Saturday, March 14, 2009

7. Шинэчлэл ба Чуулган


Ромын католик шашны гол алдаа нь улс төртэй хэт хутгалдан эрх мэдэлд шунасан. Библийг зөвхөн латин хэлээр л уншиж цөөнхийн хүрээнд ойлгож, өмчилж байсан. Эдийн засгийн асуудалд хэт их ач холбогдол өгч, нүсэр аппаратаа тэжээхэд анхааран, татвар өглөгийг л чухалчилж, шаардлагатай үед албадан зальдан авдаг байв. Теологийн хувьд ч завхарч маш их хиймэл шүтээнтэй болон, Мариа ба бусад гэгээнтнүүдийг шүтэх болсон. Санваартнууд өөрсдөө үлгэргүй завхай, шуналтай, ёс суртахуунаар бузар болсон байлаа. Сүмийн зүгээс хавчлага эрүү шүүлт, хардалт нь шинэ соргог болгоныг нухчин дарж байлаа.

Гэвч бурханлаг ариун хүмүүс олон төрж, өөрчлөлт шинэчлэлт хийхээр оролдсоор л байлаа. Антони, Стайлитийн Симон, агуу Базил, Нурсиагын Бенедикт (бенедиктчүүд хөдөлгөөнийг үндэслэгч), Аквинтины Уиллиам (клүүниакчуудын хөдөлгөөнийг үндэслэгч), Молезмигийн Роберт (систеркианчуудын хөдөлгөөнийг үүсгэгч), Доминик де Газман (доминикианчууд хөдөлгөөнийг үндэслэгч), Ассисын Францис (францисканчууд хөдөлгөөнийг үүсгэгч), Валденшиансын Петр Валдо (валденшианчууд хөдөлгөөнийг үүсгэгч), Яан Гүс (гүсчүүд хөдөлгөөнийг үүсгэгч), Иохан Витклиф (лоллардчууд хөдөлгөөнийг үүсгэгч) зэрэг олон хүн, харгислал хавчлагыг үл тоон, загалмайн аврал ба дахин амилалтанд итгэх итгэл доторхи хувь хүний өөрчлөгдсөн амьдралын үнэ цэнэ, утга учрыг үг хэл үйлсээрээ харуулж, шашны дарангуй бурангуйг шүүмжилж байв.

Ийнхүү Бурханы цаг болж, Ариун Сүнс Герман нутагт нэгэн хүнийг босгов. Мартин Лютер 1483 оны 11-р сарын 10-ны шөнө, Прусс Саксон дахь Эйслебенд төржээ. Төрөөд удалгүй баптисм хүртэж гэгээнтнээс нэр хүртсэн байна. Түүний бага нас хүндхэн байдал дунд өнгөрсөн ба эцэг эх нь хатуу чангаар өсгөж хүмүүжүүлсэн байна. Мансфелд, Маглебург хотуудын сургуулиудад бага ангийн боловсрол эзэмшсэн. 14-н наснаасаа гудамжинд дуу дуулж мөнгө олж өөрийгөө тэжээх болсон.

Эцэг эх нь маш ажилсаг, шударга хүмүүс байсны дээр, гэр бүлийг нь Бурхан ерөөснөөр амьдрал ахуй нь сайжирч, 18-н настайдаа Ерфуртын их сургуульд сурч эхэлсэн. Тэнд философи, латин хэл, хөгжмийн боловсролд гаргуун суралцаж байлаа. Сургуулийнхаа номын санд анх бүтэн Библи (латин хэл дээр) олж хараад, уншин судалж байжээ. Тэрээр хувь хүний авралын талаар ихэд сонирхож судалсан ба сүм дээр заагддаггүй олон гайхамшигт зүйлсийг Библиэс уншин гайхан баярлаж байлаа.

Гэвч Христийн авралын талаархи үнэн зөв ойлголт, итгэл үнэмшилийг зүрхэндээ ухаарч аваагүй л байв. Түүний хувьд Бурхан хүршгүй ариун шударга, уур хилэнгийн Бурхан байлаа. Мартин Лютер цаашаагаа үргэлжлүүлэн хуулчийн мэргэжилээр суралцахаар шийдээд байсан 1505 оны 7-р сард, Ерфуртын ойролцоох гэртээ очоод буцаж явах замдаа хүчтэй аянга цахилгаантай аадар бороотой таарчээ. Түүнийг яг л одоо Бурханы уур хилэн ниргэх гэж байгаа мэт санагджээ. Үхтэлээ айсан тэрээр, “… гэгээн Анна минь, намайг өршөө. Би сүмд шавилж Бурханд үйлчилье…” гэж залбирсан байна. Тэр амлалтандаа хүрч, хоёр долоо хоногын дараа Августины хийдэд хувраг болох нь тэрээ.

