Sunday, July 8, 2012

8. Судрыг Судраар тайлах нь

Библи нь Бурханы талаар хоорондоо зөрчилддөггүй нэг л мэдээг өгдөг онцгой илчлэлт юм. Хэрвээ та өмнөх аргуудыг ашиглан тайлал хийсэн боловч үр дүнд нь Библийн бусад сургаальтай зөрчилдсөн ойлголтонд хүрсэн бол, таны тайлал асуудалтай байна. Тэгэхлээр Библийн хэлдэг ерөнхий сургаальтай таацуулан тухайн багцлалаа тайлахыг энэхүү 6 дахь зарчим шаарддаг.

Библи бүхэлдээ тухайн багцлалын шилдэг хам сэдэв юм. Судалж буй багцлалд чинь тусгагдсан санааг, Библийн бусад хэсэг дэх адил төстэй агуулга бүхий багцлалуудтай, мөн Библийн ерөнхий санаатай  жишин судлахгүй бол тэс өөр утга гаргаж аваад төөрч болзошгүй. Тиймээс ч Библийг бүхэлд нь мэдэх нь төөрөгдлөөс сэргийлнэ.

(Еф. 3:14) т “Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж” хэмээн Паулын хэлсэнийг уншаад, залбирахдаа заавал өвдөг сөгдөх ёстой гэж Библи хэллээ, гэж дүгнэж болох юм. Гэтэл ямар ч байдалтай, тэр ч бүү хэл загасны ходоодноос ч Эзэнд залбирч болох бөгөөд, байрлал биш чин зүрхний даруу хандлага л Бурханд таалагддаг гэсэн бусад сургаальтай зөрчилдсөн хэрэг болно.

Тэрслүү ба хуурамч гаж сургааль нь Библийн тодорхой хэсгийг нь онцгойлон, бусад хэсгийг үл ойшоодог хэв шинжтэй. Библийн бүхэл сургаальд таацуулан хянах хүртэлээ тухайн багцлалын утга агуулгын талаар яаран дүгнэлт хийхгүй байх даруу хандлагаар судалгаагаа хийх ёстой.

Зарим номлол зөвхөн Хуучин гэрээний олон хуулиудад түлхүү ач холбогдол өгч, Христ доторхи итгэлийн зөвтгөлийн хүчийг сааруулдаг бол, зарим нь зөвхөн Шинэ гэрээн дотор л итгэгчдийн мэдэх шаардлагатай бүх зүйл байгаа гэж туйлширдаг. Дахин хэлхэд, Библи бол нэг цогц, салгагдашгүй нэгдмэл Бурханы илчлэлт бөгөөд нэг хэсгийг нь бүхэл ухагдхууных нь хүрээнд ойлгон судлах ёстой.

Нэг л зүйлийн тухай ярьдаг Библийн өөр өөр хэсгүүд дэх ишлэлүүдийг параллел багцлалууд гэдэг. Тэдгээрийг сайтар судалснаар тухайн сэдвээр Библи бүхэлдээ юу хэлэх гээд байгааг гаргаж ирж болно.

Параллелуудыг авч үзэхдээ 1-рт, Параллел нь нэг л үнэнийг баталдаг. Санаа нь илэрхий төстэй байх ёстой. Заримдаа адилхан үг 2 ишлэлд гарсан ч параллел биш байж болохыг анхаар.
2-рт , Адил төстэй байдал ба ялгаануудыг анхааралтай харж, бичиж тэмдэглэ. Ялгаанууд нь утгад хэрхэн нөлөөлж байгааг онцлон судал. Ишлэл бүрийг хам сэдвээр нь судал.

Жиш: (Мт.10:34) т Есүс “Би энхтайвныг бус, илд авчирхаар ирсэн” гэж хэлдэг. Үүнийг шууд утгаар нь ойлгох нь зөв үү? Хам сэдвийг нь унших юм бол энд байр суурь, зэрэг зиндааны талаархи тэмцэлийн тухай өгүүлдэг. (Лк.12:51) бол үүний параллел багцлал юм. Өгүүлбэр бараг бүхэлдээ адил боловч “илд”-ийг “хагарал” гэж өөрчилсөн байна.

Өмнөх болон эндэх хам сэдвүүдийн аль аль нь, итгэлээрээ хуваагдсан гэр бүлүүдийн тухай байна. Тэгэхлээр энд жинхэнэ илд мэс, дайн дажины тухай бус, харин Христэд итгэгч нь чин сэтгэлээсээ Есүсийг дагаж, Түүнийг өөрийн амьдралд 1-рт тавьбал, тэр хүн болон гэр бүлийнх нь хооронд хагарал, зөрчил үүсэх тухай байна.


"Библийг ойлгох нь" номын 12-р бүлгээс хийсэн товчлол...