Saturday, June 30, 2012

7. Нөхцөл байдлыг судлах нь


Библи судлалын 5 дахь ерөнхий зарчим бол, тухайн цаг үеийн түүхэн нөхцөл байдал, газар зүйн болон соёл ахуйн онцлогыг харгалзан тайлал хийх нь юм. Библи дэх үйл явдлууд нь түүхэн тодорхой цаг хугацаанд болж өнгөрсөн ба тэр үеийн хүмүүсийн соёлыг, ихэвчлэн еврей соёл ахуйг тусгадаг. Шинэ гэрээ нь МЭ 1 зууны Палестины соёл болон түүхэн үйл явдлыг гэрчилдэг.

Тухайн үеийн түүхэн болон соёлын нөхцөл байдлыг мэдэж Библи судлалдаа ашигласнаар үнэн зөв тайлал хийх боломж ихэсдэг. Тэгээд мэдэж авсан нөхцөл байдлын талаархи мэдлэг маань, тухайн багцлалыг үнэн зөв тайлахад хэрхэн нөлөөлж буйг анхааралтай ажиглах нь чухал.

Дараа нь, тэр үеийн хүмүүстээ энэ багцлал ямар утга илэрхийлж байсныг олж тогтоох ёстой. Эцэст нь өнөө үеийнхэнд, бас надад энэхүү илчлэгдсэн утга маань ямар хамааралтай болох, хэрхэн энэ цаг үед зохистойгоор амьдрал, үйлчлэлдээ хэрэгжүүлхийг бодож тунгаах ёстой. Бас Эзэний Ариун Сүнс бүх нууцуудыг таны зүрхэнд нээхийг гуйх нь хамгийн чухал.
Аль нэг соёл, эсвэл түүхийн нэг цаг үед утга учиртай байсан ямар нэг илэрхийлэл, эсвэл мэргэн ухаан нь өөр соёл ахуй, өөр цаг үед огт утга учиргүй, үнэ цэнэгүй байх нь олонтоо. Утга өөрчлөгддөг учраас Библийн илэрхийллүүдийг тухайн цаг үеийнх нь соёлын агуулгаар нь ойлговол зөв тайлал хийх боломж өндөрсөнө.

Жиш: (Лк. 9:23)-т “—Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага.” гэсэн. Энэ цаг үед үүнийг зовлон бэрхшээлийг шантралгүй сөрөх, хичээл зүтгэлтэй байх тухай ярьж байна гэж ойлгодог. Гэтэл тэр үеийн хүмүүс “цаазын газар уруу үхэхээр явж буй ялтны талаар ярьж байна”, гэж шууд утгаар нь ойлгоцгоосон. Есүс зүгээр нэг зовлон зүдгүүр тэвчих тухай биш, харин бие махбодийн болон сүнсний үхэлийн тухай ярьж байгааг тэд мэдэж байсан.

Бас (Хаадын дэд 2:9) д Елиша Елиагаас ”—Таны сүнсийг 2 дахин илүүгээр над дээр байлгаач...” гэж гуйдаг. Өнөө үеийнхэн, тухайн сүнслэг эрх мэдэл, гайхамшгийг үйлдэх авъяас чадвараа өөрийнхөөсөө 2 дахин илүүг өгөөч гэж байна, гэж ойлгох нь элбэг. Харин (Дэд хууль 21:17) гоос харвал, энэ нь өв залгамжлах эрхийн тухай яриа байна. Елиша, Елиагийн үйл хэргийг л үргэлжлүүлэн гүйцэлдүүлэх эрхийг нь авч үлдэхийг, түүний өв залгамжлагч болохыг хүссэнийг харж болно.

Мөн (Мк.11:12-14) т Есүс инжрийн улирал болоогүй байхад, нэгэн инжрийн модыг үр жимсгүйнх нь төлөө хараасан тухай гардаг. Энэ нь одооны уншигчдад хачирхалтай, бүр шударга бус юм шиг ч санагдах нь бий. Гэвч улирлаас үл шалтгаалан сайн инжрийн мод үр жимс ургуулдаг ба цөөхөн ч гэсэн жимс олох найдвар байсан. Харин тэр мод инжиргүй байсан нь угаас үр жимсгүй мод байсныг харуулдаг.

Эдгээрээс Библи судлалд нөхцөл байдлын харгалзаа нэн чухал болохыг та харсан байх. Нөхцөл байдлыг үнэн зөв тогтооход Библи өөрөө хамгийн сайн тайлбарлагч юм. Ихэнх адармаатай багцлалуудад, нөхцөл байдлын талаархи мэдээллийг Библи өөрөө өгдөг. Тэгэхлээр “Унш, унш бас дахин Библиэ унш” гэж танд зөвлөе.