М.Лютер шударга, сайхан сэтгэлтэй, тусч, өндөр ухамсартай санваартан байлаа. 1507 онд Виттенбергт ирж теологийн чиглэлээр суралцаж эхэллээ. Тэр бас Ромд очоод, католик сүм хийдийн завхарлыг хараад ихээхэн гутарсан байна. Улам хичээнгүйгээр Библийг судалж, улмаар Ром, Галат номуудаас, гэм нүгэлт хүн хуулийн үйлсээр бус харин зөвхөн итгэлээр зөвтгөгддөгийг олж хараад баттай итгэсэн байна. Түүний хувьд Библи нь амийн, тайвшралын ном болж, гэмийн дарамтнаас чөлөөлөгдөн Загалмайн нийгүүлсэлийн утга учрыг жинхэнээс нь ойлгон ухаарсан юм.

1512 онд теологийн докторын зэрэг хамгаалж, тус сургуульдаа Библи судлалын профессороор сонгогдон ажилласан. Тэр Библийн үнэнийг гажуудуулсан католик сүмийн завхрал, папуудын бурангуй засаглалын эсрэг Бурханы Үгийг тунхаглан, өөрийн үзэл бодлыг ч илэрхийлж эхэлсэн.

1517 оны 10-р сарын 31-ний өдөр тогтсон хэв журмын эсрэг 95-н зүйл бүхий тунхаг бичигээ Виттенберг хотын сүмийн үүдэнд наасан байна. Энэ өдрийг “Шинэчлэлийн төрсөн өдөр” гэдэг. М.Лютер, энэ өдрийг тохиолдлоор сонгоогүй юм. Маргааш нь “Бүх гэгээнтнүүдийн төрсөн өдөр” гэдэг баяр болох гэж байлаа. Энэ өдөр маш олон сүсэгтнүүд, сүмийн эрхтэн дархтнууд, засаг захиргааны ямбатнууд ч хамтдаа цуглардаг байжээ. Тунхаг бичигт тусгагдсан санааг 4-н зүйлээр тоймлож болох юм.

1. Хүн хэрхэн аврагдах вэ? Католик үзэлд, сайн үйлс их хийж, сүмийн тогтоосон дүрэм журмыг ягштал баримталж, сүмд өргөл татвар их өргөж, санваартнуудад дуулгавартай байх нь аврагдах гол нөхцөл байлаа. Харин Лютер, Есүсийн загалмай дээрхи үхэл, дахин амилсан амилалтанд итгэх итгэлээр, үнэгүйгээр, Бурханы ивээлээр аврагдана, гэсэн үнэнийг сөргүүлсэн.

2. Шашны эрх мэдэл хаанаас ирдэг вэ? Католик үзэлд, зөвхөн пап л газар дээрхи Бурханы эрх мэдлийн билэгдэл, биет төлөөлөл гэж үздэг. Папаас л бүх байр суурь, эрх мэдэл, үүрэг хариуцлагыг тохоон томилох ёстой, гэж үзэж байв. Үүний эсрэг, эрх мэдэл нь Бурханаас, Түүний Үг болсон Библиэс ирдэг гэсэн.

3. Сүм цуглаан гэж юу вэ? Католик үзэлд, барилга байшин, тахилч бүхий татвар өглөгийг хурааж, хувь заяаг чинь чиглүүлдэг сүм л аврагдах газар юм, гэж байлаа. Харин, авралыг авсан хүн болгон Ариун Сүнсний сүм ба энэхүү итгэгчид цугладаг газар, Эзэнийг магтаж байгаа бүх газар цуглаан юм, гэж Лютер үзсэн.

4. Христчин амьдралын мөн чанар ямар байх ёстой вэ? Тахилч санваартан хүн л Бурханы ажлыг хийдэг. Бусад нь дуулгавартайгаар өргөл, татвараа л өгөөд явж байх ёстой байлаа. Харин М.Лютер, Христэд итгэдэг хүн бүр тахилч бөгөөд Эзэний хүслийн дагуу амьдрах ёстой гэсэн.
Тэгээд зогссонгүй, Библийг хүн болгон төрөлх хэлээрээ унших эрхтэй гэж тунхаглаад, еврей, грек эх хэлнээс нь герман хэл рүү орчуулан хэвлүүлсэн байна.

Тэр үед “Ариун Ромын Эзэнт улсын” сүнс мөхөөгүй л байлаа. Хэдийгээр орон нутаг бүрийн хаад, ван, гүнгүүд засаглалаа барьж байсан ч нийт Европ тэр чигээрээ Ромоос ямар нэг байдлаар хамааралтай байсан. Ямар хатан авах, гэрлэлтээ цуцлуулж болох эсэх, шинэ төрсөнийгөө адислуулах, өргөл барьц өргөх гэхчилэн олон зүйл дээр папын тааллыг хайж сэтгэлд нь нийцүүлдэг байв. Харин Лютер энэхүү хэмжээгүй эрхт засаглалын эсрэг босож, нийгмийн бүх давхаргынхантай уулзаж, ятгаж байлаа.

