Saturday, February 21, 2009

“Ром” номын хэлэлцүүлэг



6. Жишээ: Жаргалмаа цуглаан дээрээ илгээлтийн тухай байнга сонссоор залхдаг. Пастор нь яагаад сайн мэдээ хүрээгүй сум тосгодыг сонирхоод байдгийг тэр ойлгодоггүй. Бурхан илгээлтийг үнэхээр сонирхдог гэж боддоггүй. Бид нар ч тэгэх ёсгүй, харин сайхан нөхөрлөж баярлаад л, Христтэй хамт амрах ёстой гэж боддог.

Энэхүү бидэнд байгаа мэдээллийг задлан шинжлээд, уг бүсгүй маань илгээлтийн талаар, пасторынхаа талаар, Бурхан илгээлтийг юу гэж үздэг талаар, бас цуглааны талаар буруу ойлголттой болсоныг нь тогтоолоо. Ийм болсон гурван үндсэн шалтгаан байж болох юм гэж үзлээ. Үүнд:

А) Пастор нь сургаал номлолоороо илгээлтийн талаар бүрэн дүүрэн дэлгэрэнгүй ойлголт ухаарлыг өгч чаддаггүй байж магад. Илгээлт нь Эзэнтэй огт хамаагүй зөвхөн өөрийнх л хүсэлт юм шиг, буруу ойлголт төрүүлэхээр сургадаг, номлодог байж болох юм. Ер нь итгэгч хүний итгэл нь чуулганы пастор, ахлагч зэрэг үгийн үйлчлэл хийдэг хүмүүсийн сургаал, номлолоос нилээн хамааралтай байдаг.

Б) Жаргалмаа гэртээ эсвэл ажил дээрээ ч ер нь нийгэмд, маш их ачаалалтай амьдардаг, ядардаг, туйлдсан халширсан нэгэн байж болно. Тэгээд цуглаанд л ирж амар тайвныг авдаг. Тиймээс ч илгээлтийн талаар яригдмагц эмзэгээр хүлээн авч, бас л нэг үүрэг, ачаа дарамт гэж ойлгодог байж ч магад.

В) Жаргалмаа маань шинэхэн итгэгч учир цуглааныг үеийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөдөг, нөхөрлөдөг газар гэж хардаг байж болзошгүй. Тэр сайн мэдээний үнэт мөн чанарыг зүрхэндээ гүнзгий хүлээн аваагүйгээс, Христчин амьдрал бол илгээлтээс, өөрөөр хэлбэл сайн мэдээнээс салгагдахын аргагүй нэг цогц зүйл юм гэдгийг ойлгоогүй байж болно. Олон залуус эхэндээ иймэрхүү итгэлтэй байдаг нь нууц биш.

За одоо Ром ном дахь үнэнүүдээр хэрхэн энэ бүсгүйд сайн мэдээний жинхэнэ үнэ цэнийг ойлгуулан, хайрлан хөтлөх вэ?
Үүнд:  1. Дээрхи гурван тохиолдолын аль нь ч байсан, бид Жаргалмаагийн итгэлийг шүүх эрхгүй. Учир нь (Ром 14:1) Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний бодол санааных нь талаар бүү зарга хий., гэсэн байдаг. Цуглаан болгонд л юу нь чухал, юу нь чухал бус болохыг ялгаж чаддаггүй, итгэлээр сул хүмүүс байдаг.

Тэд тийм ч чухал бус дүрэм журам, ёс жаягт итгэж үнэмшин түүнийхээ дагуу амьдардаг. Тэгээд ёсчлон сахиж чадахгүй бол аврагдсан эсэхдээ эргэлзэж эхэлдэг. Учир нь тэдний итгэл үнэхээр сул дорой аж. Паул биднийг тийм ах, эгч, дүүсээ тэрхүү чухал бус итгэл үнэмшлийнх нь төлөө шүүж, шүүмжлэлгүй хүлээн ав гэж байна. Тэдгээрийн нялх, итгэл дотор төлөвшөөгүй байдал нь аль ч талаараа аврал болон Христ доторхи бидний нөхөрлөлд чухал бус юм. Бид тэднийг басамжлалгүй, шүүлгүй, байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй.

(Ром 15:1-3) Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө, түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье. Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин “Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув” гэсний адил байсан юм, гэж бүр тодорхой өгүүлжээ. Ингэснээр бид Христчин хүний зан чанар, төлөвшил, хайрыг харуулах юм. Улмаар Жаргалмаа Эзэнд зүрх сэтгэлээ улам их нээж, дотоод эдгэрэлийг авснаар, илгээлтийн утга учир, үнэ цэнийг үнэн зөв ойлгох болно.

2. Илгээлт гэдэг нь юу болох талаар буруу ойлголтыг нь засах хэрэгтэй болно. (Ром 1:16,17) Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн. Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь зөвт хүн итгэлээр амьдарна гэж бичигдсэн байдаг.

Сайн мэдээ бол жирийн нэгэн мэдээ биш, харин энэ нь авралд хүргэх Бурханы хүч юм. Мөнх амьдрахын тулд хүнд мөнхийн хүч хэрэгтэй. Элч Паул болон анхан үеийн итгэгчид хүнд хэцүү, хатуу ширүүн хавчлагын дунд, тэрхүү бурангуй харанхуй түүхэн цаг үед сайн мэдээнээс ичээгүй. Ер нь яагаад ичих ёстой гэж?!

