Monday, June 30, 2008

“Мэргэн ухааны бичээс болон Зөнчдийн номнууд” хичээлийн судалгааны ажил


1. Сэдэв:  Иона

2. Уг номыг сонгох болсон шалтгаан:

Энэхүү ном нь олон талаараа сонирхол татсан, адал явдал гайхамшигт үйлсээр дүүрэн ном юм.
Их Эзэн Есүс, Өөрийгөө эш үзүүлэгч Ионатай харьцуулсан байдаг. Ионагийн загасны ходоодонд 3 хоносон гайхамшигт үзэгдэл нь, Их Эзэний, хүн төрөлхтөний гэмийн өмнөөс үхээд, булшинд 3 хонох, авралын гайхамшигт үйлсийнх нь урьдчилсан билэгдэл, зөгнөл (Мт.12:39-41) юм, гэсэн байдаг.
Энэ нь уг номыг сонирхон сонгох шалтгаан болсон.

3. Хэрэв цуглаанаас чинь, таныг Хуучин Гэрээний номуудаас хичээл заана уу гэвэл, аль номыг сонгох вэ? Шалтгааныг нь тайлбарлана уу?

Өмнөх семестрт “Эхлэл” номоор судалгааны ажил бичиж байсан. Мөн уг асуултанд, “Эхлэл” номоор хүмүүст хичээл заахдаа урамтай, дуртай байх болно гэж хариулсан. Энэ удаа “Иона” номыг сонгож байна.  Шалтгаан нь
а) Дээр (2-р асуултанд) дурьдсаны дагуу теологийн учир шалтгаанаас
б) Янз бүрийн зан чанартай, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүсийн хувь шинжийг нь үл харгалзан, ялгаварлалгүйгээр Бурхан Эцэг маань хайрладаг, бас Өөртөө үйлчлүүлэхээр дууддаг болохыг эндээс харж болно. Мөн эн тэнцүү, эгэл жирийн харилцаанд байж, сурган хүмүүжүүлдэг, бас тэднийг сонсож, Өөрийн хүслийг мэдүүлж харилцан ярилцдагийг, Эзэн Иона хоёрын харилцаа харуулдаг.
в) Бас биднийг сонгон дуудсан нь, Бурхангүй хүмүүсийг гэмшил, ухаарал, авралд дуудах сайн мэдээний төлөө юм, гэдэг зарчимын Хуучин Гэрээн дэх зөн болдог.
г) Эзэн зөвхөн Шинэ Гэрээний үед л бүх үндэстнийг Өөртөө дуудаагүй юм. Энэ нь бүр Хуучин Гэрээний үеэс эхлэлтэй, амлагдсан (Эх.12:1-3), бас Ионагаар дамжуулан, харь үндэстэн Ниневе хотынхонд хэрэгжиж байсан, түүхэн гэрчлэл жишээ юм.
д) Мөн хувь хүний итгэлийн амьдралд, Бурхантай харилцах харилцаанд мэдэх, сурах ёстой (Эзэний хүсэл, дуулгавартай байдал, Эзэнээс ирдэг сахилгажуулалт, гэмшил, Эзэний өршөөл нийгүүлслийн талаар...гэх мэт) олон зүйлийг илчлэн, өвөрмөцөөр харуулдаг.
Эдгээр нь энэ номоор бусдад хичээл заах сонирхолыг төрүүлдэг.

4. Номонд гарч буй түүхэн үйл явдал хэзээ болсон бэ?

Уг номонд гарч буй үйл явдалууд нь, үнэн, бодит, түүхэн явдал болохыг Их Эзэн гэрчилсэн (Мт.12:39-41) байдаг. Номонд олон гайхамшигт үйлсүүд гардагийн оргил нь, Ионагийн тунхагыг сонсоод, хаанаасаа харц ардаа хүртэл, бүгд гэмшиж буй Ниневе хотынхны үйлс юм. Ертөнцийн Эзэнийг мэддэггүй, хуурамч шүтээн шүтдэг, догшин түрэмгий Ассиричууд хэрхэн яаж Ионагийн тунхагыг сонсоод, дуулгавартай, даруугаар хүлээн авч, хурдан шуурхай гэмшин хэрэгжүүлсэн нь үнэхээр гайхамшиг юм.

Ассирийн хаан III Аширданыг (МЭӨ 783-755) хаанчилж байх үед, тэр ард түмний дээр ирсэн өвчин тахал, бослого хөдөлгөөн, бас нар хиртэлт нь энэхүү гайхамшиг болохын урьдчилсан нөхцөл болсон гэж үздэг. МЭӨ 765 онд Ассири даяар аймшигт тахал тархсан.
МЭӨ 763 онд Асурийн хотод бослого гарсан.
МЭӨ 763 онд нар хиртэлт болсон.
МЭӨ 760-761 онд Аррафагийн хотод бослого гарч.
МЭӨ 759 онд бас нэг аймшигт тахал гарсаныг, Бурханы шийтгэл гэж айн сүрдэн хүлээн авсан байдаг.
Ийнхүү бэлтгэгдсэн Ассиричууд МЭӨ 758 онд Ионаг сонсож, гэмшиж даруу болсоноор Эзэн шийтгэлээ буулгаагүй юм.

5. Номын агуулга болон дамжуулж буй үгс.

А. Бурхан Ионаг анх дуудсан нь (Ионаг 1:1-2:10)

I. Ниневе рүү явах Ионагийн дуудлага: (1:1-2) Ниневе нь Ассирийн нийслэл байсан. Ассири нь харгис, түрэмгий, дайнч улс байсан. Израил нь Ассирийг жигшин, асар их аюул занал гэж үздэг байв. Бурхан гэм нүглийнх нь улмаас Ниневег шийтгэх гэж буйгаа тунхаглуулахаар Ионаг дуудсан.
II. Иона зугтсан нь: (1:3)
Ниневечүүд гэмшээд, шийтгэлээс мултарчихвий, гэж Иона айсан учир эсрэг зүг рүү нь зугтсан. Бурхан харь үндэстэнд, тэр дундаа Ассирт өршөөлөө үзүүлэхийг Иона хүсээгүй. Христ мөн адил биднийг сайн мэдээ тунхаглуулахаар дуудсан боловч, заримдаа бид өөрсдийн ахуй амьдралд л ач холбогдол өгч илгээлтэнд явахаас цааргалдаг.
III. Ионагийн дуулгаваргүй байдлын үр дагавар (1:4-17). Бурхан Өөрийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд, тэнгист хүчит салхи илгээсэн. Ионагаас болж олон хүний амь нас аюулд учирсан. Харин Иона гүн нойронд автсан. Өнөөдөр эргэн тойрны маань олон хүн сүнслэг үхэлд ороод байхад, бид унтаа байдалд байх нь бий. Далайчид шавга татахад, Эзэн гэм буруутныг илрүүлсэн. Ямартаа ч Бурханы хүн бусдын төлөө, өөрийгөө золих зүрх сэтгэлтэй байсан нь сайшаалтай. Бурхан, биднийг идэвхгүй, сул дорой, унтаа байхад ч ажлаа хийсээр, Өөрийгөө алдаршуулсаар л байдаг. Далайчид бүгд Эзэнд мөргөж, харин дуулгаваргүй Иона загасны ходоодонд заларсан. Эзэний төгс эрх мэдлийг эндээс харж болно.
IV. Эзэн сонсож, Ионаг аврав. (2:10)
Эзэн үргэлж биднийг анхааран ажиглаж, хүнд нөхцөлд хаядаггүй бөгөөд, гуйлтыг маань сонсож, мутараа сунган тусалдаг билээ.

Б. Бурхан Ионаг хоёрдах удаагаа дуудсан нь (Иона 3:1-4:11)

I. Ниневе рүү явах Ионагийн хоёрдах дуудлага (3:1-2) Иона хоёрдах удаагаа мөхөл болон шүүлтийн талаар тунхаглахаар дуудагдав. Эзэн хэзээ ч өөрчлөгддөггүй бөгөөд, тэр тусмаа биднийг дуудсан зорилго нь ч хувиршгүй юм. Бид сайн мэдээг өөрийн тааламжаар, мөн сонсогчдод тааруулан өөрчилөх ёсгүй. Христийн гайхамшигт аврал болон, Түүний дотор хаях, золиослох, өөрчлөх ёстой зүйлсийг ч, мөн итгэхгүй бол ирэх шүүлтийн талаар ч тунхаглах нь зүйтэй.
II. Иона дуудлагаа дуулгавартай биелүүлсэн нь (3:3,4) Иона загасны гэдсэнд гэмшсэн гэмшилдээ үнэнч байсан. Гэмшил нь үйлсээр харагдаж байж төгс болдог. Бас Эзэний Үгийг тунхаглахад, өөрийн зүгээс золиослол, зориулалт шаардлагатай. Иона ч үүнчлэн үйлдэн, дайсандаа гэмшилийг тунхагласан.
III. Ионагийн дуулгавартай үйлчлэлийн үр дүн. (3:5-10)
Харь үндэстэн Ассирчууд Ионагийн тунхаглалыг сонсоод, нийгмийн бүх давхаргаараа гэмшсэн нь, өөрсдийгөө даруу болгосон нь үнэхээр гайхамшиг юм. Ниневечүүд гэмшсэн учир, Эзэн Өөрийн шийтгэлийг хойш татсан. Бурханы зорилго бол яллан шийтгэх биш, уучлан өршөөх нь юм. Тэр хэнийг ч мөхөөсэй гэж хүсдэггүй. Харин гэмшил, уучлал, мөнх амь руу ирээсэй гэж дууддаг. (2Петр.3:9)

В. Ионагийн гоморхол (Иона 4:1-11)

I. Эзэний нийгүүлсэлд Иона уурласан нь (4:1-4) Бурхан Ниневе хотыг хэлтрүүлсэн нь Ионад таашаагдсангүй. Тэрээр Бурханыг Израилын дайсанд өршөөл үзүүлсэнд нь уурлаж байлаа. Иона ийм юм болж магадгүй гэж урьдаас мэдэж байсан. Эзэн бол “нийгүүлсэнгүй” (өөрөөр хэлбэл, Тэр хариу харалгүй тусалдаг), “өрөвч” (ө.х, Тэр зовж буй нэгний зовлонг ойлгон хуваалцдаг.), “уурлахдаа удаан” (ө.х, гэмтнийг яллан буруутгахаа зорилгоо болгодоггүй), “хайр энэрэлээр бялхам” (ө.х, Тэр эелдэг, уучлахад хэзээ ч бэлэн байдаг), “гай гамшгийг зөөлрүүлэгч” (ө.х, Тэр хүмүүсийн гэмийн үр дагаварыг сайнаар эргүүлэгч) юм.
Библи тэр чигтээ, Бурханы эдгээр зан чанарыг товойлгосон байдаг. Ионагийн урам хугарч, сэтгэлээр маш их унасан байдаг тул, үхсэн нь дээр гэж үзсэн. Бурхан дайсанд нь өршөөл үзүүлсэнээр, өөрөөс нь болон ард түмнээс нь нүүр буурууллаа, гэж бодсон.
Иона Бурханы хүсэлд өөрийгөө эн тэргүүнд зориулахын оронд, Израилын улс төрийн нөхцөл байдалд илүү анхаарч байсан нь гол дутагдал нь юм.
Өнөөгийн бид ч чуулганы амжилтанд алив зүйлээ зориулдаг боловч, Бурханы хүсэл зорилго болон ариун жишгүүдэд өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулдаггүй байж болох юм.
II. Эзэн Ионаг зэмлэж сургамжилсан нь (4:4-11)
Гэмтнүүд гэмшин, бузар муугаас эргэж, Бурханы өршөөлийг хүртэнэ гэдэг бол гайхамшиг бөгөөд, үүнд уурлана гэдэг бол Бурханы хүнд байж болшгүй зүйл юм.
Харин Иона уурласан. Гэвч Бурхан түүнийг хайрлан сургамжилсан. Ургамал ургуулаад, дараа нь хатааж устгасан үйлдлээрээ, аливаа бүтээлийг хөгжүүлж цэцэглүүлэх, устгаж үгүй хийх нь, Бурханы эрх мэдлийн асуудал юм, гэдгийг харуулсан. Нэг үгээр Ассири үндэстнийг бий болгож, Ниневе хотыг босгон байгуулсан нь Эзэн бөгөөд, устган сөнөөх, уучлан өршөөх нь Түүний л хүслээр байх болно. Энэ үйлсэд ямар ч үүрэг оролцоогүй Ионагийн хувьд, уурлах нь мунхаг хэрэг юм. Эзэн бол өрөвч, нийгүүлсэнгүй юм, гэдгийг харуулсан.

6. Номын хэлж буй үг нь Бурханы өнөөгийн хүмүүст ч мөн адил өгөгдсөн эсэх.

Хүн төрөлхтөний төлөөх Бурханы хайр нь, Өөрийнх нь ард түмэн, чуулганаас халин, газар дэлхийн төөрсөн хүмүүс рүү (итгэгч хүний амьдралаас халин, эргэн тойрных нь хүмүүст) хандсан байдаг. Энэхүү үнэн нь, Есүс Эзэн дагалдагчиддаа “...дэлхийн хязгаар хүртэл явж, авралын сайн мэдээг тунхаглан, бүх үндэстнийг дагалдагч болгохоор...” тушаасан (Мт.28:18-20) явдлаас харагддаг юм. Үүнийг хэрэгжүүлэх нь өнөөгийн чуулганы, итгэлийн хүмүүсийн үүрэг юм.