Түүнийг Ромд аваачиж “тэрслүү” үзлээсээ эргэхийг тушаасан боловч, эрс татгалзан амь нас нь ч эрсдэж болзошгүй аюултай байдлаас зугтаж чадсан байдаг. Тэр хүний түүхэн дэх хамгийн олон ном бичсэн хүмүүсийн нэг юм. 1521 онд “Чуулган Вавилоны дарлалд” гэдэг ном бичиж, Ромын католикын элдэв дэг жаяг, ёслол нь хаях ёстой бузар хүлээс болохыг илчилсэн. Мөн ондоо “Христийн доторхи эрх чөлөө” ном бичсэн. Уг нь Христчин хүний итгэлийн (сүнсний) эрх чөлөөний тухай бичсэн боловч олон хүн буруу ойлгосноос болж тариачдын бослого гарч, олон газрын эзэд, католик санваартнууд алуулсан. Хариуд нь хааны цэрэг босогчдыг зэвсэгийн хүчээр дарсан байна.

Маш их хэл ам, зөрчил дагуулж хавчигдаж байсан боловч Лютерийн үзэл улам бүр хүчийг авсаар, 1536 онд 1-р Густав ван энэ урсгалыг Швец, Финландын албан ёсны шашин хэмээн зарлав. 1539 онд энэ жишгийг Данийн ван дагаж, Дани, Норвегид хэрэгжүүлэв. Засгийн эрх мэдэлтнүүд шинэчлэлийг, Ромоос бүрэн бие дааж, улстөрийн эрх чөлөөнд хүрэх боломж гэж харж байлаа.

Итгэлийн эрх чөлөө ч үргэлжлэн хөгжиж, Францын санваартан Жон Калвин, Щвейцарын тахилч Улрих Звингли зэрэг олон шинэчлэгчид төрөн гарч, шинэ шинэ онол үзэл баримтлалуудыг дэвшүүлэн баяжуулсан. Европ тэр чигээрээ өөрчлөлт шинэчлэлт, зөрчил маргаанаар буцалж байлаа.

1618 онд Богемийн (одоогийн Чех) протестант тайж нар Прагийн шилтгээний цонхоор хоёр католик – губернаторийг хаяснаас болж, итгэл үнэмшлээрээ талцан дайтаж эхэллээ. Протестант итгэгч Фридрих, Богемийн вангаар өргөмжлөгдөн гарч ирсэн ч, Ромын Эзэнт улсын хаан Фердинандын арми 1620 онд Богемийг эзлэн, католикыг эргэн сэргээв.

Гэвч баярлах болоогүй байлаа. Дайнд Голланд, дараа нь Дани, Швед, Франц улсууд дараалан татагдан орж 30-н жил үргэлжилсэн юм. Мэдээж, зөвхөн шашны зөрөлдөөнөөс гадна, улстөрийн, ашиг сонирхолын, нөлөөний хүрээний тэмцэл ч энэ дунд явагдсан. Хоёр тал ялж ялагдаж явсаар, 1648 онд Вествалийн хэлэлцээ явагдаж, найрамдалын гэрээ байгуулснаар дайн дууслаа. Энэ бүхний эцэст Ромын Эзэнт улс бүрэн мөхөж, Европ одоогийнхоо дүр төрхийг олсон юм. Бас тухайн улс орны хаан ямар итгэл үнэмшилтэй байна, тус улс тэр чигээрээ католик, эсвэл протестант шашинтай байхаар тогтсон байна.

Ийнхүү Ариун Сүнс, М.Лютерээр дамжуулан эхлүүлсэн шинэчлэлээ нийгмийн бүх хүрээг хамруулан эрчимжүүлсэн. Шинжлэх ухааны мэдлэг тэлж, технологи хөгжиж, шинэ шинэ газар орныг нээн эзэмшиж байлаа. Библи олон хэл дээр орчуулагдан, олон тоогоор хэвлэгдэж өргөн олонд хүртээмжтэй боллоо. "Сүнс ариун, бие бузар..." гэх хуучинсаг үзэл, бие махбодийн гоо сайхныг алдаршуулсан шинэ үзлээр солигдох болов. Шинэчлэл, католикын дотоодод ч маш их өөрчлөлтийг авчирсан юм.





Шалгасан багш: Жэйн Синиор
Чуулганы түүхийг танилцуулахуй" хичээлийн лекцээс (UBTC)