Tuesday, June 26, 2012

6. Зохиогчийн санааг ойлгох нь

Библи судлалын 4 дөх зарчим нь “зохиогчийн зорилго ба төлөвлөгөө”-ний дагуу тайлах арга юм. Зохиогч нь Ариун Сүнснээс онгод илчлэлтийг аваад уг номоо бичихийн тулд, санаа бодолдоо тодорхой нэг зорилго тээж явсан нь мэдээж. Библийг судлахын тулд тухайн номыг бичсэн зохиогчийн зорилго төлөвлөгөөг илрүүлэх нь чухал.

Тэгэхийн тулд зорилго нь номондоо дурдагдаж буйг анзаарах ёстой. Бас номын бүтцийг ч анхааралтай ажиглаж мэдэх нь чухал. Мөн дахин дахин давтагдсан, онцлон олон дахин нэг сэдвийг тойруулсан эсэхэд анхаарах ёстой. Тэгснээр номын хэлэх гэсэн утгыг бүхий л боломжит байдлаар, үнэн зөв тайлах боломжтой.

Элч Иохан, (1Иох. 5:13)-т “Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.” гэж зорилгоо илчилсэн. Зохиогчийн төлөвлөгөө бол уншигчдад зорилгоо дамжуулхаар номоо төлөвлөсөн арга зам юм.

Ефес номын эхний 3н бүлэг нь Христэд итгэгчдийн дуудлага, сүүлийн 3н бүлэг нь итгэгчдийн зан чанарын тухай өгүүлдэг. Энэ нилээн сонгодог төлөвлөлт юм. Гэхдээ ном болгоны зорилго ба төлөвлөгөө дээрхи жишээ шиг үргэлж ийм тодорхой байдаггүй. Ихэвчлэн номын төлөвлөгөө нь зорилгоосоо илүү тодорхой байдаг.

Зохиогчийн зорилго:                     Иоханы Сайн Мэдээний бичигдсэн зорилгыг “Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.” (Иох.20:31), гэж тодорхойлсон байдаг. Эндээс зохиогчийн зорилготой уялдуулан номыг уншвал “Христийн бодьгаль бие, итгэл ба амь”-ийг онцолсныг олж харж болно.

Цаашлан анхааралтай уншвал, Христээр дамжуулан хийгдсэн гайхамшиг бүр, энэ 3-ийн утга учир, ач холбогдол, уялдаа холбоог илчилсэн байгаа нь тодордог. Жиш: (Иох. 2:1-11) багцлалд Есүсийн үйлдсэн анхны тэмдэгийн тухай өгүүлдэг. Энд Христийн бодьгалийн талаар, Тэр бол бүх “бодит” зүйлсийг Бүтээгч бөгөөд, тэднийг Захирагч гэдэг үнэн илчлэгдсэн.

 Мариа, Есүст бүрэн итгэж найдан зарц нарт зааварлаж байгаа тухай, зарц нар ч итгэлээр дуулгавартай үйлдэж байгаа тухай бас байна. “Итгэл” болон дуулгавартай байдлын үр дүнд Христийн ажил төгс гүйцэлдэж, хүмүүс үр шимийг нь хүртэж байна. Ус дарс болон хувирсан нь, Христийн дотор, Түүний эрх мэдэл, хүч чадал, гайхамшигт ажлын улмаас хүн дахин төрж цоо шинэ “амь”, тэнгэрлэг хувь чанартай болдогыг зүйрлэн харуулсан.

Эцэст нь, Түүнийг энэ ажлаараа “алдараа илэрхийлсэн”-ийг (Өөрийнхөө хэн болохыг харуулсаныг) шавь нар нь ойлгож итгэсэн. Ийнхүү үйл явдлын цаанаас “махан биеэр ирээд, итгэлээр нь дамжуулан хүмүүст мөнх амийг өгдөг Христ”-ийг гэрчлэх, бусдыг Түүн рүү хандуулах зохиогчийн зорилго тодорхой харагдаж байна.

Зохиогчийн төлөвлөгөөний дагуу хэрхэн тайлал хийх боломжтойг “Эхлэл” номоор жишээлье. Энд “өсөж үржих, өнөр өтгөн болох, үр удам, үр хүүхэд” гэх үгс ихээхэн давталттай бичигдсэн. Энэ номыг бүтээлийн эхнээс Абрахам хүртэлх, Абрахамаас хойш түүний үр садын талаархи мэдээлэл, гэсэн 2 хэсэгт хувааж болно.

Эхний хэсэгт Угийн бичиг гардаг бол, 2 дахь хэсэгт Абрахамын үр садын түүх гарна. Ерөнхийдөө 2 бүлэгт хоюуланд нь Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийн үр садаар дамжуулан ерөөлийн ажлаа хийдэг, гэсэн санааг харуулдаг.
  

"Библийг ойлгох нь" номын 10-р бүлгээс хийсэн товчлол...