Friday, February 27, 2009

ТАМ-ДИВААЖИН-ЗАМ

Энэхэн цаг дор нэгэн сүнс хүмүүний хорвоод амьд оршигч болон төрөөд 37-н эргэх цагийг элээн амьдарч байвай. Түүнийг Монголхүү гэе. Монголхүү энэхэн насандаа өөрийн биеэр туулсан давсан нилээдгүй, элдэвийг үзсэн ба бас ч үгүй уншсан мэдсэн, дуулсан сонссон нилээн арвин хэмээн өөрийгөө үнэлэн, дотоод сэтгэлдээ “би”-гээ дөвийлгөн өргөмжлөгч бөлгөө. Мөн ирэх цаг дор бас ч гэж ихийг хийж бүтээх санаа агуулавч, хүмүүний ертөнцийн ороо бусгаа, цагийн салхины тогтворгүй хуйсганасанд баахан итгэл алдарч, ирээдүй нь бүрхэг тодорхойгүйд жаахан гутаран явдаг байв.

Гэтэл цэлмэг тэнгэрээс аянга ниргэх мэт цочир сонин нэгэн үйл явдал тохиолдсоноор түүний амьдрал орвонгоороо хөрвөөв. Тэр нэгэн үдэш Монголхүү жижигхэн өрөөндөө унтахаар гэрлээ унтраан дөнгөж хэвтмэгц, сүүн цагаан гэрэл бүх биенээсээ сацруулсан, машид амгалан, хязгааргүй энэрэнгүйг гайхамшигтай хослуулсан, бүүр түүрхэн танил зүс бүхий Нэгэн гэнэт дэргэд нь хаанаас ч юм гараад ирвэй.

Тэр Нэгэн амьд Оршигч шаланд хүрсэн урт нэлэмгэр хувцастай, гартаа таяг барьсан байх бөгөөд Монголхүүд хандан гайхам сайханаар мишээн ямар нэгэн зүйл өгүүлэх бүхийд, алмайрч гайхан цочирдсон мань хүн огт сонссонгүй, эсвэл ойлгосонгүй байтал хоёр нүднийх нь аньсгийг маш хүнд нойр доош нь чангааж, ”унтах нь дээ” гэсэн бодол тархинд нь гялсхийгээд тасарвай.

Маргааш өглөө нь эрт тэрээр маш цовоо сэргэлэн, ухаан санаа нь саруул, зүрх сэтгэл нь баяр баясал дүүрэн ухасхийн босов. Тэгмэгц, өчигдөр оройны өрөөнд нь гэнэт бий болсон Нэгэний тухай санамагц, Түүний бүх зүс царай, биенээс нь сацарч байсан сүүн цагаан гэрэл хамаг доторыг нь сүлээд хаях мэт болов. Пээ…тэнгэр минь. Тэр одоо болтол амьд оршдог байх нь.

Тэр ер нь хэн бэ? Түүнийг төрсөнөөс хойш яагаад хүний ертөнцийн он тооллыг шинээр тоолж эхэлсэн юм болоо? Хүн төрөлхтөний 3-ний 1 нь Түүний нэрийн дор, Түүнд итгэж шүтэж амьдардаг нь учиртай байх нь. Түүний талаар би ер нь юу мэддэг билээ. Тэр 2000-ний өмнө загалмайд тэлэгдэж, хадагдаж үхээгүй гэж үү? Тэр яагаад над дээр ирэв ээ? Ер нь амь, амьдрал гэж юу вэ? Би хэн бэ? Би болон хүн төрөлхтөн хаанаас бий болсон, яах гэж амьдардаг вэ? Дараа нь хаачих вэ? Юу болох вэ?