7. Номын гол сэдэв:

Агуу салхи (1:4), агуу шуурга (1:12), агуу загасыг (1:17) ашиглан дуулгаваргүй Ионаг, агуу хот Ниневе рүү илгээсэн. Ингэснээр Ниневе гэмшин аврагдсан. Үүгээр Агуу Бурханы, аврал өршөөлийн цар хүрээ хир агуу уудам болох нь харагддаг.

8. Номын бичигч.

Амиттаин хүү Иона (1:1), II Иеробамын хаанчлалын үед (МЭӨ 793-753) хойд Израилд эш үзүүлэгч байсан тухай (2Ха.14.25)-д өгүүлдэг. Түүний еврей нэр нь “Yonah” бөгөөд “тагтаа” гэсэн утгатай. Тэрээр Галилын Назараас хойш 3 миль (бээр) зайтай орших Гатхебер гэдэг жижиг тосгоноос гаралтай. Иона бол Бурханаас зугтах гэж оролдсон цорын ганц эш үзүүлэгч. Түүний эш үзүүлэгчийн үйчлэл нь Елишагийн дөнгөж дараахан болсон ба Амосынхтай (Амос 1:1) давхцдаг. Уг номонд бичээчийн талаар дурдаагүй ч, тухайн үед өөрийгөө 3-р биеийн хэлбэрээр өгүүлэн бичих нь нийтлэг байснаас үзвэл, Иона л бичээч байх магадлал их юм.

9. Номын зорилго

Энэ ном нь дараах таван зорилгын дагуу бичигдсэн.
I. Бурханы хайрыг харь үндэстнүүдэд болон Израилд үзүүлэх. Мөн тэдний дунд хийж буй Бурханы ажлыг дүрсэлсэн.
II. Хуучин Гэрээний үеийн харь үндэстний төлөөх авралын хэрэгцээ шаардлагыг үзүүлсэн
III. Ионагийн жишээгээр дамжуулан Израилын жинхэнэ зорилгыг харуулсан
IV. Сүүлчийн өдрүүдэд Еврейчүүдийн үлдсэн хүмүүсийн гэрчлэлийн ердийн зураглалыг үзүүлсэн.
V. Бурхан дуулгаваргүй зарцад арга хэмжээ авдагийг харуулсан

10. Та энэ номноос юу сурсан бэ?

Энэхүү номыг судалснаар олон зүйлийг шинээр харж, сурч ойлголоо. Үүнд:
I. Бурханы миний амьдралаар харуулахыг хүссэн тэр үйлсийг, бүхий л чадлаараа дуулгавартай хэрэгжүүлэх нь зохистойг ухаарлаа.
II. Бид хэчнээн сул дорой болж, муу хүсэл, бардам сэтгэлдээ хөтлөгдсөн ч, Эзэн биднийг хайрлан сургамжилдаг болохыг ойлголоо.
III. Бидний нүдээр харахад засрах, аврагдах ямар ч найдлагагүй мэт хүмүүс ч гэмшин эргэснээр, Эзэний өршөөлийг хүртдэг болох нь харагдлаа.
IV. Хэн нэгнийг аврах эсвэл шүүх эрх нь, зөвхөн түүнийг бүтээсэн Эзэнд л байдагийг нотоллоо.
V. Эзэний хүслийн дагуух бидний дуулгавартай байдал ямар гайхамшигт үр дүнг авчирдаг болох нь харагдлаа…
Энэ мэт олон зүйл сурч, ухаарч болохыг тус хичээлийн “Lesson from Jonah” хэсэгт маш тодорхой жагсаасан буй.

11. Хэрэв Хуучин Гэрээний номуудыг огт сонирхдоггүй хүнтэй уулзвал, та хэрхэн Хуучин Гэрээг унших хүсэл төрүүлэх вэ?

Би Ионагийн түүхийг сонирхолтойгоор ярьж өгнө. Хэрхэн Эзэн үгээ айлдсан. Энэ нь Ионад таалагдахгүй. Тэр зугтсан ба Эзэн далайд хүчит шуурга дэгдээсэн. Далайчид шавга татаж Иона дээр таарсан. Түүнийг далайд хаямагц, шуурга номхорсон. Далайчид Эзэнд мөргөсөн. Иона загасанд залгиулаад, 3 хоног ходоодонд нь амьд байсан.
Тэндээс Иона Эзэнд залбирмагц, загас түүнийг далайн эрэг дээр бөөлжин гаргасан. Улмаар хоёрдах удаагаа Эзэний Үг ирж, Иона дуулгавартайгаар дагасан. Үр дүнд нь харь үндэстэн Ниневечүүд гэмшсэн.
Харин Иона дургүйцэн гомдоллосон боловч Бурхан түүнийг хайрлан сургамжилсан зэргийг ярьж өгөх болно.
Энэ түүхээс өнөөгийн бид юуг ойлгож ухаарах ёстойг ч “Lesson from Jonah”-с хэлэлцэн ярилцана. Бас Эзэн Есүс ч (Мт.12:39-41) Өөрийнхөө загалмайн авралын аугаа үйлсээ, Ионагийн түүхтэй харьцуулан сургасан байдгийг заана.

12. Ном зүй
I. “Ариун Библи” Монголын Библийн Орчуулгын Хороо. Улаанбаатар хот. 2000 он
II. “Мэргэн ухааны бичээс болон зөнчдийн номнууд” хичээлийн материал UBTC, багш: Петрус Хандоёо 2007 он
III. “Бялхам амь судлал Библи” Дональд С.Стамп Life Publishers International, Улаанбаатар хот. 2006 он
IV. “Библийн хураангуй толь бичиг” Zondervan Corporation, Улаанбаатар хот. 2004 он





Шалгасан багш: Петрус Хандоёо
"Мэргэн ухааны бичээс болон Зөнчдийн номууд" хичээлийн гэрийн даалгавар
2007 он 1-р курс

Thursday, June 26, 2008

Еврей ном - асуулт, хариулт



Еврей 2:1-4
А.  Энэ хэсэг дээрээс “Аврал”-ыг хэрхэн ойлгох вэ? 1-р бүлэгтэй хэрхэн холбогдож байна вэ?

-- Энэ хэсэг нь уншигчдыг 1-р бүлэг рүү хандуулж байна. 1-р бүлэгт, Есүс бол эш үзүүлэгчдээс зөгнөгдсөн (1:1) ирэх ёстой байсан Нэгэн ба Бурханы Хүү (1:2,3а) юм. Тэр тэнгэр элч нараас давуу (1:4,6), анхнаасаа ертөнцийг Бүтээгч (1:10), мөнхөд Оршигч (1:11), үеийн үед Хаанчлагч (1:8), нүглүүдийн ариусгалыг Гүйцээгч (Аврагч) (1:3б) бөгөөд, тиймээс Түүгээр илчлэгдсэн, хэлэгдсэн (1:2а) аврал нь үнэхээр аугаа бөгөөд баттай юм.

Үүнийг сонссон хүмүүс (2:3б) болон Бурхан Өөрөө тэмдэг, гайхамшиг, хүчит үйлсээр, Ариун Сүнсний бэлгүүдээр (2:4) гэрчлэн баталж байна. (Хуулинд 2 буюу түүнээс олон гэрчийн гэрчлэл баттай (Дх.19:15) гэсэн байдаг.) Тиймээс энэхүү авралын сайн мэдээнд хайнга дуулгаваргүй хандвал, аврагдах боломжоо алдах (2:1) ба эцэг өвгөд шиг шийтгэл хүртэх болно (2:2) гэж уншигчдад сануулж байна.

В.  Хуучин Гэрээнд гарч буй гэмийн завхрал түр хугацаагаар үргэлжлэх үү эсвэл мөнхөд байх уу?

-- Хуучин Гэрээнд гарч буй гэмийн завхрал нь түр зуурынх бөгөөд Есүс гэмтнүүдийн төлөө амиа өргөж (Ев.9:28) (Мт.20:28) тэднийг гэмийн боолчлолоос чөлөөлсөн юм. Мөн сайн мэдээг үл тоомсорлон, Бурханы Хайрыг хүлээн аваагүй гэмт хүмүүс эцсийн шүүлтийн өдөр (Илч.20:11-15) диавол болон түүний тэнгэр элч нарын хамт, галт нуурт хаягдан хоёр дахь үхлээр төгсөснөөр бүх бузар муу нь устгагдана.

С.  Итгэгч хүмүүс эцсийн үед хийсэн гэмийнхээ төлөө энэ амьдралдаа дуулгаваргүй байсан байдлынхаа төлөө тэд шүүгдэх үү?

-- Бүх итгэгчид “Христийн шүүхийн сэнтийн” (2Кор.5:10) өмнө зогсож шүүгдэх болно. (1Пт.4:17) (1Кор.3:12-15). Нэгэнт л шүүлт болох учраас яллалт (Кол.3:25) (Мт.7:21) явагдаж, ичгүүрт орох (1Иох.2:28), хохирол, алдагдал амсах (2Иох.1:8), бүх насных нь ажил шатах (1Кор.3:13-15) ба бас шагнал өргөмжлөл ч (1Кор.3:14) (1Петр1:7) зэрэг явагдах болно.


Еврей 3:7-4:13
 А.  Дуулал 95-д гардаг Израйлийн гэмд ямар хүмүүс оролцсон бэ? Тэдний хувьд дуулгаваргүй байдал нь ямар утгатай байсан бэ? Үүний үр дүн нь юу вэ?

-- (Дуулал 95)-д гардаг Израйлийн гэмд (Ех.17:1-7) Мосегоор удирдуулан Египетийн боолчлолоос гарсан, Бурханы аугаа гайхамшигт авралын үйлсийг нүдээрээ харж, биеэрээ амссан, насанд хүрсэн бүх Израилчууд оролцсон. Тэд (Тоол.11:1-6) хоол хүнсээ голж гомдоллосон. Эзэний амласан (Тоол.14:1-12) нутагт очихоос айж, Египет рүү буцахаар гомдоллосон, (Тоол.16:25-35) Эзэний томилсон удирдагчдынхаа эсрэг гомдоллосон.

Масса ба Мерибад (Ех.17:1-7) Эзэнийг сорьсон шиг (Тоол.20:2-13) уух уснаас болж бас л Бурханы эсрэг итгэлгүй ба талархах сэтгэлгүй хандсан. Эдгээрийг “Еврей” номын зохиогч “итгэлгүй бузар зүрх” гэж тодорхойлоод, уншигчдыг болгоомжлуулан, амьд Бурханаас салж болзошгүйг анхааруулсан. Дуулгаваргүй Израилчууд Эзэний амлагдсан нутагт орж чадалгүй, Иошуа, Калеб хоёроос бусад нь цөлд унасан. (Тоол.14:29,30)

В.  Цөл газарт тэнүүчилсэн хүмүүсээс нэг нь ч амлагдсан газар ороогүй тэгвэл бид тэднийг жинхэнэ итгэгчид байсан гэж дүгнэх үү?

-- Тооллого ч, Еврей ном ч харь үндэстнүүдэд (итгэгч бус хүмүүст) биш харин Бурханы ард түмэнд (итгэгчдэд) зориулж бичигдсэн. Еврей номыг зохиогч (бид ч бас) цөлд унасан дуулгаваргүй хүмүүсийг (Ев.3:19) (Ев.4:2) итгэлгүй хүмүүс байсан, гэж дүгнэсэн.

С.  Амралт гэж юу вэ? Хэзээ амрах ёстой вэ?

-- (Д.х.12:9-11)-т Эзэн ард түмэндээ газар нутаг амлаж байна. Энэхүү амласан нутаг нь Есүс Христ ба (Ев.4:1) амралт юм. Энэ Амралтанд (Ев.4:3б), итгэж дуулгавартай байгсад л орно. Бурханы Амралт руу (Есүс Христийн дотор) орсон хүн, (Ев.4:10) өөрийн ажлуудаас амардаг.

D.  Хэрвээ хэн нэгэн хүн гэмд унасан эсвэл дуулгаваргүй байвал тэр Бурханы амралтыг алдах уу эсвэл тухайн үедээ өв эзэмших эрхээ алдах уу?
-- (Ев.4:3а) Энд бас сайн мэдээг эсэргүүцэгчид Амралтанд огт орохгүй гэж ойлгогдож байна. (Ев.4:6)-д сайн мэдээг сонгосон боловч дуулгаваргүй байгсад Амралт руу орж чадаагүй, гэж байна. Зохиогч энд ямар ч өв эзэмшилийн тухай дурдаагүй ба гомдоллон, Христийн хайр, золиослолыг үнэлэхгүй, амлалтыг нь үл тоомсорлох нь Бурханы Амралтанд (Христийн дотор) орох боломжийг алдан, цөлд унах аюултайг сануулсан.

