөвших нөхцөл болдог.

Гэтэл бодит байдалд энэ ертөнц асуудал бэрхшээлээр дүүрэн, тэр тусмаа Христийн дотор зөвт, ариунаар амьдархаар шийдсэн хүмүүст тэдгээр нь бүр хүндэрсэн, хурцадмал байдлаар тулгардаг нь итгэгчдийг гайхширалд оруулдаг ба улмаар мохож шантрах, итгэлийн замаасаа ухрах шалтгаан болдог. Тиймээс би, Христэд итгэгчид зовлон зүдгүүр болон асуудал бэрхшээлд хэрхэн хандах ёстой, эдгээр асуудалд Библи ямархуу хариултыг өгдөг, Христийн загалмайн зовлон болон ялалт нь энэхүү асуудлуудын эцэсийн төгс шийдэл мөн эсэх тухайд хариултыг өгөхийг зорьсон юм.





UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас...  /үргэлжлэл бий/

Thursday, November 5, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 1

Сэдэв: “ХРИСТИЙН ЗОВЛОН ӨНӨӨГИЙН ИТГЭГЧДИЙН АМЬДРАЛД”

Судалгааны зорилго:      Энэхүү судалгааны зорилго нь бидний Эзэн Есүс Христ энэ дэлхийд ирээд нүгэлтнүүдийн төлөөх үйлчлэлдээ болон загалмай дээр цовдлогдохдоо хэрхэн зовлон эдэлж байсан талаар судалж тодруулах нь юм. Тэгээд Христэд итгэгчид чуулганы үйлчлэл болон амьдралдаа Түүний (загалмайн) зовлонг хуваалцагчид гэдгийг дахин сануулан, төлөвшилд удирдахад оршино.

Судалгааны зорилт:      Чуулганы итгэгчид Есүс Христ энэ дэлхийд бидний гэмийн төлөөс болохоор ирсэн, гэдгийг мэддэг ч энэ талаар дутуу ойлголттой учраас Христийн зовлонг хөнгөн ойлгодог. Энэ нь бид аливаа асуудал бэрхшээлгүй, саад тотгоргүй, үргэлжийн дардан үйлчлэл болон хувь заяаг шаардан нэхэх байдлаар илэрдэг. Тэгвэл итгэгчид бид харин ч Христийн зовлонг хамтран хуваалцагчид гэдгийг мэдүүлмээр байна.

Судалгааны гол асуудлууд:      Бидний Эзэн Есүс Христ хүмүүсийн гэм нүглийн төлөөс болох гэж ирээд энэ дэлхийд амьдрахдаа хэрхэн зовлонтой амьдарч, загалмай дээр нас барсан бөгөөд өнөөгийн итгэгчид Түүний зовлонгийн хуваалцагчид байх ёстой юм гэдгийг судална.  

Судалгааны асуултууд:
1. Христийн зовлон гэж юу?
2. Христ заавал зовох ёстой байсан шалтгаан нь юу вэ? Зорилго нь юу вэ?
3. Тэр нь бусад зовлонгоос юугаараа онцлог вэ?
4. Бид Христийн зовлонг хэрхэн хуваалцах вэ?
5. Библид зовлонгийн талаар хэрхэн сургаж номлодог вэ?
6. Христэд итгэгчдийн амьдралд загалмай үүрэх нь хэрхэн илэрдэг вэ?
7. Загалмайн зовлон ба асуудал бэрхшээлийг даван туулах арга замын талаархи Библийн сургааль.

Ач холбогдол:                      
Энэхүү судалгааны ажлын үр дүнд:
1. Чуулганыхаа итгэгчдэд итгэлийн амьдрал нь тийм ч дардан биш, харин ч илүү их тэсвэр тэвчээрийг, сэтгэлийн хатыг, бүрэн зориулалтыг шаарддаг гэдэгийг ойлгуулна.
2. Чуулганыхаа итгэгчдийг асуудал бэрхшээл дунд ч, зовлонтой үедээ ч талархалтай байж чадах сүнслэг төлөвшилд удирдана.
3. Би өөрөө болон итгэгчид маань Христийн зовлонгийн хамтран хуваалцагчид байх ёстойгоо гүнзгий ойлгож ухаарснаар, гомдоллох шантрах сэтгэлээс ангижрах юм.
4. Улмаар шинэ итгэгч нарт бэлэнчлэх сэтгэлгээ, хуурмаг хоосон дэлхийлэг горьдлого бүхий сүсэгийг дамжуулах бус харин ухамсартай, бүрэн хариуцлагатай, зөвт итгэлийг эхлүүлж зааж өгөх юм.

Судалгааны хязгаар:     Хуучин Гэрээ болон Шинэ Гэрээний бичээсүүдийг судалж, Христийн зовлонгийн талаар өөр бусад теологчдын ном зохиолд юу гэж хэлснийг олж харна. Хэлний бэрхшээл байгаа учраас судалгаандаа илүү түлхүү Монгол орчуулгатай ном зохиолыг оруулна.  

Судалгааны хүрээ:     Монголын Христитгэлийнхэнд танигдсан 10 цуглаанаас дор хаяж гурав буюу түүнээс дээш тооны итгэгчдээс судалгаа авна.

Судалгааны аргууд:
1. Цуглаануудаар явж, асуулга бүхий хүснэгт бөглүүлнэ.
2. Хүмүүстэй энэ судалж буй сэдвийнхээ дагуу ярилцлага өрнүүлж, тэдний санал сэтгэгдэл, гэрчлэлийг тэмдэглэж авна





UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас...                  /үргэлжлэл бий/