4 years ago
Monday, January 25, 2010
Библи судлахуй-4: В. Жишээ: (1 Иохан 2:18-29)-р багцлалд дүн шинжилгээ хийх нь
1. Энэ хэсэгт Бурханыг хэрхэн нэрлэж, дуудаж, тодорхойлж байна вэ?
а) Христ гэж 2:18,22-д өгүүлжээ. Энэ нь “(олны авралын төлөө) тослогдсон Нэгэн, тусгаарлагдсан Нэгэн, томилогдсон Нэгэн” гэсэн утгатай грек үг ба еврейгээр Мессиа гэдэгтэй адил юм.
б) Ариун Нэгэн гэж 2:20-д тодорхойлсон нь, хуучин гэрээний үеэс Эзэний нэрийг хүндлэн, цээрлэж дуудаж байсан нэр юм. Бас мөн чанарыг нь ч тодотгож, тодорхойлж буй. Ариун- гэдэг нь цэвэр, бузартаагүй, бузраас эрс өөр, тусдаа тусгаар гэсэн утгатай. ...Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзархыг зөвшөөрөхгүй (Дуу. 16:10), ...Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн (Сур.үгс 9:10), ...тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнана (Ис. 29:23), Би бол чиний Бурхан Эзэн, Израилийн Ариун Нэгэн бөгөөд, чиний Аврагч мөн... (Ис. 43:3), гэх мэтээр олонтоо энэ нэр дурдагддаг.
в) Эцэг гэж 2:23,24-т бичсэн. Энэ нь бас л эрт үеэс Израилчуудын Эзэнийг дуудаж байсан олон нэрний нэг. Өмнөх Б.жишээн дээр утга учир, гарал үүслийг нь нилээн дэлгэрэнгүй тайлбарласан. Ертөнцийг Бүтээгч, агуу Сүр хүч, Цог жавхлангын Бурхан, Өөрөө л хэн нэгэнд Өөрт нь ийнхүү (Эцэг минь, гэж) хандах эрх мэдэл, боломжийг олгоогүй бол хэнч ийнхүү Түүнд хандаж чадахгүй юм.
г) Хүү гэж 2:23,24-т бас нэрлэсэн. Хуучин гэрээний үед Хүү Бурханы талаар Израильчууд тодорхой ойлголтгүй байсан. Абрахам, Мосегийн үеэс агуу сүр хүчит Бүтээгч Бурханыг хүндэлж, сүрдэн эмээж, өчиггүй дуулгавартайгаар тушаал зааварыг нь даган биелүүлхийг л хичээж ирсэн тэдний хувьд, хэн нэгэн махан биеэр амьдрагч хүн Түүний Хүү гэгдэх нь, хүлээн авах боломжгүй зүйл байлаа. Тиймээс ч ...Чи бол Миний Хүү, өнөөдөр Би Чамайг төрүүлсэн... (Дуу. 2:7), ...Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, чи замд сүйрэх вий... (Дуу. 2:12), ...Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсийг хөлөглөн ирж,... (Дан. 7:13), зэрэг зөгнөлүүдийг (эш үзүүллэгүүдийг) эртний Израильчууд жинхэнэ утгаар нь ойлгож байсан талаар тодорхой зүйл Сударт байдаггүй. Хожим Хүүг ирэхэд, таньж хүлээн авсан нь тун ховор.
Хүү- гэдэг нь эрэгтэй хүүхэд, хөвгүүн, өв залгамжлагч, хүндлэгч, хамаатай нэгэн гэсэн утгатай. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн (Иох. 3:16а), -Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог... (Мт. 3:17), ...Хүний Хүү нь амралтын өдрийн Эзэн мөн (Мт. 12:8), Хүний Хүү нь алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ... (Лк. 19:10), Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүх юмсыг өгсөн юм. Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг (Иох. 3:35,36), -Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах болно. Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна... (Мт. 17:22б,23), ...Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчилхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ (Мт. 20:28), ...Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө (Мт. 16:27), зэрэг илчлэлт, тунхаглалууд нь Хүү Бурханы (Есүс Христийн) дэлхийд ирсэний үүрэг зорилго, байр суурь, эрх мэдлийг тодорхойлдог.
Хүүгүйгээр эцэг гэж байх уу?, Яг үүнчлэн эцэггүй хүү гэж байх уу? Мэдээж аль аль нь боломжгүй юм. Эцэг нь хүүгийнхээ зүрхэнд, хүү нь эцэгийнхээ зүрхэнд байдаг нь бас л мэдээжийн, энгийн үнэн болохыг “эцэг” болон “хүү” хүн бүр маш сайн мэддэг билээ. Энэ хэсэгт дээрхи 4-н янзаар нэрлэсэн байгаа боловч бие биенийгээ нөхдөг, Нэг Нэгэнгүйгээрээ байх аргагүй, Нэг нь Нөгөөгөө тодорхойлон харуулж, гэрчилдэг, Нэг Нэгэндээ уусан нэгдсэн, нэг зорилготой, нэгэн хүсэлтэй, нэгдмэл санаатай, нэг үйлстэй Мөнхийн, Бүтээгч нэг л Эзэн Бурханы тухай өгүүлж байна. Израиль аа, сонс! Эзэн бол бидний Бурхан. Эзэн бол ганц (Deu. 6:4).
2. Христийг эсэргүүцэгч хэн бэ? Энэ захидлын бас нэг гол зорилго нь Христийг эсэргүүцэгч хэн бэ гэдгийг илчлэх нь юм.
а) Энэ нь Чуулганд Иохантай (итгэгчидтэй) хамт байсан, нэг биш этгээдүүд гэж 2:19-р (энэ нь Христитгэлээс урвасан эсвэл итгэлийн үнэнүүдийг мушгин гуйвуулагчид гэсэн санаа) ишлэлд тодорхойлсон байна.
б) Тэд “Есүс бол Христ (үй олны авралын төлөө тослогдсон, томилогдсон Нэгэн) биш” гэдэг, гэж 2:22а-р ишлэлд бас илчилсэн.
в) Мөн тэд Эцэг болоод Хүүг эсэргүүцэгчид, гэж бас 2:22б-д өгүүлсэн. Ялангуяа тэр үед (одоо ч Ёховагийн гэрчүүд ... гэх мэт) буруу гаж урсгалууд Хүүг үгүйсгэдэг байсан. Харин Ариун Сүнс болон Библи бидэнд, Ертөнцийн Эзэн маань бидэнд Хүүгээ өгч, Түүгээр л дамжуулан гэмт ертөнцийг хайрлан уучилсан авралын үнэнийг илчилдэг. Бурхан амьд оршин байдгийг мэдэх нь, итгэх нь нэг хэрэг. Харин энэ үнэнийг үгүйсгэх нь тухайн мэдлэгээ, итгэлээ, Бурханыг ч үгүйсгэж байгаа хэрэг гэж 2:23-р ишлэлд тодорхой анхааруулжээ.
Ер нь, энгийн амьдарлын логикоор л бодоод үзэхэд хүүг нь алчихаад, аавд нь таалагдана гээд явж байж таарах уу? Христ Есүс бол Бурханы Хүү биш. Түүний загалмайн аврал тийм ч чухал, ач холбогдолтой үйлс биш. Түүнгүйгээр Эцэг Бурханы тааллыг нь олж, хүү нь болон хүлээн авагдана, гэх маягын муйхарлал бол дээрхи логик гаргалгаатай агаар нэг юм. Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь, Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. (Иох. 5:22,23), Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрэнд итгээгүй юм (Иох. 3:16,18).
г) Бас бусдыгаа мэхлэхийг (уруу татахыг) оролддог, гэж 2:26-р ишлэлд дурджээ (Тэдний бас нэг онцлог нь үл итгэгчдийг биш, харин итгэгчдийг төөрүүлэхийг маш их оролддог. Бас өргөнөөр эрэгцүүлэн үзэх юм бол, бурхангүй нийгмийн бүхий л “соёл иргэншил”, тэдний бидний итгэл рүү хандсан дайралт, уруу татлага ч хамаатай). Эдгээр бүх тодорхойлолтууд өнөө цагийн гаж урсгалууд болох Ёховагийн гэрчүүд, Мормонизм, Мүүннизм... нарын шинжүүдтэй бүрэн тохирдог.
3. Захидлыг бичигч нь хүлээн авагчдыг хэн гэж боддог вэ?
а) Иохан тэднийг (биднийг) Ариун Нэгэнээр тослогдсон хүмүүс, гэж 2:20-р ишлэлд өгүүлсэн бол б) Үнэнийг (загалмайд итгэгчид) мэдэгчид гэж 2:20, 21-р ишлэлд онцлоод, в) гэхдээ л мэхлэгдэж болзошгүй учраас сэрэмжлүүлэг илүүдэхгүй хүмүүс гэж үздэгээ 26-р ишлэлд дурджээ.