E.  Дуулал 95 дээр ямар итгэлийг хэлж байна вэ? Энэ нь авралын итгэл мөн үү?

-- (Дуулал 95)-д гарч буй итгэл нь (Ев.3:19) Есүс миний төлөө үхсэн, бас дахин амилсан гэдэгт итгэх авралын (ерөнхий) итгэлээс огт өөр итгэлийн тухай ярьж байна. Бид итгэлийн амьдралдаа Бурханы агуу гайхамшигуудыг үзэж, мэдэрч, сэтгэл хөдөлж байдаг ч, замд тохиолддог жижиг саад, шалихгүй бэрхшээлд гомдоллож, Эзэнийг сорьж эхэлдэг. Тэгээд унаж итгэлээс алдагддаг. Гэм нь жижиг зүйлээс эхэлдэг ба ахисаар бидний зүрхийг хатууруулдаг. Бидний итгэл нь тасралтгүй үргэлжлэн хөгжсөн итгэл байх ёстой.

Еврей 5:11-6:20
А.  “Төлөвшилт”-ын тухай өгүүлсэн хэсэг нь анхааруулганд хэн багтаж байгаа тухай ойлголтонд маань нөлөөлөх үү? Өөрөөр хэлбэл төлөвшөөгүй байгаа байдлыг нь зэмлэх ба гэмшихгүй байгаа байдлаас ирэх аюулын хооронд ямар холбоо байна вэ?
-- Энэ хэсгийг уншаад “төлөвшилт” гэж юу болохыг ойлгосондоо баяртай байна. Төлөвшөөгүй, сүүгээр амьдрагч хүн нь хэдийнээ багш болохоор хугацаанд (5:12) чуулганы дотор амьдравч, зөвт байдлын үгийг (5:13) соснсохдоо хойрго (5:11), сайн мууг ялгах чадваргүй (5:14), Христийн тухай анхдагч ойлголт, сургаальд (6:1) сэтгэл нь ханадаг байна.

Тэд уналтанд орж (6:6а), улмаар дахин гэмшиж сэргээгдэх боломжгүй байдалд (6:6б) хүрч, цаашилбал зүрх сэтгэл нь бузар муу болж, Эзэний шийтгэлд (6:8) өртөн мөхөх аюулд ойрхон байдаг байна. Зохиогч ийнхүү хатуу сануулаад, хойрго байлгүй үлгэр жишээч хүмүүсийг дуурайн (6:12) (Жишээ нь: Абрахам (6:13-15)), бидний найдвар болсон Бурханы амлалт (6:17), бидэнд бодит жишээ болж хөтлөн дагуулагч Есүс (6:20)-т итгэцгээе, гэж уриалжээ.

В.  4-р ишлэлээс авахуулаад итгэгчдийг үү эсвэл итгэдэггүй хүмүүсийг дүрсэлсэн үү?

-- Угаасаа “Еврей” ном нь үл итгэгчдэд бус итгэгч хүмүүст хандан бичсэн захидал юм. Энд загалмайн үнэнийг сонсож (6:4а), Ариун Сүнсээр тослогдсон, эсвэл билэг авъяасыг авсан (6:4б), сургаал номлол сонсон (6:5а), эдгэрэл, чөлөөлөлтийг (6:5б) мэдэрсэн, нэг үгээр итгэгч хүмүүсийн талаар яригдаж байна.

С.  “Доош унасан” гэсэн үг нь өмнөх ишлэлтэй холбоотой юу?

-- (Ев.6:6)-д дурдагдаж буй “…унасан” гэсэн үг нь өмнөх ишлэлтэй шууд холбоотой. Учир нь зогсож буй хүн л “унадаг” ба угаасаа босгогдоогүй (итгээгүй) хэвтэж байгаа хүнд уналтын талаархи ойлголт хамаагүй юм.

D.  “Шатаагдаж” гэсэн үг нь мөнхийн тамын галыг илэрхийлж байна уу? Энэхүү дүрслэлээр юуг илэрхийлж байна вэ?

--Зохиогч энэхүү “…шатаагдаж төгсдөг” гэж (Ев.6:8) бичихдээ, Мосе Аарон нарын эсрэг гомдоллон маргаж, утлага уугиулж байгаад Эзэнээр шатаагдан нас барсан (Тоол.16:35) 250-н дуулгаваргүй хүмүүсийг бодож байсан болов уу?! Эсвэл бузар муу хотууд болох Содом, Гоморрагийн (Эх.19:24,25) сүйрлийг ч бодож байсан байж болно. Бүр эсвэл Исаиа зөнчөөр дамжуулан “Усан үзмийн талбайгаа (Израйлийг) шатаан цэвэрлэнэ", гэж сануулж буй цэцэрлэгч (Эзэний)-ийн сануулгыг ч (Ис.5:5) (Ис.27:4) уншигчиддаа дахин сануулсан байж болно.”

Е.  Итгэгч хүн үнэ цэнэгүй гэж дүрслэгдэж болох уу?

--Хэдийгээр Ертөнцийн Эзэн амьд оршдог. Түүний хүү Есүс бол Аврагч, бидний төлөө цовдлогдогч, дахин амилаад Эцгийн баруун талд заларсан, гэдэгт итгэсэн байлаа ч, тэр ч бүү хэл чөтгөрүүдийг хөөх, өвчтөнүүдийг эдгээх, гайхамшигуудыг үйлдэх үйлчлэлийг Эзэний нэрээр хийдэг ч байсан бай, эцсийн цагт (Мт.7:21-23) үнэ цэнэгүй, гэж тооцогдон хөөгдөж болох юм.

Еврей 10:19-39
А.  ”Санаатайгаар нүгэл үйлдэнэ” гэдгээр зохиогч маань чухам юуг оюун санаандаа төсөөлж байсан болоо? /10:26/
-- (Ев.10:26)“санаатайгаар нүгэл үйлдвэл”, гэж зохиогч маань бичиж байхдаа, уншигчид нь анхлан итгээд гал халуунаар, аливаа гүтгэлэг, доромжлолыг тэвчиж (10:32), ад үзэгдсэн үлгэр жишээ итгэгчидтэй хамт зовж (10:33), тэр ч бүү хэл дээрэмдүүлэн тонуулж байхдаа ч баяр хөөртэй байсан үеийг дурсан санаж, Бурханаас амлагдсаныг хүлээж авахын тулд тэвчээр (10:36) хэрэгтэй ба одоо ч ухарч болохгүй (10:39) гэж анхааруулсан. Харин зовлон бэрхшээл, дарамт хавчлагыг тэвчихгүй итгэлээ хаях нь тэнгэр дэх аугаа шагналаасаа ухарсан (10:35) хэрэг юм гэж, оюун санаандаа төсөөлж байсан болов уу?!

В.  10:27-р ишлэлд гарч байгаа шүүлтийн тухай Хуучин Гэрээний ямар үндсэн иш таталтыг хэлж байна вэ? Энд ямар шүүлтийн тухайн хэлж байна вэ?
-- Зохиогч (Ев.10:27)-д аймшигт шүүлтийн талаар бичихдээ, (Тоол.16:35)-д Мосе, Аарон нарын эсрэг гомдоллоод, шатаагдсан, нэр нөлөө бүхий 250 удирдагч, (Лев.10:1,2)-т Эзэний тушаагаагүй ёс бус галыг өргөн шатаагдсан Аароны хөвгүүд Надаб, Абиху нар, (Эх.19:24,25)-т бузар муу хотууд Содом, Гоморрагийн шүүлт, (Хаад.дэд1:10,12)-т гардаг эш үзүүлэгч Елиагийн дуудаснаар тэнгэрээс буун ирж хоёр тавьтыг шатаасан галан шүүлт, зэргийг хэлсэн байх. Энд, одоо эцсийн цагт явагдах галт (2Пт,3:7,10,12) (Илч.14:10) (Илч.20:15) шийтгэлийг анхааруулан хэлж байна.

С.  Бурхан зарим жинхэнэ итгэгчдийг босгохын тулд хатуу шийтгэлийг оногдуулах уу? /10:29/ Энэ нь түр зуурынх уу эсвэл мөнхөд байх уу?
-- Энэ асуултын утганд тааруулж (Илч.3:19) Есүс Эзэн хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг ба энэ нь тухайн итгэгчийг гэмшилд дуудсан дуудлага ба гэмшин эргэсэн тохиолдолд хайраараа тэврэн авдаг, түр зуурын шийтгэл юм, гэж хариулж болж байна. Харин (Ев.10:29)-т дурдагдаж буй итгэгч нь, Есүсийн цусыг бузар гээд, Ариун Сүнсийг доромжилсон гэмтэй нэгэн байна. (Мт.12:32)-т Ариун Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй, гэсэн байдаг. Энэ хүн сахилгажуулагдаад гэмшин эргэж сэргээгдэх, эсвэл мөнхийн шийтгэлд орох эсэх нь Эзэний л эрх мэдлийн асуудал. Бид энд тодорхой хариулт өгөх аргагүй. Зохиогч ч асуугаад л хариултыг тодорхой хэлэлгүй үлдээжээ.

D.  30-р ишлэлийг хэрхэн орчуулах вэ? “Бурхан өөрийн хүмүүсийг шүүнэ” эсвэл “Бурхан өөрийн хүмүүсийг өмгөөлнө” Аль нь Хуучин Гэрээний агуулгатай тохирох вэ? Аль нь Шинэ Гэрээтэй тохирох вэ?
--“Шүүлт” гэдэг нь яллалт, буруутгал, шийтгэл гэсэн утгатай, гэж олонхидоо эмээдэг. Харин энэ нь үнэн худал, зөв бурууг ялгаж салгах гэсэн утгатай. Үнэн зөв шүүлт явагдсанаар, хэлмэгдсэн хохирсон хүмүүс цагаатгагдах, амжилт гаргасан нь шагнагдах, тэвчсэн нь өргөмжлөгдөх, алдсанд нь нөхөн олгох зэрэг олон үйл ажиллагаа өрнөх нь мэдээж. Хуучин гэрээ нь хуулийн хүрээнд байсан тул “Бурхан өөрийн хүмүүсийг шүүнэ” гэсэн нь, Шинэ гэрээ бол хуулиас чөлөөлөгдсөн нийгүүсэлийн гэрээ учир “Бурхан өөрийн хүмүүсийг өмгөөлнө” гэсэн нь тохирох болов уу?!

Еврей 12:12-29
А.  Синай уул /Хуучин Гэрээнд онцолдог/ Сион уул/Шинэ Гэрээнд онцолдог/ эсрэг тэсрэг болгож байгаагийн зохиолчийн гол санаа юу вэ?
-- (Ех.19:12,13) Синаи уулан дээр Бурхан бууж ирэх үед, болгоомжгүй ойртсон хүн амьтан хэн ч бай үхэх ёстой, гэсэн хатуу тушаалтайгаар, дүрэлзэх гал харанхуй, түнэр харанхуй, хуй салхи болон асар хүчтэй хүнгэнэх бүрээн дуун (Ех.19:16-19) дунд Эзэнийг буун ирж Үгээ айлдахад газар дэлхий (Ев.12:26а) доргин ганхаж байлаа. Энэ явдал үнэхээр аймшигтай байсан тул, бүх Израил, бас Мосе хүртэл “айдаст автан чичирсэн” (Ев.12:21). Гэвч Израил дуулгаваргүй байсан тул шийтгүүлсэн. Харин бидний ойртон очдог Сион уул бол (Ев.12:22) шинэ гэрээний зууч Есүсийн цусаар (Ев.12:24) цэвэрлэгдсэн, дахин төрж зөвт болгогдсон хүмүүсийн чуулган (Ев.12:23) юм. Энэ нь Бурханы хаанчлал (Ев.12:28) ба эрт үед Синаи уулан дээр буун ирсэн Бурхан Хаан нь юм. Нэг л Бурханы хоёр янзаар илчлэгдсэнийг зохиолч сөргүүлэн тавьсан гол шалтгаан нь, Хүү Есүсийн дотор айлдсан аугаа нийгүүлсэлийн (авралын) Үгийг тоомсорлохгүй бол Мосегийн цаг үед дуулгаваргүй Израилчууд шийтгүүлснээс илүү хүнд шийтгэлийг дагуулах (Ев.12:25) болно гэж сануулах нь юм.

В.  Энэ нь зөвхөн нэг аргаар маргаад байна уу эсвэл аюулд өртөөд байгаа хүмүүсийн хувьд өөр байна уу? Хэрвээ тийм бол яагаад?
-- Энд огт өөр, шинэ, эцсийн түвшиний Аврал ба шийтгэлийн талаар яригдаад байна. Зарим хүн, Есүс Христийн загалмайн золилтыг мэдээгүйгээр нас барсан Хуучин Гэрээний үеийн хүмүүст ч, Есүс сайн мэдээг тунхагласан тул (1Пт.3:19) эцсийн шүүлтийн өдөр тэдэнд боломж бий, гэж үздэг. Харин энэхүү сайн мэдээ нь эцсийн боломж бөгөөд, энэ үеийнхэн үүнийг үл тоомсорловол, цаашдаа ямар ч боломжгүй бөгөөд, тэнгэр газарт (1Пт.4:17,18) (Ев.13:25-27) (Илч.20:11) байх газар олдохгүй гэдэг.

