Saturday, February 21, 2009

Ром номын теологи, Ариун Сүнсний ажил



Юуны түрүүнд Ариун сүнс биднийг та нар Бурханы хүүхдүүд хэмээн гэрчилдэг. Бид Бурханыг зөвхөн ямар нэгэн хүч, гэж бус харин Тэнгэрлэг Эцэг хэмээн мэдэж, Сүнсээр Түүнийг дууддаг (Ром 8:15-17). Ариун Сүнс бол бидний ирээдүйн алдарын баталгаа ба бүр анхны суулгац нь юм. “Бид хүүхдүүд болж үрчлэгдэхээр тэсэн ядан хүлээдэг.”  Бид хэзээний үрчлэгдчихсэн (Ром 8:15-17). Гэхдээ Паул энд бидний үрчлэлийн ирээдүйн талыг ярьж байна.

Бурханы хүүхдүүд хэмээн Христчидийг олон нийтийн өмнө ба орчлон даяар хүлээн зөвшөөрөх тэрхүү өдөр энэ нь болно. Амилалтийн өдөр бидний дорой бие Христийн дахин амилж, алдаршуулагдсан биетэй адил болж хувирах болно. Яг одоогоор бид Христийн золилтийн ажлын ач тусын зах зухаас нь хүртдэг бол, хожмын тэр цагт бидний бүхэл бие тэрхүү ач тусыг бүрэн дүүрнээр хүртэх болно. Бэлэг болсон Ариун Сүнс нь тухайн итгэгчийн төлөвшилд хүчтэй нөлөөтэй.

Бидний мөнхийн амьдралын эхлэл, бидэнд Ариун сүнс өгөгдснөөр эхэлдэг (2Кор 3, Гал 3:3-5, Ром 8:9) ба махбодийн эсрэг тэмцэлд Түүгээр хүчийг олж байдаг (Гал 3:5-6, Ром 8). Өдөр тутам бид залбирч байгаа, мөн алдсан үедээ мөс чанартаа зэмлэлийг авч байгаа, бас “…чи бол Бурханы Хүү, одоо айх, санаа зовох зүйлгүй…” гэх мэт сайн сайхан урам зоригийг өгдөг, зөвт амьдрахад хүчирхэгжүүлж, чиглүүлж байгаа зэрэг нь Ариун Сүнсний ажил юм.

Христчид одоо ч хүртэл гэмээс болж цөхөрдөг боловч тэнхрүүлэгч Ариун сүнсний оршихуй бидэнд байдаг ба Ариун байх хүслийг маань тэжээж, өсгөж байдаг (Ром 8:5,6,9). Түүгээр ч барахгүй гэмийг эсэргүүцэх ба зөвийг мөшгих дотоод сэтгэлийн хүчийг өгдөг.

Бид нэгэн бие адил чуулганы дотор ч (Ром 12, 1Кор 12) итгэлцэл, харилцан ойлголцол, өршөөл уучлал, хайр энэрэлийн уур амьсгалыг нөхцөлдүүлдэг Ариун Сүнсээр нөхөрлөдөг (Фил 2:1, 2Кор 13:13).

Ариун Сүнс нь Христ доторхи Бурханы Өөрийгөө илэрхийлэх оршихуй юм (Ром 8:15,16). Түүний хүч, нөлөө нь өдөр тутам, цаг мөч бүр бодитоор бидний амьдралд хэрэгждэг ба биднийг хувирган өөрчилдөг. Эзэний бидний амьдралд хийхийг хүсэж буй зүйлсэд хамжилцахын тулд Ариун Сүнстэй алхаа нийлүүлэх нь бидний үүрэг юм. Энэ нь Ариун Сүнсний үр өгөөжийг эрэлхийлэх ба Бурханы үгэнд дуулгавартай байх байдлаар илэрхийлэгдэнэ (Ром 8:10-14, 12:11, 14:17,18).

Сүнслэг хүн гэдэг нь нэг л их бясалгадаг, эсвэл цуглаанд идэвхитэй үйлчилдэгээрээ тодорхойлогдохгүй. Харин бусдыг хайрлаж, уучилж чаддаг, өөрөө ард нь үлдэж, бусдыг урагшаа түлхэж чаддаг, даруу байж үйл явдал дунд Эзэнд ажиллах боломжийг олгон хүлээдэг, тэвчдэг, аливаа шийдвэр гаргахдаа хувийн ашиг сонирхол, дур хүслийг үндэслэж биш, харин Ариун Сүнсний дуу хоолойг сонсож, Түүний таалалд нийцүүлэхийг эрмэлздэг нэгэн юм.

