Sunday, December 20, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 11



1) Есүс Ариун байсан боловч зовлон амссанаараа.
2) Бурхантай хамт байсан ч Түүгээр хаягдсанаараа
3) Бурханы хүслийг биелүүлэхийн тулд зовсоноороо
4) Түүний энэхүү зовлон нь үй олны аврал (Сайн Мэдээ) болсоноороо    (Харин ертөнцийн дагуу зовогсодын зовлон нь өөрт нь болон бусдад үр өгөөж, ашиг тус нэмэргүй юм.)

5)Түүний зовлонгийн үр дүн санаанд оромгүйгээр эргэж, үхлийг ялсан ялалтаар төгссөнөөрөө
   
         
      1) Есүс Ариун байсан боловч зовлон амссанаараа.

Зовж зүдэрч буй нэгнийг харахдаа хорон муу үйлийнхээ үрийг эдлэж буй, эсвэл хараагдсан, бүр эсвэл арчаагүй дорой, амьдрах чадваргүйн улмаас гэсэн нийтлэг хандлагаар шүүн дүгнэдэг нь хүн төрөлхтөний үндсэн шинж юм. Энэ нь бүхий л соёл иргэншил, ард түмний хувьд адилхан байдаг ба мөн бүхий л цаг үеүүдэд хүмүүс ингэж л шүүн дүгнэж ирсэн нь түүхийн нэг үнэн юм. Үүнийг бас Библийн теологи ч баталдаг гэхэд болно. 
Нүгэлтэн нүглийнхээ шийтгэлийг эдлэж зовох нь шударга бөгөөд, түүхээр болон Библиэр баталгаажсан юм бол, бас хажуугаар нь зөвт болон нүгэлгүй Ариун Нэгэн нь яахаараа зовж шаналах шаардлагатай болчихдог нь заавал судлах ёстой чухал асуудал юм. Эндээс хоёр төрлийн зовлон ертөнцөд байдгийг Библи бидэнд ялгаж зааглан, илчилж харуулдаг болох нь ойлгогдоно. Би энэ судалгаагаараа ариун зовлонгийн оргил нь болсон Христийн зовлонгийн онцлогийг харуулахыг зорьсон.     
Есүс хүн болж эхийн хэвлийд олдох нь Ариун Сүнсний гайхамшигт ажил байсан. Тиймээс “Тэнгэр элч Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно”  (Лк.1:35), гэж Мариад (одоо бидэнд) гэрчлэн тунхагласан.
Дагалдагч Петрт Эзэний Ариун Сүнс, Есүсийг  Бурханаас ирсэн Ариун Нэгэн гэдгийг илчилсэн байдаг. “Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн...” (Лк.6:69)
Бас нэг сонирхолтой зүйл нь, Есүс Бурханы Хүү бөгөөд ямар ч гэм зэмгүй Ариун Нэгэн гэдгийг Бурханы ард түмэн болсон иудейчүүд үгүйсгэн буруутгаж байхад, харин чөтгөрүүд “Назарын Есүс ээ!... Таныг хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг чинь би мэднэ... (Мк.1:24), гэж байсан ба харь үндэстэн Понти Пилат Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй”(Иох.18:38) гэж байлаа. Бид үүнээс санаа авч чуулган доторхи бие биенийхээ эсрэг ялалт буруутгал, талцал маргаан, сөрөг уур амьсгалын талаар дахин сайтар бодох хэрэгтэй юм биш үү...    
Хуучин гэрээний үеийн эш үзүүлэгчид тослогдсон, сонгогдсон, ард түмнээсээ ялгарсан онцгой хүмүүс байсан нь зовлонгийнх нь шалтгаан болдог ч, Христ шиг төрөлх мөн чанараараа ч, сүнслэг эрх мэдэл, тэнгэрлэг байр сууриараа ч, хамгийн гол нь үүрсэн зовлонгийнх нь шалтгаан ба зорилгын мөнхийн ач холбогдлоороо ч онцгой ялгарч байгаагүй юм.  Тэгэхлээр ариун нэгэний зовлонгийн нэг үндсэн шалтгаан нь, нүгэлтнүүдийн дунд тэнгэрлэг мөн чанараараа эрс ялгардагаас үүдэлтэйг Библи гэрчилдэгийг харж болно .    
           
   2)  Бурхантай хамт байсан ч Түүгээр хаягдсанаараа

Тэрээр “...өвчин, зовлон, үхэл, хагацлаас айсандаа бус харин хэсэг хугацаанд Бурханаас тусгаарлагдах гэж байсандаа ийнхүү зовж, шаналж байв. ”[1]
             
        Тэр Бурханы ард түмэн болох иудейчүүдэд гологдсоноор барахгүй дагалдагчид нь ч Гетсеманд байхад нь Түүнийг орхин зугтаасан (Мт 26:56, Мк14:34). Харин үүнээс илүү аймшигтай гологдлыг загалмай дээр байхдаа амссан нь Бурхан Түүнийг хаясан явдал юм.
            Уг нь иудейчүүдийн удирдагчдын нэг Никодем гэгч хүн шөнөөр Есүс дээр ирээд, “... Учир нь Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй...” (Иох.3:1, 2), гэж тунхаглаж байв.
            “Намайг Илгээгч нь Надтай хамт байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй...” (Иох.8:29), гэж гэрчилж байсан Тэрээр орилон байж “Бурхан минь, Бурхан минь юунд Та Намайг орхив” (Мт 27:46) гэснээс харвал хэний ч, хэзээ ч мэдрээгүй ганцаардлыг Есүс амсжээ.  

Учир нь Тэр загалмай дээр “нүгэл” болсон учир Бурхан Эцэг нь Түүнийг Өөрөөсөө тусгаарласан. Бид магадгүй энэ талаар нухацтай бодож үзэх нь Христийн шаналалыг улам ойлгоход тус болж болох юм.


[1]Томас Хэйл, Шинэ гэрээний хэрэглээний тайлбар толь,  (УБ:МТӨС 2004он), 282





UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/