Бүх хэлтэн, үндэстэнгүүдийн бүхий л түүхийнхээ туршид, өөр өөрийнхөө хэлээр дуудаж, аврал эрж, шүтэж мөргөж байдаг Ариун Дээд Нэгэн үнэхээр оршин байдаг уу? Байдаг бол хаана байдаг вэ? Тэр хүн төрөлхтөнтэй ямар хамаатай вэ?...гэхчилэн урьд нь огт бодогдож байгаагүй мянга түмэн асуултууд хаанаас ч юм гарч ирэн, жижигхэн бөндгөрт нь багтаж ядан чихэлдэж, ам хамараар нь булталзаж, нүдийг нь бүлтэлзүүлж, чихийг нь дүнгэнүүлэн, борхон зүрхийг нь булгилуулах ажээ.

Монголхүү элдэв асуултанд ээрэгдэн гайхашран санааширсаар ажилдаа явах замдаа гэнэт нэгэн зүйл анзаарсан нь, тэрээр хүмүүний ертөнцийг шал өөр нүдээр харж байгаагаа мэдэрэв. Зүйрлэвэл, маш их гаж нөлөөтэй толинд туссан тусгал удаан харж байгаад, гэнэт эргээд жинхэнэ дүрийг харахдаа дадсанаас огт өөр бүхийг харан, гайхан цочих мэт сонин мэдрэмж төрөх ажээ. Түүний ажил төрөл индүүдсэн мэт бүтэмжтэй, өө сэвгүй байсан боловч, яагаад ч юм өөрт нь огт сонирхолгүй байлаа.

Тэр боломжийн ирээдүйтэй, ашиг орлоготой ажил албаа орхин, Тэр Нэгэн амьд Оршигчийн тухай болон орчлон ертөнцийн талаархи элдэв судар, ном товхимол олж аван, жижигхэн өрөөндөө уншин эрэгцүүлж, бясалган суух болвоо. Нэгэн үдэш тэрээр нүдээ анин элдэвийг эрэгцүүлэн бясалгаж суутал зөөлөн сэвэлзэх салхин салхилан хацар нүүрийг нь илбэн, сэвлэг үсийг нь хийсгэн хөдөлгөх нь мэдрэгдсэнд гэнэт анзаарч, ”битүү өрөөнд юун салхи…” гэх бодол толгойд нь зурсхийнгүүт, нүдээ нээх завдалгүй газраас хөндийрөх мэт мэдрэмж төрж, нэн хүчирхэг хэн нэгэн түүнийг хөнгөхөн өргөн, хаашаа ч юм хоромхон зуур аваад явах нь тэрээ.

Айх гайхах зэрэгцэн хэсэгхэн болоод, хөл газар хүрэх мэт болмогц нүдээ нээвэл, нэгэн маш саарал бараан орон зайд (ертөнцөд гэвэл илүү зохино) зогсож байлаа. Хамгийн түрүүнд тас харанхуй, өчүүхэн ч гялтайх зүйлгүй тэнгэр (эсвэл тааз), ямар нэг баахан хог новш, хайрцаг сав ундуй сундуй, эмх замбараагүй хаяад, түүн дээр нь маш зузаан нарийн ширхэгтэй үнсэн саарал тоос битүү хучсан мэт сэтгэгдэл төрүүлсэн газарын гадарга хааш хаашаа хараа үл хүрэх газар сунан тогтсон нь нүдэнд нь тусав.

Тэртээ алсад нэгэн галт бамбар барьсан бодгаль нэг зүгрүү яаруухан явсаар далдрав. Гэнэт Монголхүүгийн нүдний үзүүрт ямар нэгэн хөдөлгөөн анзаарагдав. Лавлан харвал өөрөөс нь зайтайхан гурван хүн аажуухан явмар аядах мэт.
Тэдэнрүү дөтөлхөөр хөдөлтөл хажууханд нь бас нэгэн хөдөлгөөн анзаарагдав. Нүд тогтоон хартал, газрынхаа өнгөнөөс ялгагдахгүй шахуу өнгөтэй, яалт ч үгүй хүн гэдэг нь мэдэгдэх мэт боловч, үзээрийн эрэмдэг төрхтэй нэгэн бөгтийн суух ба аажуухан толгойгоо өргөн түүний зүг харав.