Сонголт ба дуудлага


Бидний Эзэн бол төгсгөлийг эхнээс нь хардаг Нэгэн юм. Бурхан Христ дотор нэгэн бүлэг хүмүүсийг Ариун ба гэм зэмгүй байлгахаар хайрынхаа улмаас мөнхөд сонгож төлөвлөсөн юм. (Ром 8:28-30)-д Паул үүнийг энгийнээр тайлбарладаг. Бид Түүний зорилгын дагуу дуудагдсан.

Тэрбээр биднийг урьдаас мэдсэн ба гэр бүлийнхээ хүмүүс байлгахаар товлосон. Тэр товлосон бүхнээ дууддаг. Тэр дуудсан бүхнээ зөвтгөдөг ба зөвтгөдөг бүхнээ алдаршуулах болно. Бурханы сонголт нь зөвхөн Ром ном дахь бус бүхэл Библи дэхь үндсэн сэдэв юм. Бурхан Абрахамыг сонгосон, Тэр бас Есавын оронд Иаковыг сонгосон. Тэр үндэстнүүдийн дунд Израилийг Өөрийн ард түмэн болгон сонгосон (Ром 9-11). Бурхан хүмүүсийг бусдаас онцгой, сайн сайхан болохоор нь бус, харин нийгүүслээрээ сонгодог. Тэр итгэмжит хүнийг хэрэглэдэг ба ивээдэг нь үнэн боловч, итгэлийг Бурхан хүмүүст өгдөг нь бас үнэн юм. Тиймээс ч бидэнд бардамнах үндэслэл байхгүй.

Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас ч болсон юм биш, харин Эзэн чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковт тангарласан тангарагаа батлахын тулд юм. Бас Эзэн Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн зайлуулж байгаа нь эдгээр үндэстнүүдийн хорон муу байдлаас болсон юм (Дэд хууль 4:37, 7:6,7, 9:5).

Бид өдөр бүр, үргэлж сонголт (тэмцэл) хийж амьдрах болдог. Мөс чанарт чинь Ариун Сүнс хэн нэгнээс уучлал гуйгаасай гэж шаардаж байхад, харин бид өөрийн өчүүхэн бардам зангаас болж үргэлж татгалздаг ч юмуу?!...гэх мэт ямар нэг байдлаар тэмцэлд байдаг. Бид оюун санаа, зүрх сэтгэл, амьдрах хэв маягаа тэр чигт нь сайн мэдээ болгох ёстой (Ром 12:1,2).

Бид цаг хугацааны дотор байдаг учир ирээдүйгээ мэдэхгүй. Зөвхөн тохиолдсон үед нь л, тийм ийм зүйл боллоо гэж мэддэг. Харин Эзэн бол цаг хугацаанаас ангид учир бүх л ирээдүй, өнгөрснийг шууд л өмнөө харж байдаг.

Зарим хүн сайн мэдээ ойлгохгүйгээр, аврал авахгүйгээр үхэж байгаа нь ямар учиртай вэ? гэж олон хүн асуудаг. Бурхан тэгэхээр төгс авардаггүй байх нь ээ? гэдэг. Харин Библи бол, Бурхан бол төгс Ариун, хүн л гэмтэй, асуудалтай гэдэг. Түүнтэй л хариуцлага тооцох ёстой гэдэг.

Хүнд энэ гайхамшигт дэлхийг бүтээж өгөөд, өөрийг нь амьд оршигч болгоод, улмаар гэмд унаад байхад нь аварч, Хүүгээ хүртэл золиослоод байхад аливаа бузар мууд Бурханыг буруутган, ундууцан дургүйцэж, хардаж сэжиглэх нь зөвт ариун сэтгэлгээ биш. Харин Эзэн намайг сонгосон нь ямар их зол вэ?! гэж баярлах нь Библийн теологи юм.

Гэмт бузар хүнийг аврах нь битгий хэл, устган сөнөөх эрх мэдэл Эзэнд бий. Гэтэл хайрлан аварсан. Гэвч хүмүүс гэмт сэтгэлгээгээр аливаа зүйлд ханддагийн адил, Христийн авралд хүртэл эргэлзэж, шүүж байдаг.





Шалгасан багш: David Burge
"Ром ном" хичээлийн лекцийн материалаас