Sunday, June 17, 2012

1. Зөв багаж хэрэгсэлийг хэрэглэх нь.

Библийг судлахад “Библийн тайлбар толь”, “Библийн үг хэллэгийн толь бичиг” хэрэгтэй, гэж олон хүн бодож байж магадгүй. Эдгээр нь Библи судлаачдын үзэл бодлыг бидэнд таниулдаг учраас зарим талаар ач тустай. Гэхдээ бүрэн дүүрэн биш. Учир нь энэ төрлийн ном товхимол маш үнэтэй учир, амьдралын боломж муутай итгэгчдийн хувьд олдоц ховор ба худалдан авч эзэмших чадвар боломжгүй байх нь элбэг.

Үүнээс гадна, энэхүү тайлбар толиуд нь хувь хүний өөрийнх нь ойлголт ухаарлыг самууруулж, бусдын мэдлэг болон сэтгэлгээний хүрээнд хашиж болзошгүй юм. Ер нь Библийн олон тайлбарууд яг амьд Үг биш бөгөөд, тэдэн дунд зөв зүйтэй, оновчтой тайлалуудаас гадна, төөрөгдөл болон илэрхий буруу тайлбарууд ч бий.

Бас Бурхантай хамт хувьчлан Библи судлах үед ирдэг асар их тэнгэрлэг баяр хөөр, ухаарал, танин мэдэхүй, гэмшил зэргээс өөр агуу ивээл гэж үгүй. Тайлбаруудыг ашигласнаар эдгээрийн ашиг тусыг, амтыг мэдрэхгүй, өнгөц уншлага болох өндөр магадлал бий.

Түүнчлэн таны хувийн эрэл хайгуул хийх, энэ явцдаа хөдөлмөрч зан чанарт төлөвших үйл явц орхигдож, бэлэнчлэх, залхуу сэтгэлгээ зан чанарт автуулж болзошгүй. Тиймээс ч та Библи судлахаасаа өмнө бус харин хувийн судалгаагаа нягт нямбай хийж ашиг тусыг нь хүртэсний дараа, харьцуулах, нягтлан шалгах журмаар бусад ном, материалуудыг хэрэглээрэй.

Библи судлахад хэрэгтэй үндсэн багаж хэрэгслүүд 

1.  Харьцуулалт хийхэд зориулж 2 буюу түнээс дээш Библийн орчуулгыг ашиглах нь зүгээр. Монголын нөхцөлд “Ариун Библи”, “Нартай Библи” хоёр байхад болно. 

2.  Хэлний толь бичиг ашиглах нь бас тустай. Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь” хамгийн өргөн ашиглагддаг. Хэдийгээр мэддэг үг юм шиг боловч, зарим тохиолдолд өөр утга агуулгаар ашиглагдсан байх боломжтой.  Ер нь ардаа олон утга агуулгатай үгсийг эндээс харж нягтлах нь зөв чиглүүлэг болдог. Гэхдээ хүмүүсийн ерөнхий хэрэглээнд тулгуурлан бичигдсэн байдаг ба Библийн утгыг тусгаагүй байх нь элбэг тул, үг бүрийн ардах олон утгуудаас зөв, оновчтой утгыг сонгох нь таны мэдрэмж, сүнслэг төлөвшил, залбиралд тань өгөх Ариун Сүнсний илчлэлтээс хамаарна.  

3.  Конкорданс нь тухайн ишлэлд хэрэглэгдэж буй тодорхой үгээр нь ишлэлүүдийг жагсаадаг. “Бялхам амь” Судлал Библийн ард байдаг конкорданс нь Монголдоо ганц юм. Энэ нь таны судалж буй үг нь Библийн бусад хэсэгт хаана орсоныг зааж, таны цаг завыг хэмнэдэг.   

4.  Библийн толь бичиг  нь Библид гардаг үг хэллэгүүд ба сэдвүүдийг жагсаан тайлбарладаг.  “Библийн зурагт тайлбар толь”, “Хуучин гэрээг судлахуй” зэрэг зарим сайн толиуд Монгол хэлээр орчуулагдсан. Энэ нь Библийн дагуух утга агуулгыг нэгтгэн дүгнэдэг ба заавал дэлгэрэнгүй тайлбар өгөх шаардлагагүй. Библид Иохан нэртэй хэдэн хүн гардаг, тэдгээр нь хэн хэн байсан тухай болон тэр үеийн түүхэн ба соёлын нөхцөл байдалын талаархи мэдээллийг өгдөг.   

5.  Тайлбар толиуд нь Библийн номуудын талаархи зохиогчийн үзэл бодлуудыг ном номоор нь, бүлэг бүлгээр нь, заримдаа ишлэл ишлэлээр нь өгүүлдэг. Зарим нь маш дэлгэрэнгүй, зарим нь зөвхөн бүлэг, эсвэл багцлалыг товч дүгнэсэн байдаг. Тухайн номыг бичсэн бичээчийн түүх намтар, уг номыг бичих болсон шалтгаан, бичигдсэн он цаг, газар орон, түүхэн нөхцөл байдал зэргийг ном бүр дээр тайлбарладаг. 

6.  Эцэст нь тэмдэглэлийн дэвтэр бол таны маш чухал багаж байх болно. Та Библи судлах явцдаа тэмдэглэл хийхгүй бол хэзээ ч оновчтой, зөв судалгаа хийж чадахгүй. Эхний уншилтын явцад санаанд тань орсон бараг бүх зүйлээ тэмдэглэн, зогсолтгүй тунгаан эрэгцүүлж, нягтлан дүн шинжилгээ хийж байх нь асар тустай. Эргээд харахад олон зүйлс нь гэнэн, ач холбогдолгүй мэт байх боловч, тогтмол тэмдэглэл хөтөлж байсны үр дүнд, ойлголтууд, ухаарлууд, илчлэгдсэн нууцуудыг эмх цэгцтэйгээр тоймлож, голыг нь барьж авч, үнэн зөв дүгнэлт хийж сурна.

Хүн илүү үр бүтээлтэй ажиллахын тулд эдгээр багажуудыг ашиглах боловч, тухайн ажлыг өөрөө л хийдэг. Тиймээс эдгээр нь танд туслах зорилготой болохоос таны ажлыг өмнөөс тань хийхгүйг сайн сана. Өөрөө хөдөлмөрлөж, эрэн хайж байж мэдсэн, ухаарсан тань таны нэг хэсэг болж өөрчлөлтийг авчирдаг бол хүнээс хуулсан тань өнгөц мэдлэг төдий байж онц нөлөө үзүүлэхгүй байх нь олонтоо.

Өөрийн хүч хөдөлмөрөөс олдог баяр хөөр, ухааралгүй бол Библи судлах нь тийм ч бүрэн дүүрэн өгөөжтэй биш. Өөрийгөө Библи судлалд бүрэн зориулж, таныг алхам алхамаар удирдах Бурхандаа дуулгавартай байх нь, жинхэнэ сүнслэг ивээл, шинэ амийг бялхаадаг.


"Библийг ойлгох нь" номын 5-р бүлгээс хийсэн товчлол...