Friday, February 27, 2009

Христэд итгэгчид эд баялгийг хэрхэн үзэх ёстой вэ?


Баячууд болон ядууст хэрхэн хандах ёстой вэ?

Анхны Чуулганы түүхэн цаг үеийг харах юм бол дэндүү харанхуй, бурангуй үе байлаа. Бурханы ард түмэн Иудейчүүдийн үндсэн нийтлэг үзэл нь баян чинээлэг, тансаг амьдрал бол Бурханы онцгой ивээл ерөөлийг хүртэсний үр дүн гэж үздэг нь юм. Харин Есүс ирээд “баян хүн Бурханы хаанчлалд орохоос, тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар” (Мат 19:24) гэж тунхагласан нь, Түүний дагалдагчдын хувьд хүртэл гайхаж цочирдмоор содон зүйл болсон.

Тэд, Есүсийг дагасны үр дүнд баян чинээлэг, тансаг амьдрал болон эрх мэдлийг шагнал болгон хүртэх болно (Мат 19:27) гэж мөрөөдөж байсан.
Гэвч Эзэн тэдэнд …газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа (Мат 6:19) гээд, Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй (Мат 6:24) гэж айлдсан байдаг.
Тэр цагаас хойш өдгөө 2000 орчим жил өнгөрсөн боловч, өнөөгийн бурхангүй нийгэм ч, Бурханы Чуулган ч /Есүсийн дагалдагчид ч / бас л яг адилхан эд баялгийг амьдралын нэг чухал үзүүлэлт, үнэ цэнэтэй тулгуур гэж үзсээр байна. Ер нь махан биеийн хүний төрөлх гэмт чанаруудын нэг нь эд баялагт шунан дурлах, махан биеийн тав тух, ахуйн тансаг байдлыг эрхэмлэх нь юм.

Бурхангүй хүний нийгэм, тэр чигээрээ тансаг амьдралын төлөөх янз бүрийн арга замуудын орооцолдсон сүлжээ ба өрсөлдөөн юм. Тэгээд энэхүү өрсөлдөөн тэмцэл дунд хэн илүү олон янзын, эд баялаг олох арга замыг эзэмшсэн нь алдаршин хүндлэгдэж, эрх мэдэлд хүрч өргөмжлөгддөг.

Тухайн хүн эд баялгийг олж эзэмших, захиран зарцуулах “онцгой авъяас билгээ” түшиг тулгуураа болгон түүнийхээ ачаар олсон эд хөрөнгө, эрх мэдлээ “амжилт ололт” гэж бардамнан сурталчлах ба бусад нь түүнээс “бүтээлчээр” суралцаж, хэрэгжүүлэхээр хичээцгээдэг.

Энэхүү “амьдрах чадвар, авъяас билэг, арга замаа” Христийн дотор ч гэсэн бүрэн хаяж, өөрчлөгдөж чаддаггүй. Энэ талаар Иерусалимын чуулганы нөлөө бүхий ахлагч Иаков, чуулгануудад хандсан захиандаа маш их онцолсон.
Бидний Христэд итгэх итгэл нь (Иак 1:27) аливаа байдлаар өөрийн “амьдрах чадвар”-таа бардамнах байдал, хуучин “авъяас билэг”-тээ түшиж тулах ба ядуу дорд нэгнийг басамжлах, үл тоомсорлох байдлаас ангид цэвэр байх, цоо шинэ амьдрал юм. Энэ шинэ амьдралд хөл тавьсан нэгний хувьд хүнийг, тэр дундаа итгэл нэгт ах дүүгээ (Иак 2:1-4) өмссөн хувцас, орлого мөнгө, нийгэмд эзлэх байр сууриар нь үнэлж дүгнэн, ялгаварлан гадуурхах хандлага огтхон ч байж болохгүйг анхааруулсан.

Ямар нэгэн байдлаар хүнийг ялгаварлан алагчилж үзэх нь:
А) Бүх хүнийг ялгаварлалгүй хайрлаж, тэдний төлөө цусаа урсгасан (Иох 1:29) Эзэн Есүсийг үл хүндэлсэн хэрэг болдог.

Б) Мөн хөршөө яг өөр шигээ хайрлахыг тушаасан (Иак 2:8) Эзэний тушаалын эсрэг тэрсэлсэн нүгэл юм.

В) “Шүүгдэхгүйн тулд бүү шүү.” (Иак 4:11,12) гэсэн тушаалын эсрэг, хүнийг гадаад байдлаар нь шүүн гадуурхсан, Христэд итгэх итгэлийг нь үл тоомсорлсон зөв бус хандлага юм.

Г) Ядуус нь хүний түүхийн бүхий л үеийн турш байсан ба нийгэмдээ гадуурхагдан, ад үзэгдсээр ирсэн. Хэрэв Чуулган нь энэ байдлыг эвдэж, тэнгэрлэг эрх тэгш уур амьсгалыг (Ариун Сүнсний нөхөрлөлийг) дотооддоо хэрэгжүүлж, гадааддаа тунхаглахгүй л юм бол үнэхээр Христийн Чуулган (Иак 2:26, Илч 3:1) биш байна гэж Судар хэлдэг.