Түүний нүдний харц, ямарч аймшигийн киноны мастеруудын санаанд нь ч орохгүй эрэмдэг төрх Монголхүүгийн чөмгийг царцаах шиг болон таг зогсоов. Тэр амьс түүнрүү гараа алгуурхан өргөж сарвалзуулсанд, гэнэт ухаан орсон Монголхүү ухасхийн нөгөө гурвын зүг зугтаах гэсэн боловч, эргэн тойронд нь иймэрхүү зэрэмдэг, үзээрийн гаж муухай төрхтэй амьсууд зөндөө олноороо, хэвтээ суугаа байдалтай байгааг олж харлаа. Сэрдхийн айн цочирдсондоо байдгаараа салгалсан тэрээр маш их хүч гарган зүрхээ чангалж, тэдний завсар зайгаар нөгөө гурвын зүг явахаар болгоомжтой хөдлөв.

Тэрээр аль болохоор тэдгээр амьсийг харахгүйг хичээн нүдээ буруулах боловч, яалт ч үгүй улаан замд нь хөндөлдөх хоёр гурван амьсийг хальт хальт хараад авав. Тэд хоорондоо огт адилгүй, маш зэвүүцэм муухай зэрэмдэг төрхтэй, нэн их ядарсан мэт, эсвэл маш их хүлцэнгүй гэмээр жингүйдэх мэт аажуухан алгуурхан хөдөлгөөнтэй, бие биеэ огт анзаарахгүй мэт боловч, Монголхүүг ойрхон өнгөрөх үед заавал анзаарч, толгойгоо өргөн харж, гараа сарвалзуулцгаах нь жигтэй. Ямартаа ч тэр болгоомжтой явсаар нөгөө гуравт ойртон очмогц, тэдгээр нь адил ойролцоо (эрэмдэг муухай) төрхтэй эрэгтэй эмэгтэй настайвтар хоёр амьс, нэг арай залуухан эмэгтэй (эцэг,эх,охин 3 гэдэг нь анзаарагдахаар) хамтдаа нэг зүгрүү зуугуухан сажилж буйг харав.

Хэдийгээр маш их гонсойсон боловч, Монголхүү толгойгоо өргөн ийш тийш зоригтойхон харвал, энд тэндгүй ганц хоёроороо сүүдийсэн амьсууд сүүдэгнэн гэлдэрцгээж байлаа.
Гэнэт алсад галт бамбар барьсан нэгэн итгэлтэйгээр, бас яаруухан яваа нь нүдэнд нь тусмагц, зүрхэнд нь өчүүхэн найдлага төрж, тэр зүг ухасхиймэгц, ард нь салхи сэвэлзэх мэт хөнгөн хөдөлгөөн мэдрэгдээд, ямар нэгэн хүч түүнийг сэвхийтэл өргөөд газраас хөндийрүүлэх агшинд, айсан цочисондоо ухаан нь хэсэг зууртаа балартсан бололтой. Нэг сэхээрвэл, танил дотно орчинд байх мэт сэтгэгдэл төрсөнд болгоомжтой нүдээ нээвэл, өнөө муу жижигхэн өрөөндөө, анх яаж сууж асан чигтээ хамаг хөлс нь асгарчихсан сууж байвай….

Юу болвоо? Хэн түүнийг хааш нь авааччихаад, буцаагаад аваад ирэв ээ? Ямар зэвүүн муухай, хүний санаанд оромгүй газар байв аа? Тэд юун амьсууд вэ? Хаана оршдог ертөнц вэ?...Гэнэт түүний тархинд ”там, үхэгсэдийн орон” гэсэн судар, номоос уншсан үг үсэгнүүд гялсхийн харван орж ирлээ…. Ямар аймаар юм бэ? Үнэхээр бодит ертөнц байсан. Тэгэхлээр үнэн байх нь. Хамгийн эхэнд байж бүх орчлон ертөнцийг, тэдгээрийн дунд манай цэнхэр гаригыг, хүний орчлонг бүтээсэн, бас үхэл ч Түүний тогтоосноор бий болж Түүнд захирагддаг, Тэр Нэгэн амьд Оршигч өөрт нь энэ бүхнийг үзүүлжээ….

