Saturday, March 14, 2009

5. Папууд ба Чуулган


Эртний итгэгчдийн зохиолоос бид анхны Чуулганы амьдрал, хувь заяаг харж чадна. Жиш: “Ромын Климентийн Коринтод бичсэн захидал” гэсэн ном байдаг. МЭ96 онд бичигдсэн бололтой. Энэ захидал 4-н чухал мэдээллийг дамжуулдаг.

1. Петр, Паул нар нь Ромд ариун үхлээр нас барсаныг (итгэлийнхээ төлөө алуулсаныг) мэдээлдэг.
2. Христийн Чуулган дотор эмх цэгц, дэг журам, сахилга бат, маш өндөр хэмжээнд байх ёстойг онцолдог.
3. Христитгэлийг сайн үйлс заавал дагах ёстой, гэдэг. (Жинхэнэ итгэл нь сайн үйлсийг төрүүлдэг.)
4. Чуулган нь Эзэний өдөр хүндэтгэл-мөргөл үйлддэг нь, тэр үед л албан ёсны болсон байсныг гэрчилдэг. Климент нь Ромын Чуулганы хамгийн анхны бишоп байсан. Тэр захидалдаа “бишоп” нь Чуулганы маш чухал үйлчлэл бөгөөд хамгийн тэргүүнд байх ёстойг онцолсон.

Мөн Антиохын цуглаан нь анх “Христчид” гэж дуудуулж эхэлсэн. Энэ нь Игнатусын үйлсээс эхтэй. Энэ хүн элч Иоханы шавь байсан. Хожим Антиохын бишоп болсон. “Илчлэлт” номтой ойролцоо утгатай “Долоон Чуулганд” гэж хаягласан захидал бичсэн байдаг. Галзуурсан харгис хавчлагын төв болсон Ром руу “…хэн ч намайг бүү зогсоох болтугай. Эзэний төлөө үхэх нь ололт юм.” гээд явж одсон байдаг. Тиймээс зарим хүн түүнийг “хэт туйлшрагч”, ”галзуу” гэхчилэн нэрлэдэг. Тэр захидалдаа худал сургаалиудыг хүчтэй шүүмжилсэн. Өөрөө маш их галтай, тэр нь болно (зөв), тэр нь болохгүй (буруу) гээд л шууд л зөвтгөдөг, эсвэл ялалдаг хүн байсан. Бас бишопийн эрх мэдэл, үүрэг хариуцлагыг маш их чухалчилан Ариун зоог, баптисм зэрэг нь зөвхөн түүний л оролцоотой болох ёстой, гэсэн нь мөн л “эрх мэдлийн донтон” хочийг дагуулсан.

Африкын Хиппод христчин ээжээс төрсөн боловч танхай балмад, ёс суртахуунгүй завхай амьдралаар амьдарч байсан Августин нь, хожим Миланы бишоп Амброссын номлолыг сонсоод, Бурхан өөрийнх нь зүрхэнд илд дүрэх мэт Үгээ айлдаж буйг мэдэрсэн гэдэг. Түүний зүрхэнд маш том зөрчил бий болж, улмаар махан биеийнхээ хүсэл тачаалын л төлөө амьдарч явсанаа ухаарч, гэмшин Эзэнийг дагах хатуу шийдвэр гаргасан. МЭ387 онд баптисм хүртээд, маш авъяаслаг, оюунлаг нэгэн байсан тул МЭ391 онд Хиппогын бишоп болсон. Августин нь 113-н ном, 500 гаруй номлол сургааль хийсэн ба бичсэн, Чуулганы түүхэндэх цуутай теологич юм. Хүн ямарч өршөөл хүртэх зохисгүй нэгэн байтал Эзэн агуугаар энэрэн хайрласаныг маш их тунхагладаг байв.

Чуулган бол улс төр, засаглал, нийгмээс илүү үнэ цэнэтэй, зөвхөн энд л авралыг авна гэдэг байсан. Чуулганы удирдлагын систем, арга барил ба албан тушаал, байр суурь нь тэнд үйлчилж буй хүний зан чанар, төлөвшилтэй огт хамаагүй тусдаа зүйл юм гэсэн байдаг. Хожим олон папууд үүнийг ашиглан “Надад эрх мэдэл өгөгдсөн. Энэ нь миний хувийн зан чанартай огт хамаагүй” гэж өөрсдийн бусармаг мууг өмгөөлөхдөө ашиглах болсон.

