Wednesday, June 20, 2012

3. Хам сэдвийг авч үзэх нь



Үнэн зөв тайлал хийхэд зайлшгүй шаардлагатай хэд хэдэн зарчимууд байдгын хамгийн чухал нь “хам сэдэв”-ийн тухай ойлголт, зарчим юм. Хам сэдэв гэдэг нь, тухайн уншиж буй багцлалтай чинь хамгийн ойр, яг өмнө нь эсвэл яг хойно нь байдаг бусад багцлалыг ихэвчлэн хэлдэг. “Хам сэдэв дотор нь тайлах” гэдэг нь тус ойрын ишлэлүүдийг тухайн багцлалтайгаа хамтад нь жишиж хараад, харгалзсан утга санаа байгаа эсэхийг хянана гэсэн үг. Тэгээд тэдгээр харгалзсан утгын оролцоотойгоор, таны судалж буй багцлалын утга бүрэн гүйцэд бүрэлдэж буйг олж харахыг хэлнэ.

”Хам сэдэв”-ийн хэд хэдэн түвшин байдаг.

Хамгийн 1-рт, “ойрын хам сэдэв” гэж бий. Энэ нь тухайн багцлалын чинь хамгийн ойрхон хэсгүүд юм. Жишээ нь, (Иса. 58:11)-д “Эзэн чамайг ямагт удирдана...” гэсэн урам зориг өгсөн гайхалтай амлалт байна. Энэ хэсгийг өмнөх (Иса. 58:9, 10) дахь “Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, ...хэрэв чи өлсөгчдөд өөрийгөө өгч...” гэсэн болзолтой нь хамт уншихгүй бол дутуу утгатай болно. Өөрөөр хэлбэл, Эзэн биднийг өөрсдийгөө өөрчилхөөр чармайж, гэм нүгэл, бардамналаас татгалзвал амьдралд маань оролцож ерөөх тухай яригдаж байна.

Бас (Иох. 9:3) т “Есүс, энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйлдэснээс болоогүй. Харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулхын тулд юм.” гэснийг “Эзэн энэ сохор хүнийг болон эцэг, эхийг нь нүгэлгүй гэлээ. Тиймээс гэм нүгэлгүй хүмүүс бас байдаг байх нь” гэвэл буруу болно. Библид нүгэлгүй хүн нэг ч үгүй, гэсэн байдаг. Харин өмнөх ишлэлтэй нь харгалзан тайлал хийвэл, сохор хүний хараагүй төрсөн нь гэм нүглээс шалтгаалаагүй гэсэн болохоос тухайн хүмүүсийг нүгэлгүй, гэж хэлээгүй байна. “Ойрын хам сэдэв” дотор тухайн бүлэгт өгүүлж буй утга санаа, бас 2 талынх нь бүлгүүдэд үргэлжлүүлэн юу өгүүлж буйг харгалзах, мөн цаашлан тухайн номын ерөнхий утга санаа зэрэг орно.

2-рт “холын хам сэдэв” гэж бий. Энэ нь тухайн ном Шинэ гэрээнийх бол, нийт Шинэ гэрээний ерөнхий санаанаас огтхон ч гажих ёсгүйг харгалзан тайлах, бас Хуучин гэрээний зохих тушаал зааварууд, хуулиуд, амлалтууд, ерөөлүүдтэй хэрхэн харгалзаж, зохицож байгааг ч авч үзэх, цаашлан Библийн ерөнхий утга санаанаас гажууд тайлал огт байж болохгүйг санаандаа үргэлж бодож байх ёстойг хэлж буй. Библи нь нэг цогц, салшгүй нэгдмэл Үг тул, таны судалж буй ишлэл эсвэл багцлал нь бусад бүх хэсгээс тасарсан, авцалдахгүй утгатай байж болохгүйг үргэлж сана.

Тайлал хийхийн тулд,
--Ишлэлийн илэрхийлж болох бүх утгыг сайтар бод. Танд нэг юм уу хэд хэдэн утга бодогдож болох юм. Бас эргэлзээнүүд ч бий болдог. Тэдгээрийгээ бүгдийг бич.

–Хам сэдэвтэй нь хамтад нь нягтлан хар.

–Ишлэлийг дотор нь судал. Өөрөөр хэлбэл, доторхи онцгой үгс, холбоос үгнүүд зэргийг нарийн судал.

– Тухайн хэсгийг өөрийн үгээр, ойлгосноороо найруулан бичих гэж оролд.

–Эцэст нь, эрдэмтэд хүртэл санал зөрөлддөг, ойлгоход хэцүү ишлэлүүд байдаг тул, ойлгож чадахгүй бол бүү гутар. Эзэнд найдан, даатгаад орхи. Тэрээр хожим тайллыг нь илчлэх л болно. Судрыг өөрийнхөө санаснаар тайлж уншдаг байсан үе ард хоцорсон шүү.


"Библийг ойлгох нь" номын 7-р бүлгээс хийсэн товчлол...