Thursday, December 3, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 8



            б. Үйл явдалын дэс дараалал Сударт зөгнөгдсөний дагуу өрнөх

            Анхнаасаа Түүний хүний хорвоод мэндлэх үйл явцын дэс дараалал, цаг хугацаа болон газар нутаг зэрэг нь бүгд Сударт урьдчилан зөгнөгдсөний дагуу байсан нь маш тодорхойгоор бичигдэж үлдсэн.  “Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь Эзэн эш үзүүлэгчээр дамжуулан айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ харагтун, онгон бүсгүй хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануэл (орчуулбал бидэнтэй хамт буй Бурхан) гэж нэрлэнэ...”  (Мт.1:22-23).
“Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн, нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж хүү төрүүлээд, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ” (Иса.8:10).
“Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй” (Мик.5:2)
            
            Тэрээр үйлчлэлдээ Судараас гажсан юуг ч хийгээгүй ба харин ч үйлчлэлээр нь дамжин Сударын зөгнөлүүд гүйцэд биелэгдэхэд онцгой анхаардаг байсан. ”Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ”Би сургаалт зүйрлэлээр ам нээнэ. Би... нууцлагдсан зүйлсийг хэлэх болно” гэсэн байна  (Мт.13:35).
“Миний хүмүүс ээ, миний сургамжийг сонс. Миний амнаас гарах үгийг чих тавин сонс. Би сургаалт зүйрлэл ярин ам нээнэ. Би эртний нууц үгсийг дуудна” (Дуу.78:1, 2)   
             
            Тэр тусмаа үйлчлэлийнх нь эцэсийн зовлонт төгсгөл ирэх үед ч үйл явдалын өрнөлийн нэг ч зүйл Сударын зөгнөлөөс зөрөхгүй байхад Өөрөө хичээнгүйлэн санаа тавьж байлаа. Гетсемани цэцэрлэг дэх тэр нэг аймшигт харанхуй шөнийн үйл явдалын цаад учир шалтгааныг Эзэн Өөрөө   “Тэгэхэд Есүс тэдэнд  --Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ...  Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ? гэв...  Есүс хурсан олонд...  Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тулд болов  (Мт.26:31, 54-56), гэж тайлбарлаж байлаа.
“Илд ээ, Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж түмэн цэргийн Эзэн тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун...” (Зех.13:7)
            
            Бүр цаашлан Түүнийг гучин мөнгөн зоосоор зарах, тэрхүү орлогоор нь Ваарчны талбайг худалдан авах (Мт.27:9), /Сайн мэдээг бичсэн Матай нь Иеремиагийн (Иер.32:6-9)  зөгнөлөөс болон Зехариагийн (Зех.11:12, 13) зөгнөлүүдээс нийлүүлж, нэгтгэн хэлсэн бөгөөд ингэхдээ тухайн үед өргөн хэрэглэдэг байсан заншлын дагуу илүү өндөр насалсан, илүү алдар хүндтэй эш үзүүлэгчийнх нь л нэрийг дурдсан байна. Бялхам амь” судлал Библиэс /
“Би тэдэнд “Хэрэв энэ нь та нарт сайн гэж үзэгдвэл надад хөлсийг минь өг. Харин, хэрэв үгүй бол боль” гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекелийг хэмжив. Эзэн надад “Би тэднээр үнэлүүлсэн энэхүү гайхамшигт үнэ хөлсийг ваарчин уруу шид” гэв. Ингээд би гучин мөнгөн шекел авч, Эзэний өргөөн дотор ваарчин уруу чулуудав” (Зех.11:12, 13),

гадуур болон дотуур хувцасыг нь хуваан авах үйл явдал ч (Иох.19:24), “Учир нь намайг ноход хүрээлжээ. Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ. Тэд миний гар хөлийг нэвт хатгасан. Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж над уруу гөлрөн ширтдэг. Тэд миний гадуур хувцасыг хоорондоо хувааж, миний дотуур хувцасны төлөө шоддог” (Дуу.22:16-18),

мөн шаналант үхэлийн торгон мөчид ч цангасандаа биш, харин Судар биелэхийн тулд цууг нэхэж уусан (Иох.19:28, 29) “Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй. Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй. Тэд бас надад миний хүнсэнд цөсийг, намайг цангахад уулгахаар цууг өгсөн” (Дуу.69:20, 21), зэрэг үйл явдал Сударт бичигдсэнтэй яв цав таардаг нь үнэхээр гайхалтай юм.
            