Эдгээр Чуулганы түүхэндэх нэр нөлөө бүхий цуутай итгэгчидийн үгийг ашиглаад, бас хавчлагын хамгийн хатуу ширүүнийг Ромын Чуулган үүрсэнээс үүдэлтэй бишрэл хүндэтгэлийн улмаас,

Ром хот нь улс төр, худалдаа арилжаа, соёл урлагын нөлөө бүхий төв байсны улмаас,

Ромын хэл болох Латин хэл теологийн салбарт голлох болсоноос,

хожим бусад нэр нөлөө бүхий Христчин төвүүд болох Иерусалим, Антиох, Эфес, Константинополь, Хиппо зэрэг нь Исламын давшилтын улмаас хүчээ алдаснаас,

эцэст нь, Эзэний Петрт хэлсэн “…Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн Чуулганыг босгоно…Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө…” гэснийг гуйвуулан “Петр бол Есүсийн дэлхийд үлдээсэн өв залгамжлагч нь. Тэр Ромд нас бараад өв залгамжлалаа, эрх мэдлээ Ромын бишопт үлдээсэн.”
гэж үзсэнээр Ромын папын сэнтий халдашгүй дархан статус болон өргөмжлөгдсөн.

Түүхэнд олон пап сэнтийд заларснаас, зарим нь тун сайн (Чуулганы түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн), зарим нь тун муу (эд хөрөнгө, нэр алдар, эрх мэдэлд шунан дурлаж, бардамнаж, эхнэр авч болохгүй гэх атлаа, нууц амрагтай...гэх мэт) хүмүүс байсан. Тэр үед папуудыг Vicar of Christ буюу Христийн төлөөлөгчид гэдэг байсан. Тэд, Лук 22:38-д гардаг хоёр илдний тухай өгүүлэмжийг “…энэ нь нэг нь дэлхийг, нөгөө нь Чуулганыг захирах эрх мэдлийг билэгдсэн” гэж үзээд, аливаа улс төрийн эрх мэдлийн төлөөх маргаан зөрчил, хор найруулганд идэвхтэйгээр, ичиж нэрэлхэлгүй оролцож эхэлсэн.

Калкедоны зөвлөл дээр Ромын бишоп “Агуу” гэгддэг Лео (МЭ440-461 онуудад пап байсан), бүх Чуулгануудын хамгийн дээд эрх мэдлийг өөртөө шаардсан. Тэр, Христийн онолд маш чухал тайлбар, тулгуур болж өгдөг “Есүс Христ нь 100%Бурхан, 100% хүн юм.” гэсэн онол тунхаглалыг оруулсан. “Агуу” Лео нь, зохион байгуулах өндөр чадвартай, Чуулганы ажлыг ч, улс төрийн ажлыг ч сайн хийдэг байсан. Хүннүгийн их удирдагч Аттилла, Ром руу сүйрлийн дайралт хийх гэж байхад, Лео очиж түүнтэй хувьчилан уулзаад, довтолгоог болиулж байжээ.

Мөн МЭ590-604 онуудад папын сэнтийд заларсан “Агуу” Грегорий нь сайнаар дурсагддаг. Тэр үед Ром уналтанд орж хоосрол ядуурал, хүчирхийлэл гаарч, эмх замбараагүй байдал газар авсан байв. Тэр бас л, улс төрийн эвлэрүүлэл зохицуулалт хийдэг, мөн ядуусыг хоололдог, өглөг буяны ажлыг сайтар зохион байгуулдаг байсан. Хамгийн чухал нь илгээлтийн ажилчдыг бэлтгэн, авралын зар тараалгахаар илгээж байлаа. Европийн олон орон руу элч нарыг илгээснээс Британы арал руу яваад ирсэн элч нар нь “…тэнд цэнхэр нүдтэй, шар үстэй, тэнгэр элч нар шиг хүмүүс амьдардаг юм байна.” гэснээс үүдэн, Angel буюу аажмаар хувирч Англи гэсэн нэр үүссэн гэдэг.

Бас 7-р Грегори тун сайн пап байсан гэж үнэлэгддэг. Чуулганы хөгжилд чухал ач холбогдол бүхий олон сайн зүйл хийж хэрэгжүүлсэн гэдэг. Чуулган нь улс төрөөс ангид, цэвэр ариун байх ёстой гэдэг байв.

