3 months ago
Monday, June 25, 2012
5. Хэл зүйг ойлгох нь
Библи судлалын 3 дахь ерөнхий зарчим нь, “өгүүлбэрийн хэл зүй”-н дагуух тайлал юм. “Хэл зүй” нь өгүүлбэрийн бүтэцийг судлах ухаан юм. Жиш: (Иох. 21:15)-д Эзэн Петрээс “Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу?..” гэж асуусан. Олонхи хүн “...хэнээс илүү гэж?..” боддог.
“Тэд, тэдгээр” зэрэг үгс нь олон тооны төлөөний үгс гэдгийг толь бичигт хэлдэг. Тэгэхлээр “тэднээс” гэж ойрын хам сэдэв дотор дурдагдаж буй хүмүүс эсвэл юмсыг зааж байгаа нь тодорхой. Яг тэр үед тэнд бусад шавь нараас байсан. Тиймээс бусад шавь нараас илүү Есүст хайртай, гэж урд нь бардамнаж байсныг нь сануулж, битүүхэн зэмлэсэн байж магад.
Бас тэнд Эзэний заавраар саяхан барьсан загаснууд ч байсан. Хэдийгээр Эзэн дагалдагчиддаа Галилд очоод хүлээхийг тушаасан ч, бас Петрийг анх “хүмүүсийн загасчин” болгохоор дуудсан ч, Петр хүлээж тэвчилгүй хуучин загасчны амьдрал руу хальтарсныг нь сануулж, загаснуудаас илүү хайрладаг эсэхийг нь асууж битүүхэн зэмлэсэн байж ч болно. Эндээс хэл зүйн дагуу анхааралтай ажиглан судалбал, боломжит бүх утгуудыг бидэнд дэлгэдэг. Ийм байдлаар хэл зүй нь Библийг ойлгоход нэн чухал.
Хэл зүйн элементүүдийг мэдэх нь зайлшгүй шаардлагатай. Өгүүлбэрийн хэсгүүд болох нэр үг, үйл үг, төлөөний нэр, дайвар үг, тэмдэг нэр, угтвар, холбоос үг, аялга үг, сул үгсийн тухай баттай мэдлэгтэй болох нь чухал. Тэдгээр нь өгүүлбэрт бусад үгстэй хэрхэн холбогдож байгааг анхааралтай ажиглаж сур.
Өгүүлбэр доторхи үгсийн дараалал, байрлалд ч анхаарлаа хандуул. “Хайр бол Бурхан” гэвэл “Бурхан бол хайр” гэсэнтэй адил үгс орсон боловч, Библийн илчлэлтийг зөрчиж байна. Учир нь хайрыг Бурхантай адилтгадаггүй. Эхийн хайр Бурхантай адил биш.
Үйл үг ба тэдгээрийн цагуудыг ч соргог анзаарч байх ёстой. Үйл үгийн цаг нь тийм ч амар, энгийн зүйл биш учир нухацтай хандах нь чухал. Цагийг зөв анзаардаггүйгээс теологийн чухал ойлголтууд самуурдаг.
–Өнгөрсөн цаг нь нэг удаа болоод өнгөрсөн зүйлийг хэлдэг. (Гал. 2:19, 20)-д “...би... Хуульд Хуулиар үхсэн. Би Христтэй хамт цовдлогдсон.” гэж байна. Гэтэл олон итгэгч одоо болтол гэмт хуучин хүн дотроо амьдарсаар, шаналсаар л байдаг.
–Одоо цаг нь тодорхой цаг хугацаанд хязгаарлагдалгүй, үнэмлэхүй үнэнийг илэрхийлэх нь олонтоо. (Мт. 23)-р бүлэгт өгүүлдэг шашны мяндагтангуудыг хатуугаар зэмлэсэн нь нилдээ үргэлжилсэн хандлага ба хэвшил болсон зүйлүүдийг дурдсан байдалтай. (Мт. 23:13)-т “Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.” (Мт. 23:37)-д ”...чам руу илгээгдсэн хүмүүс рүү чулуу нүүлгэдэг.” гэх мэт.
–Ирээдүй цаг нь ерөнхийдөө ирээдүйд болох зүйлсийг өгүүлдэг. (Мт. 23:39)-т “...Та нар үүнээс хойш Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ, гэж хэлтлээ Намайг огт харахгүй.” (Мт. 24:31)-т “...тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.” гэх мэт.
Гэхдээ бас Есүсийн төрөлтөөс 7 н зууны өмнө бичигдсэн (Иса. 53:1-10)-т, нэг мянганы өмнө бичигдсэн (Дуу. 22)-р бүлэгт ирээдүйн Христийн ажлыг яг л биелчихсэн мэтээр бичсэн. Энэ нь юугаар ч саатахгүй хэрэгжих, Бурханы хөдөлшгүй төлөвлөгөөг заадаг.
"Библийг ойлгох нь" номын 9-р бүлгээс хийсэн товчлол...