            Эцэст нь, Есүсийг үхсэн хойно нь ч Тэнгэрлэг Эцэг Сударт зөгнөгдсөний дагуу үйл явц өрнөхөд анхаарч нөхцөл байдалыг удирдсан нь, бидний Бурханы үнэмлэхүй сүр хүч, эрх мэдлийг гэрчилдэг. Сударын “Түүний нэг ч яс хугалагдахгүй” гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. Тэд жадалсан хүн уруугаа харах болно”, гэж мөн өөр Сударт хэлдэг.” (Иох.19:36, 37).   
“Тэр түүний бүх ясыг хамгаалдаг. Тэднээс нэг нь ч хугараагүй юм” (Дуу.34:20).
“Би нигүүлсэлийн гуйлтын Сунсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно” (Зех.12:10). 

Тэгэхлээр Түүний ухамсартайгаар, тууштайгаар зовлон зүдгүүрийг үүрсэн нэг чухал шалтгаан болон зорилго нь Сударын эш үзүүллэгийг бүрэн төгс, алдаа мадаггүй биелүүлэх үүрэг хариуцлагын улмаас юм гэдэг нь тодорхой харагдаж байна.




UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/

Sunday, November 29, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 7


3) Сударыг биелүүлэхийн тулд
         
            а.  Эвлэрлийн төгс тахил болох   
Христийн зовлонгийн нэг, магадгүй хамгийн чухал шалтгаан болон зорилго нь Сударыг биелүүлэх нь юм. Христийн үеийн Израиль дахь Судар нь Хуучин гэрээ бөгөөд, Хуучин гэрээний цөм нь Мосегийн хуулийн номууд юм. Хуулийн нэн чухал гол заалтууд нь тахил өргөлийн хуулиуд билээ. 

Израильчууд ууган хүүгээ золихын тулд, Бурхантай эвлэрэхийн тулд, гэмийн уучлалд зориулж, гэх мэт олон зорилгоор тахил өргөдөг байсан. Гэхдээ энд анхаарах нэг зүйл нь хүнийг өргөл тахил болгохыг хуульчлан хориглоод (Лев.20:2-4, Дх.18:9-10), хэрвээ ийм тохиолдол гарвал, тухайн хүнийг тавин шекел мөнгөөр золин (Лев.27:1-8) чөлөөлөх тухай заасан байдаг.  

Гэтэл энэ хориг болон заалт нь Есүсийн хувьд огт эсрэгээрээ эргэсэн нь тун гайхмаар юм. Хэрвээ үйл явдлыг хөндлөнгөөс торгон ажиглаж, сүнслэг үнэлэлт дүгнэлт өгөх хэн нэгэн байсан бол (мэдээж байсан нь тодорхой), яав ч энэ хүн Бурханаар хараагджээ (жигшигдсэн, үзэн ядагдсан, орхигдсон, шийтгэгдсэн), гэдэг дүгнэлтэнд хүрэх нь зайлшгүй байлаа.

            Ядаж байхад Түүнийг цаазлахдаа загалмай дээр хадах шийдвэр гаргасан нь хуульд заасан “модон дээр өлгөгдсөн хүн бол Бурханаар хараагдсан болой” (Дх.21:23) гэсэн заалтын биелэл болсон нь, дээрхи дүгнэлтийг улам баталгаажуулах мэт. Тэрээр Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрч “Хуулийг эсвэл Эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн ” (Мт.5:17)
гэж тунхаглаж байлаа.

