Sunday, June 17, 2012

2. Бид Библи судлалаа хэрхэн хийх вэ? Юунаас эхлэх вэ?


1.  Эхлээд Библи судлалаа төлөвлөх нь чухал. Библийг яг л ингэж судалвал зүйтэй, гэсэн хатуу тогтоосон дүрэм байхгүй. Библийн номууд нь хэдийгээр тус тусдаа бичигдсэн ч, ерөнхий нэг Зохиогчоор нэгдмэл бүтэц үүсгэн, салшгүй байхаар төлөвлөгдсөн. Тиймээс Хуучин ба Шинэ гэрээний номуудыг ээлжлэн судлах нь өгөөжтэй.

Ер нь бол Сайн мэдээний номуудаас эхэлж судлах нь ихэд дэлгэрсэн арга юм. Бас Шинэ гэрээний захидлуудаас “1Иохан”, “Филиппой” гэх мэтийн богинохон номуудыг эхэлж сонгох нь зохимжтой. Номоо сонгосны дараа бүлэг бүлгээр нь, дэс дараатайгаар судлах хуваарь гаргах хэрэгтэй. Сайн мэдээний номуудыг арай урт, 2 юм уу 3-н бүлгээр нь, харин захидлуудыг хагас бүлэг, эсвэл нэг бүтэн бүлгээр нь судалвал зүгээр.

Гэхдээ бас зарим бүлгүүдийг дотор нь утга агуулга, үйл явдлын өрнөлөөр нь нэгтгэж хуваагаагүй байх нь бий. Тийм тохиолдолд эрдэмтэн судлаачдын судалгаанаас үлгэр аван тасалж судлаж ч болно. Жиш: Маркын 1-р бүлэг нь 45 н ишлэлтэй. 20-р ишлэлийн араас шинэ догол мөр эхэлдэг тул, 1-ээс 20-ийг эхний хэсэг гэж үзэн, 2 хуваан судлах нь түгээмэл.

2.  Библи судлахдаа Ариун Сүнснээс илчлэлт тусламжийг гуйх залбирал заавал хийх ёстой. Эцэг Өөрөө заахгүйгээр судлал маань ямар ч үр жимсгүй болно. Бүр анхнаасаа болон, өдөр бүрийн судлалын өмнө, бас ойлгоход хэцүү, адармаатай ишлэлүүдтэй тулгарахдаа байнга залбирч, Түүгээр удирдуулах хэрэгтэй. Цаашлан ойлголт ухаарал, шинэ үнэнээ өөрийн болгон, амьдралдаа хэрэгжүүлхийн төлөө ч залбирах хэрэгтэй. Эзэн таны зүрхийг адислах үед талархалаар хариулхаа мартав.

3.  Тодорхой хэсгийг судлахаасаа өмнө номыг бүхэлд нь, доод тал нь 1-с хоёр удаа унших нь зүйтэй. Бүхэл номын илэрхийлж буй утга санааг ерөнхийд нь оюун ухаандаа базаад авах нь, жижиг хэсгийг судлах суурь болно. 3 юм уу 4 н багцлалыг судалсны дараа номоо дахиад бүтнээр нь уншвал, улам тодорхой зураглалыг олж харна. Сонгосон жижиг багцлалаа 4, 5, цаашлан бүр олон дахин уншсан ч болно. Унших бүр л илүү их нууцыг нээж, ашиг тусыг нь мэдэрнэ.

4.  Олон дахин унших явцдаа улам бүр нарийн зүйлсийг ажиглаж сурах хэрэгтэй.
–Тухайн багцлалын утга зохиолын төрөл жанрыг нь анхаарч ажигла. Хүүрнэл, яруу найраг, сургамж, эш үзүүллэг, гэх мэт олон жанрын алин болохыг ялгаж сурах нь зөв тайлал хийхэд нөлөөтэй. 

–Давтагдсан үгс ба хэллэгүүдийг анхаарч, дараа нь нарийвчлан судалхаар тэмдэглэж авах нь чухал.

–Холбоос үгүүд, эсвэл эрс ялгаа заагыг тодотгосон үгсийг анхааралтай шинжиж, тэдгээр нь өгүүлэмжид ямар үүрэг рольтойг олж харахыг хичээх нь зохистой. Жиш: “ба, бөгөөд, гэвч, тулд, учраас, тиймээс, үед, дараа, харин...” гэх мэт үгнүүд өгүүлбэрийн утганд онцгой нөлөөлдөг.

–Цаг хугацаа илэрхийлсэн “дараа, тэр даруй, өмнө, өглөө, эрт, үдэш, эхэнд, төгсгөлд, эцэст, тэр үед, тэгмэгц, тэр өдрүүдэд...”, зэрэг үгс нь Бичээсэд их тааралддаг.

–Байрлал, газар нутаг, орон зайг заасан үгсийг бас анхаарах нь чухал.

–Ямар нэгэн ховор сонин, хачин жигтэй зүйлсийг бас нарийвчлан ажигла.

–Янз бүрийн нэрсийн хамаарлыг ч ажигла.

5.   Тухайн хэсгийг хэд хэд уншиж, ажиглаж мэдсэн зүйлсээ тэмдэглэсний дараа тэдгээрийг бясалган, янз бүрийн баримтуудын утгыг олохоор бясалган, эрэл хайгуул хийж, Эзэнээс асууж ярилц.


"Библийг ойлгох нь" номын 6-р бүлгээс хийсэн товчлол...