Monday, February 2, 2009

Та өнөөдөр сайхан үнэртэй байна уу?


Нийтлэлийг Эрик Томсон
(Библийн Нэгдсэн Сургалтын Төвийн Дадлагын боловсролын багш. Тэрээр Улаанбаатар болон хөдөө орон нутагт 7 жилийн турш ажиллаж амьдраад байна.)


Би анх Монголд 1996 онд гэр бүлийн хамт ирсэн. Анхны жилдээ Монголчууд биднээс огт өөр болохыг анзаарч билээ. Ихэнх тохиолдолд бид тэдний үйл хөдлөл, зан байдлыг ойлгож чадахгүй их л будилдаг байв. Жишээлхэд, манайд хүмүүс хууч хөөрөх, хамтдаа хооллохоор маш их ирдэг байлаа. Гэвч тэд гэнэтхэн юу ч хэлэлгүй гараад явчихна. Англид бол энэ нь маш бүдүүлэг доромжлол бөгөөд ямар нэгэн юм таалагдахгүй байгааг эсвэл юм буруугаар эргэснийг илэрхийлдэг! Харин Монголчуудын аж байдалд энэ нь жирийн зан байдал болохыг сүүлд мэдэж билээ.

Бас хоёр гараараа толгойг минь бариад дух үнэрлэж мэндчилэх нь их сонин санагдаж билээ. Ихэвчлэн үнсэж мэндчилдэг миний хувьд ийнхүү хэн нэгэн хүн намайг үнэрлэж мэндлэх нь цоо шинэ зүйл байв!

Хэн хүнгүй сайн мэддэг аугаа сайн мэдээ дэлгэрүүлэгч элч Паулын хувьд сайхан үнэртэй байхыг маш сайн ойлгож байсан бөгөөд энэ нь сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд маш чухал юм. Мэдээж Паул бие махбодийн үнэрийн тухайд бус, харин бидний Эзэн Есүс Христийг гэрчлэх үнэрийн тухайд санаа тавьж байсан нь илэрхий. Анхилуун үнэртний үнэр маш хурдан тархдаг шиг, бид эргэн тойрондоо “Христийн анхилуун үнэр”-ийг тараагчид байх ёстой юм (2Кор2:15).

Монголын пиг дүүрэн хүнтэй микро автобусанд сууж үзсэн хэн ч гэсэн хэн нэгний түрхсэн сүрчигний үнэр ямар хурц үнэртдэгийг мэднэ дээ. Паул биднийг яг үүний адилаар Есүс Христийн сайн мэдээг өөрсдийнхөө эргэн тойронд анхилуулаасай хэмээн хүсэн хүлээж байдаг. Христэд итгэгч хүн уулзсан хүндээ бусдаас нэг л өөр, ямар нэгэн байдлаар бусдаас онцгой хүн болохоо мэдүүлэхүйц байх хэрэгтэй юм.

Бурханы энэ дэлхийд өөрийгөө таниулах илчлэлтийн нэг хэсэг нь Бүтээл мөн бөгөөд өдөр шөнийн алинд ч “Бурхан байдаг” гэдгийг тунхаглан гэрчлэгч юм (Дуулал 19:1-2). Бурханы энэ илчлэлтийн тухай онцгой илчлэлт болох Библид тодорхой тайлбарласан байдаг бөгөөд Бурханы тухай, мөн Бурхантай хэрхэн харилцаж амьдрах тухай бидэнд зааж өгсөн байдаг.

Энэ дэлхийд илчлэлтээ хүргэх бас нэг өөр арга зам Бурханд байдаг бөгөөд энэ нь Христэд итгэгчид юм. Паул (2 Кор 2:14)-т Бурхан “биднээр дамжуулан Христийн тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй тараадаг” гэжээ. Христчид “сайхан үнэртэй байна” гэдэг нь сайн мэдээг энэ дэлхийд авчрах Бурханы илчлэлтийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Бурхан та бидэнд ийм чухал үүргийг даатгаж хариуцуулсан нь үнэхээр гайхалтай хэрэг юм.

Паулын яриад байгаа тэр үнэртэн чухам юу юм бэ? Юуны өмнө, тэр үнэртэн гэдэг нь бидний тухай биш, харин бүхэлдээ Есүсийн тухай, Христийн анхилуун үнэрийн тухай юм (2Кор 2:15). Паул, хүн төрөлхтний үнэрийн тухай бус Христийн үнэрийн тухай ярьсан! Христэд итгэгчдийн дамжуулж буй үгийн гол цөм нь бид биш Есүс Христ байх ёстой. Элч нарын дамжуулж буй үг бүр үүнд чиглэсэн болох нь Үйлс номд маш тодорхой харагддаг.

Есүс Христ нас барсан, амилсан. Түүнд итгэвэл гэмээ уучлуулах болно. Энэ энгийн боловч амьдралыг өөрчлөх үгийг тунхаглахын тулд Паул болон бусад элч нар амиа зориулж байсан. Бид ч ялгаагүй, ямар ч үйлчлэл дээр байсан сайн мэдээний төлөө өөрсдийгөө зориулах хэрэгтэйг анхаарцгаая! Энэхүү анхилуун үнэр нь зөвхөн үг бус бодитой харагдах зүйл байх ёстой.