Хуучин гэрээний эхний 5н ном (Пентатух) болон түүхийн номууд нь Хуучин гэрээний ч, Шинэ гэрээний ч түүхэн болон соёлын нөхцөл байдлыг ихээр агуулдаг. Бас газар зүйн нөхцөл байдлыг мэдэж байхын тулд Библийн үеийн түүхэн газрын зургыг ашигла. Библиэс гадуурхи эртний дэлхий дахины түүх, ялангуяа Бага Ази, Палестин, Газрын дундад тэнгис хавийн ард түмнүүдийн түүх, соёлыг судла. Эдгээрийг Библитэй холбон хийсэн судалгааны ном товхимол байвал бүр сайн.


"Библийг ойлгох нь" номын 11-р бүлгээс хийсэн товчлол...            

Tuesday, June 26, 2012

6. Зохиогчийн санааг ойлгох нь

Библи судлалын 4 дөх зарчим нь “зохиогчийн зорилго ба төлөвлөгөө”-ний дагуу тайлах арга юм. Зохиогч нь Ариун Сүнснээс онгод илчлэлтийг аваад уг номоо бичихийн тулд, санаа бодолдоо тодорхой нэг зорилго тээж явсан нь мэдээж. Библийг судлахын тулд тухайн номыг бичсэн зохиогчийн зорилго төлөвлөгөөг илрүүлэх нь чухал.

Тэгэхийн тулд зорилго нь номондоо дурдагдаж буйг анзаарах ёстой. Бас номын бүтцийг ч анхааралтай ажиглаж мэдэх нь чухал. Мөн дахин дахин давтагдсан, онцлон олон дахин нэг сэдвийг тойруулсан эсэхэд анхаарах ёстой. Тэгснээр номын хэлэх гэсэн утгыг бүхий л боломжит байдлаар, үнэн зөв тайлах боломжтой.

Элч Иохан, (1Иох. 5:13)-т “Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.” гэж зорилгоо илчилсэн. Зохиогчийн төлөвлөгөө бол уншигчдад зорилгоо дамжуулхаар номоо төлөвлөсөн арга зам юм.

Ефес номын эхний 3н бүлэг нь Христэд итгэгчдийн дуудлага, сүүлийн 3н бүлэг нь итгэгчдийн зан чанарын тухай өгүүлдэг. Энэ нилээн сонгодог төлөвлөлт юм. Гэхдээ ном болгоны зорилго ба төлөвлөгөө дээрхи жишээ шиг үргэлж ийм тодорхой байдаггүй. Ихэвчлэн номын төлөвлөгөө нь зорилгоосоо илүү тодорхой байдаг.

Зохиогчийн зорилго:                     Иоханы Сайн Мэдээний бичигдсэн зорилгыг “Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.” (Иох.20:31), гэж тодорхойлсон байдаг. Эндээс зохиогчийн зорилготой уялдуулан номыг уншвал “Христийн бодьгаль бие, итгэл ба амь”-ийг онцолсныг олж харж болно.

Цаашлан анхааралтай уншвал, Христээр дамжуулан хийгдсэн гайхамшиг бүр, энэ 3-ийн утга учир, ач холбогдол, уялдаа холбоог илчилсэн байгаа нь тодордог. Жиш: (Иох. 2:1-11) багцлалд Есүсийн үйлдсэн анхны тэмдэгийн тухай өгүүлдэг. Энд Христийн бодьгалийн талаар, Тэр бол бүх “бодит” зүйлсийг Бүтээгч бөгөөд, тэднийг Захирагч гэдэг үнэн илчлэгдсэн.

 Мариа, Есүст бүрэн итгэж найдан зарц нарт зааварлаж байгаа тухай, зарц нар ч итгэлээр дуулгавартай үйлдэж байгаа тухай бас байна. “Итгэл” болон дуулгавартай байдлын үр дүнд Христийн ажил төгс гүйцэлдэж, хүмүүс үр шимийг нь хүртэж байна. Ус дарс болон хувирсан нь, Христийн дотор, Түүний эрх мэдэл, хүч чадал, гайхамшигт ажлын улмаас хүн дахин төрж цоо шинэ “амь”, тэнгэрлэг хувь чанартай болдогыг зүйрлэн харуулсан.

Эцэст нь, Түүнийг энэ ажлаараа “алдараа илэрхийлсэн”-ийг (Өөрийнхөө хэн болохыг харуулсаныг) шавь нар нь ойлгож итгэсэн. Ийнхүү үйл явдлын цаанаас “махан биеэр ирээд, итгэлээр нь дамжуулан хүмүүст мөнх амийг өгдөг Христ”-ийг гэрчлэх, бусдыг Түүн рүү хандуулах зохиогчийн зорилго тодорхой харагдаж байна.