С.  Тэдний зугтахгүй байсны аюул нь юу вэ?
Махан биед хамаатай хуулийн илчлэлтээс хүмүүс зугтаж чадаагүй бөгөөд, дуулгаваргүй байсныхаа төлөө үхлийг амссан бол, амь сүнс болон махан биед аль алинд нь хамаатай, Есүс Христийн аврал нийгүүлсэлд үл итгэгч, үл тоомсорлогч нь, эцсийн шүүлтийн өдөр 2 дахь үхэл (Илч.20:14) (Илч.21:8) буюу галт тамаас ч зайлах аргагүй юм.





Шалгасан багш: Ариел Себаллос
"Еврей ном" хичээлийн гэрийн даалгавар 2-р курс

Wednesday, June 25, 2008

Гаж урсгал-3



Гаж урсгалуудын онцлог шинжүүдийг 8 янзад хуваадаг.

1. Библийн туйлын эрх мэдлийг үгүйсгэдэг. Библийг хүн бичсэн гэдэг. Бидний амьдралыг чиглүүлэх, авралыг заах цорын ганц зам нь Библи юм. Гэтэл гаж урсгалууд өөрсдийн номтой, үүндээ элдэв илчлэлтийг тунхагласан байдаг. Илчлэлт гэдэг нь Бурханы үг юм. Үг нь Есүс юм. Есүс өөрөө илчлэлт юм. Та Христийн авралд итгэсэн бол Бурханы хаанчлалд орсон. 

Одоо зөвхөн итгэлээрээ, дуулгавартайгаар Эзэн Бурханаа харан, өөрийгөө өөрчилөн, улам шинэчлэгдэн (Ариун Сүнсний тусламжтайгаар) амьдрах ёстой! Илчлэлт гэдэг нь Бурханаас ангид, Түүнийг хайдаг хүмүүст өгөгддөг юм (Хуучин гэрээний үед). Харин нэгэнт та Бурханы дотор, Бурхан таны дотор байгаа бол илүү зүйлс хэрэггүй юм. Илчлэлт 22:18,19-д Энэхүү эш үзүүллэг дээр бүү нэм, бүү хас… гэсэн байдаг.

2. Гаж урсгалууд Библи бол Бурханы Үг мөн. Гэхдээ бас өөр ийм үг бидэнд өгчээ, гээд л өөрсдийн гуйвуулгыг гаргаж ирдэг. Эзэний Үгэнд ингэж бичигдсэн боловч, бидний амьдралд болохгүй байна. Тиймээс үүнийг ингэж жаахан засвал, эс бөгөөс ингэж тайлбарлавал зохистой гэцгээдэг. ЗОГС! Эзэн огтоос хувиршгүй Нэгэн. Харин хүн та Түүний таалалд нийцэхээр өөрчлөгдөх ёстой! Гаж урсгалууд 100 хувь Эзэний Үгийг хүлээн зөвшөөрдөггүй. 90 хувийг зөвшөөрч 10 хувьд нь өөрсдийн төөрөгдөлийг, санааг тунхагладаг.

3. Төлөөлөгчдийн итгэлийн тунхагт, Есүс бол Бурхан юм. Тэр хүн болж ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөн тунхагласан байдаг. Харин гаж урсгалууд тэр зөвхөн Бурхан юм, эсвэл зөвхөн хүн юм, гэдэг. Энэ нь итгэлийн объект юм. Харин ухаалаг хүн, учрыг нь ойлгох гэж зүтгэснээс, хүний санаанд тааруулсан тайлбар хайснаас гаж урсгалд амархан уруу татагддаг. 

Ухаанаар жаахан хомсхон хүмүүс аз жаргалтай, амар тайван байдаг шиг тэдэнд бүх зүйл энгийн, итгээд л болоо. Энэ тухай Эзэн хүүхэд шиг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орно, гэсэн байдаг. Хүн мэдлэгээр дамжуулан тэнгэрийн улсад хэзээ ч орж чадахгүй! Зөвхөн авралд итгэх итгэлээр дамжуулан орох болно. Филиппой 2:6,7, 1Иохан 4:2-3, 5:20-д энэ тухай тодорхой байдаг.

4. Ямарваа нэгэн үйлсээр л аврагдана гэсэн нийтлэг хандлагатай байдаг. Учир нь нийгүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээрээ биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно. (Eфес 2:8,9)

5. Тэд, хэдийнээ олон мянган, олон зуун жилийн уламжлалтай цуглаануудыг шүүмжилдэг. Цуглаан бол Христийн бие юм. Цуглаан нь 100 хувь төгс юм. Цуглааны тэргүүн бол Есүс Христ юм. Олон хүн, тэр дундаа цуглааны гишүүд итгэгч нар ч пастор, ахлагч нараа, эсвэл бие биенээ, үгүй бол явагдаж буй арга хэмжээг шүүмжилснээ цуглаанд хамруулах гээд байдаг. Энд гол нь цуглааны онол чухал. Ямар онолыг баримтална, цуглааны үнэр амт тийм байдаг.

6. Үүсгэн байгуулагчаа, үндэслэгчээ маш их бурханчилдаг. Итгэлээр хүлээн авах ёстой олон зүйлийг хүнд тааруулан нэг л амттайгаар тайлбарлаад л дагуулдаг, тэгсээр тэр тайлбарлагч, тухайн хүний хувьд бурхан болдог. Хүн Библийг ойлгохын тулд биш итгэхийн тулд, итгэлээ улам бататгахын тулд уншдаг. Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм. (2Тимот 3:16,17) 

Зөвхөн Эзэний Үг л чиглүүлэгч. Библиэс гарсан элдэв тайлбар, ойлголт шаардлагатай асуудалд зөвхөн Библи хариу өгнө.  2 Петр1:20, 21-ээс харвал, бид Бурханы тухай, Библийн тухай сурах биш зөвхөн Библийг л сурах ёстой! Ойлгохгүй, мэдэхгүй, чадахгүй зүйлс Библид ч, амьдралд ч зөндөө тохиолдоно. Тиймээс л Ариун Сүнсийг илгээсэн юм.

7. Гаж урсгалынхан Библид байхгүй зүйлийг бий болгох нь их байдаг. Нэг, хоёр жижиг ишлэл сэдвийг аваад өөрсдийн элдэв онол, таамгыг нэмээд маш том толгой эргүүлсэн зүйл болгодог. Гэтэл тэгэж салангид аваад тусгай онол болгох зүйл Библид нэг ч үгүй! Бүгд харилцан хамааралтай, салшгүй холбоотой. Библийн хамгийн гол жанжин шугам, чиглэл бол Бурханы хаанчлал-Түүн доторхи Аврал, Мөнхийн амь юм. Энэ нь гэрээгээр дамжин итгэгч нэгэнд л өгөгддөг бэлэг юм. Адам, Ноагийн үеэс явсаар Абрахамд өгөгдсөн амлалт явсаар Есүс Христээр төгс болгогдсон.

8. Есүсийн дахин ирэлтийн талаар гаж урсгалынхан элдэв зөгнөл таамаг үргэлж ярьдаг, номлодог. Солонгост 1999 оны 12-р сарын 31-ний өдөр маш олон хүмүүс цагаан хувцас өмсөөд (хэдийгээр хүйтэн байсан ч) Эзэн Христийг ирнэ хэмээн цугласан. Мэдээж үл бүтэх зүйл байсан тул, Эзэн жаахан хоцорсон 2010 онд ирнэ гэдэг. (Ром10:9,10) Хэрэв Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ.
 



Шалгасан багш:Ким Сон Уг
"Гаж урсгал" хичээлийн лекцийн товчлолоос "UBTC" 2006.09.14

Гаж урсгал-2




Элч Паул Афинд очоод “Та нар маш их шүтлэгтэй хүмүүс байна...” гээд сайн мэдээ тараахад цөөхөн хүн итгэж хүлээн авсан. Гэтэл Коринтод сайн мэдээг тунхаглахад маш олон хүн аврагдсан. Галат номонд энэ тухай, тэрээр “...Би эрдэм мэдлэгээр биш Ариун Сүнсээр тунхагладаг.” гэсэн байдаг. Иргэншилт шашны хүмүүс маш үндсэрхэг, хүний туршлага, ололт амжилтанд л итгэдэг. Тэд Библийг өөрчлөх аюултай алхам хийдэг. Жишээ нь: Японд олон жил сайн мэдээ тунхаглагдаж буй боловч амжилттай болохгүй байна.

Хүн Библийн дагуу сайн мэдээ дотор үндэстнээ хайрлах ёстой! Гэтэл олон хүн сайн мэдээ нь үндэстний соёл ахуй, тусгаар байдалд аюултай мэт боддог. Монголд 15 жил сайн мэдээ түгэж байхад саад болж буй гол зүйл нь материаллаг үзэл. Хэн мөнгөтэй, тэр нэр хүндтэй байдаг. Энэ нь иргэншилт шашны нөлөө юм. Гаж урсгал нь үргэлж бидний хажууд байдаг. Сайн мэдээг жаахан гуйвуулах, холдох нь гаж урсгал юм.
  •  Ер бусын үзэгдэлд итгэдэг шашин: Элдэв үзэгдэлд итгэх нь бишрэх нь, айн сүрдэх нь, шохоорхох нь хүнийг маш их уруу татдаг. Муу ёрын сүнс маш хүчтэй, өвчтөнг эдгээнэ, мөхөс хүнийг гүйлгээ ухаантай болгоно, эд хөрөнгө арвижуулан шуналтай болгодог, зүрх сэтгэлд маш хүчтэй нөлөөлдөг, галзуу солиотой болгодог, мэргэ төлөг хөөцөлдөж буй хүнд яг л урьдчилан хэлнэ, гарын алга, нүүр царайгаар нь ирээдүйг тодорхойлох нь, од мичидээр төлөгдөх нь, бөө удган, сүнс дуудагчид бүгд энэ төрөлд орно.
Бидний үйлчлэлдээ анхаарах гол зүйл бол сайн мэдээний үйлчлэлдээ гайхамшигийг голчлон тунхаглаж сурталчилж байна уу? гэдгээ хянах анхаарах ёстой. (Марк 16:15-18) Сайн мэдээ хаана тунхаглагдана тэнд гайхамшиг дагалдана гэдэг. Эсрэгээр нь байгаа тохиолдолд бид болгоомжтой байх ёстой. (Дэд хууль 18:9-13) элдэв гайхамшигуудад хэрхэн хандах ёстойг анхааруулжээ. (Үйлс 19:19) Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчиран овоолж, олны өмнө шатаажээ...  Сайн мэдээ дотор ид шид устдагыг үзүүлжээ.
  • Холилдсон шашингууд бас сайн мэдээний дайсан юм. Хүний мөхөс оюунаар харахад сайн сайхан, зөв юм шиг элдэв зүйлсийг бүхий л үзэл бодол, шашин шүтлэгийн номлолоос аваад хольж хутгасан байдаг. Эзэн энэ зүйлд маш дургүй! Үүнийг сүнсний завхайрал гэдэг.

-- Яг ямар хүмүүс гаж урсгалд автдаг вэ?

1. Дөнгөж итгэгчид (нялх сүнснүүд) гайхаж, эргэлзсэн, тээнэгэлзсэн тэр хүмүүс, хэн нэгэн сэтгэлийг нь татах элдэв зүйл хүчтэйгээр ятгахад дагаад явах нь бий. Бид шинэ итгэгчидийг маш сайн халамжлах хэрэгтэй, хайрыг мэдрүүлэх хэрэгтэй! Зөнд нь орхиж болохгүй! Гаж урсгалынхан сүм, чуулганаар л ангуучилж, шинэ хүмүүсийг төөрүүлэх маш дуртай!

2. Авралын баталгаагүй хүмүүс. Хичнээн (сайн мэдээнд эргэлздэг) сүм цуглаанд явсан ч, үргэлж гэмээс айдаг, өөрийгөө ялладаг, Эзэнийг ялладаг, буруутгагч (Эдэнд хэрэггүй л сайн мууг мэдүүлэгч модыг тавьсан юм, гэх юм уу, намайг л сориод байна ч гэх юм уу) аймшигтай гэж боддог, уучлалд нь эргэлздэг хүмүүс юм. Тэд аврал-гэж юу вэ? гэхэд мэддэггүй, яг аврагдсан уу? гэхэд тодорхой мэддэггүй хүмүүс юм. Зүрх сэтгэлдээ итгэл хайрыг, уучлалыг хүлээн аваагүй, амар тайван биш байдаг. Яг ийм хүмүүсийг гаж урсгалынхан, яг аврагдсан уу?! Аврагдсан хүн ингэж амьдардаг уу?! гэхчилэн ороож асуусаар, улмаар бид л хүчтэй зөв замыг зааж өгье! гээд уруу татдаг

3. Мэдээлэл муутай хүмүүс. Олон залуус ажил хөдөлмөрийн хэрэгцээ, сурах боловсрох хэрэгцээ (ялангуяа гадаадад суралцах сонирхол) зэргээрээ урхидуулдаг. Америкийн Юта муж улсад мормонизм ноёрхдог. Тэд Монголоос жилд 200 хүүхэд суралцуулхаар илгээдэг. Өнөөгийн Монголд гадаадад төгссөн боловсролтой гэгдсэн хүмүүс албан тушаалд тавигдах нь их байна. Тэд албанд дэвшиж Монголыг захирч болзошгүй! Гаж урсгал нь яагаад гаж урсгал болох талаар огт мэддэггүйгээс, эд хөрөнгө хараад, сайхан амлалтанд урхидуулан явдаг.