Бурханы ард түмэн гэмийн уучлалыг авч, Эзэн Бурхантайгаа төгс эвлэрсэн байхын тулд төгс тахил хэрэгтэй байлаа. Тодорхой мөчлөг бүрт өргөдөг малын тахил нь төгс эвлэрүүлэл болж чадаагүйг Израильчуудын түүх харуулдаг.  

Тэгэхлээр Бурхан нүгэлт дэлхий дээр нүгэлгүй ариун Хүүгээ мэндлүүлсэн бас нэг, магадгүй хамгийн чухал, учир шалтгаан ба зорилго нь хуулийн дагуух төгс тахилыг өргөж, ард түмэнтэйгээ эвлэрэх нь юм. 

           Үүнийг тэнгэр элч Габриел ”...Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна...” (Мт.1:21), баптист Иохан “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун “ (Иох.1:29), гэж маш тодорхой тайлбарласан бол, Хуучин гэрээнд Исаакийг тахил болгон өргөхөөр явж байсан Абрахам “...Бурхан Өөрийгөө хургаар хангана” (Эх.22:8), гэж гайхалтайгаар зөгнөн тунхагласан юм.

             Гэм нүгэлтний өмнөөс огт гэм нүгэлгүй өөр хэн нэгэн нь цусаа урсгаж, амиа өргөх нь хүмүүний өнцөгөөс бол яав ч байж боломгүй мунхаглал юм. Харин бидний Эзэн Бурханы ариун төгс зүрх сэтгэл дэх “хайрын шүүлт болон шийдэл” нь энэ байсан юм.
“Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертөнц өөрийн мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм... Яагаад гэвэл Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг ” (1Ко.1:21, 25).

Ийм гайхалтай тэнгэрлэг авралын арга замыг бодож төлөвлөөд, түүнийгээ Өөрийн биеэр төгс гүйцэлдүүлэхийн тулд аймшигт зовлонг эдэлсэн, бидний Эзэн Есүс Христ алдарших болтугай. 





 UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/

Friday, November 20, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 6



2) Үй олны төгс аврал болохын тулд

“Бид Есүсийг жинхэнэ хүн байсан гэдгийг орхигдуулах, эсвэл үүний хүчийг нь бууруулах нь зохисгүй юм. Энгийнээр хэлвэл, Тэрээр Бурхан байсан боловч гэм нүгэлд унасан дэлхий дээр хүн болон ирсэн тул хүний адилаар зовлон эдлэх нь гарцаагүй байсан юм. “Бурханы Хүүг хүмүүний зовлонгоос чөлөөт байсан хэмээн төсөөлдөг хүмүүс Түүний хүмүүн байсныг жинхэнээсээ хүлээн зөвшөөрдөггүй (Калвин).”[1]

“Есүст хүнд хэцүү даалгавар өгөгдөх тусам, тэр байтугай зовлон шаналал туулах хэрэгтэй болсон үед ч Түүний хүмүүн ёс суртахууны чадвар, дуулгавартай байх чадвар, өмнө нь тулгарах улам бүр хүндрэх нөхцөл байдлын дор өссөөр байсан. Түүний сэтгэлийн хат бэрхшээл зовлонг туулах бүрт улам батжиж байсан гэж хэлж болно.”[2]

“Тэр бүхий л амьдарлынхаа туршид нүгэл үйлдэж байгаагүй, нүгэлгүй Нэгэн байсан. 
 Хэрэв Есүс нүгэл үйлдэж байгаагүй юм бол Тэр хэзээ ч жинхэнэ хүн байгаагүй, яагаад гэвэл хүн бүр гэмтэй гэж зарим хүмүүс үгүйсгэдэг. Гэвч энэ үгүйсгэл нь хүний гажуудан доройтсон одоогийн нөхцөл байдлыг тооцож үзээгүй хэрэг юм. Бурхан биднийг нүгэлт чанартайгаар бүтээгээгүй, харин ариун зөвт байдал дотор бүтээсэн. Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт нүгэл үйлдэхээсээ өмнө жинхэнэ хүн байсан.”[3]