Зохиогчийн төлөвлөгөөний дагуу хэрхэн тайлал хийх боломжтойг “Эхлэл” номоор жишээлье. Энд “өсөж үржих, өнөр өтгөн болох, үр удам, үр хүүхэд” гэх үгс ихээхэн давталттай бичигдсэн. Энэ номыг бүтээлийн эхнээс Абрахам хүртэлх, Абрахамаас хойш түүний үр садын талаархи мэдээлэл, гэсэн 2 хэсэгт хувааж болно.

Эхний хэсэгт Угийн бичиг гардаг бол, 2 дахь хэсэгт Абрахамын үр садын түүх гарна. Ерөнхийдөө 2 бүлэгт хоюуланд нь Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийн үр садаар дамжуулан ерөөлийн ажлаа хийдэг, гэсэн санааг харуулдаг.
  

"Библийг ойлгох нь" номын 10-р бүлгээс хийсэн товчлол...

Monday, June 25, 2012

5. Хэл зүйг ойлгох нь


Библи судлалын 3 дахь ерөнхий зарчим нь, “өгүүлбэрийн хэл зүй”-н дагуух тайлал юм. “Хэл зүй” нь өгүүлбэрийн бүтэцийг судлах ухаан юм. Жиш: (Иох. 21:15)-д Эзэн Петрээс “Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу?..” гэж асуусан. Олонхи хүн “...хэнээс илүү гэж?..” боддог.

“Тэд, тэдгээр” зэрэг үгс нь олон тооны төлөөний үгс гэдгийг толь бичигт хэлдэг. Тэгэхлээр “тэднээс” гэж ойрын хам сэдэв дотор дурдагдаж буй хүмүүс эсвэл юмсыг зааж байгаа нь тодорхой. Яг тэр үед тэнд бусад шавь нараас байсан. Тиймээс бусад шавь нараас илүү Есүст хайртай, гэж урд нь бардамнаж байсныг нь сануулж, битүүхэн зэмлэсэн байж магад.

Бас тэнд Эзэний заавраар саяхан барьсан загаснууд ч байсан. Хэдийгээр Эзэн дагалдагчиддаа Галилд очоод хүлээхийг тушаасан ч, бас Петрийг анх “хүмүүсийн загасчин” болгохоор дуудсан ч, Петр хүлээж тэвчилгүй хуучин загасчны амьдрал руу хальтарсныг нь сануулж, загаснуудаас илүү хайрладаг эсэхийг нь асууж битүүхэн зэмлэсэн байж ч болно. Эндээс хэл зүйн дагуу анхааралтай ажиглан судалбал, боломжит бүх утгуудыг бидэнд дэлгэдэг. Ийм байдлаар хэл зүй нь Библийг ойлгоход нэн чухал.

Хэл зүйн элементүүдийг мэдэх нь зайлшгүй шаардлагатай. Өгүүлбэрийн хэсгүүд болох нэр үг, үйл үг, төлөөний нэр, дайвар үг, тэмдэг нэр, угтвар, холбоос үг, аялга үг, сул үгсийн тухай баттай мэдлэгтэй болох нь чухал. Тэдгээр нь өгүүлбэрт бусад үгстэй хэрхэн холбогдож байгааг анхааралтай ажиглаж сур.

Өгүүлбэр доторхи үгсийн дараалал, байрлалд ч анхаарлаа хандуул. “Хайр бол Бурхан” гэвэл “Бурхан бол хайр” гэсэнтэй адил үгс орсон боловч, Библийн илчлэлтийг зөрчиж байна. Учир нь хайрыг Бурхантай адилтгадаггүй. Эхийн хайр Бурхантай адил биш.

Үйл үг ба тэдгээрийн цагуудыг ч соргог анзаарч байх ёстой. Үйл үгийн цаг нь тийм ч амар, энгийн зүйл биш учир нухацтай хандах нь чухал. Цагийг зөв анзаардаггүйгээс теологийн чухал ойлголтууд самуурдаг.

–Өнгөрсөн цаг нь нэг удаа болоод өнгөрсөн зүйлийг хэлдэг. (Гал. 2:19, 20) “...би... Хуульд Хуулиар үхсэн. Би Христтэй хамт цовдлогдсон.” гэж байна. Гэтэл олон итгэгч одоо болтол гэмт хуучин хүн дотроо амьдарсаар, шаналсаар л байдаг.