Паул: “бид бол Бурханы хувьд анхилуун үнэртэн нь юм…” гэжээ. Өөрөөр хэлбэл Христийн үнэр байхын тулд бид төрөлх мөн чанар болон байгаа байдлаа өөрчлөх хэрэгтэй. Бид гэм нүгэлд үхсэн бөгөөд Христийн дотор дахин төрж, Бурханд Есүс Христээр амьд байгаа юм (Ром 6:11). Бидний амьдрал хэдийчинээ Христтэй адилхан болж өөрчлөгдөнө, төдийчинээ улам хүчтэй үнэртэх болно.

Хүчтэй үнэр хүчтэй хариу үйлдлийг төрүүлдэг. Амттай сайхан хоолны үнэр үнэртсэн хэн болов ч өлссөнөө мэдрээд хоол идэх хүсэл нь өдөөгддөг шүү дээ. Гэтэл адилхан хоолны үнэр заримд нь идэх хүсэл төрүүлэх нь бүү хэл, тааламжгүй мэдрэмж төрүүлдэг тал ч бий.

Тэгвэл Христийн үнэр ч гэсэн өөр өөр хариу үйлдлийг бий болгодог гэж Паул тэмдэглэсэн байдаг. Зарим хүмүүст сайн мэдээ амь амьдралын үнэр болдог бол, заримд нь тэдний сонссон шиг үхлийн үнэр болох тул авралыг эсэргүүцдэг (2Кор 2:16). Сайн мэдээ хүн төрөлхтөнд хоёр янзаар хүрдэг. Үүнд: Есүс Христ рүү эргэн ирж амийг олох эсвэл Түүнээс холдож үхэлд хүрэх.

Бид Христийн үнэрийг гаргаж байгаагийнхаа төлөө ямар нэгэн бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарвал цочирдох хэрэггүй. Үнэр хүчтэй байх тусам эсэргүүцэл их байх болно. Нөгөө талаар, Христийн үнэр султай дэлхийн зүйлд хэт автагдсан байвал тийм ч их эсэргүүцэлтэй тулгарахгүй.

Элч Паул Есүсийг гэрчилснийхээ төлөө маш их эсэргүүцэл, зовлонтой тулгарсан. 2 Коринт 1-р бүлгийн эхэнд энэ тухай …бүх зовлон дотор (4 ишлэл)…зовлонгууд (5 ишлэл)…зовж байгаа бол (6 ишлэл)…зовлонг (7 ишлэл) …зовлон, хүнд дарамт (8 ишлэл)…амьд үлдэх горьдлого тасарсныг (8 ишлэл)…үхлийн ялд унасан (9 ишлэл)… гэх зэргээр өгүүлсэн байдаг.

(2 Коринт 2:14)-д Паулын иш татсан зүйлд бас л сайн мэдээний төлөө түүний амссан зовлонг харуулсан байдаг. Паулын амьдарч байсан цаг үед ялалт гэдэг нь олзлогсодоо басамжлал доромжлол, зовлонгоос нь удирдан гаргахыг хэлдэг байжээ.
Паул (2 Коринт 2:16)-д “хэн эдгээрт чадвартай вэ” гэж маш зөв асуулт тавьжээ. Бид хэрхэн Христийн анхилуун үнэр байж чадах вэ? Мэдээж хэн ч өөрийн хүч чадал болон баялгаар сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг хийж чадахгүй. ...Харин бидний чадвар Бурханаас гардаг юм, гэжээ (2 Кор 3:5).

Бид өөрсдийн хүч чадлаар Христийн үнэрийг тараана гэж бодвол тун ч ядруухан, үр жимсгүй үйлчлэл байх болно. Тэгвэл Паулын олон сүм цуглаануудыг тарьж, Иерусалимаас Иллүрикум хүртэлх бүх нутгаар сайн мэдээг бүрэн тунхаглан дэлгэрүүлсэн гэдгийг юу гэж ойлгох вэ (Ром 15:19)? Энд Паулын юу хийснийг бус Бурхан юу хийснийг, Түүний хүч чадлыг илчилсэн юм.

Монголд сүм цуглаан хэрхэн эхлэлээ тавьсан билээ? Хэрхэн яаж архаг архичин байсан хүн сүм цуглааны удирдагч болж, эхнэрээ зоддог байсан нэгэн, мөн биеэ үнэлэгч байсан нэгэн нь эсийн бүлгийн ахлагч болж чадав аа? Энэ хүмүүс ийм ажлыг хийх чадвартайдаа гэж үү? Үгүй ээ. Гэхдээ Христ Есүс бидний дотор байгаа цагт бид чадна.

Бид хэдий чинээ өөрсдийн амьдралд Христийг алдаршуулахыг, мөн Бурханы хүч чадалд итгэж найдахыг хүсэмжлэх тусам төдий чинээ бид “анхилуун үнэр”-тэй болж, хүмүүсийг өөрсөд рүүгээ биш, Христ рүү хандуулж чадна. (2 Коринт 12:9)-д Эзэн Бурхан “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор Миний хүч чадал сая биеллээ олж, төгс болно” хэмээн айлдсан билээ.
Та өнөөдөр анхилуун сайхан үнэртэй байна уу?


Гэрэл зургийг Есүгэн (Голланд. 2008 он. 5 сар)