Яах гэж? Анхааруулга уу? Би ямар нүгэл хилэнц үйлдлээ?.
Айдас хүйдэс бүх биеийг нь дагжин чичрүүлж, хар хөлс нь цутгаж, дотор нь муухай оргиж байлаа. Ус уух гэсэн боловч шүд нь хавшаад ууж болсонгүй. Хөнжилдөө ороод байдгаараа дулаалан хучисан боловч чичирсээр л…. Халууран, хар дарж, элдэв юм зүүдлэн, амандаа ”…Намайг уучлаач, …дахиж тийш нь битгий аваачаач…” гуйн гиншигнэнэ. Аймшигт урт шөнө арайхийж өнгөрөв. Өглөөгүүр түр зуур дуг хийжээ. Нарны гэрэл нүүрэн дээр нь туссанд, сэрээд хэсэг зуур хэвтэв. Бие нь бага зэрэг тавирч, дотор нь жоохон онгойлоо. Аажуухан босоод хөнжилөө нөмөрөн, тагтныхаа хаалгыг онгойлгон гадагшаа гарав.

Алтан нарны цацраг орчлон ертөнцийг дүүргэн гэрэлтүүлж, бяцхан хүүхдүүдийн инээд баясал, их хотын чимээ шуугиан чих сонороор нь чихэлдэн орж, сэнгэнэсэн цэвэр агаар ам хамарлуу нь уралдан дайрч уушиг цээжийг нь дүүргэв. Гэнэт зүрхнийх нь угаас үл ялиг жирвэлзэх тааламжит долгион бүх биеэр нь тарж, хамар самсаа нь шархирч, нүд нь нулимсаар дүүрэн юу юугүй асгарч эхэллээ. Өвдөг дээрээ алгуурхан сөхөрч, асгартал енгэнэтэл уйлж гарав. Хэзээ ч ийм их хайр, ийм их аз жаргал, баяр баясалыг мэдэрч байсангүй. Ямар гайхамшигтай, ямар үзэсгэлэнтэй орчлон ертөнц вэ?.

Яаж ингэж бодож сэтгэж бүтээж чадав аа? Ямар их хувь заяа вэ? Энэхэн орчлонд ингэж амьд орших... Баярлалаа, баярлалаа, баярлалаа… Таны аугаа их суу билэгт, хайр энэрэлд өвдөг сөгдөе…. Нилээд уйлсаар дотор нь саруулсан, толгой нь сэргэв.
Дотогшоо орж аяга халуун чихэртэй байхуу уулаа. Хөргөгчөө онгойлгосон боловч юм идэх дур огт хүрсэнгүй. Урьд шөнийн очоод ирсэн ертөнц “там” гэдэгт тэр одоо улам бүр баттай итгэж эхлэв. Тэдгээр зэвүүн муухай үзээрийн амьсууд нүгэлтэнгүүд болох нь улам бүр тодорхой ойлгогдож байлаа. Түүнд хоёр ч удаа харагдсан галт бамбар бүхий бодгалиуд хэн байсан болоо?.

Шинэ нүгэлт сүнсийг авчиран орхигч эрлэгийн элч нар болов уу? Эс бөгөөс шийтгэлийн хугацаа нь дууссан сүнсийг авахаар ирдэг Бурханы элч нар болов уу? Ер нь тэнд хэдий хугацаатай хаягддаг бол? Эсвэл мөнхөд тэндээ үлддэг болов уу? Тэр ертөнцийн маш зэвүүцэм шинж төрх, амьсуудын ямарч тэмцэлгүй, хөдөлж ядсан хүлцэнгүй мэт төрх төлөв нь, хамгийн гол нь тийм гэж тодорхойлохын аргагүй нүднийх нь харц нь, сэтгэл дотор нь оршчихоод, огт гарахгүй нүдэнд нь харагдаад байв. Эвэртэй, сүүлтэй, ац туурайтай, сэрээ барьсан чөтгөрүүд нүгэлтнүүдийг тогоон дотор чанадаг тамын тухай төсөөлөл, түүний үзсэн ертөнцтэй зүйрлэвэл хүүхдэд зориулсан үлгэр болох нь тодорхой.