4. Хүн олон хэрэгцээтэй байдаг. Биологийн хэрэгцээ, зүрх сэтгэлийн, хүндлэл хайрын, сурч боловсрох, харъяалагдах, тусламж авах, хамгаалагдах, гэхчилэн маш олон хэрэгцээнээс дутагдалтай тохиолдолд хямралд ордог. Үүнээс сүнсний хэрэгцээ нь уян зөөлөн харьцаа, дотно ойлголтыг үгүйлж байдаг. Цуглаанд энэ бүхэн нь бүрэн бүрдэхгүй тохиолдолд явдаг. (Үйлс10:44-47)

5. Өөрийн мөхөс ойлголтоор Библийг тайлдаг хүмүүс, тэгээд зуршчихсан, түүгээрээ л зүтгэдэг хүмүүс амархан уруу татагддаг. (Ром 12:3)-д…Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин бурханы хүн бүрд ноогдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл сэтгэхийн тулд бод. Хүн нь хязгаарлагдмал сэтгэлгээ учир, түүний мэдлэгт хүрээ хязгаар гэж байдаг. Бид Библийн болон амьдралын олон зүйлийг мэдлэгээс давсан итгэлээр л хүлээн авах хэрэгтэй болдог.

(2 Петр1:20,21) .... Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ” гэсэн. Бурханы үйлс, хүмүүсийн ойлголтоор тайлбарлагдахгүй байх нь их. Жишээ нь: (Иохан 1:14)-ийг тайлбарлахад маш хүнд. (Иохан 1:1,2)-т Тэр Бурхантай хамт байсан, хувь шинж чанартай, хамгийн анхлан оршигч Тэр Үг нь махан бие болсон, энэхүү үйл явц хүний логик ухаанаар огтхон ч тайлбарлагдахгүй! Итгэлээр л хүлээн авах хэрэгтэй! Ийм үг олон бий!  

Библийг Библиэр нь тайлах нь хамгийн зөв зарчим. Аруин Сүнс л энэ орчлонг бүтээж, Ариун Сүнс л Библид бичигдсэн түүхийг төлөвлөж удирдаж, Ариун Сүнс л одоо ч амласныхаа дагуу бидэнтэй хамт байгаа учир, зөвхөн Тэр л үнэн зөв тайлна. (Иохан 14:16, 17, 27)

6. Эзэн Есүсийн авралын ажил дутуу гэж боддог хүмүүс. Жаахан л зүйл дутуу байна. Яг л тийм дэг жаяг, ийм ёс журмыг дагавал л гүйцэлдэх байх гэж боддог. Авралын сайн мэдээн дээр элдэв зүйл нэмж хачирладаг, хайж эрэлхийлдэг хүмүүс амархан уруу татагддаг юм.

 


Шалгасан багш:Ким Сон Уг
"Гаж урсгал" хичээлийн лекцийн товчлолоос
1-р курс UBTC

Гаж урсгал-1



Хуурамч мөнгийг дадлагажсан туршлагатай мэргэжилтэн л ялгаж таньдаг. Тэр үргэлж жинхэнэ мөнгөтэй харьцаж, үнэрлэж, барьж тэмтэрч, үргэлж харж байсаар, өөр хуурамч мөнгөн тэмдэгтийг даруй ялгадаг болдог. Яг үүнтэй адил, бид, Эзэний үгийг (Библийг) маш сайн уншсан, мэдсэн, мэдэрсэн, өөрийн болгосон байх ёстой! Библийн 66-н номноос яг тухайн хэрэгтэй номоо хаана байдаг, яг ямар утга агуулгатай вэ? зэргийг тодорхой мэддэг байх нь зохистой!

Хамгийн гол нь Ариун Сүнстэй амьд, бодит харьцаатай байна. Тэгэж чадсан байх үед аливаа гуйвуулсан, буруу гаж зүйлийг, сайтар ялган, өөрийгөө болон бусдыг хамгаалах онцгой мэдрэмжтэй, чадвартай болсон байдаг. Гаж буруу урсгал нь цуглааныг мөхөөдөг. Олон гаж урсгал байдаг боловч нийтлэг нэг шинж бий!
Гаж буруу урсгалууд маш логик, ойлгогдохоор, тодорхой тайлбартайгаар өөрсдийн үзлийг тайлбарлаж, бас зөвтгөн хамгаалдаг.

Библийн олон ишлэл мөхөс хүмүүс бидний мэдлэг, оюун бодол, хэвшсэн сэтгэлгээгээр ойлгох аргагүй байдаг. Жишээ нь: (Эхлэл 6:2) Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов..., ишлэлийг цуглааны чинь пастор ахлагч нар тайлбарлаж чадахгүй байхад, тэд маш амархан энгийнээр нээрээ л тийм байна шүү дээ, гэхээр, (эсвэл янз бүрээр тайлбарлан толгой эргүүлдэг) тайлбарлана. Тэд загасанд өгөөш хаях адил, Библи барьж байгаад хүнтэй ярьдаг ятгадаг.

Cults-гэсэн грек үг байдаг. Өөр төгсгөл гэсэн утгатай! Гаж буруу урсгалуудад уруу татагддаг улсууд нь Библи сайн мэдэхгүйгээс, цуглаанаасаа шарх авсанаас, Ариун Сүнстэй дотно харьцаагүйгээс зэрэг шалтгаанаас болдог. Бидний барих гол зарчим бол итгэлээрээ Библийг унших, итгэлээрээ Эзэнд найдах, Түүнийг харах нь юм. Хүний ойлгогдох ухаанаар (логикоор) ухааршгүй, зөвхөн итгэлээрээ хүлээн авах зүйл Библид маш олон бий.

Хамгийн том гайхамшигт жишээ бол “Сайн мэдээ” юм. Яаж 2000 орчим жилийн өмнө үхсэн нэг хүний цус, тэрхүү үйл явдлаас хойш олон олон он жилүүдийн турш үй олон хүнийг аварч, ариусгаж (өнөө ч биднийг, хойшид ч мөн адил) чадах вэ? Үүнд л итгэдэг бид дэлхийн хүмүүст (үл итгэгчидэд) гаж солиотойгоороо дуудуулж, харин хүмүүст тааруулан элдэв логикоор, хүний ухааны дагуу тайлбарладаг нь ухаалаг зөв нэгэн болдог.

Гэтэл Эзэн бол мөхөс бидний туршлага, мэдлэг, бодол санаагаар огтхон ч хэмжигдэхгүй Нэгэн бөгөөд, элдэв хүрээ хязгаарлалтаас давсан итгэлд Түүний гайхамшигт хүч итгэмжтэйгээр үйлчилж байдаг. Жишээ нь: Марк 5:25-34-т гарч буй цус алддаг өвчтэй эмэгтэйн хүлээн авсан эдгэрэл ивээл нь хүний ухаанаар ойлгошгүй юм. (Яахаараа хэн нэгний хувцасанд хүрмэгц л өвчин эдгэрнэ гэж)

Та, Эзэний, бүх хүн төрөлхтөнийг аварсан агуу үйлсэд итгэдэг нь таны зүгээс ямар ч гавъяа зүтгэлийн үр дүнд биш, харин Их Эзэний танд хийж өгсөн гайхамшигт үйлс, үнэгүй бэлэг юм.
Гэтэл зарим хүмүүс, Эзэний гайхамшигийг огт үзсэнгүй, надад л тэр хайр, эдгэрэл нь хүртэхгүй байна, гэх нь бий. (Иохан 14:26)“Харин туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлсийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно” гэжээ. Иймээс Ариун Сүнсийг түшиглэж, Түүнд ажиллах бүх нөхцөл бололцоог тавьж өгөх ёстой! Ариун Сүнс зөвхөн Эзэний үгээр дамжуулан тантай ажилладаг. Тиймээс Библиэ сайн уншиж, цээжлэж бас түүнийхээ дагуу үйлдэж сурах хэрэгтэй. 

Гаж буруу урсгалд хэт автсан хүнийг үзэл бодол, онолоор марган дийлж, ухааруулан, төөрөгдөлөөс нь салган эргүүлсэн тохиолдол байхгүй! Ариун Сүнс түүнийг өөрчилнө. Бидний хийх зүйл, Эзэний хайрыг харуулан үйлчилж, залбирах, Эзэний үгээр хариулах нь юм. Хэрвээ хэд хэдэн оролдлогын дараа тэр хүн өөрчлөгдөхгүй бол харилцаагаа шууд таслах ёстой! Учир нь маш аюултай!

(2Иохан 10,11)-д “Хэрэв хэн нэгэн нь та нар уруу ирэхдээ энэ сургаалыг авчирахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул. Түүнтэй мэндэлж ч болохгүй. Түүнтэй мэндэлж буй хүн нь түүний бузар үйлсэд оролцож байгаа хэрэг юм”, (Галат 1:7-9)“Тэр нь үнэндээ ондоо сайн мэдээ биш юм. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид, эсвэл тэнгэрээс тэнгэр элч хүртэл бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг. Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг.” (Тит 3:10,11)“Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа зайлсхий. Тийм хүн гажууд болгогдсон бөгөөд, өөрийгөө буруутган нүгэл хийдгийг мэд.” гэж Судар бидэнд анхааруулж байна. 

Гаж урсгалын шашин, итгэл бишрэлийг 5 хуваадаг.
  1. Библиэр дамжуулан худалд хөтөлдөг шашнууд (Мормонизм, Ёхүвагийн гэрчүүд, Мүннизм, Адвентист сүм, Берой ба авралын бүлэг гэх мэт) Судрын аль нэг ишлэлийг гол болгон улайран зүтгэх, эсвэл улайм цайм гуйвуулах байдалтай...Оюунлаг, эрдэм боловсролтой олон хүн нэг л сэжүүрт (ишлэл, тайлбарт) бүх анхаарлаа хандуулснаас, Төгс Эзэнийг, өчүүхэн хүрээнд хашин төөрөлддөг.
  1. Харийн шашин. Библид огт байхгүйгээр худал ярьдаг. Лал, Будда, Күнзийн сургааль, Хиндү (дотроо маш олон янз) гэх мэт… Христ итгэлээс гадуурх шашнууд орно. Хиндү шашинд эр эм хоёр унтаснаар авралыг авна гэж үздэг. Хиймэл шүтээн нь эр эм хоёр янз бүрээр бэлгийн харьцаанд байгаа дүрслэлтэй гэх мэт.
  1. Иргэншилт шашин. Библид (иргэншлийн төөрөгдөл). Дандаа логик бодит, үзэгдэл зүйлсийг л баримталдаг. Шинжлэх ухаанаар л батлагдсан үнэн гэх мэт… (Гэтэл жинхэнэ зүрх сэтгэлээрээ шинжлэх ухааныг судлагчид нь Христэд итгэхээс өөр аргагүй болдог. NASA-д ямар ч итгэл бишрэлгүй, зөвхөн академик боловсролоороо л, авъяасаараа л тухайн салбарт ололт амжилтанд хүрсэн хүмүүс уригдан очиж ажилладаг боловч тодорхой хугацааны дараа олонхи нь Эзэнийг хүлээж авдаг. Тэдний 60-65 хувь нь итгэгчид юм. Тэд энэ орчлонгийн юмс үзэгдэлийн гайхамшигт нууцад нэвтрэх тусам, энэ нь Агуу Нэгэн Төгс Бүтээгчийн ажил болохыг ойлгосон байдаг.)
  1. Зугаа цэнгэлд дурлагчид-Биднийг маш их өрөвддөг. Яаж ингэж, ганц олдох насандаа хүлээстэй, жаргаж үзэлгүй, хоосон, утгагүй уйтгартай өнгөрөөж чадаж байна аа гэдэг…
  1. Мөнгийг чухалчилагчид-Яаж мөнгөгүйгээр, зөвхөн Бурхан, Бурхан гэж амьдарч чадаж байна аа?! Бурхан чинь цалин өгч байна уу?, ямар ашигтай юм бэ?! гэцгээдэг. Тэдний хувьд бид төгс мунхаг тэнэг болцгоодог. 




Шалгасан багш: Ким Сон Уг "Гаж урсгал" хичээлийн лекцийн товчлолоос UBTC 2006.08.31 

Tuesday, June 24, 2008

Текст: Иохан 9:35-41 Шүүлтийн төлөө ирсэн Эзэн



7-р алхам: Номлол: Сайн байцгаана уу? Өнөөдөр, энэ мөчид, Эзэний аугаа Чуулганы өмнө зогсоод, Түүний амьд Үгнээс хуваалцах болсон нь мөхөс миний хувьд үнэхээр их нэр төрийн хэрэг юм. Энэхүү боломжийг олгосон Есүс Эзэндээ талархаж байна. За бүгдээрээ Эзэний Үгийн төлөө, энэ эрхэм цагийн төлөө залбирцгаая!

Тэнгэрлэг аугаа Их Эцэг минь! Таньдаа үнэхээр их талархаж байна. Сул дорой бидний төлөө цорын ганц Хүүгээ илгээсэнд, Түүний золилтоор бидний гэм нүглийг уучилсанд баярлалаа. Энэ мөчид бидэнтэй хамт байж, Таны Үгийн нууцуудыг илчлээч гэж гуйж байна. Үнэнээр болон сүнсээр Үгийг тань ойлгон ухаарч, хүлээн авах нээлттэй зүрх сэтгэлийг зөвшөөрнө үү?! Энэ Ертөнцийн, бас энэ цагийн Эзэн нь та билээ. Бүхнийг Таньдаа даатган, Их Эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна. Амээн.