4. Мөнх амийн тухай хэрхэн тодорхойлсон байна вэ? а) Хүү болоод Эцэгийн дотор байх нь Мөнх амь юм, гэж 2:24-р ишлэлд өгүүлээд, б) хэрхэн Хүү болоод Эцэгийн дотор байж чадах вэ?! гэдэгт мөн л 2:24а ишлэлд ... эхнээсээ сонссон зүйл чинь (Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм (Иох. 1:14). Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм (Иох. 3:16)... гэх мэт авралын үнэнүүд) та нарын дотор байвал үүнийг чадна, (Нэг үгээр, Христ Есүст итгэх итгэлээр гэмийн шийтгэлээс аврагдан, Мөнхийн улсад очих эрхтэй болсон гэдэгтээ үргэлж итгэж байвал, бид (Чуулган нь) Хүү болоод Эцэгийн дотор байх ажээ) гээд
в) Мөнх амь нь Эзэний бидэнд амласан (–Хэрэв хэн нэгэн нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн рүү очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна (Иох. 14:23). –Хэрэв цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв (Иох. 7:37,38)... гэх мэт) амлалт юм гэж байна. Бүхэлдээ энэ захиа нь, хүн төрөлхтөний мөнхийн эрэл хайгуул, хүсэл мөрөөдөл болсон мөнх амийн бодит биелэл бол Есүс Христ юм, гэсэн үнэнийг өөр гаж буруу зам, хоосон цэцэрхэлийн эсрэг сөргүүлэн тавьсан.
5. Тосолгоо гэж юу эсвэл хэн болохыг хэрхэн тайлбарлав?
а) Тосолгоог хэн өгдөг вэ? гэдэгт 2:20-р ишлэлд Ариун Нэгэнээс, 2:27а-д Түүнээс (Христээс) өгөгддөг гээд
б) хэнд өгөгддөг вэ? гэдэгт бидний (итгэгчдийн) дотор өгөгддөг,гэсэн байна. Ер нь энд Ариун Нэгэнээр тослогдсон гэдгийг 2 салаа утгаар тайлбарлаж болохоор байна. Энэ нь, Ариун Нэгэн нь биднийг Өөрөөсөө тусдаа ямар нэг зүйлээр (тухайлбал савтай тосоор. Хуучин гэрээний үед ийнхүү тосолдог байсан.) тосолсон гэж ойлгож болохоор... Харин нөгөө нэг нь, Ариун Нэгэн нь Өөрөө тосолгоо юм, гэсэн санаа байна.
Ариун Нэгэн гэж хэн бэ? Ариун гэдгийн талаар дээр ярьсан. Харин Нэгэн- гэдэг нь тодорхой хувь зан чанартай, өөрийн гэсэн зорилго, үзэл бодол, эрх мэдэл, мэдрэмж, оюун сэтгэлгээ бүхий бие оршигчийг хэлдэг нэр томъёо. Харин олон итгэгчид (ялангуяа гаж буруу урсгалынхан), Ариун Сүнс нь зүгээр л сэтгэл хөдлөл, догдлол хөөрөлтийг, онгодыг л өдөөдөг эзэн биегүй, хувь чанаргүй, хоосон чанартай нэгэн зүйлийн хүч мэтээр боддог, үздэг. Үүнээсээ болж Түүнийг хүндлэх, хайрлах, Түүнтэй дотносох, Түүнд дуулгавартай байх, Түүнээс эмээх зэргийг ор тас орхигдуулдаг нь, Түүнийг зөвхөн ашигийн нүдээр харж, захирч, шаардахыг, өмчилхийг оролддог нь тэдний хувьд сүйрэл юм.
Энэ мунхаглалын эсрэг в) тосолгоо нь, бидэнд бүгдийг заадаг төгс Багш, Үнэн Нэгэн гэдгийг 2:27б-д өгүүлээд,
г) 2:27а-д тиймээс Түүнээс өөр багш (тухайн үед гностик, керинтүс урсгалын номлогчид, өнөө үед Жосеф Смит (Мормонизмийг үндэслэгч), Мүн Сон Мён (Мүүнийн шашныг үндэслэгч), Чарльз Рассел (Ёховагийн гэрчүүдийн анхдагч)... гэх мэт нь) хэрэггүй гэж, элч Иохан захиандаа анхааруулсан байна. Эндээс, Тэр Өөрөөсөө ангид ямар нэг зүйлээр биднийг тослоогүй. Харин Өөрөө бидний дотор Ариун Сүнсээрээ оршин амьдарч, бүх үнэнийг заан, удирддаг гэсэн илчлэлт харагдаж байна.
(1, 2, 3 Иохан ном) хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: Ий Жэ Шин UBTC 2007 он
Библи судлахуй-3. Б. жишээ: (1 Иохан 2:15-17) -р хэсэгт ажиглалт судалгаа хийх нь
1. Энэ хэсгийн товчлол: Ертөнцийг хайрладаг нэгэний дотор Бурханы хайр байхгүй ба учир нь ертөнцийн хүсэл тачаал нь Эцэгээс биш юм. Эдгээр нь өнгөрөн одно. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнх амьтай.
2. 1 Иохан номд тус хэсгийн эзлэх байр суурь: Энэ багцлал нь (1Иох. 5:4,5)-р багцлалтай цогц уншигддаг. Бас (1 Иох. 4:7-9)-р багцлалд дурдагддаг Бурханы хайрын эсрэг дайсагнагч, ертөнцийн бузар хүсэл тачаалыг илчилсэнээрээ онцгой байр суурьтай.
3. Хам хэсгийн судалгаа: Өмнөх хэсэг болох (1 Иох. 2:12-14)-т элч Иохан уншигчдыг “бяцхан хүүхдүүдээ, нялхасаа, эцгүүдээ, залуусаа” гэхчилэн дуудсан. Бяцхан хүүхдүүд, нялхас гэж шинэхэн итгэгчдийг, эцэгүүд гэж Чуулганд нөлөө бүхий үйлчлэл хийдэг, төлөвшсөн “удирдагчид”, багш нарыг хэлсэн болов уу. Залуус, гэж итгэлээр өсөж суралцаж байгаа хүмүүсийг хэлсэн байж болно. Зүгээр л шууд утгаар, итгэгчдийг нас, байр сууриар нь ч, үүрэг хариуцлагаар нь ч тодотгон хэлсэн гэж ойлгоход ч болно. Ерөнхийдөө нийт Чуулганыг хамруулан хэлж байгаа нь тодорхой байна. Тэгээд нэрийнх нь учир нүгэл нь уучлагдсан Есүсийг сануулаад, Тэр нь эхнээсээ байсан Мөнхийн Бурхан гэж тодотгож байна. Тэр биднийг Ариун Сүнсээрээ мөнх амь руу төрүүлсэн Эцэг юм. Түүний Үг (Иох. 1:1-3) бидний дотор байснаар, бид аливаа уруу татлага, сатаны хүчийг ялан дийлдэгийг баталж байна. Түүний Үг гэдэг нь, махан биеэр ирсэн Есүс (1 Иох. 1:1), (Иох. 1:14), бидний дотор гэдэг нь – Түүнд итгэх итгэлийг хэлсэн байна. Тэгээд Иохан энэ бүгдийг дахин дахин давтан хүч оруулж байгаа нь, дараа нь хэлэх захих зүйл нь маш чухал юм, гэж энэ хэсгийн (1Иох. 2:15-17) ач холбогдолыг онцолж байна.
(1 Иох. 2:18,19)-т дахиад л нялхасаа гэж эхэлж байна. Сонирхолтой нь эцгүүдээ ч юм уу, залуусаа гэж бичсэнгүй. Магад элч Иохан онцгойлон шинэ итгэгчдэд буруу урсгал, хуурамч багш нарыг мэдүүлж, нялх итгэлийг нь хамгаалахыг чухал гэж үзсэн байх. Энд бас “эцсийн цаг” гэж цаг үеэ тодорхойлж байна. Христ ирсэнээр, бас удахгүй дахин ирнэ гэснээр, анхны Чуулганаас өнөөгийн бүх итгэгчид бүгд “яг одоо л, удахгүй Эзэн ирнэ” гэсэн итгэлээр амьдрах ёстойг мэдүүлж байна. Энэ нь итгэлтэй байдлын маш чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Харин “болоогүй байх, хожуу ирнэ” гэж тайвшрах нь, сатаны уруу татлага юм. Тэр гэнэт бидний бодоогүй цагт (Мт. 24:44) ирнэ. Мөн Христийг эсэргүүцэгчдийн талаар анхааруулсан. Тэд бидний дундаас гарсан нь, Чуулганд ирээд Есүсийг “...Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон (Мт. 7:21) Хаанчлалд орохгүйг” одооноос бидэнд (1 Иох. 2:19б) үзүүлэхийн тулд юм, гэж байна.