9-р зууны үед нэгэн эртний бичээс олдсон гэсэн яриа гарсан. Түүн дээр Константин хааны “…папууд энэ дэлхий дээрхи бүх Чуулганыг захирах ёстой…” гэсэн зарлиг байсан гэнэ. Энэ нь үнэн олдвор, эсвэл зохиомол цуу аль нь ч байсан тэнгэрлэг эрх мэдэлгүй юм. Харин тухайн үед Ромын пап үүнийг ашиглан маш их эрх мэдлийг өөртөө төвлөрүүлхээр, явуулга хийж эхэлсэн.

Пап болсон нэгэн нь заавал нэрээ сольдог. Папын сэнтий дор үнэмлэхүй их эрх мэдэл төвлөрсөн. Доороо кардинал, арчбишоп, бишоп, приест гэх мэт шат дараалсан албан тушаалтнуудыг захирч, тэднээрээ дамжуулан асар өргөн уудам газар нутаг, үй олон хүнийг захирч байлаа. Маш их эд хөрөнгө, орд шилтгээн, эдлэн газар, үйлчлэлийн албатай, тэр ч бүү хэл цэрэг цагдаатай хүртэл болсон. Татвар өргөлийн алба, шүүх залхаан цээрлүүлэх тогтоцтой болж, боловсрол мэдлэг, албан тушаал ажил үйлс болон хурим гэрлэлт, үхэл оршуулгын асуудлыг ч төвлөрүүлэн шийдэж байлаа.

Энэхүү нүсэр тогтоцыг авч явахын тулд асар их хөрөнгө шаардагдаж, үр дүнд нь папууд мөнгө санхүүгийн асуудлаас толгой өндийлгөх ямарч боломжгүй болж байлаа. Тэд үе үе дампуурч, гачаал хүндрэлээсээ гарахын тулд сүмийн эзэмшил эдлэн, өмч хөрөнгөнд гар дүрж, бусдад зарж арилждаг байв. Чуулган нь хүмүүсийн амьдрал, хувь заяатай (нийгэмтэй) нягт холбогдож салгах аргагүй болсон.

Хүн, Чуулган буюу папд дуулгавартай байх ёстой. Эсэргүүцвэл ад үзэгдэнэ, нийгмээс таслагдана. Энэ нь, нэгэнт Чуулганаас, хүмүүсээс таслагдах юм бол Эзэний зоогийг барих эрхээс бас аварлаас таслагдана, гэсэн үг байлаа. Цаашилбал тэрс үзэлтэн, буруу номтон, сатаны элч гэхчилэн яллагдаж шатаагдах аюул ч нүүрлэж болох юм. Үүнийг Excommunication гэдэг байв.

Хүн гэм үйлдвэл, тэр тухайгаа сүм доторхи гэмшилийн тусгай өрөөнд орж илчилж улайна. Түүнийг нь нөгөө талаас нь сонсож байсан тахилч (priest) үнэлж дүгнээд, таарч тохирно гэж үзсэн шийтгэл, үүрэг онооно. Иерусалим руу гэмшилийн аян хийх, долоо хоног мацаг барин залбирах гэх мэт. Хэрэгжүүлэлтээ тайлагнамагц, тахилч уучлагдсаныг нь зарладаг. Бас үхлийн ирмэгт ирсэн нэгэн дээр тахилч тос түрхэн залбирч, гэмийг нь уучлуулна. Хэрвээ хэн нэгэн нь тахилчаар залбируулалгүй нас барчихвал хотоос гадагш гарган оршуулна. Ийнхүү мөнхийн улсад ч биш, тамд ч биш завсарын хүлээлгийн газар очлоо. Одоо ар гэрийнхэн нь сүмд зохих нөхөн төлбөр хийвэл, тэндээсээ хурдан гарч диваажинд очно, гэж итгэдэг байлаа.

Хүүхдийг төрөөд удаагүй байхад баптисм хүртээх ба түүний хувь заяаг Эзэний өмнө болон Чуулганы өмнө хариуцан залбирч, амьдралын замд нь нөлөөлж байх үүрэг бүхий “загалмайлсан эцэг, эсвэл эх”, гэж хэн нэгэн нь томилогддог. Ингэснээр хүүхэд маань “Limbo” буюу тэнгэрийн улсын хязгаар нутагт очих эрхтэй боллоо, гэж үзнэ. 9-н настайд нь дахин ариусган залбираад, Эзэний зоог хүртэх эрхтэй болгон хүлээн авдаг байв.





Шалгасан багш: Жэйн Синиор
Чуулганы түүхийг танилцуулахуй" хичээлийн лекцээс (UBTC)