 –Одоо цаг нь тодорхой цаг хугацаанд хязгаарлагдалгүй, үнэмлэхүй үнэнийг илэрхийлэх нь олонтоо. (Мт. 23)-р бүлэгт өгүүлдэг шашны мяндагтангуудыг хатуугаар зэмлэсэн нь нилдээ үргэлжилсэн хандлага ба хэвшил болсон зүйлүүдийг дурдсан байдалтай. (Мт. 23:13)-т “Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.” (Мт. 23:37)-д ”...чам руу илгээгдсэн хүмүүс рүү чулуу нүүлгэдэг.” гэх мэт.

–Ирээдүй цаг нь ерөнхийдөө ирээдүйд болох зүйлсийг өгүүлдэг. (Мт. 23:39)-т “...Та нар үүнээс хойш Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ, гэж хэлтлээ Намайг огт харахгүй.” (Мт. 24:31)-т “...тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.” гэх мэт.

Гэхдээ бас Есүсийн төрөлтөөс 7 н зууны өмнө бичигдсэн (Иса. 53:1-10)-т, нэг мянганы өмнө бичигдсэн (Дуу. 22)-р бүлэгт ирээдүйн Христийн ажлыг яг л биелчихсэн мэтээр бичсэн. Энэ нь юугаар ч саатахгүй хэрэгжих, Бурханы хөдөлшгүй төлөвлөгөөг заадаг.


"Библийг ойлгох нь" номын 9-р бүлгээс хийсэн товчлол...

Friday, June 22, 2012

4. Үгийг ойлгох нь


Библийг бүрэн гүйцэд ойлгохын тулд үгсийг судалж гаршсан байх нь чухал. Ойлгомжгүй үгсийг алгасаад явчих нь амар боловч, ингэсэн тохиолдолд тухайн багцлал, ишлэлийн бүрэн утгыг олж мэдэхгүй байх эрсдэлтэй. Үгийн зөвхөн нэг утгыг л мэддэгтээ бардамнаж, цаашлан бүрхэг төсөөлөлтэй уншиж болохгүй. Бурханы Үгэнд тун нухацтай хандаж,чин сэтгэлээсээ судлах ёстой.

Бурхан Библийг бичихдээ хүмүүсийн харилцааны хамгийн энгийн хэлийг ашигласан. Хэлний хамгийн бага нэгж нь үг юм. Ихэнх үг нэгээс олон утга санааг илэрхийлдэг учир, өөрийгөө тодорхой мэдүүлэх нь ховор. Тэр ч бүү хэл, ямар ч маргаангүйгээр, хаана ч нэг л утгаар ойлгогддог үг ч, ямар зорилгоор ашигласнаасаа болж тэс өөр өөр утгыг илэрхийлдэг нь ч бий. Жиш: (Илч. 5:5) д “арслан” гэдэг үг нь Христийг товойлгосон бол, (1Пт. 5:8) д энэ амьтныг диаволтай адилтгасан байдаг. Ийм тохиолдолд өгүүлбэрийн утга санаа болон хамааралтайгаар ашиглагдсан бусад үгс жинхэнэ утга санааг тодотгодог.

 1.          Үгс нь цаг хугацааны туршид утгаа өөрчилж байдаг уян хатан эд. Тиймээс тухайн түүхэн цаг үед нийтэд жирийн ойлгогдож, элбэг хэрэглэгдэж байсан үгс, энэ цаг үед шал өөр утгатайгаар ашиглагдах нь бий. Тиймээс хэл судлаач эрдэмтэдийн тайлбар, судалгааны ажлууд бидэнд их хэрэг болдог.

2.           Өөр өөр үгс нь адил, эсвэл төстэй утгыг илэрхийлж болно. Заримдаа хэлж буй санаагаа улам хүчтэйгээр тодотгох гэж 2 өөр үгсийг нэг өгүүлбэрт нэг л утгаар ашиглах нь байдаг. (1Тим. 2:1) т буй “...гуйлт, залбирал, зуучлан залбирал” зэрэг үгс нь нэг л ижил утгатай бөгөөд ятгалгаа хүчтэй болгох зорилгоор хэрэглэсэн байна.

3.           Дэлхийн жирийн бодол санаагаар ойлгох боломжгүй олон тэнгэрлэг зүйлсийн талаар Библи илчилдэг. Тиймээс ч ийм тохиолдолд ашиглаж буй үгс нь, жирийн ярианы үгсээс тэс өөр утгатай байдаг. Жиш: Энгийн нөхцөлд “зөвт хүн” гэсэн тодорхойлолт та сонсвол, энэ нь ажил албандаа шударга ханддаг, заль мэхгүй, олонд хүндлэгдсэн нэгний тухай ярьж буйг ойлгоно. Харин Библид “зөвт хүн” гэдэг нь, Бурханы л өмнө амьдарч буйгаа үргэлж ухамсарладаг, Христийн гэмтний төлөөх загалмайн үхэлд, бас дахин амилалтанд нь итгэдэг нэгний тодорхойлолт болдог.