4. Энэ хэсэгийн судалгаа: А. Онцлох үгийн судалгаа: а) Энд “ертөнц” гэдэг үг 6-н удаа дурдагдаж байна. Библи дээр энэ үг нь, Бурханы хүсэл сонирхолоос ангид, муу сүнсний хаанчилдаг, дарангуй бүдүүлэг, завхай тачаангуй, шунал хүсэл, өрсөлдөөн тэмцэлээр дүүрэн асар том орооцолдсон тогтолцоог хэлдэг. Мөн, энэхүү нүдэнд үзэгдэх бузар булайгаас гадна, нүдэнд үл үзэгдэх, хүмүүсийн зүрх сэтгэл дотор оршдог, Эзэний илчлэлт илэрхийлэлт, үг сургааль, тушаал заавар, дуудлагыг нь (нэг үгээр Загалмайг) эсэргүүцэж байдаг дуулгаваргүй сэтгэл, сүнс ч багтдаг.
б) Бас “Эцэг” гэдэг оноосон нэр хоёр удаа гарч байна. Энэ нь, шинэ гэрээний үед бүтээгч Бурханыг Хүү Есүс Христээр нь дамжуулан таньсан, Ариун Сүнсээр нь тослогдож нэг бие болсон, итгэгчдийн дууддаг нэр. Бас хуучин гэрээний үед цөөн тооны Бурханы сонгогдсон ариун хүмүүс ингэж дууддаг байсан. Мөн Эзэн ч Өөрийгөө олонтоо Эцэг, гэж тодорхойлж нэрлэсэн байдаг. Энэ нь маш дотно, эгэл, ойрын харилцаа хамаарал, байр суурийг тодотгосон, Бүтээгчийн зүгээс үзүүлж буй агуу энэрэл хайрын илэрхийлэл болсон нэр.
Эцэг- гэдэг нь төрүүлэгч, сахин хамгаалагч, сахилгажуулан хүмүүжүүлэгч, заан сургагч, удирдан чиглүүлэгч, хариуцагч, хайрлан нандигнагч гэсэн утгатай. (Бүтээгч нь үл таалсан бүтээлээ устгах, өөртөө ашиглахгүй байх үнэмлэхүй эрх мэдэлтэй. Гэвч хорон муу гэмт хүмүүнийг хайрлан, эцэг хүүгийн дотно харьцаанд дууддаг бидний Бурхан ямар агуу вэ). Би түүний Эцэг болж, тэр Миний хөвгүүн болно (2 Сам. 7:14), (1 Шас. 17:13), ...Та бидний Эцэг билээ. Өө, Эзэн, Та бидний Эцэг. Эртнээс Таны нэр бол бидний Аврагч (Ис. 63:16), гэх мэт нь Христийн дотор Түүний хөвгүүд, охид болон босгогдох Чуулганд хандсан зөн, эш үзүүллэгүүд байсан.
Эдгээр нь Эзэн Есүсийн, Би болон Эцэг нэг юм (Иох. 10:30), ...Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй (Иох. 14:6), хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг (Мт. 5:16), Тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай (Мт. 5:48), Газар дээр хэн нэгнийг эцэгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй (Мт. 23:9), Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн, Би та нарт өгнө (Лк. 22:29), гэх зэрэг сургааль, тунхаглалаар биднийх болон баталгаажсан юм.
в) Цаашилбал, “Эцэгийн хайр” ба “ертөнцийг хайрлах хайр”, “ертөнцийн хүсэл тачаал” ба “Бурханы хүсэл” гэсэн 2 янзын “хайр”, “хүсэл”-үүдийг тодотгон дурдаж, хооронд нь сөргүүлэн тавьсан. “Эцэгийн хайр” ба “Бурханы хүсэл” нь Библид илчлэгддэг бүтээгч Бурханы мөн чанартай холбоотойгоор тайлбарлавал, ухамсартай, зорилготой, золиослол гаргадаг, тэвчээртэй, хариуцаж чаддаг, өгөөмөр, ууч энэрэнгүй, зөвт шударга, амар тайван, баяр баясгалантай, хувирдаггүй, сахилгажуулдаг, үргэлжлэн өрнөдөг, эцэст нь үр дүнд (үр жимстэй) хүрдэг (ялан дийлдэг) бидний төлөөх үйлс амьдралыг хэлж байна.
г) Харин “ертөнцийн хайр ба хүсэл тачаал” нь сэтгэл хөдлөлд захирагддаг, хувирамтгай, итгэл үнэмшилгүй, шунал нэр алдар дээр суурилдаг, зорилгогүй, тиймээс ч ямарч үр дүнгүй, харин ч харамсал, гашуун зовлон авчирдаг дур сонирхол, шохоорхолыг хэлж байна.
Б. Ишлэлийн судалгаа: а) 15-р ишлэлд сатаны удирддаг, гэмт хүмүүсийн нийгмийн тогтолцоо болон гэмт сэтгэлгээ (ертөнц), тэдгээрийн буй болгосон бүхий л зугаа цэнгэл, эд хөрөнгийн баярхал тансаглал, хоосон үрэлгэн байдал, элдэв улс төрийн үзэл суртал, хүний мэргэн ухаан (философи), шашин шүтлэг зэргийг (ертөнцөд байгаа зүйлс) сонирхож таашаах (хайрлах) ёсгүй. Эдгээрийг сонирхож таашаавал элдэв уруу татлагад орон соригдож, Бурханаас холдож болзошгүй юм. Хэрвээ хэн нэгэн нь эдгээрт үнэхээр зүрхээ эзэмдүүлвэл (ертөнцийг хайрладаг бол), амьдарлынхаа зорилгоо болговол, тухайн хүн нь жинхэнэ Ариун Сүнсээр тослогдсон (түүний дотор Эцэгийн хайр байхгүй) итгэгч биш байна.
б) 16-р ишлэл: Учир нь гэмт хүний нийгмийн таашаадаг, эрхэмлэдэг бүхий л үнэт зүйлс нь, ялангуяа махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь бүтээгч Эцэгийн маань бүтээл бус, харин гэмт сэтгэлгээ, муу сүнсний үйл ажиллагааны үр дүн юм. (Тэр үеийн гностик, кринтүс урсгалын хуурамч багш нарын гаж сургаалийн цөм нь, “нэгэнт л бузар махан биеийг ч Бурхан бүтээсэн ба энэхүү биеийн нүгэлт хүсэл, зуршил нь ч гэмт бузар үйлсээрээ хангагдахыг анхнаас нь Бурхан тогтоосон”, гэсэн нь юм.)
в) 17-р ишлэл: Сатан болон түүний бузар үйлсийн үр дүн болсон гэмт нийгмийн тогтоц, эрхэмлэдэг зүйлс нь өнгөрөн одно. Харин Бурханы хүслийн дагуу гэмшин өөрчлөгддөг, Түүний хайр уучлалын биелэл болсон Хүү Есүст нь (загалмайн авралд) итгэдэг хүн мөнх амьдарна.
5. Энэ хэсэгт яригдаж буй хүмүүсийн төрөл: а) “ертөнцийг хайрладаг хүн” (1 Иох. 2:15). Энэ хүний дотор Эцэгийн хайр буюу Ариун Сүнсний тосолгоо байхгүй хүн. Тиймээс ч аврагдаагүй (мөнх амьгүй) хүн юм.
б) “Бурханы хүслийг үйлддэг хүн” (1 Иох. 2:17б). Энэ хүний дотор Бурханы Үг (1 Иох. 2:14в) байдаг учир муу нэгнийг дийлсэн хүн. (Мт. 7:21) ...тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлэгч нь, хаанчлалд орно, гэсэн тул мөнх амьдрах (аврагдсан) нэгэн юм.
6. Энэ хэсэгт илэрхийлэгдэж буй Бурхан:Тэр бидний төлөө Хүүгээ өгсөн Эцэг. Тэгээд бидний дотор хайраар оршдог Эцэг. Энэ ертөнцийн бузар булай болгон нь Эцэгээс бус. Тэгэхлээр Тэр ариун, зөвт Бурхан юм. Тэрээр Өөрийн хүслийг хүмүүст илчилдэг ба дуулгавартай дагадаг нэгэнд мөнх амь өгдөг.