Тэрээр өдөржин зүдэргээнт үзэгдэлийг дотроосоо авч хаяхыг оролдоод чадсангүй, харин ч улам бүр хэсэгчилэн тодороод, санагдаад байх мэт. Орой тийшээ Монголхүү тэдгээр амьсийн байдал төлөвөөс болон нүдний харцнаас, ер нь тэр ертөнцөөс тэр чигтээ нэвт ханхалж байсан шинж төрхийг (үнэрийг) эхнээс нь ухаарч эхлэв.

Тэдгээр амьсууд бүхий л байгаа байдлаараа, хөдөлгөөнөөрөө, тэрхүү ертөнц бүхлээрээ аймшигт гаслан зовлон, өвчин шаналанг нэвт ханхлуулж байсныг тэрээр гүнзгий ойлголоо. Ялангуяа бие биеэ огт анзаарахгүй мэт боловч өөрийг нь ойрхон өнгөрөх үеэр заавал түүнрүү хандан толгойгоо өргөн харах тэдний нүд, хязгааргүй гүн зовлон шаналалыг, ”…авараач, энэрээч..” гэсэн гуйлттай хослуулан харцаараа бархирч байсныг ухааран зүрхнийх нь угруу мянга түмэн зүү шивэх мэт өвтгөж эхлэв.

Тэд түүнийг дээрээс ирсэнийг мэдэрч байжээ. Одоо тэр тэднийг өрөвдөж эхлэв. Ямар үйлийн үртэй амьтны үрс тэнд тэгж үйлээ эдэлж суудаг байна аа? ...Ямар хэцүүтэй юм бэ? Энэ байдлаараа удахгүй солиорох байх.. Тэрээр Ариун Сударыг шүүрэн авч, үхэл болон үхэгсэдийн орны тухай ямар нэгэн мэдээлэл хайн, хуудас бүрээр нь эргүүлж эхлэв. Ашгүй… Илчлэлт номонд ”…Үеийн төгсгөлд Үхэл ба Үхэгсэдийн орон галт нуурт хаягдан устгагдана.” гэжээ. Дотор нь жоохон онгоймор аядав.

Тэдний гаслан зовлон нэгэн цагт эцэс болох л юм байна. Гэхдээ хэзээ юм болдоо тэр “Үеийн төгсгөл” гэдэг нь…?! Хамгийн Дээд амьд Оршигч Нэгэн түүнтэй гэнэт ирж уулзаад, бас гэнэт ийм аймшигийг яах гэж үзүүлсэн юм боловоо? Одоо бүх амьдарлын минь турш энэ нэгэн аймшиг надад амар заяа үзүүлэхгүй дээ!? …Гэнэт нөгөө үл мэдэг зөөлөн сэвэлзэх салхи… Энэ удаа овоо туршлагатай... Орноосоо хөндийрөх тэрхэн агшинд нүдээ нээж амжив. Гэтэл жижигхэн өрөөндөө, орон дээрээ, өвөр дээрээ Ариун Судар тавьсан чигтээ, нүдээ анин завилж суугаа өөрийгөө хөндлөнгөөс хальт хараад асар хурдтайгаар хаа нэг тийшээ нисэх нь тэрээ. Айсан, гайхсан, сандарсан нийлээд нүдээ тас анив.
Зогтусан, зөөлөн газардах мэт болсонд алгуурхан нүдээ нээв.

