Saturday, June 30, 2012

7. Нөхцөл байдлыг судлах нь


Библи судлалын 5 дахь ерөнхий зарчим бол, тухайн цаг үеийн түүхэн нөхцөл байдал, газар зүйн болон соёл ахуйн онцлогыг харгалзан тайлал хийх нь юм. Библи дэх үйл явдлууд нь түүхэн тодорхой цаг хугацаанд болж өнгөрсөн ба тэр үеийн хүмүүсийн соёлыг, ихэвчлэн еврей соёл ахуйг тусгадаг. Шинэ гэрээ нь МЭ 1 зууны Палестины соёл болон түүхэн үйл явдлыг гэрчилдэг.

Тухайн үеийн түүхэн болон соёлын нөхцөл байдлыг мэдэж Библи судлалдаа ашигласнаар үнэн зөв тайлал хийх боломж ихэсдэг. Тэгээд мэдэж авсан нөхцөл байдлын талаархи мэдлэг маань, тухайн багцлалыг үнэн зөв тайлахад хэрхэн нөлөөлж буйг анхааралтай ажиглах нь чухал.

Дараа нь, тэр үеийн хүмүүстээ энэ багцлал ямар утга илэрхийлж байсныг олж тогтоох ёстой. Эцэст нь өнөө үеийнхэнд, бас надад энэхүү илчлэгдсэн утга маань ямар хамааралтай болох, хэрхэн энэ цаг үед зохистойгоор амьдрал, үйлчлэлдээ хэрэгжүүлхийг бодож тунгаах ёстой. Бас Эзэний Ариун Сүнс бүх нууцуудыг таны зүрхэнд нээхийг гуйх нь хамгийн чухал.
Аль нэг соёл, эсвэл түүхийн нэг цаг үед утга учиртай байсан ямар нэг илэрхийлэл, эсвэл мэргэн ухаан нь өөр соёл ахуй, өөр цаг үед огт утга учиргүй, үнэ цэнэгүй байх нь олонтоо. Утга өөрчлөгддөг учраас Библийн илэрхийллүүдийг тухайн цаг үеийнх нь соёлын агуулгаар нь ойлговол зөв тайлал хийх боломж өндөрсөнө.

Жиш: (Лк. 9:23)-т “—Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага.” гэсэн. Энэ цаг үед үүнийг зовлон бэрхшээлийг шантралгүй сөрөх, хичээл зүтгэлтэй байх тухай ярьж байна гэж ойлгодог. Гэтэл тэр үеийн хүмүүс “цаазын газар уруу үхэхээр явж буй ялтны талаар ярьж байна”, гэж шууд утгаар нь ойлгоцгоосон. Есүс зүгээр нэг зовлон зүдгүүр тэвчих тухай биш, харин бие махбодийн болон сүнсний үхэлийн тухай ярьж байгааг тэд мэдэж байсан.

Бас (Хаадын дэд 2:9) д Елиша Елиагаас ”—Таны сүнсийг 2 дахин илүүгээр над дээр байлгаач...” гэж гуйдаг. Өнөө үеийнхэн, тухайн сүнслэг эрх мэдэл, гайхамшгийг үйлдэх авъяас чадвараа өөрийнхөөсөө 2 дахин илүүг өгөөч гэж байна, гэж ойлгох нь элбэг. Харин (Дэд хууль 21:17) гоос харвал, энэ нь өв залгамжлах эрхийн тухай яриа байна. Елиша, Елиагийн үйл хэргийг л үргэлжлүүлэн гүйцэлдүүлэх эрхийг нь авч үлдэхийг, түүний өв залгамжлагч болохыг хүссэнийг харж болно.

Мөн (Мк.11:12-14) т Есүс инжрийн улирал болоогүй байхад, нэгэн инжрийн модыг үр жимсгүйнх нь төлөө хараасан тухай гардаг. Энэ нь одооны уншигчдад хачирхалтай, бүр шударга бус юм шиг ч санагдах нь бий. Гэвч улирлаас үл шалтгаалан сайн инжрийн мод үр жимс ургуулдаг ба цөөхөн ч гэсэн жимс олох найдвар байсан. Харин тэр мод инжиргүй байсан нь угаас үр жимсгүй мод байсныг харуулдаг.

Эдгээрээс Библи судлалд нөхцөл байдлын харгалзаа нэн чухал болохыг та харсан байх. Нөхцөл байдлыг үнэн зөв тогтооход Библи өөрөө хамгийн сайн тайлбарлагч юм. Ихэнх адармаатай багцлалуудад, нөхцөл байдлын талаархи мэдээллийг Библи өөрөө өгдөг. Тэгэхлээр “Унш, унш бас дахин Библиэ унш” гэж танд зөвлөе.

Хуучин гэрээний эхний 5н ном (Пентатух) болон түүхийн номууд нь Хуучин гэрээний ч, Шинэ гэрээний ч түүхэн болон соёлын нөхцөл байдлыг ихээр агуулдаг. Бас газар зүйн нөхцөл байдлыг мэдэж байхын тулд Библийн үеийн түүхэн газрын зургыг ашигла. Библиэс гадуурхи эртний дэлхий дахины түүх, ялангуяа Бага Ази, Палестин, Газрын дундад тэнгис хавийн ард түмнүүдийн түүх, соёлыг судла. Эдгээрийг Библитэй холбон хийсэн судалгааны ном товхимол байвал бүр сайн.


"Библийг ойлгох нь" номын 11-р бүлгээс хийсэн товчлол...