7. Энэ хэсэгийг хүлээн авч уншсан хүмүүсийн сэтгэгдэл: Энэ хэсгийг, ер нь энэхүү захиаг уншаад, “Бурхан ертөнцийг анхнаас нь сайн, муу 2 талтайгаар бүтээсэн. Тиймээс ч итгэлээрээ сүнс маань л аврагдсан бол болоо. Харин махан бие бузар учир гэм үйлдхээс өөр аргагүй”, гэсэн хуурамч номлолд автаад гэмших сэтгэлгүйгээр, зүрхээ хатууруулан буруу замаар төөрөлдөн алхаж байсан үй олон итгэгчид ухаарч гэмшин Эзэн рүү эргэсэн болов уу. (Одоо ч “...анхны удаагийн нэг л гэмшил чинь хангалттай. Дахин дахин гэмших нь ямарч тусгүй”, гэх буруу номлол, сургааль тэнүүчилсээр байдаг. Энэ нь гэмшил бол үргэлжлэн өрнөх, өөрчлөгдөн шинэчлэгдэх үйлс амьдрал юм (Илч. 2:4,5) (1Иох. 1:7-10), гэсэн Библийн зарчимыг, Эзэний хүслийг үгүйсгэсэн гаж сургааль юм. Тиймээс ч уг захидлын үнэ цэнэ, үнэн илчлэлт, утга учир одоо ч өндөр ач холбогдолтой.)
Олон хуурамч “багш нар” илчлэгдэн, зарим нь ч ариун хүмүүсийн нөхөрлөлөөс хөөгдөн, зарим нь гэмшин аврагдсан биз ээ. Итгэл үнэмшилдээ үнэнч байж, өндөр ёс суртахуунтайгаар, цэвэр ариунаар үлгэр дууриал болон амьдрах Христчин сургааль, амьдрах хэв маягийг үгүйсгэгчид, мушгин гуйвуулагчид (Христийг эсэргүүцэгчид) ялагдан, Чуулган ч цаашаа хөгжиж төлөвших зам нь шулуудсан. Тиймээс Чуулган өнөөгийн өндөрлөгт хүрч, уг захидал Ариун Сүнсний илчлэлт хэмээн тооцогдож, Канонд (Библид) байр сууриа эзэлж, үүрэг зорилгоо хэрэгжүүлсээр байгаа билээ.
(1, 2, 3 Иохан ном) хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: Ий Жэ Шин UBTC 2007 он
Библи судлахуй-2. А. жишээ: (1 Иохан 1:5-10) багцлалд ажиглалт дүгнэлт хийх нь
1. Эх хэсгийн товчлол: Бурхан гэрэл учраас Бурхантай нөхөрлөдөг гэсэн мөртлөө харанхуйд байгч хүн нь худал хэлж байна. Харин гэрэл дотор алхвал бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг цэвэрлэх болно. Хэрвээ бид гэмгүй гэвэл өөрсдийгөө хуурч байгаа хэрэг. Бас Бурханыг худалч болгож байна. Харин даруугаар, чин сэтгэлээсээ гэмшин гэмээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр бидний гэмийг уучилж, биднийг бүхий л зөвт бус байдлаас цэвэрлэнэ.
2. 1 Иохан номд энэхүү хэсгийн эзлэх байр суурь: Уг хэсэг нь номын оршилтой нягт уялдаатай хэсэг байна. 1 Иохан номонд “нөхөрлөл, гэрэл, харанхуй, гэм, зөвт” гэсэн үгнүүд олонтоо гардаг. Иохан эдгээр үгнүүдийг ашиглан, захидлын утга санаа өрнөхөөс (илчлэгдэхээс) өмнө уншигчдад танилцуулж байна.
3. Хам ишлэлийн судалгаа: (1 Иох. 1-4) ишлэлд “дэлхийн сууриас өмнө байсан Үг, махан биетэй болж ирсэн Есүс”-ийг танилцуулж байна. Мөн Эцэг ба Түүний Хүү Есүстэй (элч нар) нөхөрлөдөг тухайгаа танилцуулж, энэ нь маш их баяр баясгалан өгдөг ба бусадтай хуваалцвал бүрэн утга төгс болдог гээд, тиймээс уншигчдыг энэхүү нөхөрлөлд урьжээ.
(1 Иох. 2:1-6) ишлэлийг гэм нүгэл үйлдүүлэхгүйн тулд бичжээ. Хэрэв итгэгч нь гэм үйлдвэл Есүс түүнийг өмгөөлөх болно. Учир нь Тэр Өөрийгөө эвлэрүүлэх тахил болгон өргөж, өмгөөлөх эрх мэдэлтэй болсон. Ийм Есүсийг мэддэгийн гэрчлэл нь, Түүний тушаалуудыг сахих явдал юм. Дан ганц сүнслэг мэдлэгтэй болох бус, бодитоор Есүс шиг үйлдэн амьдрах хэрэгтэй. (1 Иохан) номыг бүхэлд нь харвал Есүсийн үйлс нь хайр байдгыг онцолсон.
4. Энэ хэсгийн судалгаа: А. Онцлох үгийн судалгаа: а) Энэ дэлхийд гэрэл харанхуй хоорондоо тэмцэлддэг. Гэрэл бол Бурхан бөгөөд гэрэл дотор үйлдвэл Бурхантай нөхөрлөж байна гэсэн үг юм. Энд гэрэл гэдгийг харанхуйг гийгүүлдэг гэдгээс илүүтэй “гэрэл дотор бүх зүйлс ил тод, тодорхой харагдаж байдаг” гэсэн утгыг товойлгон хэрэглэсэн. Тиймээс ч гэрэл дотор байдаг нэгэн нь зөвийг эсвэл бурууг үйлдэж буйгаа тодорхой харж, ялгаж салгаж чаддаг байна гэсэн үг. Тиймээс ч Эзэн дээр очин, алдаа зөрчилөө ил тодоор гэмшин хүлээж чаддаг. Бас бусдыгаа ч бурханлаг өнцөгөөс, гэгээтэйгээр харж чадна. Улмаар хоорондоо ариунаар нөхөрлөх юм.
б) Эсэргээр, харанхуй дотор үйлдвэл худал хэлж, үнэнийг үйлдэхгүй байна гэсэн үг. Бурханыг болон бусдыг үнэн зөвөөр танин мэдэж чадахгүй. Тиймээс ч Эзэнтэй болон итгэлийн ахан дүүстэйгээ хайр дотор нөхөрлөх чадваргүй. Өөрийгөө ч, гэм нүгэл, алдаа оноогоо ч ялгаж, үйлсээ ч хянаж чадахгүй тул гэмшиж, буруугаа ухаарч чадахгүй.
в) Нөхөрлөл гэдэг нь, (Иохан 17:3)-т “Цорын ганц үнэн Бурхан болох Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь...” гэж тунхаглахдаа хэрэглэсэн “мэдэх” гэдэг үгтэй холбоотойгоор тайлагддаг. Энэхүү “мэдэх” гэдэг нь маш ойрын, дотно харилцаа хамаарлыг илэрхийлсэн үг.
Та хэн нэгэнийг сургаар, бусдаас дамжуулан авсан мэдээллээр мэддэг болох нэг хэрэг. Харин өөрөө тухайн хүнтэйгээ хувьчилан дотноор нөхөрлөж, хэнээс ч, юунаас ч үл хамаарах өөрийн гэсэн ойлголт, үнэлэмж, хүндлэл бишрэл, итгэл найдвар, хайрын харилцаа хамаарлыг бий болгох нь огт өөр хэрэг. Яг л ийм танин мэдэхүйн талаар энд яригдаж байна. Энэхүү бие биеэ танин мэдэж, хүндлэн дээдэлсэн дотно нөхөрлөл бол “мөнх амь” юм, гэсэн нь Библийн бусад хэсэгт “аврал” бол “мөнх амь” гэснээс арай өөр, өвөрмөц байдаг.
Б. Ишлэлийн судалгаа: а) 5-р ишлэлд, Ариун Сүнс бидэнд Бурханы төгс, ариун, ямарч харанхуй бурангуй дотор нь байдаггүй Нэгэн гэдгийг мэдүүлдэг гэж байна.
б) 6-р ишлэлд, тэгэхлээр энэхүү ариун Бурханыг мэддэг гэсэн мөртлөө, (Бурханы хүслийг мэдэхгүй, сохороор) аливаа гэмийг үйлдэж байгаа нэгэн нь худлаа яригч гэжээ.
в) 7-р ишлэлд, харин Есүс юу хийдэгээ мэдэж (төгс, гэмгүй) байдаг шиг, бид ч үйлсийнхээ сайн мууг мэдэж (гэмээс хол) байвал элч нар итгэгчидтэй, эсвэл итгэгчид Есүстэй (аль ч тайлбар нь зохистой) нөхөрлөх юм. Бурханы Хүү загалмай руу явж байхдаа яах гэж, хаашаа явж байгаагаа, эцэст нь юунд хүрэх ээ, ялан дийлэх ээ мэдэж байсан ба одоо ч мэдэж үйлддэг. Түүнчлэн бид ч (Чуулган) үйлс, зорилгоо баттай мэдэж, итгэлтэйгээр үйлдэх ёстой юм. Бас Бурхан дээр очигч нь цэвэр байх ёстой. Христийн цус зөвхөн анх итгэхэд ч биш, цаашдаа ч үргэлж бүхий л алдаа зөрчилөөс, бузар муугаас цэвэрлэж, гэмийг ариусгадаг тул өдөр бүр бидэнд хэрэгтэй.