4.            Нэг үг өөр өөр утгатай байх нь ч нэн элбэг. Жиш:  “Сүм” гэдэг үг (Илч. 21:22)-т 2 дахин бичигдэхдээ сүмийн барилга болон Бурханыг өөрийг нь “сүм” гэсэн 2 өөр утгаар бичигджээ. Гэтэл (1Кор. 3:16, 6:19) үүдэд итгэгч хүнийг “сүм” гэсэн бол, (Мт. 12:6, 27:51), (Үйл. 3:1) үүдэд барилга байшинг хэлсэн байдаг.

Үгсийг дараахи 3н аргаар судалдаг.

1-рт:        Хэлний тайлбар толиос утгуудыг нь харж болно.
2-рт:        Үгсийг хам сэдэвтэй нь уялдуулан нягталж болно.
3-рт:        Конкордансыг хэрэглэх нь маш өгөөжтэй. Библи судлаачдын нөр хөдөлмөрийн үр дүн болсон конкорданснууд нь Библийн үгсийн харгалзах бүх ишлэл болон утгын тайлбарыг агуулдаг. Энэ нь бидний хөдөлмөрийг болон цагийг асар хөнгөлдөг.


"Библийг ойлгох нь" номын 8-р бүлгээс хийсэн товчлол...

Wednesday, June 20, 2012

3. Хам сэдвийг авч үзэх нь



Үнэн зөв тайлал хийхэд зайлшгүй шаардлагатай хэд хэдэн зарчимууд байдгын хамгийн чухал нь “хам сэдэв”-ийн тухай ойлголт, зарчим юм. Хам сэдэв гэдэг нь, тухайн уншиж буй багцлалтай чинь хамгийн ойр, яг өмнө нь эсвэл яг хойно нь байдаг бусад багцлалыг ихэвчлэн хэлдэг. “Хам сэдэв дотор нь тайлах” гэдэг нь тус ойрын ишлэлүүдийг тухайн багцлалтайгаа хамтад нь жишиж хараад, харгалзсан утга санаа байгаа эсэхийг хянана гэсэн үг. Тэгээд тэдгээр харгалзсан утгын оролцоотойгоор, таны судалж буй багцлалын утга бүрэн гүйцэд бүрэлдэж буйг олж харахыг хэлнэ.

”Хам сэдэв”-ийн хэд хэдэн түвшин байдаг.

Хамгийн 1-рт, “ойрын хам сэдэв” гэж бий. Энэ нь тухайн багцлалын чинь хамгийн ойрхон хэсгүүд юм. Жишээ нь, (Иса. 58:11)-д “Эзэн чамайг ямагт удирдана...” гэсэн урам зориг өгсөн гайхалтай амлалт байна. Энэ хэсгийг өмнөх (Иса. 58:9, 10) дахь “Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, ...хэрэв чи өлсөгчдөд өөрийгөө өгч...” гэсэн болзолтой нь хамт уншихгүй бол дутуу утгатай болно. Өөрөөр хэлбэл, Эзэн биднийг өөрсдийгөө өөрчилхөөр чармайж, гэм нүгэл, бардамналаас татгалзвал амьдралд маань оролцож ерөөх тухай яригдаж байна.

Бас (Иох. 9:3) т “Есүс, энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйлдэснээс болоогүй. Харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулхын тулд юм.” гэснийг “Эзэн энэ сохор хүнийг болон эцэг, эхийг нь нүгэлгүй гэлээ. Тиймээс гэм нүгэлгүй хүмүүс бас байдаг байх нь” гэвэл буруу болно. Библид нүгэлгүй хүн нэг ч үгүй, гэсэн байдаг. Харин өмнөх ишлэлтэй нь харгалзан тайлал хийвэл, сохор хүний хараагүй төрсөн нь гэм нүглээс шалтгаалаагүй гэсэн болохоос тухайн хүмүүсийг нүгэлгүй, гэж хэлээгүй байна. “Ойрын хам сэдэв” дотор тухайн бүлэгт өгүүлж буй утга санаа, бас 2 талынх нь бүлгүүдэд үргэлжлүүлэн юу өгүүлж буйг харгалзах, мөн цаашлан тухайн номын ерөнхий утга санаа зэрэг орно.

2-рт “холын хам сэдэв” гэж бий. Энэ нь тухайн ном Шинэ гэрээнийх бол, нийт Шинэ гэрээний ерөнхий санаанаас огтхон ч гажих ёсгүйг харгалзан тайлах, бас Хуучин гэрээний зохих тушаал зааварууд, хуулиуд, амлалтууд, ерөөлүүдтэй хэрхэн харгалзаж, зохицож байгааг ч авч үзэх, цаашлан Библийн ерөнхий утга санаанаас гажууд тайлал огт байж болохгүйг санаандаа үргэлж бодож байх ёстойг хэлж буй. Библи нь нэг цогц, салшгүй нэгдмэл Үг тул, таны судалж буй ишлэл эсвэл багцлал нь бусад бүх хэсгээс тасарсан, авцалдахгүй утгатай байж болохгүйг үргэлж сана.