Оршил: Би хоёр америк бүсгүйг таньдаг юм. Тэр хоёр Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний төвд хүүхдийн эмчээр ажиллацгаадаг. Бас тэд яармагт хашаа байшинтай. Тэндээ “Итгэл нөхөрлөл” гэдэг ТББ байгуулаад хариуцан ажиллуулдаг. Тэр байгууллага нь хаягдсан, орхигдсон, өнчирсөн балчир хүүхдүүдийг асран халамжилж өсгөх зорилготойгоор байгуулагдсан.

Манайхны амьдрал ядуу тарчиг, хүнд хүчирээс, дээрээс нь бас оюуны хоосрол болон бусад олон шалтгаанаар, эхчүүд хүүхдээ төрүүлээд хаядаг, эмнэлэг дээр орхиод зугтаадаг тохиолдол нилээн элбэг болоод байгаа юм байна. Тиймэрхүү хүүхдүүдийг цуглуулснаар, миний хамгийн сүүлд сонссоноор, 25 орчим нялх нялзрай, 0-4 насны хүүхдүүд байгаа сурагтай. Тэдний дунд бүр хогийн савнаас олдсон хүүхэд ч байдаг гэнэлээ.

Тэдний хоол хүнс, сүү тэжээл, солих даавуу, памперс, өлгий болон хувцас хунар, бас арчлагч асрагч, туслах ажилтан хөлслөх, тэдний цалин мөнгө, хоол унд, бүр цаашилбал гэрэл цахилгаан, түлээ нүүрс, усны, хогны мөнгө зардал гэхчилэн маш олон зүйлийг өөрсдөөсөө золиос гарган хариуцаж байдаг. Тэгээд ч зогсохгүй Рита нь 3-н монгол хүүхэд, Маржи нь 1 монгол хүүхэд өөрсдөө үрчлэн аваад өсгөж хүмүүжүүлж байдаг.
Би тэднээр үнэхээр бахархдаг.

Эзэний хайраар гэрэлтэж, ариун Нэрийг нь өндөрт өргөж байгаагийнх нь төлөө. Мөн тэр алс холын орноос ирээд миний ард түмнийг хайрлаж, өөрсдийгөө золиослон зориулж байгаагийнх нь төлөө бахархдаг, бас баярладаг. Нөгөөтэйгүүр би ичдэг. Би өөрөөсөө ичдэг….(хэсэг чимээгүй байна…)

За бүгдээрээ Ариун Судараас уншицгаая! Шинэ Гэрээний “Иохан” номын 9-р бүлгийн 35-41-р ишлэлийг гаргая. (Шинэ Гэрээний 152-р хуудсанд байна) За би уншиж өгөе! Та бүхэн анхааралтай тулган харж, тунгаан бясалгана уу?

Библийн багцлалыг уншина…
Бага оршил: Бид,…Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, ….Таны хаанчлал ирэх болтугай!.... гэж залбирцгаадаг. Нууцгүй хэлэхэд зарим маань бүр, юу гуйж залбирч байгаагаа ч мэддэг эсэх нь эргэлзээтэй. Маань мэгзэм аятай, эсвэл цээжилсэн шүлгээ цэцэрлэгийн хүүхдүүд багшдаа (аав ээждээ) уншиж шалгуулж байгаа ч юм шиг, амны уншлага болгосон нь анзаарагддаг.

Аливаа засаглал, эрхмэдэл гэдэг нь цаад утгаараа яллалт буруутгал, бас өмгөөлөл хамгаалалт гэсэн тулгуур ухагдахууныг агуулдаг. Засаглал бидний гэм бурууд ял зэмлэл, шийтгэлийг онооно. Бас засаглал биднийг элдэв дайралт, гэмт халдлага, заль мэх, бузар булайгаас хамгаална. Нэг үгээр шүүлтийг хэрэгжүүлэгч гэсэн үг.

Гэтэл, Тэнгэрлэг Эцгийн маань төгс Хаанчлал гэдэг нь, хамгийн сонгодог, төгс засаглал юм. Тэнд ямар ч зөвшилцөл, найраа, мэтгэлцээн буюу ямар ч ардчилал байхгүй. Аугаа сүр хүч, цог жавхлан, Ариун байдлаараа Эзэн л бүрэн эрх мэдэлтэйгээр бүхнийг захирна.

Түүний Ариун Ариун Ариун Төгс оршихуйн дэргэд ямар ч бузар муу нь хамт байх аргагүй. Хуйхлагч ариун гал бүх бузрыг шатаан устгадаг. Өөрөөр хэлбэл Бурханы Хаанчлал ирэхэд төгс шүүлт явагдаж, төгс өргөмжлөл шагнал, (ариун хүмүүст…), төгс яллалт шийтгэл (гэмт бузар хүмүүст) ирнэ гэсэн үг. Хаанчлал ирэх болтугай гэж гуйгаад байгаа та бид, үүнд бэлэн байна уу?!...

Танд оноосон үүрэг даалгавар хэрэгжсэн үү?!... Та хангалттай өөрчлөгдөж, ариуссан уу?!... Таны ойр дотныхон чинь, хайрладаг хүмүүс чинь, бүгд Христ рүү ирсэн үү?!.... Та өөрийн талантыг өсгөж арвижуулсан уу?! эсвэл газар булчихсан уу?!...

Бие: Тэгэхлээр Судараас, Есүс энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэнээ тунхагласныг уншлаа. Гэтэл бас сонирхолтой, эргэлзээтэй зүйл байна. Бүгдээрээ 159-р хуудсыг гаргаад “Иохан” номын 12-р бүлгийн 47-р ишлэлийг уншицгаая! Уншина….

Энд Есүс огт өөр зүйл,… Би ертөнцийг шүүхийн тулд бус аврахын тулд ирсэн юм, гэж байна. Энэ нь ямар учиртай юм бол оо?!..... Ер нь Библи үргэлж хоёр туйлыг сөргүүлэн тавьж, бидний оюун бодолд, зүрх сэтгэлд бодролыг, асуултыг асааж байдаг. Та тэгэж хардаг уу?!

Гэрэл ба харанхуй, ариун ба бузар, бардамнал ба дорд даруу байдал, хоосон ба дүүрэн, өршөөл уучлал ба үзэн ядалт, хайр энэрэл ба уур хилэн, амь ба үхэл… гэх мэтээр. Энд бас л 2 туйл яригдаж байна. Эзэн тэгээд шүүлтийн төлөө юу? авралын төлөө юу?.... Хүн ингэж Эзэнээс болон өөрөөсөө асууж, гайхаж эргэлзэн, тунгаан бясалгаж, хариултыг нь хайж эрэлхийлэх ёстой юм болов уу? Тэгснээрээ Эзэнтэй улам ойр дотно, амьд харьцаатай болох ёстой юм болов уу? Энэ нь ч Библийн зорилго юм болов уу даа! гэж би заримдаа боддог юм…

Ер нь шүүлт гэдэг нь ямар утга, ойлголт, ухагдахуун цаана агуулж байдаг юм бол оо?!... Энэ нь Библийн нэг онцгой түлхүүр үг юм. Энэ үгтэй холбоотой 186-н ишлэл Библьд байдаг юм билээ. Олонхидоо бид энэ үгийг сонсмогц зүрхэнд маань сэрдхийсэн айдас болгоомжлол босдог. Тэгээд, араас нь яллалт, буруутгал, шийтгэл гэдэг утгууд бодол оюунд маань эргэлдэж эхэлдэг. Тэгээд л шууд л өөрийгөө хамгаалах төрөлх гэмт зөн үйлчлэн, гарц барьц хайн тэмтчинэ.

Библийг шүүгдэж буй хүний айдсын нүдээр унших юм бол, эхнээсээ эцэс хүртэл аймшигтай, эрс шийдэмгий, эргэлт буцалтгүй шүүлт байдаг. Ерөөсөө шүүлтийн ном….Эзэн бүх талаараа үзэсгэлэнтэй гайхалтай орчлон ертөнцийг бүтээсэн бөгөөд, эцэст нь Өөрийн дүр төрхөөр хүмүүнийг амьд болгосон. Түүний бүтээсэн Эден, үнэхээр гайхалтай төгс орчлон байлаа. Тэнд ямар ч бузар муу нь байсангүй.

Гэвч энэ л төгс төгөлдөр газар, анхны гэм үйлдэгдэж, улмаар түүний үр дагавар болсон анхны шүүлт хэрэгжсэн юм. Гэмтнүүд Эденээс хөөгдөж, эргэж буцах зам хамгаалагдсан. Гэмтнүүдээс гэмтэн төрж, төрсөн дүүгээ алсан түүхийг бид мэднэ. Ийнхүү гэм үргэлжлэн цэцэглэж, “…дүүгээ алсан би үхэх ёстой….” гэж байсан Каины удам Ламех, бүр гэмт үйлсээрээ бахархан бардамнаж, өөрийгөө хаацайлан хамгаалах аргаа болгосон байдаг.

Хүн Бурханы хайрыг хамгийн их хүртэж, бусад бүх бүтээлээс илүү өндөр байр сууринд заларч байсан. Гэвч тэдний бузар гэм нь үлэмж их болж, хүсэл бодол нь ямагт муухай болсонд Эзэн зүрхэндээ гашуудсан. Боддоо,…хүмүүст хичнээн сайныг хүсэвч, хичнээн их халамжлавч, ач буян санаж байгаа нь, талархал магтаал өргөж байгаа нь нэг 2-оос хэтрэхгүй байлаа.

Хүмүүс зуу зуун жил насалдаг байсан. Ямар их хайр вэ? Тэр үед өвчлөл, өлсгөлөн, ган зуд огт байгаагүй болоод тэр байх даа. Өнөөгийн хүнд хүчир, хатуу ширүүн амьдралтай зүйрлэх аргагүй таатай сайхан нөхцөл байсан болов уу?, гэж бодогддог юм. Тэр бүхнийг Эзэн л бүрдүүлдэг байсан байж таараа. Бурханыг харахад махтай цустай болгоны үйлс нь эвдрэн завхарчээ, гэж бичсэн байдаг. Хайрыг даагаагүй нүгэлт хүн төрөлхтөний дээр аугаа шүүлт ирсэнийг бид мэднэ.

Эзэн зүрхнээсээ уйлсан болов уу, гэж надад заримдаа бодогддог юм. Түүний нулимс хүмүүсийг живүүлсэн байх гэж төсөөлдөг. Та нар энэ түүхийг хэр их эргэцүүлдэг юм бүү мэд. Би л хувьдаа их л эргэцүүлэн тунгаадаг. Тэгээд надад лав тэр хүмүүсийг өрөвдөх сэтгэл төрдөггүй. Харин Бурханыг өрөвддөг.

Бүхнээ зориулж, хайрлаж, итгэснийхээ хариуд, хүйтэн хөндий харьцаа, хямсгар зан, урван тэрслэлт, доромжлолыг хүртээд маш их гомдож шархалж, уйлж үзсэн хүн байна уу? Байгаа байхаа… Эзэний замаар явахад юу эс тохиолдох билээ. Мэдээж Бурханы хүмүүст зориулсан хайр, зориулалт, мөн хариуд нь хүмүүсийн барьдаг урвалт, тэрслэл, бузар муутай зүйрлэхгүй ч тэрүүхэндээ тэгэж шаналж явсан минь заримдаа санагдаад, харьцуулан төсөөлдөг юм. Эзэний ариун, төгс, гайхалтай цэвэр сэтгэлийг бодоод би л хувьдаа тэгэж боддог. За жаахан хадуурчихлаа.

Тэгээд цааш нь, Хуучин Гэрээний бидэнд илчилдэг бүх түүхүүдийг, нэг үгээр шүүлтүүдийг бид мэднэ шүү дээ…. Бабелийн цамхаг босгон, өөрсдийн алдарыг хайгсдыг шүүж, газар дэлхийгээр тараасан. Бурхангүй бузар завхай байдлын үлгэр жишээ болсон Содом, Гоморраг ч шүүсэн. Мөн Абрахамд,… Би чиний үр удмыг зарцлах үндэстэнг шүүнэ…., гэж амласныхаа дагуу Египетийг 10-н гамшигаар шүүж, эцэст нь Улаан тэнгист Фараоны армийг живүүлсэн билээ.

Нэгэнтээ Абрахам….газар дэлхийн шударга Шүүгч Та үнэн зөвийг баримтлахгүй гэж үү?!... гэж дуу алдсан байдаг. Үнэхээр ч Ертөнцийг Шүүгч Эзэн үнэхээр төгс шударга бөгөөд Өөрийн ард түмнийг ч гэм нүглийнх нь төлөө шүүсэн. Синаин цөлд Израилийн бүхэл бүтэн нэг үеийнхэн тэр чигээрээ нойрссон юм. Мөн амлагдсан нутагт ч Эзэний хуулинд дуулгаваргүй байсныхаа төлөө олонтаа шийтгүүлсэн. Тэд дэлхийн аль ч ард түмнээс илүүтэйгээр Эзэний хайр, нигүүлсэлийг хүртсэн боловч, итгэлгүй байдал гарган завхайрч, шүүгдсээр л байсан.