г) Үүнийг 8,9-р ишлэлүүдэд бүр тодорхой өгүүлсэн байна. Энэ нь, (Иохан 13:10)-т Биеэ угаасан хүн хөлөө л угаах хэрэгтэй. Тэгвэл гүйцэд цэвэрхэн байна, гэсэнтэй шууд хамааралтай уншигддаг. Бид загалмайд итгэх итгэлээрээ уучлагдаж, ариуссан боловч, өдөр бүр үйлддэг гэмээ бас л Эзэний өмнө тавьж, Түүгээр шүүлгэн цэвэрлүүлэх шаардлагатайг заасан.
д) Бас 9,10-р ишлэлүүдэд бидний Бурханы итгэмжтэй, хувиршгүйг батлан тунхаглаад, Түүний өмнө илэн далангуйгаар бас даруугаар очиж байх ёстойг сануулжээ. Бид зөвт, ариун хэмээн Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн ч, урьдын адил гэм хийдэг маань тийм ч амар өөрчлөгддөггүй. Энэ нь хэдийгээр бидэнд урамын үг боловч, нөгөө талаар Эзэний агуу нийгүүлсэл, хайрын дор толгой бөхийн, даруу болохоос өөр аргагүйг мэдүүлдэг.
Энэ хэсэг нь бүхлээрээ “сүнслэг мэдлэг, чадвар нь аврал юм, эсвэл авралд хүргэнэ” гэж заадаг байсан хуурамч багш нар, худал сургаалийн эсрэг, жинхэнэ аврал гэж юу болохыг (харанхуйгаар сохороор биш, хэнтэй юуны учир нөхөрлөж, хаашаа явж буйгаа мэдэж үйлддэг байх, алдаа зөрчилтөй, сул доройгоо Түүний өмнө даруугаар хүлээн зөвшөөрч, загалмайн цусны ариусгах хүчийг өдөр бүр амсдаг байх) танилцуулж, сөргүүлэн тавьсанаараа нэн чухал ач холбогдолтой.
Өнөө үед ч Чуулган дотор нэг л их “сүнслэг” хийрхүү нөхдүүд мэр сэр байдаг. Тэд, харь хэлээр ярьдаггүй бол, Ариун Сүнснээс шууд эдгэрэл авдаггүй бол, элдэв өвчин, муу сүнсийг эрх мэдэлтэйгээр хөөдөггүй бол, Сударыг “гайхалтай сүнслэгээр” шууд л ойлгодоггүй бол... гэхчилэн олон “алдаа зөрчилтөй” бол аврагдсан юм уу, гэхчилэн бусдын итгэл, төлөвшил рүү бүдүүлгээр халдан, загалмайг гэрчлэн бусдыгаа босгох биш, өөрийгөө алдаршуулан бусдыг шүүн яллагч болчихсон байдаг нь нэн харамсалтай.
5. Энэ хэсэгт гарч буй хүмүүсийн төрөл: а) Бурхантай нөхөрлөдөг гэж ярьдаг боловч харанхуй дотор алхдаг (6), гэмгүй гэж өөрийгөө үздэг (8), нүгэл үйлдээгүй гэдэг(10) хүн. Энэ хүн нь худалч, үнэнээр явдаггүй (6), өөрийгөө хуурдаг, үнэн дотор байдаггүй (8), Бурханы Үг дотор нь байдаггүй, тиймээс ч Бурханыг худалч болгодог хүн (10).
б) Гэрэл дотор явдаг (7), өөрийн гэмийг хүлээн зөвшөөрдөг (9) хүн. Энэ хүн Бурхантай болон бусадтай нөхөрлөдөг тул Христийн цус бүх гэмээс нь цэвэрлэдэг (7), Бурханы итгэмжит, зөвт байдлыг амсдаг хүн (9).
6. Энэ хэсэгт илэрхийлэгдэж буй Бурхан: Бурхан гэрэл учир ямарч харанхуй Түүний дотор оршиж чадахгүй. Түүний өмнө очвол бүх зүйл ил болдог. Тиймээс ч гэмтэй хүн Түүний өмнө зогсож чаддаггүй. Тэрээр Өөрийнх нь Хүүд (загалмайд) итгэдэг хүнтэй нөхөрлөдөг. Учир нь Тэрээр гэмт хүний төлөө Хүүгийн дүрээр ирж, загалмай дээр урсгасан цусаараа гэмийг нь уучилсан Бурхан. Тэгээд энэхүү хайр, зөвт, итгэмжит байдлаа мөнхөд сахьдаг Бурхан.
7. Энэ хэсгийг хүлээн авч уншсан хүмүүсийн сэтгэгдэл: Христэд итгэгч гээд, аврал, мөнх амийг мэддэг гээд үнэн хэрэгтээ сайн мууг, сайхан муухайг ялгаж мэддэггүй, төгс ариун, гэмгүй болчихсон гэх мөртөө цэвэр ариун амьдарлын хэв маягыг эрхэмлэдэггүй, сохороор, харанхуйгаар алхагчид гэмшин эргэсэн болов уу? Тэгээд сул дорой, гэм нүгэлт мөн чанараа гэмшин Эзэний өмнө даруугаар очиж, уучлал хайрыг нь хүртэж, цаашдын итгэлийн амьдралдаа, Христтэй болон итгэлийн ахан дүүстэйгээ хайрын нөхөрлөлийг эрхэмлэн алхаж эхэлсэн биз ээ...
(1, 2, 3 Иохан ном) хичээлийн лекцийн материалаас
Шалгасан багш: Ий Жэ Шин UBTC 2007 он
Библи судлахуй-1. “1, 2, 3 Иохан ном” хичээлийн материалаас
1 Иохан ном (захидал) нь элч Иоханаар МЭ 1-р зуунд бичигдсэн. Зохиогчийг уг захидлыг бичихэд хүргэсэн шалтгаан, түүхэн нөхцөл нь, тухайн үеийн нялх Христийн Чуулганд заналхийлж байсан 2 гаж урсгал юм. Эдгээр нь Гностик ба Кринтүс урсгалууд юм. Энэ 2 хоюулаа Есүсийн махан биеэр ирсэнийг үгүйсгэж байв.
Мөн гностик нь, “...ертөнц анхнаасаа сайн муу хосолсон шинж чанартайгаар бүтээгдсэн ба сайн нь сүнс, муу нь махан бие...” гэж үздэг байв. Энэ нь, Бүтээгч Эцэг маань анхнаасаа бүх зүйлийг сайн сайхнаар бүтээгээд Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ... (Эх. 1:31а) гэснийг үгүйсгэсэн хэрэг байлаа.
Ийм гаж төөрөгдөлдөө үндэслэн “ ...махан биеэрээ ямарч гэм хийж болно, сүнсээрээ л цэвэр ариун байхад л хангалттай...” гэж улам мунхаглан төөрөлдөж, үүнийгээ бусдад ухуулан ятгаж, зааж тунхаглаж байлаа. Харин үнэн хэрэгтээ сүнсээрээ цэвэр ариун хүн махан биеэр ч гэм үйлдэж чаддаггүй (1 Иох. 3:9), гэж Ариун Сүнс элч Иоханаар дамжуулан заасан.
Кринтүсчүүд Есүсийн бурхан чанарыг нь үгүйсгэдэг байсан. “Тэр нэгэн Иудей залуу усан баптисм хүртэх үед Бурхан түүний дээр бууж ирээд, хожим загалмайд цовдлогдохын өмнө түүний биеэс зайлсан...” гэж заадаг, тунхагладаг байв. Харин элч Иохан ...Амийн Үг (Бурхан) маань нүдэнд харагдаж, гарт баригдах махан бодит биеэр ирсэн ба бид (элч нар) гэрчилж байна (1Иох. 1:1,2), гээд энэ үнэнийг үгүйсгэгч нь муу сүнснийх (1Иох. 2:22,23; 4:1-3), гэж тунхагласан.
Тэр үеийн дэлхий дахинд Грекийн гүн ухаанаас үүдэлтэй иймэрхүү гаж итгэл үнэмшил, мухар сүсэг маш хүчтэй байсан нь Чуулганд дээрхи 2 урсгалын дүрээр нэвтэрч, олныг бүдрүүлж байлаа. Үүний эсрэг элч Иохан уг захидлаараа дээрхи няцаалтуудыг өгөөд, энэхүү буруу сургаалийг танин мэдэх, иймэрхүү олон сорилт, дайралт, гуйвуулгаас итгэлээ хамгаалах гол арга зам нь, Бурхантай болон итгэлийн ахан дүүстэйгээ хайрын амьд нөхөрлөл дотор явах нь юм, энэ нь авралын баталгаа болох юм, гэдгийг заасан.