Нилэнхүйдээ сүүн цагаан хурц гэрэл сацраасан хязгааргүй уудам тэнгэр нүдийг нь гялбуулав. Сайтар лавлан харвал маш тэгшхэн, өндөр ургасан саглагар мөнгөлөг ойгоор битүү хучигдсан уул байх бөгөөд, ойн захаар болор мэт талстан гялтганах гол урсана. Уулын баруун талаар алсад, шижирээс шижир алт наранд гялтганах мэт гялалзсан цамхаг барилгууд нүдэнд нь тусаж, ямар нэгэн хот байна гэдэг нь шууд ойлгогдож байлаа. Энэ бүгд нэгэн машид тансаг зураглалыг бүрдүүлэх нь нэн гайхамшигтай. Гэнэт ямар нэгэн хөдөлгөөн мэлмийг нь гижигдсэнд анхааралтай ажиглавал, ойн захаар, голын наагуур цаагуур цагаан хувцастай хоёр гурваараа хүмүүс нааш цааш тайвуухан алхацгаах бөгөөд, зарим нь өөр рүү нь хандан гараараа даллах нь тодорхой үзэгдэв.

Өөрт нь хамгийн ойр, 20-иод метрийн зайд байсан хоёр эмэгтэйн нэг нь гараараа даллан нэг юм хэлсэн нь, чихэнд нь маш яруу уянгалаг авиа сонсогдоод, харин толгой дотор нь “Монголхүү ээ…Бүү шантар, замаасаа бүү гар!” гэсэн үгс зурсхийн орж ирлээ. Юу хэлчих вэ? Хаанаас миний нэрийг мэдэв ээ? Ямар сонин ярьдаг юм бэ? Ямар төгс төгөлдөр, үзэсгэлэнтэй хүмүүс бэ?! гэх бодлуудтай зэрэгцэн зүрх сэтгэлийг нь маш их баяр баясгалан, амар тайван дүүргэн эзэмдэж тэдний зүг явах гэснээ, ямар нэгэн ичгүүр, зовнил дотор нь асав.

Зүйрлэвэл, бохир муухай шавар шалбааг туучин явсан гуталтайгаа цэв цэвэрхэн, цав цагаан хивс дэвссэн саруулхан цэмцгэр өрөөний үүдэнд зогсон, орох эсэхээ тээнэгэлзэн ядах мэт.
Өөрийгөө харж шинжихээр толгойгоо гудайлгах тэрхэн агшинд газар цөмрөх мэт болж, оргүй хоосон руу нисэх нь тэрээ. Даруй хашхирхаар амаа ангайсан боловч дуу гарсангүй, ухаан нь балартаж нүдээ тас аньжээ. Нэгэнтээ сэхээрэн нүдээ нээвэл, өнөө л жижиг өрөөндөө, орон дээрээ сууж байвай.

“Мөнхийн орон, диваажин” гэсэн үгс толгой дотор нь чийдэн асах мэт гялалзан орж ирэхтэй зэрэгцээд, маш их харуусал төрлөө. Ухасхийн тагтан дээрээ гарч өөдөө харвал, бүртийх ч үүлгүй шөнийн тэнгэрт мянга мянган одод баяртайгаар анивчин жирвэлзэж урин дуудах мэт. Хоёр гараа өөдөө өргөн байдгаараа амаа ангайн хашхирах гэсэн боловч дуу нь гарсангүй.
Харин борхон зүрх нь цээжин дотроо булгилан “…Бурхан минь, намайг аваач. Мөнхийн орондоо үүрд аваачаач…” хэмээн байдгаараа гуйн хашхирч, нүднээс нь нулимс зүгээр л сул асгарч байлаа.