Эзэн нүгэлт хүн төрөлхтөнийг, Өөрийн ард түмнийг ч мөн адил үерээр, өвчин тахалаар, мөн байгалийн элдэв гамшигаар, мөндөр, царцааны нүүдэл, ган гачиг, өлсгөлөнгөөр, дайн дажинаар тэр ч бүү хэл галт могойгоор болон тэнгэрээс гал буулган шүүж байсан. Тэр түүхийн эхнээс шүүсэн. Одоо ч гэмт хүн төрөлхтөний дээр шүүлт хэрэгжсээр.

Ямар цаг үед амьдарч байгаагаа бид бүгд л мэднэ. Дэлхийн дулаарал, түүнээс үүдэлтэй байгалийн элдэв гамшигт үзэгдлүүдийн эрин үе. Эрдэмтэд ерөнхийдөө санал 2 хуваагдаад байгаа. Нэг хэсэг нь, энэ нь хүний буруу үйл ажиллагааны, байгалтайгаа хайр гамгүй харьцасны үр дүн гэж байхад, нөгөө хэсэг нь 10.000 жилд нэг тохиодог, эрс дулаарлын үе. Эрт дээр үед бас 10.000-ны тэртээ ийм юм болж олон нуур тэнгис ширгэж, бас олон хуурай газар усан дор орж, мөн олон газар цөлжсөн гэдэг….

Харин Бурханы хүмүүс бидний хувьд, гэмт хүн төрөлхтөний дээрхи Эзэний шүүлтийн цаг үе, гэдгийг маргалгүйгээр хүлээн зөвшөөрөх байхаа гэж бодож байна. Өөрсдийг нь бүтээсэн, амь амьсгалыг өгсөн, амьд Бурханыг хайж эрэлхийлж, Түүнийг дээдлэн хүндлэн амьдрах ёстой хүмүүс, бурхан биш зүйлсийн араас улайран хөөцөлдөж, шуналтан хурааж, түүгээрээ бахархан бардамнадаг. Хүмүүсийн итгэл найдвараа тавьдаг, хайрладаг, эрхэмлэдэг болгоныг нь хоромхон хугацаанд арчин хаяж, тэдний шүтдэг биширдэг болгон нь бурхан эсэх талаархи шүүлтийг энэ цаг үед ч хэрэгжүүлсээр л байна.

Дамжуулга: Олон хүн боддог, ярьдаг… Христийн золилтоор дамжуулан бид шүүлтээс аврагдсан. Харин эцсийн шүүлт нь харь үндэстнүүд дээр, өөрөөр хэлбэл үл итгэгчид дээр хэрэгжинэ гэцгээдэг. Ямар ч шүүлт байхгүй итгэлээр аврагдсан… Шүүлтийн талаар, авралаас алдагдаж болзошгүй талаар ярихлээр учиргүй эмзэглэнэ. Ум хумгүй үгүйсгэнэ….

Гэтэл Библи огт өөр зүйл заадаг. Бүх итгэгчид шүүгдэнэ. Шүүлтээс ангид хүн байхгүй. Их Эзэнтэй хамт өлсөж, цангаж, ядарч бас баярлан хөөрч, хамт унтаж, хамт хооллож явсан анхны дагалдагчид…. Түүгээр зэмлүүлж, сургагдан, гэмшин ухаарч бас урамшуулагдан зоригжиж, хайр энэрлийг нь хүртэж, хөлөө хүртэл угаалгаж явсан тэр л хүмүүс….

Түүнийг хүндлэгдэн өргөмжлөгдөж байхад, хажууд нь додигорхон алхаж, гүтгүүлэн доромжлогдож, тамлуулан алуулж байхад гашуунаар уйлцгааж байсан тэр эрчүүд…. Дахин амилсан Есүсийг хараад итгэж ядан баярлан хөөрөгсөд… Пентекостын өдөр анхны Ариун Сүнсний тосолгоо хүртэж, сайн мэдээгээр шатаж явсан тэрхүү цуутай элч нар бүгд санал нэгтэйгээр шүүлтээс ангид хүн үгүй гэдэг. (1 Петр 4:17)-д элч Петр…. шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ гэсэн байдаг бол, (Ром 14:10)-т элч Паул… та юунд ах дүүгээ шүүнэ вэ?... Учир нь бид бүгдээрээ Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно гэсэн байдаг.

Бурханы гэр бүл хаана байна? - Чуулган биш үү!
Гэр бүлийн ах дүүс нь хэн юм? – Та бид биш үү!

Эзэн Есүс ч (Мт.7:21)-т… Намайг Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон Миний Хаанчлалд орохгүй. (Иох.15:2)-т… Би бол усан үзмийн жинхэнэ мод. Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна, гэсэн байдаг.
Чи Есүсийг Эзэн гэж хүлээн зөвшөөрч байна уу?
Чамд Ариун Сүнс байна
Чи Эзэний өдрийг ариунаар сахиж, цуглаандаа таслахгүй ирж байна уу?
Чи ерөөгдсөн
Чи 10-ны 1-ээ итгэмжтэй өгч байна уу?
Чи ивээгдсэн

Сайхан сонсогдож байна. Амархан ч юм. Харин энэ нь махан биеийн дагуух үнэлэмж юм. (Иох.7:24)-т Есүс,та нар гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү, гэсэн байдаг. Мэдээж, Есүс бол миний Эзэн…, гэж дуудах нь буруу юм биш! Харин та, үнэхээр Түүгээр удирдуулж, Түүнд дуулгавартай байна уу?! Та үнэхээр Түүний нэрийг өндөрт өргөж, таныг Эзэн Бурханы чинь нэрээр цоллож байна уу?!

Эзэний өдрийг ариунаар сахиж, сүм цуглаандаа ирэлгүй л яахав. Харин та зөвхөн хэн нэгэн хэргэмтэн, зэрэгтэнд л үзэгдэх гэж, цагаа бүртгүүлэх гэж ирдэг, тэгээд эндээс гараад л ертөнцийн амьдралд умбаж, сохрын газар сохроор, доголонгийн газар доголонгоор явдаг юм биш биз?!

Гэмт сэтгэлгээ, гэмт хүсэл сонирхол, гэмт зуршил, зан чанартайгаа огтхон ч тэмцэхгүй, бүрэн эвлэрчихсэн, санаа амар гэлдэрч яваагүй биз!?

10-ны нэгээ өргөлгүй л яахав! Гэхдээ та, өгөх ёстой юмаа л өгч байна. Надад байгаа амь амьдрал, ажил алба, эрүүл мэнд, үр хүүхэд, хань ижил, орон сууц, ах дүүс….эцэст нь мөнхийн амь, бүгд Түүнээс юм. Энэ орж ирсэн мөнгө цалин, орлого ашиг ч Эзэнээс юм. Би өгөх ёстой юмаа л өгч байна гэсэн зөв даруу хандлагаар өгч байна уу?! Эсвэл хариуд нь 10, 20, 100 дахин үржүүлж өгөөрэй, гэсэн шуналын сэтгэл, хонжоо ашиг араас нь зүүж, цээжний тооцоо бодож байна уу?!

Шуналын аливаа хэлбэрээс болгоомжил, гэснийг зөндөө л сонсож, уншдаг биш үү! Олох долох, ашиглаж завших, хурааж хумих, өрсөлдөн тэмцэх энэ ертөнцийн галзуурсан эргүүлэгт ханцуй шамлан ороод, энэхүү бузар үйлсдээ Ариун Эзэнээ ашиглачих санаатай бодож, залбирч явдаг байх вий дээ! Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн гэж Библи хэлдэг.

Тэр сохор байгаад хараа орсон хүнийг харъя! Тэр төрөлхийн сохор нэгэн байсан. Хэний ч зүс царайг харж байгаагүй. Эдгэрлийг авахдаа ч Түүнийг хараагүй. Учир нь тэр цөөрөмд очоод нүдээ угаах үед Есүс дэргэд нь байгаагүй. Яг хэн байсныг нь мэдээгүй ч, тэр Түүнийг гэрчилсэн. Эрх мэдэлтнүүдээс ч айлгүйгээр, хараалгуулан загнуулан байж гэрчилсэн. Тэр ч бүү хэл гүтгэлэг доромжлолоос хамгаалсан. Тэгээд хөөгдсөн, ад үзэгдсэн, гадуурхагдсан. Тэр сохор хүн шүүлт болсон юм. Түүний эдгэрсэн гайхамшигийг хараад иудейчүүд, шашны хэргэмтэнгүүд ухаарах ёстой байсан. Бурханы сүр хүч, хайр энэрлийн өмнө өвдөг сөгдөх ёстой байсан.

Та ч гэсэн, гэм нүглээр дүүрэн энэ ертөнцөд шүүлт болох ёстой юм. Таны өөрчлөгдсөнийг хараад, танаас Христийн гэрлийг хараад, гэмтнүүд гэмшин, бузар муу замаасаа эргэж, таны Бурханыг хүндлэн биширч, Түүн рүү ирэх ёстой юм. Та гадуурхагдсан ч бай, хавчигдсан ч бай, бүхий л үйлс, үг хэлээрээ Эзэнийг алдаршуулах аваас шагнагддагийг эндээс харж болно.

Бас ад үзэгдсэн, хөөгдсөн Өөрийн сонгосон нэгнээ Эзэн урамшуулан босгодог болох нь ч харагдаж байна. Тэр иудейчүүдэд хөөгдсөн боловч, Эзэний алдарыг харж, ярилцаж, бүр зорилго төлөвлөгөөг нь ч сонсож байна. Эзэн таныг сонгон, ивээл ерөөлөө хайрлан, эдгэрэл чөлөөлөлт, өөрчлөлт шинэчлэлийг амьдралд чинь хэрэгжүүлсэн нь, Түүнийг харж чадахгүй байгаа олон хүмүүст, Өөрийгөө гэрчлэхийн тулд юм гэдэг нь эндээс харагдаж байна.

Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно гэж Эзэн үргэлж дууддаг.
Таны жинхэнэ ашиг, жинхэнэ шагнал бол Эзэний алдарыг харах нь юм. Түүний оршихуйд өргөмжлөгдөх нь юм…. Амээн.

Дамжуулга: Саяхан манай ангид 1, 2, 3 Иохан номоор хичээл заадаг багш маань, “1 Иохан номонд итгэгч хүмүүс бие биеэ хайрлах нь хамгийн чухал гэж гардаг. Яагаад вэ? Таны хувийн амьдралд, гэр бүлд, Чуулганы хамт олонд бие биеэ хайрлахаас илүү чухал зүйл гэж байдаг уу?” гэсэн асуултаар хэлэлцүүлэг явуулсан юм. Тэгээд бид бодоцгоолоо. Залбирцгаалаа. Ярилцацгаалаа.

Бид заримдаа Бурханыг бусдаас илүү таньчихсан, мэдчихсэн мэт аяглана. Сүм Чуулгандаа тогтоосон дэг журам, хэв маягийг нь ёсчилон сахиснаар, Эзэний ивээл нийгүүлсэл, авралыг хүртэх юм шиг бусдаас шаардана. Өөрсдөө ч тиймэрхүү, нэг хэв загварын амьдралд орж дассан байдаг.

Тэгээд эргэн тойронд юу болж буйг ч анзаардаггүй. Нийгмийн амьдралд юу болж байна. Залуучуудын асуудал, настангуудын асуудал, ядуус…..гэх мэт олон зүйлийг үл тоомсорлоно. Олон шударга бус зүйлийн хажуугаар надад падгүй, гэсэн байдлаар дуугүй өнгөрнө. Эргэн тойрон өрнөж буй бузар булайд харамсан гашуудаж, эмгэнэн залбирахын оронд нүдэн балай чихэн дүлий, эсвэл бурхангүй хүмүүсийн мунхаг харанхуйг “гайхаад” л “тавлаад” л өнгөрнө. Нөгөө дэлхийн гэрэл газрын давс болох ёстойгоо ч мартсан байдаг.

Нэгэн хэвийн шашинлаг саарал өдөр хоногуудыг өнгөрөөж, элдэв ном товхимол, курс семинараас ивээл ерөөл, сүнслэг хүчийг хайна. Мөн хэн нэгэнд туслах шаардлагатай бол, түүнийхээ төлөө зориулалт золиослол гаргах хэрэгтэй бол, өөрийнхөө боломж бололцоог эхлээд тооцно. Тэгэж цаг зав гаргах боломж юу билээ, санхүү түрийвч маань ямархуу билээ… гэх мэт. Мөн тухайн хүнийхээ талаар, хэр ач холбогдолтой нэгэн билээ, ирээдүйд үр жимс гаргах нэгэн үү?! гэх шиг элдвээр шүүн тунгаана.

Бусдын нүдэнд хэрхэн харагдах, яавал үнэлэгдэх хүндлэгдэх талаар санаа зовиноно. Библи судлал болон үйлчлэл маань шашинлаг хэв маягт автаж, бид Эзэнийг биш мэдлэгээ, чадвараа, байр сууриа бурхан болгосон байдаг. Эзэнтэй болон бусадтайгаа харьцах хайрын даруу, эгэл харьцааг мартаж, өөрийн тав тух, амар амгаланг л эрэлхийлнэ. Яг л нэг орчин үеийн Фарисай, хуулийн багш нар л гэсэн үг.