Бурхан бол Бүтээгч, харин хүн бол бүтээл нь юм. Ер нь бол Бүтээгч бүтээлтэйгээ нөхөрлөнө гэж ярих нь, тухайн үед Бүтээгчийг доромжилж буй хэрэг байсан. Харин Иохан эдгээр захидлуудаараа Бурхан хүн хоёр бие биенээ олж харан нөхөрлөх тухай сургадаг. Христтэй нөхөрлөсөн өөрийн нөхөрлөлийг гэрчлэн, бусдыг үүнчлэн үйлдэхийг уриалснаараа, цоо шинэ тэнгэрлэг амьдралын хэв маягыг сурталчилсан.
Энэхүү захидлууд бичигдсэн цаг үе, соёл ахуй, сэтгэлгээний орчин нь өнөөгийн бидний үеэс эрс өөр юм. Тэр үеийн бичигч болон хүлээн авагчдыг, өнөөгийн биднээс цаг хугацааны 2000-аад жилийн ангал зааглаж байна. Тиймээс тэр үеийнхний ёгтлол сэтгэлгээ, ухаарал, ойлгох чадвар, мэдлэг гэх мэт маш олон зүйлийг бид ажиглалтаар ойлгож авдаг. Улмаар захидалд дурдсан санаа оноо, үндсэн мэссежийг үнэн зөвөөр танин мэддэг.
Ажиглана гэдэг нь, тухайн ном эсвэл багцлалыг судлахдаа үйл явдал дунд нь орж, амьд уншихыг хэлнэ. Өөрийгөө Бурханы оронд, тухайн итгэгчийн оронд тавьж, эсвэл одоогийн байр сууринаасаа, өнөөгийн мэдлэгийн өндөрлөгөөс тунгааж бодох зэргээр олон талаас нь ажиглаж эрэгцүүлэн, бүхий л боломжит хувилбараар дүгнэж цэгнэн, шинжинэ гэсэн үг.
Гэхдээ төсөөлөл эрэгцүүлэл тань тэнээд явчихгүйн тулд, таныг элдэв гаж буруу ойлголт эргэлзээнд, төөрөгдөлд оруулчихгүйн тулд Ариун Сүнсээр удирдуулан, гуйлт залбиралтай хамт аялах хэрэгтэй. Бас Сударын бусад ном, зөгнөл, тайлал, сургаалиудтай харьцуулан уялдуулан хамтад нь ажиглах хэрэгтэй. Мөн бүх үеийн тулгуур үнэнүүд болсон загалмайн аврал хайр, дахин амилалт, эцсийн шүүлт зэргийг сууриа болгон дүгнэлтээ гаргах хэрэгтэй.
Ажиглалт нь дараахи дэс дараагаар хэрэгжиж, үр дүнгээ өгвөл сайн.
Эхлээд өөрийн танин мэдэж, ойлгож ухаарсан бүх зүйлээ жагсааж бичнэ.
Дараа нь хяналт хийж хасна.
Гуравт нь, үлдсэн зүйлээ дахин боловсруулж, хэзээ ч өөрчлөгдөхгүй, бүх үед хүчинтэй тэнгэрлэг зарчимыг гаргаж ирнэ. Ямар ч үед өөрчлөгддөггүй, Өөрийн ард түмнээсээ шаарддаг Эзэний хүсэл шаардлагыг зарчим гэнэ.
Дөрөвт нь, энэ зарчим тань эртний хүмүүсийн итгэл сэтгэлээр, амьдралд нь хэрхэн хэрэгжиж байсныг ойлгож, судалж мэдэх хэрэгтэй.
Тавдугаарт, үүнийгээ өнөөгийн нөхцөлд, цаг үетэйгээ уялдуулан өөрийнхөө амьдралд яаж хэрэгжүүлэх, бусдад хэрхэн зааж сургахаа боловсруулах хэрэгтэй.
Сайн багш (номлогч) дагалдагчиддаа (сонсогчиддоо) Судараас сурч мэдсэн үнэний зарчимуудаа тунхаглаад зогсохгүй, хэрэгжүүлэлтийг нь ч заадаг, биелүүлэхийг уриалдаг, өөрөө үлгэрлэдэг байх ёстой. Номлол тань мэдлэг өгөх, шинэ танин мэдэхүйг заахаас гадна, гол зорилго нь сонсогч тань зүрхэндээ ухаарлыг авч, сэтгэлдээ шийдвэр гарган өөрчлөгдхөд л чиглэгдсэн байх ёстой. Бас гол фокус нь, Эзэн Бурхан ба тухайн сонсогч (итгэгч) хоёрын харилцааг л товойлгосон (өөрийгөө биш) байх шаардлагатай.
(1, 2, 3 Иохан ном) хичээлийн лекцийн материалаас
Шалгасан багш: Ий Жэ Шин UBTC 2007 он
Friday, January 1, 2010
Бурханы ард түмэн та бүхэндээ шинэхэн 2010 оны мэнд хүргэе!
Энэхүү блог сайтаар зочилж буй эрхэм танд шинэ оны мэнд хүргэе!
Өнөөдөр 2010 оны анхны өдөр. Яг одоо Улаанбаатарт 15 цаг 50 минут болж байна. Гадаа шинэхэн цас орчихсон, агаар тунгалаг бас цэвэрхэн байна.
Эзэн бидэнд яг энэ өглөө ямар гайхалтай алтан шаргал нарыг бас шинэхэн цасыг бэлэглэсэн юм бэ. Тэр энэ өглөө хүн бүрийг шинэчлэхээр шийджээ.
Өнгөрөн одсон бүхий л өдөр хоногуудад таларх гэж Эзэн энэхүү гайхамшигт өглөөг хүмүүн бидэнд бэлдсэн байжээ.
2009 онд миний амьдрал, хувь заяанд талархмаар олон үйл явдлыг Эзэн надад өгсөн. Гэвч хүн сул дорой болохоор Тандаа төдий л тухай бүр талархаж байсангүй. Тэр бүх сайн сайхан зүйлс угаасаа л өрнөх ёстой юм шиг боддог. Гэтэл үнэндээ үгүй юм.
Төгс хүчит Нэгэн таны амьдралыг удирддаг гэдгийг та анзаарсан уу. Ядаж хааяа ч гэсэн таны хувь заяа, мөн өдөр тутмын амьдралд тохиож буй өчүүхэнээс эхлээд аугаа үйлсийн цаана төгс хүчит Нэгэн байна гэдгийг сэтгэлд тань хэн Нэгэн илчилдэггүй, бас шивнэдэггүй гэж үү?
Тийм ээ, яг энэ мөчид Эзэн Бурханыг таниагүй байгаа Монголын олон олон авъяаслаг залуучуудын зүрх сэтгэлд Эзэн та байдаг гэдгийг илчилж өгөөч гэж Танаасаа гуйн залбирч байна. Энэхүү залбирлын сэдвийг шивнэсэн Ариун Сүнсэнд талархаж байна. Сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ гэж Та хэлсэн. Тийм ядуу нэгэн байхаар Та удирдан чиглүүлж өгөөч.
2010 оны энэ өдрөөс эхлэн Та мөнхөд миний амьдралын суурин дээр байж надаар дамжуулан Та өөрийн дүр төрхөөр хүмүүсийн дунд амьдран байна гэсэн сургаалынхаа дагуу Та намайг улам ихээр өөрчлөн, Ариун Сүнсээрээ удирдан, амьдруулж өгөөч. Тантай хамт энэ дэлхийн олон газруудаар явж Таныг илчлэх боломжийг Та зөвшөөрч өгөөч. Өдөр бүр шинийг сэтгэн намайг өөрчилж байдагт Тандаа үнэхээр их талархаж байна аа, Аав аа.
Монголын өнцөг булан бүрт Та хүндлэгдээч. 2010 онд олон мянган хүн Эзэний ариун нэрийг дуудаж авралыг авах болтугай.
2010 онд Бурхан таныг илүү ихээр ивээх болно. Амен.
Эзэнд талархал магтаалыг өргөсөн Есүгэн.
Friday, December 25, 2009
Эзэн Есүсийн мэндэлсэн гайхамшигт баярын мэнд хүргэе
.gif)
Ертөнцийг бүтээсэн агуу Бурханы ард түмэн болсон Христийн Чуулганы ахан дүүс та бүхэндээ Аврагч Эзэн Есүс Христийн мэндэлсний баярын мэндийг хүргэе.
Энэхүү өдөр нь Бүтээгч Эцэгийн маань бүтээлийн бүхий л түүхэн дэх хамгийн онцгой чухал тэмдэглэлт агшин мөн. Энэ өдөр биелсэн агуу гайхамшигт үйл явдлыг Эцэг Өөрөө бүх бүтээлийн эхнээс л төлөвлөж, энэ нь амжилттай хэрэгжихийг тэнгэр газар дээрхи бүх бүтээл тэсэн ядан хүлээсэн билээ. Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа?... Юун дээр түүний сууриуд тогтсон бэ? Түүний булангийн чулууг хэн тависан бэ? Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан (Иов 38:4-7).
