Saturday, March 14, 2009

2. Хавчлага ба Чуулган


Ром нь тухайн үед олон үндэстний янз бүрийн шашин шүтлэг, итгэл үнэмшилийн эрх тэгш зэрэгцэн оршдог, олон хөлийн газар байсан боловч, МЭ54-74 онуудад хаанчилж байсан Неро хааны үед Христчидийн эсрэг хатуу ширүүн хавчлага өрнөсөн. Тэр үед Ром хотын 3-ны 1-ийг шатаасан маш том түймэр дэгдсэн. Энэ түймэрийн гол буруутан нь Христчид, гэж Неро зарлаад, Чуулганыг мөрдөн хавчиж эхэлсэн.

Үнэндээ бол шударга зөвт, өндөр ёс суртахуунтай, эрх тэгш хамтын амьдарлыг тунхаглан, үйлсээрээ харуулж чаддаг байсан Христчидийн нөлөө улам өсөж байсан. Мөн Эзэн Есүсээс өөр хаан байхгүй гэдэг итгэгч нар, хүнд (Ромын хаанд) мөргөхөөс татгалздаг байсан зэрэг нь, өөрсдийгөө өргөмжлөн, бусдыг өмнөө сөгтгөх гэсэн бардам дарангуй хаад захирагчдын эгдүүг хүргэсэн нь далд шалтгаан нь байсан.

Тэр үеийн religio illicita буюу хууль бус гэсэн хэллэг нь, Христчидийн тодорхойлолт болж байлаа. Засаглал, эрх мэдэл, эмх цэгц, дэг журам болон итгэл үнэмшил, сүсэглэл, ертөнцийг үзэх үзэл зэрэг нь Ромын хууль, хаадын эрх мэдэл дор нэгдмэл нэг байх ёстой (Яг үнэндээ тийм. Гэхдээ Христийн дотор), гэсэн үзэл хүчээ авч байлаа.

Итгэлийнхээ төлөө хэлмэгдэж, амиа алдагсадын олонхи нь эгэл жирийн хүмүүс, эмэгтэйчүүд, ядуучууд боолчууд байсан. Эзэн тэдэнд гайхалтай эр зоригийг өгдөг байсан тул, тэд толгой өндөр үхлийг угтдаг байв. Тэднийг өлсгөлөн арсланд хаяж, загалмайд цовдолж, дүүжилж, шатааж бас итгэлээсээ ухарвал, Эзэнийг үгүйсгэвэл өршөөж шагнахаар амлаж байлаа. Энэ үеэр Ромд Петр, Паул нар амь үрэгдсэн ба Петр уруугаа харж Ватиканы толгод дээр цовдлогдсон нь, одоогийн Ватиканы газар нутаг юм.

Тражан захирагчийн үед, итгэлээсээ ухарч хиймэл шүтээнд өргөл өргөвөл, өршөөгдөн libella гэдэг үнэмлэх авдаг байв. Энэ аргыг цаашдаа олон захирагчид хэрэгжүүлэх болсон. Тиймээс ч хахууль өгөөд, эсвэл хэн нэгнийг өөрийнхөө өмнөөс мөргүүлээд libella-г авах нь элбэг болсон. Энэ нь тухайн үедээ олон хүнд гарах гарц юм шиг санагдаж байсан ч, хожим Чуулганы дотоодод олон асуудлыг бий болгосон.

Ийнхүү 300-гаад жил болоход Ромын захирагчид, хаадаас Христрүү ирсэн нэг ч хүн байгаагүй. Эцсийн аймшигт хавчлагын үеэр Баруун Ромд Константин эрх мэдлийг гартаа авахаар тэмцэж, өөрийн талынхныг бүрдүүлж байлаа. Энэхүү тэмцэл хуйвалдаан нь хүчээ авч дайн болон өрнөхөөс өмнөхөн (МЭ312 онд) тэрээр тэнгэрт нэгэн тэмдэг харсан нь “загалмай” байлаа. Мөн “…чи түүгээр ялах болно…” гэсэн дууг сонссон гэдэг. Тэгээд тэр дайчдынхаа бамбай дээр загалмайн дүр байрлуулан тулалдаанд орсон ба улмаар ялалт байгуулсан байдаг. Засгийн эрхэнд гармагцаа “Edict of Milan” гэсэн хууль гаргаж, Христитгэлийн эсрэг бүх хавчлагыг зогсоож, бүр хориглосон юм.

Тэр үнэхээр бүх зүрхээрээ Эзэнд итгэж, дахин төрж чадсан нэгэн үү?! эсвэл үгүй юу?! гэдэг талаар янз янзын зөрүүтэй таамаг байдаг. Ямартаа ч Эзэн түүгээр дамжуулан их хавчлага, утга учиргүй цус урсгалтыг зогсоосон юм. Христчидийн даруу төлөв, хайр уучлалаар дүүрэн хандлага, амьдрал нь, бас үхлийг ч үл тоон ялан дийлэх эр зориг нь, нийгэмд маш хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Хавчигчид ч залхаж байлаа. Яаж ч хавчаад дарагдахгүй, хүссэн үр нөлөө нь гарахгүйгээр барахгүй, олны дунд бахархал нь болж алдаршиж байлаа.

Хавчлагын үр дүнд Чуулганы суурь шижирээр, цэврээр тавигдсан ба Чуулган нь чанаржин хүчирхэгжсэн юм. Бохир хортой, хуурамч итгэгчид, байр суурь, эрх мэдэл хөөцөлдөгчид (хольц) тунгаагдан ялгарч, шахагдан гарсан ба “нүүр царай”-гаа таниулсан юм. Libella-гаар амиа авч үлдэгсэдийг хүлээн авахгүй,”урвагчид” гэж яллах сүм цуглаан ч байсан. Тэд өөрсдийгөө “жинхэнэ Христчид” гэж үздэг болсон.

Бас,”…тэдний сул доройг нь Эзэн уучилсан,бид ч уучлах ёстой..” гэж үзэн, тэднийг хүлээн авах сүм цуглаан ч байсан. (Энэ байдал, Чуулганы түүхэнд орон нутгын чанартайгаар нилээн давтагддаг. Жиш: Солонгос улс Японы түрэмгийлэлд өртсөн үед, Япончуудын зүгээс Чуулганыг харгисаар хавчиж, мөрдөн мөшгөж байсан. Энэ үед аялдан дагалдсан ба үл дагалдсан гэсэн үндэслэлээр Солонгос Чуулган хоёр үндсэн урсгалд хуваагдсан гэдэг.)





Шалгасан багш: Жэйн Синиор
"Чуулганы түүхийг танилцуулахуй" хичээлийн лекцээс (UBTC)