Сэрүүн салхи түүнийг нэвт жиндүүлж эхлэхэд нэлээн удаан зогсосноо сая сэхээрч, урамгүйхэн өрөөндөө оров. Хөнжилдөө шурган нүдээ аньж “…Бурхан Эзэн минь, намайг цэвэрлээч. Өчүүхэн мөхөс дорой хүн намайг, хүний орчлонгийн элдэв бузар муу хир буртаг болсон атаа жөтөө, хор шар, шунал хүсэл, дур тачаалаас ариусган цэвэрлээч. Та чадна шүү дээ! Та бол Эзэн Бурхан. Танаас өөр нь байхгүй…” гуйн үглэж байгаад нам унтжээ. Цонхоор нь тусах нарны цацраг нүүрэн дээр нь наадан тоглож зовхийг нь тогшсонд сэрээд, хэсэг зуур бодолхийлэн хэвтэв. Энэхэн хэдхэн хоногт ер нь юу юу л болчихов доо?! Ямар их зүйл ойлгож ухаарав аа. Эвий…энэ хүмүүс гэгч, энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцахын хооронд, идэж ууж шингээж барахгүй эд мөнгөний шунал хүсэл, хүн нэрээ гутаасан адгуусан дур тачаал, атгахан зүрхэндээ багтамгүй атаа жөтөө, өшөө хорсол, алдар нэр, эрх мэдлийн улайрсан хөөцөлдөөнөөр аз жаргалыг төсөөлцгөөх юм.

Тэгээд гурав хоног юу ч идээгүй маш их өлсөж буйгаа мэдрэв. Босож хувцаслан дэлгүүр явахаар гэрээсээ гарлаа. Цахилгаан өргүүр бас л ажиллагаагүй зогсож байв. Яагаад ч юм огт бухимдсангүй, дотор нь маш амгалан тайван байх юм. Урьд нь өглөө ажилдаа яарахдаа, орой ажлаасаа ядарч ирээд их л бухимддагсан.

Бодолд дарагдан шатаар тайвуухан уруудсаар байрнаасаа гарч дэлгүүр рүү зүглэв. Гэнэт хажууд нь машин чихран тоормослох чимээ гарсанд анзаарвал, тансаг хийцийн данхайсан шинэхэн жипний цонхоор, бульдог үүлдрийн нохойг санагдуулам төрхтэй, ширүүн догшин харцтай булиа залуу, томоо гэгч дөрвөлжин тольтой алтан бөгжтэй бүдүүн хуруугаараа занган
“Хөөе! Пи…минь, сохор юм уу хаашаа юм?!. Чамай мууг нялчихаад явчихад чи юу олж долоох юм. Хохь чинь л болно шүү.!” хэмээн хар яр хийв. Цаад суудалд нь заларч байсан үнэтэй костюм чамин зангиатай, бараан нүдний шилээр нүүрнийхээ талыг тагласан ярвагар бүдүүн хижээл хүн уцаарлангуйгаар, “ямар ч ашиггүй маанаг юмстай юугаа ярьдаг юм. Явцгаая” хэмээн захирсанд, жип ухасхийн тоосоороо булан одов оо.
Уур уцаар, зэвүүцэл огтхон ч төрсөнгүй. Харин ч эсрэгээр, нэг л тодорхойлж хэлэх аргагүй мэдрэмж төрж, ямар нэг бараан санамж хоолой дээр нь гарч ирлээ.

Юу л болоод байна даа?! Хэмээн гайхширсаар цаашаа дэлгүүр рүү дөхөж очсонд, үүдэнд нь бүхий л байгаа байдлаараа хайш яаш, овилгогүй танхайг илэрхийлсэн, гартаа шилтэй пиво барьсан хүйтэн төрхтэй дөрвөн залуу, овлигогүй үгс чанга чанга хэлэлцэн хажуугаараа өнгөрөгсдийг өлөн увайгүй нүдээр ширтэн, шүлсээ пар пар хаялан зогсоно.
Тэднийг хармагц хоолой дээр нь тороод байсан таагүй мэдрэмж цаашаа ходоод руу нь гүд хийтэл ороод гашуун шүүс ялгаруулан, бөөлжсийг нь хутгаж огиулж эхлэв. Дотор нь муухай оргиж, толгой нь эргэн нүдээ анин хана түшив. Нүдэнд нь тамын орны үзээрийн зэвүүцэм гаж төрхтэй гаслант амьсууд, тэдний өрөвдөлт зовлонт төлөв байдал тодров. Мөнхийн оронд хальт очоод ирэхэд таг мартсан байжээ.