Өдгөөгөөс 2010 оны тэртээ нэгэн онгон бүсгүй жирэмслэн, улмаар Хүү төрүүлсэн нь, өнөөх агуу төлөвлөгөөний эхлэл байлаа. Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэр элч тэдэнд –Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан, -Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв (Лук 2:9-14).
Яагаад энэ нь, бүхний тэсэн ядан хүлээсэн эрхэм нандин мөч байсан бэ?! Тэнгэр газар дээрхи бүх л оюун ухаант, ухамсарт бодгалиуд, тэр ч бүү хэл бусад бүхий л бүтээлүүд (Ром 8:19-22) үүнийг л хүлээж байсан гэж Библи бидэнд илчилдэг. Судар нь эхнээсээ л хүн төрөлхтөний зөнгөөрөө ч бай, ухамсартайгаар ч бай эрж хайж, эмээн биширч, шүтэж мөргөж, хүндэлж дээдэлж ирсэн Бурхан нь, Сүнсээр оршигч Нэгэн гэдгийг илчилж, тодорхойлсон байдаг. Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа (Эх. 1:2).
Энд нэгэн сонирхолтой зүйлийг та ажиглав уу? Бурханы Сүнс.., гэсэн нь бас Бурханы Бие гэж байх нь ээ?!! Тиймээ, Ариун Судар бидэнд бас нэгэн агуу нууцыг илчилдэг нь, энэхүү агуу хүчирхэг Ариун Сүнс маань Өөртөө биеийг бүтээж, Түүн дотроо Өөрийгөө бүрэн дүүрнээр алдаршуулж, улмаар хараалд унаж бохирлогдсон бүх бүтээлийг шинэчилж ерөөхийг хүссэн тухай юм. 2010 оны тэртээ Иудейн Бетлехем хотод болж өнгөрсөн эгэл юм шиг боловч энгүй гайхамшигт тэрхүү үйл явдал нь, дээрхи зорилгын биелэл байлаа. Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхолууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог (Кол. 1:15-17).
Үүнээс өмнө нь, Бүтээгч нь бүтээлүүдээсээ ангид байж, тэдний хоорондынх нь харилцааг Мосегийн хуулиуд зохицуулж байв. Харилцаа хүндрэл, гацаанд орох үед Ариун Сүнс хэн нэгнийг Өөрийн хүч онгодоор хөглөн гажуудлыг арилгахад ашигладаг байлаа. Тэднийг шүүгчид, бас эш үзүүлэгчид гэж нэрийддэг байв. Харин мөнөөх малын саравчинд, тэжээлийн тэвшин дотор мэндэлсэн Хүү маань, бага наснаасаа л ...-Та нар юунд намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү? (Лук 2:49) гэж байсан ба хожим “аймшиггүйгээр“ Би болон Эцэг нэг юм (Иох. 10:30) ...Намайг харсан хүн Эцэгийг харсан... (Иох. 14:9) гэж тунхагласан юм.
Энэ бол бүх бүтээлийн түүхэнд шинэ эрин ирсэнийг зарласан суут тунхаглал байлаа. Үүнээс хойш бүтээл нь, бүтээл биш харин Бүтээгчийн байр суурь, зиндаанд өргөмжлөгдөн, улмаар Түүнтэй хамт шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээлцэх боломжтой болсон билээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв (Иох. 1:12). Би Өөрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно (Иох. 14:20). Би ялагчийг Өөрийн Бурханы сүм дэх багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Өөрийн Бурханы нэр, тэнгэрээс Миний Бурханаас буун ирэх шинэ Иерусалим буюу Өөрийн Бурханы хотын нэр, Өөрийн шинэ нэрээ бичнэ (Илч. 3:12). Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил, Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно (Илч. 3:21).
Тэр үед Тэр цор ганцаараа, бусдаас дэндүү онцгой өөр Нэгэн байж, үл үзэгдэх мөнхийн Бурханы үзэгдэх дүр төрх, нүүр царай болж байлаа. Тэр “сул дорой” байсан. Түүний сонгосон, хайрласан хүмүүс нь хүртэл Түүнийг ойлгодоггүй, хүнд үед нь тус дэм, хамжаа болж чаддаггүй байлаа. Тэр тусмаа харанхуй бурангуй гэмт хүний ертөнц Түүнийг хүлээн авч чадаагүй бөгөөд хажиглан сэжиглэж, гүтгэн доромжилж, улмаар зовоон тарчлааж алсан билээ. Гэвч энэ нь бүх бүтээлийг хайрлан, тэднийг ерөөн шинэчлэхийг зорьсон Эцэгийн хүслийн биелэл байлаа. Яагаад гэвэл Бурхан Түүний дотор Өөрийн төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг (Кол. 1:15-20).
Түүний “сул дорой” нь, Түүний хүч, тэнгэрлэг мэргэн ухааны дагуу байв. Энэ нь, Тэр хүнтэй адил махан биеэр гэр бүл болж, үр хүүхэд төрүүлж, газар тариалан эсвэл мал ахуй, худалдаа наймаа эрхэлж, үр хүүхдээ гэрлүүлж, үр ачаа үзэж, идэж уух, өмсөж зүүхийн л төлөө тэмцэж шаналж, мөхөс хүний тоо томшгүй асуудлуудтай зууралдсаар эцэст нь үхэж ялзралын боол болох хараалаас (Эх. 3:19) ангид Нэгэн гэсэн утгатай. ...Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусгал ба золилт болсон юм (1 Кор. 1:30). ...Энэ нь бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурханы урьдаас тогтоосон нуугдмал мэргэн ухаан мөн (1 Кор. 2:7).
Харин Тэр Сүнс дотор хүчирхэг байж, бүхий л сүнслэг хар хүчийг (мөнөөх хараалыг) загалмай дээр устгаж, Өөрийн дотор Бүтээгч ба бүтээлүүдийн хоорондох ханыг нураан, эвлэрэл, энхтайван, өршөөл уучлалын бодит биелэл болсон гэсэн утгатай юм. Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь Эзэний таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл, Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, Эзэний хүсэл нь Түүний гарт цэцэглэнэ (Иса. 53:10).
Ийнхүү Бүтээгч болон бүтээлүүдийн хоорондын харилцааг Мосегийн болон өөр бусад тоо томшгүй ёс суртахууны эсвэл байгалийн хуулиуд биш, Эцэг Хүүгийн энхрий дотно, эрхэмсэг тэнгэрлэг, хайр энэрэл, итгэлцэл, зориулалт золиослол, өршөөл уучлал, баяр баясгалангаар дүүрэн харилцааны дээд жишиг болсон загалмайн хууль буюу Христ Өөрөө зохицуулах болсон билээ. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн. Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон, хайраараа Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ (Еф. 1:3-5).
Хайрт ахан дүүсээ! ... Христ Чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсөний адил... (Эф.5:25), эдүгээ бид Христийн бие бөгөөд тус тусдаа Түүний эрхтнүүд юм (1 Кор. 12:27). Чуулган бол үл үзэгдэгч мөнхийн Бурханы Өөртөө бүтээж буй дүр төрх, зүс царай, Бие оршихуй нь юм. Чуулган нь Түүний бие буюу бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэн байдал мөн (Еф. 1:23).
Энэ өдөр бол Аврагч Эзэн Есүс Христ мэндэлсний баяр гэдэг нь, таны Христийн дотор дахин төрж, Бурханы бие болсон баяр юм. Тэр Өөрийнхөө Сүнсийг бидэнд өгсөн учир бид Түүний дотор, Тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ. Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэр Бурханы дотор байна (1 Иох. 4:13,15). Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог... (1 Кор. 3:16) Харин Эзэнтэй нийлсэн хүн нэг Сүнс байна (1 Кор. 6:17).
Та бол Бурханы Хүү мөн. Та бол шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээгч мөн. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов... Сэнтийд Залрагч –Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд –Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв (Илч. 21:1, 5). Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий түүний дотор байж, боолууд нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Мөн Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно (Илч. 22:3-5).
Танд эдгээр бүхнийг энэ л өдөр боломжтой болгосон бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч Эзэн Есүс маань алдарших болтугай. Та бүхэндээ бас, дахин дахин энэхүү гайхамшигт баярын мэндийг халуунаар хүргэе. Халлелүяа.
Monday, November 9, 2009
Гэмшил ба харуусал

Харин … үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь, хөвч хөндөлт мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм (Ром 2:29).
Гэмшил нь махан биеийн гэмт хүнийг тэнгэрлэг ариун, Христийн дүр төрх бүхий шинэ сүнслэг хүн болгох гол хүчин зүйлсийн нэг юм. Гэмшилгүйгээр хүн жинхэнэ утгаараа Христийн дотор дахин төрж чадахгүй.