Бүх ертөнцийг Захирагч, өгөөмөр нигүүлсэнгүй, хайр энэрэл, шударга үнэний Бурхан өөрийн Чуулганд ч, энэ дэлхийд ч ядуусыг байлгахгүй байж чадахгүй гэж үү?! …Мэдээж, чадна. Гэвч өдий олон ядуус байдгийн цаана тэнгэрлэг нэгэн нууц (Иак 2:5) байдаг гэж Иаковоор дамжуулан Ариун Сүнс хэлж байна. —

1. Ядуу байна гэдэг нь сүнслэг ядуу байдлын (Мт 5:3) илрэл юм. Эд баялгийн төлөөх энэ дэлхийн галзуурсан өрсөлдөөнд ялагдсан, тэнд өөрийн гэсэн орон зайгүй, байр суурьгүй хүмүүс юм. Тэд өөрсдийн арга тасарсан, гачигдсан байдлаасаа Эзэн рүү хандан чин сэтгэлээсээ үргэлж хашгирч байдаг. Нөгөөтээгүүр түшиж тулах, итгэж найдах, бахархаж бардамнах “амьдрах чадвар, авъяас билэг”-гүй, зүрхнийхээ угаас зөвхөн Эзэний өгөөмөр хайр, өглөг, авралд найдагчид юм. Тиймээс ч яг л ийм хүмүүс нь (Мт 5:3, Иак 2:5) Тэнгэрийн хаанчлалд баян өвлөгчид байх болно гэж илчилдэг.

2. Мөн нөгөө талаар тэд (ядуус нь) Чуулганы, бас баян чинээлэг итгэгчдийн (Иак 2:14) итгэл нь жинхэнэ эсэхийг шалгах шалгуур, үзүүлэлтийн төлөө байдаг гэж ойлгогдож байна. Үнэхээр л Бурханыхаа зөвт шударга, ариунд итгэж, Түүний золилтоор өгөгдсөн мөнхийн улсын амлалтад найдаж байвал, мөн Түүний тушаал сургаалуудад дуулгавартай (Өг, өгвөл өгөгдөнө. Юу тарина түүнийгээ хурааж авна… гэх мэт) нэгэн бол, өөрийнх нь итгэсэн, өөрийг нь аварсан Бурхан бол бүх ертөнцийг, тэр дундаа өөрийнх нь амьдралыг хянан удирдаж, аливаа сайн үйлсийг нь ерөөж, улам бялхаах чадалтай гэж итгэдэг бол өөрт байгаагаа гачигдсан бусадтайгаа урамтайгаар хуваалцах юм (Иак 1:27). Ингэж чадахгүй байж Ертөнцийн Эзэнд, Есүс Христийн аврал, нийгүүлсэлд итгэдэг гээд чуулганд ирэх нь, Түүнд хүндэтгэл мөргөл өргөх нь (Иак 2:14,17) огт хоосон зүйл (Иак 1:26) бөгөөд авралд хүргэхгүй (Иак 2:14), үхмэл (2:17) юм гэж Ариун Сүнс Иаковоор дамжуулан тунхаглаж байна.

Хэрэгжүүлэлт:
Өнөөгийн Монгол Чуулганд ч гэсэн 10-ны нэгийн өргөлийг чухалчлан, ингэснээрээ эд баялагийн ерөөлийг Бурханаас авч, хангалуун баян тансаг амьдралаар амьдрах болно гэж номлон сургах нь элбэг байгаа нь буруу хандлага юм. Ийнхүү баян тансаг, “амжилт”-тай амьдрах нь Эзэнийгээ алдаршуулж буй хэрэг гэж заах нь ч бий.

Гэтэл Библи (Иак 5:1) эд баялагийн хангалуун, тансаг байдлаар Бурханыг алдаршуулдаггүй ба чин зүрхнээсээ Эзэнд итгэж найдахаас нь төөрүүлдэг (Иак 5:5) (Олонхдоо, баян хүмүүс амьдралынхаа аливаа асуудлыг шийдэх гол түшиг тулгуур нь, итгэл найдвар нь өөрсдийнх нь хөрөнгө мөнгө, эд баялагийнх нь нөөц нь гэж үздэг), улмаар Түүний уур хилэнг хураадаг гэж болгоомжлуулж байна.

Бид (Христчид) эд баялагийн элбэг хангалуунаар биш, өгөөмөр нийгүүлсэнгүй хайраараа л (зүрх сэтгэлийн хөвч хөндөлтөөр л) Эзэнийг алдаршуулж, (Иак 2:8) амьд сайн мэдээ болох юм гэдгийг Судар хэлдэг. Мөн сүүлийн үед ядуус болон нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандсан үйлчлэлээрээ бардамнах, сайрхах хандлага ч Монгол чуулганд ажиглагддаг. Энэ нь Чуулганы болон итгэгчдийн зайлшгүй хийх ёстой ажил үүрэг, итгэлээс нь урган гардаг энгийн хайрын амьд үйлс байх ёстойг (Иак 2:14-16) эндээс олж харлаа.





Шалгасан багш: Рожер Синиор
"Иаков ном" хичээлийн гэрийн даалгавар:
2008.03.07