Гэнэт хажуугаас нь “Ахаа?! Та зүгээр үү? Май энийг уучих” гэх шингэн хонгор дуу гарлаа. Нүдээ нээвэл 25 орчим насны залуу бүсгүй 3 орчим настай бяцхан бондгор хүү хөтөлчихсөн хажууд нь зогсоод, шилтэй сүү сарвайж байв. Цаахан нь мөн ойролцоо насны залуу дөнгөж ой орчимтой нялх хүүхэд тэврэн өрөвдсөн шинжтэй харж зогсоно.
Тэдний нүднээс сацрах гэнэн цайлган, цэвэр ариун гэрэл шууд зүрхэнд нь тусаж, бүх биеэр нь галт урсгал жирвэлзэн тарж, хамаг бие нь, тархи оюун нь хэзээ ч байгаагүйгээр саруулсан бүгдийг ойлгов.

…Ээ тэнгэр минь, хамгийн дээд Ариун Нэгэн яагаад түүнтэй уулзсан, яах гэж дээш нь, доош нь аваачиж үзүүлсэнийг ойлголоо. Мөнхийн орны тэр бүсгүй юун замын талаар ярьсаныг ч ухаарав. “Бүү шантраарай миний дүү нар, замаасаа бүү гараарай!” гэж хэлчихээд, тэдний нүдэнд тодорсон гайхашийг хальт хараад ухасхийн гэрийн зүг гүйлээ. Түүнд хүний хорвоогийн амьдрал, түүний утга учир алган дээр нь тавиастай мэт тодрон харагдаж байлаа. Хүмүүний амьдрал гээч юу юм бэ?! Хавар нахиалаад намар гандах навчийн адил. Энэхэн хооронд та нар юунд буруу замаар будаа тээнэ вэ?

Хамгийн Дээд Эрх Мэдэлтэн, бүхнийг Чадагч, бүхнийг Мэдэгч, аугаа хүчирхэг Ариун Нэгэн үнэхээр оршин байдаг. Түүнээс эмээ, Түүнд итгэ, Түүний ариун замаар алх. Түүний өмнө очоод шүүгдэх цагт өршөөлгүй шүү. Хажуудахаа, бусдыг зовоож, дарлаж, шулан мөлжиж, хууран мэхэлж олсон хураасан хог новш чинь, хүрсэн нэр алдар чинь та нарыг огтхон ч аврахгүй. Харин ч доош нь чангаана шүү!

Монголхүүгийн Ариун Судараас урьд нь хальт хайнгадуухан уншсан “Би бол амь, зам, үнэн мөн” “Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж амьдрахад Би баярлах болно. Өөрийн бузар муу замаасаа буцагтун, буцагтун. Тэгвэл та нар юунд үхэх вэ!” гэх зэрэг Эзэн Бурханы олон олон үгс түүний дотор амилан бужигнаж, хамаг булчин шөрмөс, оюун ухааныг нь тэжээн тэтгэж, хөвчрүүлэн ажиллуулж хүчийг өгсөнөөр,мань хүн жигүүртэй мэт долоон давхар руу дүүлэн гарч ирэв.

Тиймээ энэхэн хорвоод хоёрхон зам байна. Нэг нь там руу, нөгөө нь мөнхийн орон руу хөтөлнө. Ойлголоо, ухаарлаа. Би гэрчилье, би хэлье, би анхааруулъя…!
Тэрээр амьсгаадан бахардсан гэхээсээ догдлон сандарсандаа салгалан чичирч цоожныхоо нүхэнд арайхийн түлхүүрээ шургуулан хаалгаа онгойлгоод жижигхэн өрөөндөө гүйн орж, дэвтэр үзэг шүүрэн авлаа…



Сөүл. Шингил дун. 2004.03.05