Тайлал хийхийн тулд,
--Ишлэлийн илэрхийлж болох бүх утгыг сайтар бод. Танд нэг юм уу хэд хэдэн утга бодогдож болох юм. Бас эргэлзээнүүд ч бий болдог. Тэдгээрийгээ бүгдийг бич.

–Хам сэдэвтэй нь хамтад нь нягтлан хар.

–Ишлэлийг дотор нь судал. Өөрөөр хэлбэл, доторхи онцгой үгс, холбоос үгнүүд зэргийг нарийн судал.

– Тухайн хэсгийг өөрийн үгээр, ойлгосноороо найруулан бичих гэж оролд.

–Эцэст нь, эрдэмтэд хүртэл санал зөрөлддөг, ойлгоход хэцүү ишлэлүүд байдаг тул, ойлгож чадахгүй бол бүү гутар. Эзэнд найдан, даатгаад орхи. Тэрээр хожим тайллыг нь илчлэх л болно. Судрыг өөрийнхөө санаснаар тайлж уншдаг байсан үе ард хоцорсон шүү.


"Библийг ойлгох нь" номын 7-р бүлгээс хийсэн товчлол...

Sunday, June 17, 2012

2. Бид Библи судлалаа хэрхэн хийх вэ? Юунаас эхлэх вэ?


1.  Эхлээд Библи судлалаа төлөвлөх нь чухал. Библийг яг л ингэж судалвал зүйтэй, гэсэн хатуу тогтоосон дүрэм байхгүй. Библийн номууд нь хэдийгээр тус тусдаа бичигдсэн ч, ерөнхий нэг Зохиогчоор нэгдмэл бүтэц үүсгэн, салшгүй байхаар төлөвлөгдсөн. Тиймээс Хуучин ба Шинэ гэрээний номуудыг ээлжлэн судлах нь өгөөжтэй.

Ер нь бол Сайн мэдээний номуудаас эхэлж судлах нь ихэд дэлгэрсэн арга юм. Бас Шинэ гэрээний захидлуудаас “1Иохан”, “Филиппой” гэх мэтийн богинохон номуудыг эхэлж сонгох нь зохимжтой. Номоо сонгосны дараа бүлэг бүлгээр нь, дэс дараатайгаар судлах хуваарь гаргах хэрэгтэй. Сайн мэдээний номуудыг арай урт, 2 юм уу 3-н бүлгээр нь, харин захидлуудыг хагас бүлэг, эсвэл нэг бүтэн бүлгээр нь судалвал зүгээр.

Гэхдээ бас зарим бүлгүүдийг дотор нь утга агуулга, үйл явдлын өрнөлөөр нь нэгтгэж хуваагаагүй байх нь бий. Тийм тохиолдолд эрдэмтэн судлаачдын судалгаанаас үлгэр аван тасалж судлаж ч болно. Жиш: Маркын 1-р бүлэг нь 45 н ишлэлтэй. 20-р ишлэлийн араас шинэ догол мөр эхэлдэг тул, 1-ээс 20-ийг эхний хэсэг гэж үзэн, 2 хуваан судлах нь түгээмэл.

2.  Библи судлахдаа Ариун Сүнснээс илчлэлт тусламжийг гуйх залбирал заавал хийх ёстой. Эцэг Өөрөө заахгүйгээр судлал маань ямар ч үр жимсгүй болно. Бүр анхнаасаа болон, өдөр бүрийн судлалын өмнө, бас ойлгоход хэцүү, адармаатай ишлэлүүдтэй тулгарахдаа байнга залбирч, Түүгээр удирдуулах хэрэгтэй. Цаашлан ойлголт ухаарал, шинэ үнэнээ өөрийн болгон, амьдралдаа хэрэгжүүлхийн төлөө ч залбирах хэрэгтэй. Эзэн таны зүрхийг адислах үед талархалаар хариулхаа мартав.

3.  Тодорхой хэсгийг судлахаасаа өмнө номыг бүхэлд нь, доод тал нь 1-с хоёр удаа унших нь зүйтэй. Бүхэл номын илэрхийлж буй утга санааг ерөнхийд нь оюун ухаандаа базаад авах нь, жижиг хэсгийг судлах суурь болно. 3 юм уу 4 н багцлалыг судалсны дараа номоо дахиад бүтнээр нь уншвал, улам тодорхой зураглалыг олж харна. Сонгосон жижиг багцлалаа 4, 5, цаашлан бүр олон дахин уншсан ч болно. Унших бүр л илүү их нууцыг нээж, ашиг тусыг нь мэдэрнэ.