Еврей номыг бичигч бидэнд “Есүс нүгэлгүй атлаа бүх талаар соригдсон” тул биднийг бүрэн дүүрэн ойлгож, нигүүлсэн өрөвддөг (Ев2:8,4:15-16). Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна (Ев2:18) гэсэн байдаг. Есүсийн хүмүүн чанар бидний амьдарлын үлгэрлэн дууриах загвар болдог (1Иох2:6,1Петр2:21).[4].

“Олон хөвгүүдийг алдар руу авчрахдаа тэдний авралын Зохиогчийг нь зовлонгоор дамжуулан төгс болгох нь Түүнд зохистой байжээ ( Евр.2:10). “...төгс болгох нь...” энэ нь  Христ ёс суртахууны талаас юм уу, эсвэл сүнсний хувьд төгс болох шаардлагатай байсан гэсэн үг биш юм. Энд үүрэг ролийн тухай яригдаж байгаа бөгөөд Христ хүмүүн байдлынхаа хувьд, үхэл зовлонг тэвчин гарвал  Өөрт нь итгэх хүмүүсийн төгс Аврагч нь болох юм.”[5]

Үүнээс харвал Есүс Христ яг л нүгэлт хүмүүний адил бие махбодь, сүнс сэтгэл санаа, оюун бодол зэрэг бүхий л талаар зовлон эдэлсэн. Христ бидний өмнөөс насан туршдаа хуулийг төгс дагахаас гадна бидний гэм нүглийн шийтгэлийг төлөхөд шаардлагатай зовлонг Өөр дээрээ авсан.


[1]Брюс Милн “Үнэнийг мэд” (Улаанбаатар хот:МТӨС, 2005он), 166.
[2]Вейн Грудем “Библийн онол сургаал” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2008он),231.
[3] Вейн Грудем “Библийн онол сургаал” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2008он),231.
[4]Вейн Грудем “Библийн онол сургаал” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2008он),235.
[5]ДональдС.СтампсБялхамАмь”судлалбибли, УБ: Ариунбичээсбиблийннийгэмлэг, 2004, 2134. 






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/

Monday, November 16, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 5



В.  Христ заавал зовох ёстой байсан шалтгаан юу вэ? Зорилго нь юу вэ?
     
      1)  Хүмүүний гэм нүглийн улмаас
2) Үй олны төгс аврал болохын тулд
    3) Сударыг биелүүлэхийн тулд
    4)   Эцэгийг алдаршуулахын тулд    

Христ зовсноороо юунд хүрсэн бэ? Тэр яагаад тийм их зовох ёстой байсан бэ? гэдэг нь олон үеийнхний хариултыг нь хайдаг асуулт бөгөөд, бас үл итгэгчдийн бидний эсрэг сөргүүлдэг маргааных нь үндсэн сэдэв юм.

 Үүний хариулт нь ямар нэг шалтгааны улмаас биш зорилгын улмаас байсан, гэж зарим хүмүүс үздэг. Харин би энэ судалгааг хийснээрээ Түүний  зайлшгүй зовох шаардлагатай болсон учир шалтгааныг Библи олон талаас нь ноцтойгоор гаргаж тавьдагийг баттай хэлэх байна. Бас мэдээж тэнгэрлэг агуу зорилгыг ч тодорхой илчилдэг.

Тэгэхлээр Христийн зовлонгийн шалтгаан болон зорилгыг салгаж авч үзэх аргагүй юм. Энэ хоёр нь Библид үргэлж хослон бичигдсэн ба хамтад нь судлан гаргаж ярих ёстой.