Аавынхаа хэтэвчнээс мөнгө хулгайлж байгаад баригдчихаад, тэгээд гэмшиж уучлал гуйлгүй … за юун сүртэй юм. Зүгээр л уучилчхаач дээ!.. гэх хүүхдийн зан төрх, төлөв байдал нь зохистой юу?! Ухаалаг, жинхэнэ утгаараа үр хүүхэддээ хайртай, түүнийхээ ирээдүйд анхаардаг, амьдрал хувь заяанд нь өөрийн оролцоо, үүрэг хариуцлагаа ухамсарладаг эцэг хүн яавч энэ байдлыг зүгээр орхиж, хүлцэж төвдөхгүй. Заавал засаж залруулж, ухааруулж гэмшүүлхээр, сахилгажуулан хүмүүжүүлхээр ажиллаж л таарна.
Тэнгэрлэг Эцэг маань биднийг чин сэтгэлээсээ гэмшихийг шаарддаг. Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна … (Мт. 3:2). Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно (Үй. 2:38). Ариун Сүнс биднийг шат дараалсан гэмшил рүү удирдаж, улмаар Эзэний оршихуйд жигшигддэг зохисгүй бузар муу зан чанар, үзэл бодол, хэвшмэл сэтгэлгээнээс, дадал зуршилаас цэвэрлэн ариусгадаг.
Ингэхийн тулд хүнд хэцүү ч юм шиг, хатуу ширүүн ч юм шиг, уйтгар гунигтай ч юм шиг үйл явц, өрнөлийг (дасгалжуулалт, сахилгажуулалтыг) бидний амьдралд зөвшөөрдөг. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм … (1Кор. 10:13). Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ (Ром 8:28). Ариун Сүнсний, сүнс болон махан биед хийдэг хүчтэй донсолгоо, сэгсрэлтээр дамжин хүн гэмшилд хүрэх нь олонтоо бөгөөд, тухай бүр тэрээр улам ариусаж, ямарваа нэгэн бузар хүлээснээсээ ангижран чөлөөлөгдөж байдаг.
Мөн зүсээ хувирган ирдэг бузар мууг (уруу татлагыг) таньж, эсэргүүцэн зогсох сэтгэлийн тэнхээ, дархлаатай болдог. Жинхэнэ гэмшилийн үр дүнд хүн улам даруу, хүлээцтэй, тэвчээртэй болж, сэтгэл хөдлөлдөө захирагдамтгай, яаран үнэлэх дүгнэх (ихэвчлэн алдаатай) зуршилаасаа ангижирсан, аливаа асуудалд нухацтай, олон талтайгаар, ялангуяа бурханлаг байр сууриас хандамтгай, Бурханы шийдэл, санаа, оролцоог хүсэмжлэн урин залагч болон хувирдаг. Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна (Иак.1:12).
Гэмшил нь хүнийг сайн ба мууг ялгаж таних тэнгэрлэг танин мэдэхүй рүү авчирдаг. Энэ нь Бурханы алдарыг гутаасан, бусдын аврал, сайн сайхны эсрэг өөрийн аливаа ноцтой үйлдэл, үг хэл, хүсэл бодол болгоноо соргогоор ялгаж таних чадвартай болгодог. Хүмүүний алдаа зөрчил, гэм буруу нь юуны түрүүнд Бурхан Эцгийн маань зүрх сэтгэлийг өвтгөдөг билээ. Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ. Тиймээс Та айлдахдаа зөвдсөн бөгөөд, шүүх үедээ гэм зэмгүй болой (Дуу. 51:4).
Тэгснээр, ийм бузар муу нэгнийг хайрлан, амиа хүртэл өргөсөн, Эзэний хайр энэрэл, загалмайн аврал уучлалыг улам бүр ухамсарлан, чин сэтгэлээсээ үнэлж хүндлэн, зүрхэндээ урдхаас улам хүчтэйгээр, шинэлэгээр хүлээн авдаг. Олон хүн загалмайн авралыг нэг л удаа хүлээн авдаг гэж боддог, ярьдаг. Харин энэ нь чин сэтгэлийн гэмшил, ухаарал дээр дөрөөлөн үргэлжлэн өрнөж, өөрчлөн хувьсгах илүү их хүч нөлөөтэйгөөр улам шинэлэгээр, дахин дахин давтагддаг үйл явц юм. Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд. Хэрэв чи гэмшихгүй бол, Би чам руу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно (Илч. 2:4,5).
Жинхэнэ гэмшилийн шинж нь: алдаа, уналт, гэмийнхээ бурууг бусдаас хайхгүй, өөрөөсөө болсоныг ухааран, Эцэгийн өмнө буруугаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрөх байдлаар илэрдэг (Адам, Ева нар ингэж гэмшиж ч мэддэггүй байсан тул Еденээс хөөгдсөнийг сана).
Гэмшил нь цаашид үргэлжлэн өрнөх, Бурхантай хамт алхах цоо шинэ амьдарлаар тодорхойлогдоно.
Бас гэмийг үзэн ядах, дахин давтахгүй байх сэтгэлийн хат сууж, аливаа уруу татлага ирэхэд ялган таних, эсэргүүцэн зогсох торгон мэдрэмжтэй болсон байдлаар тодорхойлогдоно.
Эдгээр нь бүхий л амьдарлын турш үргэлжлэн, тухайн хүнийг тодорхойлох гол эерэг үзүүлэлт болтлоо хэвшдэг (төлөвшдөг).
Харин богинохон хугацаанд, өөрийгөө өрөвдөх, хөөрхийлөх байдлаар, мөн бусдыг алдаа уналтандаа буруутгах байдлаар илэрээд, шинэ бурханлаг зан чанарт төлөвшүүлээгүй, Христтэй улам дотносох, Түүний дүр төрхөөр шинэчлэгдэх өөрчлөлт рүү түлхээгүйгээр өнгөрөн одсон догдлол бол, зүгээр л харуусал юм. Харуусагч нь, хэрвээ тэгээгүй бол…, ингээгүй бол…, тэгэх байсан…, одоо тийм байдалтай байхгүй юу…, гэх мэтээр зөвхөн тухайн болоод өнгөрсөн явдалыг л, түүнээс гарсан үр дагаварыг л онцгойлон бодох, гаслах, зорилго төлөвлөгөөг нь тасалдуулсан үйл явдал, өрнөлд ундууцах, хэн нэгэнийг (1 Иох. 3:15) бас өөрийгөө яллах, буруутгах төдийгөөр л дүгнээд, харамсаад л өнгөрдөг (Эх. 27:36-41).
Мөн харуусал нь, тухайн хүн Эзэн Бурханыхаа өмнө өөрийн хичнээн бузар муу зүрх сэтгэлтэйгээ ухааралгүй, харин хүмүүсийн өмнө л ичгүүртэй, дорд байдалтай байснаа (эсвэл байгаадаа) ичиж зовон бачимдах, өөрийгөө зөвтгөх арга саам эрэлхийлэх байдлаар илэрхийлэгддэг (1Сам. 15:30). Тэрч бүү хэл алдаа зөрчил, уналтандаа Бурханаа буруутгах (Эх. 3:12; 4:14), хүсэн тэмүүлсэнийг нь өгөөгүйд гоморхох, гуниглах (Эх. 4:5) байдлаар илэрдэг.
Улмаар Түүний өршөөнгүй, энэрэнгүйг танин мэдэж зүрхэндээ хүлээн авалгүй, харин ч үргэлж өө сэв хайдаг, боломж л гарвал яллан буруутгадаг Нэгэн мэт ойлгож, утга учиргүй айдаст автах байдалд ордог. Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна (1 Иох. 4:18).
Харуусагч хүн, өөрийнх нь аливаа алдаа уналт нь,тухайн хүний өөрийнх нь засах, хаях ёстой муу зан, буруу үзэл бодол, алдаатай итгэл үнэмшил, бардам байдлынх нь л гадаад илрэл, амьдрал дээрхи үр дагавар гэдгийг ойлгодоггүй хоцордог. Ингэснээрээ засагдаж өөрчлөгдөж чаддаггүй ба харин ч бүр илүү ноцтой, далдлагдсан үр дагавар болсон буруу дүгнэлт, зүрх сэтгэл хатуурах байдалд түлхдэг.
Гэмшил нь, хүнийг ололт амжилт, тэнгэрлэг сайн сайхан руу хөтөлж, эцэст нь ялалтанд хүргэдэг, үргэлжлэн өрнөдөг үйлс амьдрал юм. Гэмшил нь Бурханыг, бас бусдыг хайрласны илрэл билээ. Харин харуусал нь догдлол, сэтгэл хөдлөл төдий зүйл бөгөөд, өөрийгөө өргөмжилсөн бардам зангийн илрэл юм.
Subscribe to:
Posts (Atom)