4.  Олон дахин унших явцдаа улам бүр нарийн зүйлсийг ажиглаж сурах хэрэгтэй.
–Тухайн багцлалын утга зохиолын төрөл жанрыг нь анхаарч ажигла. Хүүрнэл, яруу найраг, сургамж, эш үзүүллэг, гэх мэт олон жанрын алин болохыг ялгаж сурах нь зөв тайлал хийхэд нөлөөтэй. 

–Давтагдсан үгс ба хэллэгүүдийг анхаарч, дараа нь нарийвчлан судалхаар тэмдэглэж авах нь чухал.

–Холбоос үгүүд, эсвэл эрс ялгаа заагыг тодотгосон үгсийг анхааралтай шинжиж, тэдгээр нь өгүүлэмжид ямар үүрэг рольтойг олж харахыг хичээх нь зохистой. Жиш: “ба, бөгөөд, гэвч, тулд, учраас, тиймээс, үед, дараа, харин...” гэх мэт үгнүүд өгүүлбэрийн утганд онцгой нөлөөлдөг.

–Цаг хугацаа илэрхийлсэн “дараа, тэр даруй, өмнө, өглөө, эрт, үдэш, эхэнд, төгсгөлд, эцэст, тэр үед, тэгмэгц, тэр өдрүүдэд...”, зэрэг үгс нь Бичээсэд их тааралддаг.

–Байрлал, газар нутаг, орон зайг заасан үгсийг бас анхаарах нь чухал.

–Ямар нэгэн ховор сонин, хачин жигтэй зүйлсийг бас нарийвчлан ажигла.

–Янз бүрийн нэрсийн хамаарлыг ч ажигла.

5.   Тухайн хэсгийг хэд хэд уншиж, ажиглаж мэдсэн зүйлсээ тэмдэглэсний дараа тэдгээрийг бясалган, янз бүрийн баримтуудын утгыг олохоор бясалган, эрэл хайгуул хийж, Эзэнээс асууж ярилц.


"Библийг ойлгох нь" номын 6-р бүлгээс хийсэн товчлол...

1. Зөв багаж хэрэгсэлийг хэрэглэх нь.

Библийг судлахад “Библийн тайлбар толь”, “Библийн үг хэллэгийн толь бичиг” хэрэгтэй, гэж олон хүн бодож байж магадгүй. Эдгээр нь Библи судлаачдын үзэл бодлыг бидэнд таниулдаг учраас зарим талаар ач тустай. Гэхдээ бүрэн дүүрэн биш. Учир нь энэ төрлийн ном товхимол маш үнэтэй учир, амьдралын боломж муутай итгэгчдийн хувьд олдоц ховор ба худалдан авч эзэмших чадвар боломжгүй байх нь элбэг.

Үүнээс гадна, энэхүү тайлбар толиуд нь хувь хүний өөрийнх нь ойлголт ухаарлыг самууруулж, бусдын мэдлэг болон сэтгэлгээний хүрээнд хашиж болзошгүй юм. Ер нь Библийн олон тайлбарууд яг амьд Үг биш бөгөөд, тэдэн дунд зөв зүйтэй, оновчтой тайлалуудаас гадна, төөрөгдөл болон илэрхий буруу тайлбарууд ч бий.

Бас Бурхантай хамт хувьчлан Библи судлах үед ирдэг асар их тэнгэрлэг баяр хөөр, ухаарал, танин мэдэхүй, гэмшил зэргээс өөр агуу ивээл гэж үгүй. Тайлбаруудыг ашигласнаар эдгээрийн ашиг тусыг, амтыг мэдрэхгүй, өнгөц уншлага болох өндөр магадлал бий.

Түүнчлэн таны хувийн эрэл хайгуул хийх, энэ явцдаа хөдөлмөрч зан чанарт төлөвших үйл явц орхигдож, бэлэнчлэх, залхуу сэтгэлгээ зан чанарт автуулж болзошгүй. Тиймээс ч та Библи судлахаасаа өмнө бус харин хувийн судалгаагаа нягт нямбай хийж ашиг тусыг нь хүртэсний дараа, харьцуулах, нягтлан шалгах журмаар бусад ном, материалуудыг хэрэглээрэй.

Библи судлахад хэрэгтэй үндсэн багаж хэрэгслүүд 

1.  Харьцуулалт хийхэд зориулж 2 буюу түнээс дээш Библийн орчуулгыг ашиглах нь зүгээр. Монголын нөхцөлд “Ариун Библи”, “Нартай Библи” хоёр байхад болно. 