1) Хүмүүний гэм нүгэл нь Христийн зовлонгийн нэг шалтгаан. 

Түүнийг баптисм хүртсэний дараа Есүсийг Бурханы Хүү гэдгийг Бурхан Эцэг баталсан байдаг. Тэгэхлээр Бурхан нүгэлт дэлхий дээр нүгэлгүй ариун Хүүгээ мэндлүүлсэн нь ямар учиртай вэ? гэсэн асуулт урган гарна. Харин үүнд тэнгэр элч Габриел ”...Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна...” (Мт.1:21), баптист Иохан Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун” (Иох.1:29), гэж маш тодорхой хариулсан юм.

Үүнээс Түүний зовлонгийн шалтгаан нь хүмүүний нүгэл хилэнц, харин зорилго нь нүгэлтнийг чөлөөлж аврах Эцэгийн хүсэл биелэх нь юм, гэдэг нь тодорхой харагдаж байна.

Эзэн Бурхан ганцхан хүмүүнийг л Өөрийнхөө дүр төрхөөр бүтээж, Өөрийнхөө амь сүнсийг үлээж өгсөн. Тиймээс ч хүмүүсийн нүгэл хилэнц нь хамгийн түрүүнд, хамгийн хүндээр Түүний ариун зүрхийг шархлуулан зовоодог үнэнийг Библийн Хуучин гэрээнд  тодорхой гэрчилдэг ба тэр тусмаа Шинэ гэрээнд Христийн зовлон шаналал илэрхий болгон харуулдаг.

Хүний нүгэл Бурханыг хэрхэн зовоодогийг Христийн зовлон илэрхийлэн харуулдагаас гадна, бас хайр уучлал асар их үнэ өртөгтэйг илчилдэг. Интернетийн олон нийтийн сүлжээнд  “бусдыг хайрлахад ямар ч үнэ өртөггүй тул, зүгээр л бие биеэ хайрлацгаая” гэх  утгатай уриалга нилээн түгээмэл байдгийг би олж уншсан юм.

Харин Есүсийн амьдрал яг үүний эсрэгээр гэрчилдэг. Хайр болон уучлал нь асар их золиослол, зориулалт, үнэ төлөөсийг шаарддаг нь гарцаагүй үнэн юм.
“Учир нь Түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөд түүнийг мөнхөд төлж баршгүй” (Дуу.49:8), гэж Библи хэлдэг. Ийм их, хязгааргүй үнэ өртөгийг төлж, биднийг аварсан Бурханд талархаад баршгүй билээ.  

Тэгэхлээр эндээс бас Эцэг Өөрийн зорилгын төлөө Есүсийг зовоож үхүүлсэн үү? гэдэг асуулт урган гарч болох юм. Уг нь хэн Есүсийг алсан бэ? гэдгээс илүү чухал асуулт бол Бурхан Өөрийн Хүүг үхүүлэхээр илгээснээрээ гэмтнүүдийн төлөө юу хийсэн гэдэг нь гол чухал нь юм.

“Христийн цовдлогдолт нь Бурханы урьдаас тогтоосон үйл явдал байсан хэдий ч энэ нь Бурхан Түүнийг шийтгэж зовоосон гэсэн үг биш. Харин Түүнийг яллан буруутгаж зовоосон нь Иудейн шашны зүтгэлтнүүд ба харийн захирагчдын хамтарсан үйлдэл байсан. Тэдгээр хүмүүс хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх нь тодорхой ба Бурхан тэднийг өөрсдийнх нь хүслээс ангид зүйл хийхийг хүчлээгүйг санах ёстой.  Эндээс Бурхан, Христийн зовлонг зөвшөөрсөн нь, нүгэлтнүүдийн сонголтоор нь дамжуулан төлөвлөгөөгөө биелүүлсэн нь, үй олны авралын төлөө юм гэдэг нь харагдана.”[1]

“Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм” (Ром.4:25).






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/