Tuesday, December 8, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 9





            4)  Эцэгийг алдаршуулахын тулд

          Анхнаасаа Түүний мэндэлсэн үйл явдал нь Бурхан Эцэгийн алдарын төлөө юм гэдгийг тэнгэр элч нар зарлан тунхагласан юм. ”Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай...” (Лк.2:14).
             
          Тэрээр үйлчлэлээрээ Эцэгийгээ алдаршуулхад онцгой анхаарч байлаа. ”...Есүс энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ” (Иох.11:4).  “Шавь нар нь Түүнээс...хэн нүгэл үйлдсэнээс энэ хүн сохор төрсөн юм бэ?... хэмээн асуусанд Есүс...харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулахын тулд юм” (Иох.9:1-3).   
             
           Тэр шавь нараа сургахдаа Эцэгийг алдаршуулах нь Өөрийнх нь зорилго байсны адил тэдний ч зорилго юм, гэдгийг тодорхой заасан. “Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана...” (Иох.15:8), “... Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулагдах юм...” (1Пт.4:11)
            
            Тэр хавчигдан шаналж, сэтгэлийн зовлон эдэлж байхдаа энэ бүхэн Эцэгийн алдарын төлөө юм гэдгийг үргэлж гэрчилдэг байсан. “Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ?Аав аа, энэ цагаас Намайг авраач гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн. Ааваа нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс –Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна, гэсэн дуу гарлаа.”(Иох.12:27-28). 
             
         Ялангуяа загалмай дээрхи зовлонт үхэл нь мөн л Бурхан Эцэгийг алдаршуулах зорилготойг гэрчлэн тунхаглаж байлаа. “—Одоо, Хүний хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа. Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол, Бурхан Өөрийнхөө дотор түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна”  (Иох.13:31, 32).
  
      Гэмт хүний ертөнцийн сүр жавхлан, алдар хүндэтгэлийн талаархи ойлголт, үнэлэлт дүгнэлт нь биднийхээс эрс өөр юм. Хүмүүсийнхээр бол гял цал өнгөлөг гадаад байдал бүхий баярхал чамирхал, уур хилэн яллалт буруутгал бүхий шүүн шийтгэх эрх мэдэл, цэцэрхэл ихэрхэл бүхий үзэл суртал зэрэг нь харагдах байдлаар айдас төрүүлэм сүр бараатайгаар сүндэрлэж байх ёстой. Ийм л зүйлийг хүмүүс харахыг хүсдэг ба хүссэн зүйлээ харвал шагшин магтаж алдаршуулдаг.

        Хэдийгээр Бурхан Эцэг маань Синайн уулан дээр гал болон багширах утаа, бүрээн дуу болон түнэр харанхуйгаар газар доргиулан бууж ирсэн лүүгээ адилаар, одоо цагт ч Өөрийгөө алдаршуулан илчилж болох ч, энэ нь хүмүүний зүрхэнд айдас дарамтыг авчирхаас өөр үр өгөөж багатайг Израилийн түүх харуулсан. “Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн, тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн дагжин чичрэв... Бурхан галаар буун ирсэн учир Синай уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа” (Дх.19:16, 18).  
             
          Энэ үйл явдал нь Эзэнээс эмээхүйг Түүний ард түмний зүрхэнд суулгах зорилготойг “Бүү айцгаа. Учир нь Бурхан та нарыг шалгахын тулд, мөн та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ Түүнээс эмээхүйг та нарт байлгахын тулд ирсэн юм” (Ег.20:20), гэж Мосе гэрчилсэн байдаг. Тэгээд ч энэ арга нь бидний Бурханы язгуур мөн чанарыг бүрэн дүүрэн алдаршуулан илчилж чаддаггүй. “...Учир нь Бурхан бол хайр билээ” (1Иох.4:8).
             
         Харин Есүс баптист Иоханы талаар гэрчлэхдээ сүр жавхлан болон алдар хүндэтгэлийн талаархи дээрхээс тэс ондоо тэнгэрлэг үнэлэмжийг илчилсэн. “Та нар юу харах гэж цөл руу очсон бэ? ... хээнцэр хувцасласан хүнийг үү?... Эш үзүүлэгчийг үү?... Эмэгтэйгээс төрөгсөдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нэгэн нь ч түүнээс агуу билээ...” (Лк.7:25-28).  
            
          Яг үүн лүүгээ адилаар Өөрөө ч гологдон, зовлонт үхлээр үхсэн нь Эцэгийн алдрын төлөө юм, гэж айлдаж байсан. “—Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач... Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав” (Иох.17:1, 4).
            
        Христийн загалмайн зовлон ба үхэл нь бидний Бурханы хайр өршөөлийн, энэрэл нигүүлсэлийн, эгэл даруу мөн чанарыг төгс илчлэн харуулж алдаршуулдаг билээ. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ” (Иох.3:16, 17).




UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/