Тэр үеийн Израилд Хуучин Гэрээний хууль засаглаж байсан. Сүүлчийн эш үзүүлэгч Израилд гэмшилийг тунхагласнаас хойш 400-н жилийн чимээгүй эрин эхэлсэн. Эрх мэдлийг хуулийн багш нар, фарисайчууд, садукайчуудаас бүрдсэн сүмийн зөвлөл атгаж байсан. Дээрээс нь Ромчууд хатуу чангаар засаглаж байлаа.

Шашины зэрэгтнүүд хуулийг сайтар хичээнгүйлэн сахидгаараа бардамнан, хараахан тэгэж чаддаггүй сул дорой, ядуу зүдүү, өвчтэй зовлонтой хүмүүсийг гадуурхан шоовдорлож, шүүн буруутгаж, тэр ч бүү хэл чулуудаж алдаг байлаа. Ямар ч шударга ёс, хайр уучлал тэнд байгаагүй юм. Үнэхээр харанхуй, бурангуй цаг үе байсан. Шашинлаг ёс жаягаа хүнээс илүүд үзэж, ямар ч зүрх сэтгэлийн зэмлэлгүй, мэдрэмжгүйгээр хүн алахаар чулуу шүүрцгээдэг байлаа.

Харин Есүс,…. Би шүүлтийн төлөө ирсэн, гэснээрээ бүх засаглах, шүүх эрх мэдлийг авахаар ирсэнээ зарласан юм. Есүс, Өөрөө төгс шүүлт юм. Тэр тухайн үеийн Израилчуудын, одоо ч бас бидний, мөн хойшид ч ирээдүй бүх үеийнхний даган дуурайх ёстой үлгэр загвар, төгс стандарт, хэм хэмжээ юм. Тэр бидний нүглийг цусаараа зайлуулж, гэмт мөн чанар, бузар зүрхийг минь ариусгахаар, шүүж цэвэрлэхээр ирсэн юм.

Бид аливаа дэг жаяг, ёс журмаар түүнийг хүндлэх биш, амьд хайрын үйлчлэл, нийгүүлсэлийн амьдралаараа хүндлэл, мөргөлийг өргөх ёстой юм. Есүсийн хайр уучлалд өөрсдийгөө болон бусдыг жишиж шүүх ёстой юм. Рита, Маржи нарын үйлчлэлээс, би маш их урам зоригийг авдаг. Бас өөрөөсөө ичиж, гэмшин залбирдаг… Эзэн минь, Та надад, бас өөрийн олон олон хөвгүүд, охидод, үр дүнтэйгээр, эрх мэдэлтэйгээр, урам зоригтойгоор, Таны алдарын төлөө үйлчилэх, Таны хайрыг бусдад харуулах, Сүнсний хүч, чадвар боломжийг олгооч гэдэг!

Хэрэгжүүлэлт: Үнэхээр Эзэний хайрыг харуулж, гэрэлтэж буй нэгнээрээ бахархаж, тэднээс суралцацгаая! Мөн өөрсдөдөө дүгнэлт хийж, үргэлж даруу байн, хайрын үйлчлэлд зүтгэлтэй байцгаая! Сүнсэндээ ядуу хүн ерөөлтэйеэ, гэж Эзэн айлддаг. Хэн нэгний гайхалтай үйлчлэлийг хараад, өөрөөсөө ичиж, сул доройдоо гэмшиж байгаарай! Энэ нь зохистой хандлага юм.

Энэ нь Ариун Сүнсний зүрх сэтгэлд чинь шүүж буй шүүлтэнд дуулгавартай байгаа нь тэр юм. Бид Түүнээс хүч чадлыг гуйвал, Тэр бидэнд Ариун Сүнсний хүчийг өгч, өмнө маань хаалгыг нээх болно. Товлосон цаг нь болохоор миний ч, таны ч боломж ирж бид бүх дэлхийг өөрчлөх болно.

Дүгнэлт: Олонхидоо бид шүүлт гэдэг үгийг сонсмогц зүрхэнд маань сэрдхийсэн айдас болгоомжлол босдог. Тэгээд араас нь яллалт, буруутгал, шийтгэл гэсэн утгууд бодол оюунд маань, зүрх сэтгэлд маань эргэлдэж эхэлдэг. Гэтэл, энэ нь гэмт сэтгэлгээгээр, өрөөсгөлөөр аливааг тунгаадаг, мөхөс дорой зан чанарын улмаас юм.

Жинхэнэдээ, шүүлт гэдэг маань, үнэн зөв ба худал хуурмагыг ялгаж салгах гэсэн утгатай байна. Христийн дотор шүүлт гэдэг үг маань, зэмлэх, сануулах, сахилгажуулах, ухаарал гэмшилд дуудах, засаж залруулах гэсэн утгаар уншигддаг. Бүр цаашилбал цагаатгах, сэргээх, шагнан өргөмжлөх утга ч тодорч байна.

Тэгэхлээр Эзэн энд 39-р ишлэлд….Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм,… гэснээрээ, өөрийнхөө харахгүй, сул доройгоо хүлээн зөвшөөрсөн, сүнсээрээ ядуу нэгэнд ивээл хайраа өгч, Өөрийгөө илчилхээр, босгон байгуулахаар, харин Бурханыг хардаг, бусдад заадаг, шүүх эрхтэй гэж боддог бардамнагчдад сохор гэдгийг нь мэдрүүлэхээр ирсэнээ хэлсэн нь тэр юм.
Библийг хайрлагдсан, уучлагдсан, аврагдсан хүний, баяр баясалын нүдээр унших юм бол, эхнээсээ эцэс хүртэл Аугаа Хайрын Ариун Судар юм….Амээн.

Тунхаглал: Тиймээ Тэр авралын төлөө ирсэн юм. Эцсийн шүүлтээс аврахын тулд, энэ цаг дор зүрх сэтгэлд чинь шүүхээр ирсэн юм. Түүний шүүлт нь уур хилэн дээр биш, Хайр уучлал дээр тогтдог юм…
Уриалга: Та шүүгдэхдээ ялаасай! Халлелүяа.




"Илтгэл номлолын үндэс" хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш:Пүрэвдорж 1-р курс“UBTC”

Илчлэлт номлол бүтэлгүйтвэл ямар үр дүн гарах вэ



(эсээ)
Бурханы Хаанчлалын газар дэлхий дээрхи төлөөлөл, бие болсон Христийн Чуулганд, олон хариуцлагатай үйлчлэл байдаг боловч, Үгийг тунхаглах шиг илүү хариуцлагатай нь үгүй юм. (Иаков 3:1)-тБагш нар бид үлэмж хүнд шүүлтэнд орно, тиймээс та нарын дундаас олон хүн багш болж болохгүй, гэсэн байдаг. Чуулганы сүнслэг амьдралд хамгийн их нөлөөтэй, эрх мэдэлтэйгээр хүрч үйлчилдэг, тэгснээрээ сонсогчидоороо дамжуулан, энэ дэлхийн амьдралд ч гэрэл, давс болон нөлөөлөх үүрэг номлогч нарт байдаг.

Энэхүү үйлчлэлийн үр жимс нь сонсогч нарын ариун амьдрал юм. Чуулганы сүнслэг амьдралын өнгө алдагдах нь, Үгийн үйлчлэгчийн үйлчлэлийн чанартай шууд холбоотой.
Эш үзүүлэгч Иеремиа (Иер23:1)-т энэ талаар тодорхой бичсэн байдаг. Үнэхээр, үнэнээр болон сүнсээр Эзэний үгийг тунхаглан, зөвийн замаар Бурханы хонин сүргийг хариулах ёстой хоньчид (үгийн үйлчлэгчид) нь, устган тарааж байгаа талаар харамсан бичсэн байна.

Эзэний Үгийг сүнслэгээр харж улмаар (Иер.23:9) хэрэгжүүлэлтийг нь, амьдралд үнэн зөвөөр шилжүүлэн, Бурханы хүмүүсийн тулгамдсан асуудалд, зохистой шийдлүүдийг гаргаж хоньчлох нь эш үзүүлэгчдийн (үгийн үйлчлэгчдийн) үндсэн үүрэг юм. Эш үзүүлэгч л гэхлээр ирээдүйг зөгнөгч, гэмийн шийтгэлийг тунхаглагч биш юм.

Эзэн Есүс (Мт.24:24) хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрүүлэхээр оролдох болно, гэж анхааруулдаг. Энэ нь өнөө үед үнэхээр биелэж байна. Иеремиагийн үеийн (Иер.23:10) номлогчид, цаг үеэ ялж гарч ирж чадаагүй бөгөөд, тиймээс ч нийгэм нь завхран нурах байдалд хүргэсэн. (Иер.23:11)

Эш үзүүлэгчийн зан чанар, ёс суртахууны төвшин нь тэнгэрлэг мөн чанараа алдаж, дэлхийн төвшинд буурсан талаар, ….эш үзүүлэгч нар нь бузарлагдав, гэж гашуудан дурссан байна. Бичээч (Дэнис Лейн) нэгэнтээ “…Залуус хурим хийхийн өмнө хамт амьдарч үзэх хэрэгтэй…” гэж номлож буй пасторыг сонсоод алмайран гайхаж байжээ.

Өнөөгийн цаг үеийн бузар муу суртал ухуулга Чуулган руу улам хүчтэйгээр дайрч байна. Харин Эзэнээс болон түүний Үгнээс эмээдэг, зоригтойгоор тунхаглаж чаддаг номлогч нь иймэрхүү дайралтын эсрэг зогсож чадна.

Иеремиагийн үеийн номлогч нарын асуудал нь нийгэмдээ уусан, улстөрийн, эдийн засгийн, тэр ч бүү хэл харийн шашны (хиймэл шүтээн) (Иер.23:13) үйлчлэл, хэв маягтай зохицон, хүмүүсийн тааллыг хайсан явдал юм. Зөвхөн Иеремиа л энэ бүхний эсрэг байж, Бурханы тэнгэрлэг хүч чадал, үнэн зөв, ариун байдлыг тунхаглаж байсан. Хожим түүний зөв нь батлагдсан боловч, Израиль аль хэзээний шийтгэлээ амссан байлаа.

Өнөө үед ч иймэрхүү жишээ нь байдаг ба сургамжтай юм. Тухайлбал Англид цуглаанууд нь зуун жилийн өмнө, өнөөгийн Солонгосын Чуулганууд шиг пиг дүүрэн байсан. Гэвч өнөөдөр бүрэн дампуурлын байдалтай, нийгэм цаг үетэйгээ зохицосноос болж, зөвт тэнгэрлэг байр суурь нь алдагдаад байна. Тиймээс ч Монгол Чуулган сэрэмжтэй байх хэрэгтэй.

Англид зуун жил үргэлжилсэн уналт, Монголд 3-н жилийн дотор ч болж болзошгүй. Ийм завхарлын үед хүмүүс, Бурханы талаар өөр өөрсдийн дүгнэлтийг, төсөөллийг гаргаж, түүнийгээ баримталцгааж эхэлдэг. Онц ноцтой л гэм биш бол Бурхан харж үздэг, гэсэн үзэл газар авдаг. Үүний эсрэг шашинлаг хэв маягт хэт автаж, ёс журамдаа хэт ач холбогдол өгч, анхаарлаа хандуулсан Чуулган, түүний сүнслэг удирдагчид зогсож чаддаггүй.

Тиймээс ч хүний туйлын хувиа бодох үзэлд маш амархан унаж, хүчирхийлэгч дэлхийд дийлддэг. Номлогч нар нь Бурханы үнэт үгийн үнэ цэнэ алдагдахыг зогсоож чадаагүй, хүмүүсийн амьдралд тэнгэрлэг нөлөө, Эзэнээс эмээх эмээлтийг тунхаглан нөлөөлөх битгий хэл, өөрсдөө асуудалд (Иер.23:14) орооцолдож байсан тухай тодорхой мэдээлэл байна.

Христийн сайн мэдээний үндсэн үнэнүүдийг үгүйсгэж, Бурханы ариун жишгийг, зарчмуудыг үнэн зөв тунхаглахаас илүү, орчин үеийн үзэлд хэт автаж номловол, сонсогчид өөрсдийн амьдрал дээр өөрчлөлтийг мэдрэхгүй, өөрчлөгдөхөөр тэмүүлдэггүй болж хувирна.

Бурханы Үг нь Түүний Ариун оршихуй ба хүч чадлын туйлын үнэнийг илчилдэг юм. Үүнийг л сууриа болголгүй, харьцангуй үнэн мэт, нийгэмдээ хүндрэлгүйгээр зохицуулан авч болох талаар номловол, энэ нь жинхэнэ төгс Ариун Эзэнийг биш, хүмүүсийн оюун санааны бурханыг бүтээсэн хэрэг болно.

Ийм бурханыг хүлээн авсан сонсогчид аливаа уруу татлага, дайралтыг сөрөн зогсож, тэсвэрлэж чадахгүй. Ийм итгэгчид олонтой Чуулган завхран дампуурах ба ийм Чуулгантай нийгэм сүйрэх юм.




Шалгасан багш:Пүрэвдорж “UBTC”
“Илтгэл номлолын үндэс” хичээлийн гэрийн даалгавар №2