2.  Хэлний толь бичиг ашиглах нь бас тустай. Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь” хамгийн өргөн ашиглагддаг. Хэдийгээр мэддэг үг юм шиг боловч, зарим тохиолдолд өөр утга агуулгаар ашиглагдсан байх боломжтой.  Ер нь ардаа олон утга агуулгатай үгсийг эндээс харж нягтлах нь зөв чиглүүлэг болдог. Гэхдээ хүмүүсийн ерөнхий хэрэглээнд тулгуурлан бичигдсэн байдаг ба Библийн утгыг тусгаагүй байх нь элбэг тул, үг бүрийн ардах олон утгуудаас зөв, оновчтой утгыг сонгох нь таны мэдрэмж, сүнслэг төлөвшил, залбиралд тань өгөх Ариун Сүнсний илчлэлтээс хамаарна.  

3.  Конкорданс нь тухайн ишлэлд хэрэглэгдэж буй тодорхой үгээр нь ишлэлүүдийг жагсаадаг. “Бялхам амь” Судлал Библийн ард байдаг конкорданс нь Монголдоо ганц юм. Энэ нь таны судалж буй үг нь Библийн бусад хэсэгт хаана орсоныг зааж, таны цаг завыг хэмнэдэг.   

4.  Библийн толь бичиг  нь Библид гардаг үг хэллэгүүд ба сэдвүүдийг жагсаан тайлбарладаг.  “Библийн зурагт тайлбар толь”, “Хуучин гэрээг судлахуй” зэрэг зарим сайн толиуд Монгол хэлээр орчуулагдсан. Энэ нь Библийн дагуух утга агуулгыг нэгтгэн дүгнэдэг ба заавал дэлгэрэнгүй тайлбар өгөх шаардлагагүй. Библид Иохан нэртэй хэдэн хүн гардаг, тэдгээр нь хэн хэн байсан тухай болон тэр үеийн түүхэн ба соёлын нөхцөл байдалын талаархи мэдээллийг өгдөг.   

5.  Тайлбар толиуд нь Библийн номуудын талаархи зохиогчийн үзэл бодлуудыг ном номоор нь, бүлэг бүлгээр нь, заримдаа ишлэл ишлэлээр нь өгүүлдэг. Зарим нь маш дэлгэрэнгүй, зарим нь зөвхөн бүлэг, эсвэл багцлалыг товч дүгнэсэн байдаг. Тухайн номыг бичсэн бичээчийн түүх намтар, уг номыг бичих болсон шалтгаан, бичигдсэн он цаг, газар орон, түүхэн нөхцөл байдал зэргийг ном бүр дээр тайлбарладаг. 

6.  Эцэст нь тэмдэглэлийн дэвтэр бол таны маш чухал багаж байх болно. Та Библи судлах явцдаа тэмдэглэл хийхгүй бол хэзээ ч оновчтой, зөв судалгаа хийж чадахгүй. Эхний уншилтын явцад санаанд тань орсон бараг бүх зүйлээ тэмдэглэн, зогсолтгүй тунгаан эрэгцүүлж, нягтлан дүн шинжилгээ хийж байх нь асар тустай. Эргээд харахад олон зүйлс нь гэнэн, ач холбогдолгүй мэт байх боловч, тогтмол тэмдэглэл хөтөлж байсны үр дүнд, ойлголтууд, ухаарлууд, илчлэгдсэн нууцуудыг эмх цэгцтэйгээр тоймлож, голыг нь барьж авч, үнэн зөв дүгнэлт хийж сурна.

Хүн илүү үр бүтээлтэй ажиллахын тулд эдгээр багажуудыг ашиглах боловч, тухайн ажлыг өөрөө л хийдэг. Тиймээс эдгээр нь танд туслах зорилготой болохоос таны ажлыг өмнөөс тань хийхгүйг сайн сана. Өөрөө хөдөлмөрлөж, эрэн хайж байж мэдсэн, ухаарсан тань таны нэг хэсэг болж өөрчлөлтийг авчирдаг бол хүнээс хуулсан тань өнгөц мэдлэг төдий байж онц нөлөө үзүүлэхгүй байх нь олонтоо.

Өөрийн хүч хөдөлмөрөөс олдог баяр хөөр, ухааралгүй бол Библи судлах нь тийм ч бүрэн дүүрэн өгөөжтэй биш. Өөрийгөө Библи судлалд бүрэн зориулж, таныг алхам алхамаар удирдах Бурхандаа дуулгавартай байх нь, жинхэнэ сүнслэг ивээл, шинэ амийг бялхаадаг.


"Библийг ойлгох нь" номын 5-р бүлгээс хийсэн товчлол...