Хүмүүс юу гэх бол, яах бол гэж бид айдаг уу? Итгэлээ нууж хаадаг уу? Сайн мэдээ бол Бурханы хүч, мөнх амьдралын үндэс шүү дээ! Хэрэв сайн мэдээнээс ичиж итгэлээ нуудаг бол тэрхүү хүч болон мөнх амь нь авагдаж болзошгүй юм. (Лук9:26) Хэн надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Эцэгийн болон Өөрийн, мөн ариун тэнгэр элч нарын суу алдараар ирэхдээ Түүнээс ичих болно.

Бурханы зөвт байдал нь, Түүний Хүү Есүс Христийн дотор илчлэгдсэн юм. Бид итгэлээрээ тэрхүү зөвт байдалд тооцогддог. Хэрэв бид тэрхүү зөвт байдлыг хүлээн авахгүй бол Эзэн биднийг хүлээн авахгүй. Учир нь Тэр зөвт юм. Зөвт байдал нь биднийг зөвхөн аврахын тулд бус, өдөр бүр зөвтөөр амьдруулахын тулд өгөгдсөн.

Зөвтөөр итгэлээр амьдарна гэж яахыг хэлэх вэ? Итгэгч та, тухайн оршин буй хүрээндээ, гэр бүлдээ, ангидаа, ажил албандаа, ер нь энэ нийгэмд, сүм чуулгандаа ч, гэрэл давс болохоор илгээгдсэн нэгэн. Та үг хэл яриа, биеэ авч яваа байдал, зан харилцаа, (даруу төлөв, тусч, өгөөмөр нинжин сэтгэлээрээ) үүрэг хариуцлагадаа үнэнч, хичээнгүй, итгэмжтэй байдлаараа гэр бүлдээ ч, ажилдаа ч, ангидаа ч сайн мэдээ болж байх ёстой.

Бас нөгөөтэйгүүр сүм чуулган тарихаар илгээгдэж буй үйлчлэл нь ч илгээлт юм. Энэхүү үйлчлэлд итгэгч өөрөө дуудагдан, хөдөө эсвэл гадаадад явж, сүм цуглаан тарьж, үүсгэн байгуулахаар бэлтгэгдээгүй л бол, хичээнгүй залбирлаараа, өгөөмөр өглөгөөрөө, бэлтгэл ажилд нь гар бие оролцсноороо хамтрагч болж болно, гэхчилэн заана.

3. Сайн мэдээ тунхаглах нь, илгээлт нь зөвхөн пасторын хүсэл биш, жинхэнэдээ Бурхан үүнийг хүсдэг болохыг зөвөөр ойлгуулах нь зүйтэй. (Ром 10:13-15) Учир нь Эзэний нэрээр дуудагч хэн ч аврагдах болно. Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? “Сайн мэдээг тунхаглагчийн хөл юутай сайхан” гэж бичигдсэн байдаг.

Хэн ч гэсэн, тэр дундаа Жаргалмаагийн хайрлан дотночилдог, гэр бүлийнхэн, найз нөхөд нь, ойр дотныхон нь Эзэнийг дуудан, Түүний авралд итгэж, аврагдах эрхтэй бөгөөд шаардлагатай. Хэн сайн мэдээг тунхаглахаар явах вэ гэж Эзэн биднээс асуудаг. Сайн мэдээ болж, Түүний илгээгдэгч болж амьдрах нь Эзэнд таалагддаг.

(Ром 14:7-9) Учир нь бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдарддаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Хэрэв бид амьдарвал Эзэний төлөө амьдардаг, үхвэл Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай үхэх ч бай бид Эзэнийх. Учир нь үхэгсэд болон амьд байгсдын аль алиных нь Эзэн байхын тулд л Христ үхээд амилсан билээ. Бид Есүст итгэснээрээ Түүнд өөрсдийн амьдралыг өгсөн. Амьдралын маань зорилго Түүний тааллыг хайх нь юм. Үхэл, амьдрал гэж онцгойлон тунхагласан нь бүхий л амьдрал гэсэн санааг илэрхийлдэг. Энэ нь зөвхөн Эзэнээр л удирдуулах ёстой.

(Ром 1:5) Бид Түүний нэрийн төлөө бүх харь үндэстний дунд итгэлийн дуулгавартай байдлыг бий болгохын тулд, Түүгээр дамжуулан нигүүлсэл болон элчийн үүргийг хүлээн авсан. Эндээс илгээлт нь (сайн мэдээ болж амьдрах нь) Бурханы хүсэл ба тушаал юм. Зөвхөн пастор ахлагч болон сүмийн үүрэг хариуцлагатан ч биш, авралыг авсан итгэгч нэг бүрийн шинэ амьдралынх нь хэв маяг, салшгүй нэг хэсэг нь, үүрэг хариуцлага юм гэж тайлбарлана.

4. Тэгээд эцэст, цуглаан нь зөвхөн нөхөрлөлийн төлөө, амралтын төлөө ч биш, чухамдаа илгээлтийн төлөө л оршдогийг ойлгуулна. (Ром 14:17,18) …Учир нь Бурханы хаанчлал нь идэх болон уух явдал биш, харин Ариун Сүнс доторхи зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан юм. Учир нь Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж хүмүүсээр сайшаагдана.

Эндээс харахад цуглаан нь, Эзэний л хүслийн дагуу зөвт байдлаар оршиж, дэлхийн гэрэл ба давс нь болох ёстой, гэсэн урд дурьдагдсан зарчим тодорхой байна. (Ром 15:5,6) Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. Ингэснээр, та нар бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг нэг дуу хоолойгоор алдаршуулах юм. Жаргалмаа ч, пастор нь ч, бид нар ч, Эзэнтэй хамт нэг санаа, нэг зорилготойгоор сайн мэдээний төлөө дуудагдсан үнэнийг тунхаглан ойлгуулна.





"Ром ном" хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: David Burge UBTC